Энэ намар санал болгох Подкастууд


  |     2018-10-09 21:00   |     18643
  2018-10-09 21:00   |     18643

Зуны хөгжилтэй өдрүүд ард хоцорч ажил хэрэгч уур амьсгал их хотыг хэдийнэ эзэлжээ. Замын түгжрэлээс зугтаж намрын шаргал өдрүүдэд алхаж явахдаа, эсвэл ажлын дундуур амсхийхдээ, магадгүй орой гэртээ амрах зууртаа сонсч болох мэдлэг өгөх, алжаал тайлах сонирхолтой подкастуудыг бид санал болгож байна.

1. The Guilty Feminist

Хүйсийн тэгш байдлын тухай асуудал шинэ эриний онцлох сэдвийн нэг болж энэ сэдвээрх маргаан, мэтгэлцээн тасрахаа байсан гэж болно. Сошиал медиад ороод нэг хараарай, феминистүүд, эсвэл “феминаци” нар, зүгээр л юу ч юм жиргэж суугаа залуус гээд хүн бүр жендертэй холбоотой ямар нэг зүйл хэлсэн байгаа. Гэхдээ энэ бүхнээс холуур арай хөгжилтэй, хөнгөн яриа сонсч, туйлшрал маргаанаас ангижирахыг хүсвэл энэ подкаст яг тохирно. Хөтлөгч Дэбора Уайт танхимд үзэгчидтэй амьд ярьж бичигддэг энэ подксат 21-р зууны феминизмийн тухай ойлголтыг маш хөгжилтэй ярина, тэр бүхнийгээ “Уг нь би феминист л дээ, гэхдээ...” гэж эхлүүлээд өөрийн үнэт зүйл, зарчмаасаа хааяа ч гэсэн буцдаг “guilty” зүйлсээ хуваалцах болно.

2. Ologies


Геологи, биологи, радиологи, технологи... Шинжлэх ухааны энэ олон “ологи”-уудын учир зүйг та хэр таних вэ? Бидний мэдэхгүй зүйлс арвин ч, басхүү тэр бүхнийг судалмаар санагдавч хаанаас эхлэхээ мэдэхгүй, нэг л зүрхлэхгүй байвал ядаж энэ подкастыг долоо хоногт нэг удаа сонсч байгаарай. Шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн нийтлэлч Али Уард мэргэжилтэн, судлаачидтай ярилцлага хийж “ологи”-уудын тухай тайлбарлах болно. Маш сонирхолтой энэ яриаг сонссоны дараа хэзээ ч бодож байгаагүй сэдэв чинь хүртэл эсрэгээрээ сэтгэл хөдлөм санагдах болно гэж тэд амлажээ.

3. Ear Hustle

 Хачирхалтай нэгэн подкастыг санал болгох гэж байна. Гэхдээ сансар судлал, пуужин хөөргөх тухай, амьтны эрхийн тухай аль  нь ч биш. Харин шоронгийн амьдралын тухай. Шоронд өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг бол? Танд ийм сониуч бодол төрж байсан уу? Энэ бол хөтлөгч Ирлон Вудс хоригдлын дүрээр хорих байранд орж, тэнд өдөр тутамд хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөж буйг хэлэх баримтат цуврал юм. Энэ тухай сурвалжлага, киног та өөр хаанаас ч үзэхгүй, дуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Шоронд ЛГБТ байх нь ямар байдаг, дотны хүмүүсийнхээ хуримын ёслол, төгсөлтийн баярыг хуваалцаж чадахгүй хүмүүст ямар сэтгэгдэл төрдөг зэрэг олон асуудал энд хөндөгдөнө.

4. BBC – The Conversations

BBC бол баримт, мэдээллийг цэгцтэй гэхдээ бас сонирхолтой түүхүүдийг танилцуулдаг суваг. Хөтлөгч Ким Чаканеца долоо хоног бүр тэс хоёр өөр соёлд аж төрж буй гэхдээ нийтлэг үнэт зүйлстэй эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдний амжилтад хүрсэн түүхүүдийг яриулна. Сошиал медиад нөлөөлөгчид, гал сөнөөгч ахлагчид, хааны угсааны гүнж нар, Нобелийн шагналтнууд гээд санаанд оромгүй хүмүүс эгэл, бодит түүхүүдээ илэн далангүй хуваалцах нь холдох аргагүй шүү.

5. Table Manners

Подкастыг хэрхэн бүтээдэг бол? Гоёмсог засч, тоноглосон студид бичээд бэлтгэдэг болов уу? Эсвэл зүгээр л гэртээ өрөөндөө суугаад хийдэг юм болов уу? Харилцан адилгүй энэ хэлбэрүүдээс “Table Manners” ялгарах онцлогтой гэж болно. Британийн дуучин Жесси Уэр алдартай оддыг гэртээ оройн хоолонд урингаа ярилцах нэгэн подкаст. Угаас хамгийн амттай яриа хоолны ширээний ард чөлөөтэй өрнөдөг шүү дээ. Жеорж Эзра, Сэм Смит, Эд Шийран, эсвэл бүр Лондон хотын захирагч Садик Хан гээд алдартнууд дуучин бүсгүйтэй хоол хийж, ширээ засч, бас буйданд тухлаад ярилцана.

BONUS

Эсгий хот

Монгол хэлээрх нэгэн шинэ подкастыг санал болгож байна. Хот төлөвлөлтийн чиглэлээр дэлхийд алдартай сургуулиудыг (Harvard, MIT, UCL) дүүргэсэн Алдараа, Энхжин нар хот гэдэг ойлголтыг бидэнд шинээр таниулна. Хотод аж төрөх нь юугаараа ялгаатай вэ? Бид яагаад хот руу тэмүүлдэг юм бэ? Хотын эдийн засаг, хөгжил гэж яг юу юм бэ? Улаанбаатарт амьдарч буй хотын иргэн танд энэ асуудлууд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг тэд өөрсдийн жишээ, туршлага, бас судалж мэдсэн дээрээ үндэслэн хүргэх учраас бодитой, чанартай мэдээллийг богино хугацаанд хүлээж авахыг хүсвэл таны цомогт заавал байх ёстой подкаст энэ болно.

Танд дээрх подкастууд таалагдаж байвал дугаарласан нэрийн дагуу бичээд л хайхад болно.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин   [43.228.130.195]
      2018-10-10 09:00
    https://soundcloud.com/user-134307932/mongolian-queer-podcast-coming-out

Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ

"Нүүдэлчдийн эмч" кино “Student Academy Award” хүртээд зогсохгүй “Оскар”-ын наадамд баримтат киноны төрөлд өрсөлдөх эрхтэй болсон байна.

  2018-10-14 15:34

Гар утсаараа биш надтай тогло!

Хүүхэдтэйгээ байхдаа гар утсаа их ашигладаг эцэг, эхчүдд хүүхдээ ойлгох, сэтгэл санааг нь мэдрэх, юу илэрхийлэх гэснийг нь үл анзаардаг байна.

  2018-09-13 15:56

Өрөөлийг жаргааж дуулж явбал, өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа

“Өрөөлийг жаргааж дуулж явбал Өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа...” гэсэн мөрийг нь дахин дахин сонсоод “Хүн ер нь амьдралаа л дуулдаг” гэсэн үг нь бүр ч амьтай санагдах болсон. Дуу шигээ амьдарсан түүний үнэн түүх энэ буюу.

  2018-09-13 11:33