Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Хөхөөний үүр" киноноос ойлгож авах 9 санаа

Үзээгүй бол амжиж үзэхийг зөвлөе.


"Кино цамхаг" студийн ээлжит нэгэн шинэ уран бүтээл болох "Хөхөөний үүр" кино нээлтээ дөнгөж хийгээд байгаа билээ. Анх би юуны тухай кино болохыг тийм ч сайн ухаж ойлголгүй шууд л кино танхимд явж орсон юм. Уг киног үзэх мөчид төрсөн бодол, санаагаа та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хүлээн авна уу. 

1. 

Хүнд хэцүү амьдрал, баян хоосны ялгааг уг кинонд сайтар харуулж өгсөн байлаа. Гол дүрийн охин хогийн цэг дээр өдөр хоногуудыг арайхийн аргацааж амьдарна. Үнэндээ түүнд үзэж туулсан асар олон хүнд хэцүү зовлон бэрхшээлүүд байсан ч хамгийн гол нь тэр өөрийн гэнэн байдал, сайхан сэтгэл, хүндлэлийг мартаагүй байсан нь киноноос авах эхний санаа байлаа. Тэр хүнтэй эелдэг харьцаж, хүндлэх ёстойгоо сайтар ухаарсан байгаад зогсохгүй хүнд хэцүү амьдралд бууж өгөх бодолгүй нэгэн байсан мэт. 

2. 

Одоо цаг үед мөнгө гэдэг маш хүчтэй зүйл болжээ. Охин жирэмсэн болсон эсэхээ үзүүлэхээр эмнэлэгт очихдоо өөрийн арайхийж хуримтлуулсан хэдэн төгрөгийг эмчид өгөхөд, "Наадах чинь миний үзлэгийн мөнгөнд ч хүрэхгүй" хэмээн хүйтэн өнгөөр хариулах нь дуулддаг. Охин энэ үед л нууцлаг нэгэн эмэгтэйтэй танилцаж, тэр нь хүүхдийг нь Хятадад байдаг гэр бүлд үрчлүүлэх саналыг тавьдаг. Охин шийдвэрээ гаргаж ядан байхдаа хогийн цэг дээр хамт амьдардаг эмээгээс тусламж гуйхад тэр санал тавьсан эмэгтэйгээс бүх зүйлийг сайтар асууж, үнэхээр аюулгүй эсэхийг мэдэж өгнө хэмээн хэлсэн ч 20 цаас атгуулахад л тэр эмээ шууд л түүнийг яв хэмээн ятгаж, мөнгө өгсөн эмэгтэйн талд орсон байдаг юм. Ингэхээр л мөнгө гэдэг асар хүчтэй зүйл болоод байгааг, үнэндээ хүмүүс бидний харилцаа мөнгөн дээр мөн ч ихээр тогтох болсныг харуулж өгчээ.

3. 

Ингээд охин урд хөршийг зорихоор болж, нэг ёсондоо хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч орхино. Жаахан охин, дээрээс нь харж хандах хүнгүй тэрбээр өөрт нь өгнө гэсэн мөнгөний тоог сонсоод, шинэ амьдрал эхлүүлэхээр шийдэн танихгүй шахам хүнийг даган явж байгаа нь тэр. Зүгээр л үгэнд итгэж танихгүй хүнийг даган хилийн дээс алхаж, паспортаа өөр хүний гарт атгуулна гэдэг асар их эрсдэл билээ.  Хэрвээ тэр эмэгтэй хүүхдээ үрчлүүлэх нэрээр хүний наймааны золиос болгохоор авч явж байсан бол яана гэх айдас танхимд байсан хүн бүхэнд л төрж байсан юм. Ингээд бодохоор өдөрт, сард хэчнээн гэнэн цайлган охид хүмүүсийн худал үгэнд итгэн харийн орныг зорьдог бол гэж бодохоор айдас төрөм. Үнэндээ ийм л амархан гэж үү хэмээн гайхмаар шүү.

4. 

Хүүхдийг нь үрчлэх гадаадын баян гэр бүлд охин анх очиход ямар сайхан амьдардаг болохыг нь гайхаж бахдах болно. Тийм ээ, тэр гэр бүл үнэхээр баян байсан юм. Орд харш шиг л том байшин, гэрийн үйлчлэгч гээд бүх зүйл тэнд байсан ч хүүхдийг нь үрчлэх хос хоёрт хүүхэд даанч заяагаагүй аж. Тиймээс л тэд хэчнээн баян байсан ч, ямар ч орд харшид амьдарч байсан ч нэг л хүйтэн хөндий, хоосон. Энэ хэсгээрээ тэд үнэндээ бидний хувьд чухал болоод байгаа мөнгө гэх зүйл аз жаргалыг авчирдаггүйг харуулсан юм.

5. 

Хэдий харийн улс өндөр хөгжилтэй, үзэж харах юмтай, баян тансаг сайхан боловч эх орныг хэзээ ч гүйцэхгүй. Үнэндээ гол дүрийн охин маань гадаадын энэ улсад ирснээр л ганцаардал гэх зүйлийг бүрэн утгаар нь мэдрэх болно. Түүнд хань болдог зүйл гэвэл өдөр болгон нэгэн сүм дээр очиход хог шүүрдээд зогсож байдаг үгээгүй ядуу эр байсан юм. Өндөр барилгууд, цэвэрхэн гудамж талбай, том том дэлгүүрүүд. Гэсэн ч эх орныг, өдөр болгон зөрж өнгөрөх танихгүй хэдий ч цаанаа л дотно хүмүүсийг харийн улс орон хэзээ ч орлох аргагүй юм. Дээрээс нь охин тэнд хэл ус мэдэхгүй, бас хэцүүхэн ааштай гэрийн эзэгтэйгээс болж амар тайван байх аргагүй болж байлаа.

6. 

Эх хүн болно гэдэг амьдралыг цоо шинэ, өөр өнгөөр харахын нэр аж. Охин хүүхдээ төрүүлээд, анх зүгээр л үрчлүүлээд үлдээх байсан сэдэл нь бага багаар ямар буруу зүйл байсныг ухаарч эхлэх болно. Үрээ энгэртээ тэвэрч, уйлахыг нь анх сонссон цагаас эхлээд тэр жинхэнэ "эх хүн" болж, хүүхдээ хэзээ ч орхихыг хүсэхээ болино. Хүүхдийг нь өөрийн нэрээр овоглох хятад гэр бүлд ч аз жаргал, дуу шуу, гэгээн өдөр хоногууд хүүхэдтэй цуг айлчлан ирсэн байлаа. Охиндоо тэр бяцхан дээл оёж өмсүүлэн, монгол бүүвэйн дуу аялж өгөхдөө нулимс нь өөрийн эрхгүй асгарч, шийдвэртээ харамсаж байсан ч гэрийн эзэгтэй түүнээс хүүхдийг булаан авч, явахыг тушаадаг. Ингэж л охин өөрийн үрээ орхин явахын гашуун зовлонг анх удаа мэдэрдэг хэрэг. Үнэндээ ядуу зүдүү амьдарч байхдаа ч тэр ийм зовлонг мэдэрч байгаагүй байх гэмээр хүчтэй мэдрэмжийг төрүүлж чадаж байсан юм.

7.

"Энэ хүүхэд чи бид хоёроос ч сайхан амьдарна" гэх үг охиныг явахад хүргэсэн ч галт тэргэн дотор өвдсөн хүүхдээ хайрлан, бүх зовлонг эхийн сэтгэлээр туулж яваа монгол эмэгтэйтэй таарахдаа тэр амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргадаг билээ. Энэ бол хүүхдээ дахин хэзээ ч орхихгүй гэсэн шийдвэр байв. Тэр хүүхдийнхээ төлөө эргэн очиж, эцэст нь танихгүй оронд хулгайлан зугтдаг. Бэртэж гэмтэж, хүмүүст хөөгдөж байсан ч тэр хүүхдээ ганц ч удаа энгэрээсээ холдуулаагүй юм. Хүүхдийнхээ төлөө гэж бодоход ямар ч зовлонг давж туулах боломжтой мэт санагддагийг үүгээр харуулж өгсөн нь хүчтэй санаа байсан юм.

8. 

Энэ хорвоод муу хүмүүс олон хэдий ч сайн хүмүүс түүнээс ч олон. Хятадын үл таних гудамжаар зугтаж явахдаа тэр сайн санаат хүмүүстэй ч, саартай нь ч таарна. Гэвч ямар улс үндэстэн байх нь хамаагүй, нэг нэгэндээ туслах, сайхан сэтгэл гаргах хүмүүс олон байдаг юм шүү гэдгийг уг кинонд тун сайхан шигтгэж өгсөн байсан юм. 

9. 

Хамгийн сүүлийн, хамгийн хүчтэй санаа бол эх хүн гэдэг төрүүлж өсгөсөн үрээсээ хэзээ ч салах ёсгүй гэсэн санаа байсан юм. Охиныг нь салган авч явахад эмэгтэй өөрийнх нь амьдрал хүүхэдгүйгээр юу ч биш гэдгийг ухаарч, өөрийн амийг хороохоор шийддэг. Энэ үед л хүүхдийг нь өргөж авсан гэр бүл эх хүүхэд хоёрыг хэзээ ч салгах учиргүйг ойлгодог билээ. Энэ хорвоо дээр эх үр хамтдаа байхаас илүү жаргал гэж хаа байх билээ. Мөнгө төгрөг гэдэг бол бидний амьдралын хэрэглээ болохоос биш хамгийн гол зүйл огт биш юм гэдгийг та уг кинон дээрээс ойлгох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
20
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.