Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Дуран: ХҮҮХЭН ХАРАА

Түүний зургууд цэвэр, хот маягийн, тод атлаа зөөлөн...


"Гэрэг фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Дуран" буланд орсон нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Гэрэл зурагчин Г.Балжмаа
Нийтлэлийг З.Энхмөнх

Алив бүтээлийг жендэрт ангилах нь зүй бус гэж надад санагддаг юм. Харин эрэгтэй эмэгтэй хүнийг харах өнцөг хүн бүрийн дотор бий нь үнэн. Чухамдаа Балжмаад эмэгтэй хүнийг харах эмэгтэй хүний өнцөг байдаг гэлтэй. Түүний зургууд цэвэр, хот маягийн, тод атлаа зөөлөн... 

- Зарим хүмүүс зураг дарахыг товчлуур дарах гэж ойлгоод байдаг талтай. Тэгтэл үүнийг бид вижуал дизайн гэж нэрийддэг шүү дээ. Ийн ойлгох болсон нь гар утасны гэрэл зургийн хөгжилтэй холбоотой юу? Чиний вижуал дизайнд юу нөлөөлсөн юм бэ? 
 
- Би анхлан мэдрэмжиндээ хөтлөгдөн зураг дарж эхэлсэн. Шаардлагаар биш гэсэн үг. Сайн зурагчдаас, мөн сэтгүүлүүд үзээд шинэ соргог өдөөлт авах нь бий. Бүр бүх зүйлээс ч авдаг байж магадгүй. Арван жилийн сурагч байхдаа нэг жижиг дижитал камераар зураг авдаг байлаа. Түүний дараа iPhone утастай болж түүгээрээ идэвxтэй энд тэндхийн гоё харагдсан зүйлсийг өдрийн тэмдэглэл болгож авдаг байсан нь Улаанбаатарыг өөрийнхөө хэв маягаар харагдуулах гэж бодсонтой бас холбоотой байх. Ийм маягаар дуртай юм болгонынхоо зургийг аваад яваад байхаар дахин дахин суралцсаар байдаг юм билээ. Ингээд бодохоор iPhone надад их нөлөө үзүүлсэн байгаа юм. Тэгээд ч бидний утас үргэлж л хажууд байдаг шүү дээ. Үүний дараа Canon камераар дарж эхлэхэд бүр илүү ихийг мэдэж чадвар маань сайжирч эхэлсэн.
 
- Камер, гар утсаар зураг дарахын ялгааг хэлээч? 
 
- Утсаар өдрийн тэмдэглэл стильтэй зургийг түлхүү авах байх. Харин камераар авах нь ондоо мэдрэмж. Жишээ нь, камераар алслалт нь өөр болж илүү тод, цаад талыг нь сайн blur болгож өгдөг. Гар утас хэрэглээ талдаа бол камер илүү мэргэжлийнх. Альнаар нь дагнаж байна вэ гэдэг дээр ялгаа нь гарах юм болов уу.
 
- Гэхдээ камерыг чи илүүд үзнэ биз?
 
- Хоёулаа л ойр, хоёулаа л сайхан мэдрэмж өгдөг. Аль нэгийг нь би илүүчилмээргүй байна. Хоёулаа л өөрийн гэсэн үүрэгтэй шүү дээ.
 
- Зурагчин хүн вижуал дизайныг хэзээ ч хаана ч тархин дотроо бүтээчихдэг. Энэ үзэгдэл олон удаа давтагдахаар ядрах тохиолдол гардаг уу? Олон зургийн ажлууд нэг дор орж ирвэл хүний тархи амардаггүй 
юм шиг надад санагддаг. Энэ нь зургийн чанарт нөлөөлж ч магадгүй юм...
 
 
- Олон янзын санаа бодох үе бий. Анх эхэлж байхад жаахан хэцүү ч сүүлдээ сураад ирэхээр түүндээ дуртай болоод хэцүү биш санагддаг болно доо /инээв/. 
 
- Урьдчилан бодсон консепт, санамсаргүй авсан дүрсүүдийн аль нь чиний хүсэл вэ? 
 
- Аль алинд нь дуртай.
 
- Яагаад? 
 
- Төлөвлөөгүй авсан зураг дунд санамсаргүйгээр боломжийн авчихсан зураг байх тохиолдол ч байдаг учраас тэр.
 
- Надад лав консепт зургууд нэг төрлийн хуурамч гэдгийг нь би мэдэж байгаа болохоор хааяа зүгээр л санамсаргүй зураг авах илүү амар санагддаг аа... 
 
- Хуурамч гэж үү? Тэгвэл хуурамчийг илүү бодит болгож авахдаа л гол утга нь юм биш үү?
 
- Мэдээж өнгөний сайхан ялгарал, гэрэл сүүдэр гарч болно л доо.
 
- Тийм байж болно болно... /инээв/
 
- Бүрэн зураглал уу, деталь уу? 
 
- Деталь гэх юм байна. 
 
- Яагаад? 
 
- Деталь хэсэг бол гэрэл зургийг нэг тийм нууцлаг хэсэг нь гэж боддог.
 
- Чиний зургууд гэрэлтэйгээс гадна өнгөлөг. Тэр өнгүүд хаанаас эхтэй вэ? 
 
- Өнгөнөөс би их урам авч, цаанаасаа л баяртай болчихдог юм. Аз жаргал мэдрэгдээд байдаг учраас би өнгийн зохицолдолгоог гаргахыг хүсдэг. Жишээ нь, шар өнгө миний дуртай өнгө. Түүнээсээ сэдэвлээд шар өнгөтэй байж болох олон зүйлсийг цуглуулж зургийг нь авч үзэж байлаа.
 
- Зурагчид зураг дарахаас гадна компьютер дээр цагийг их өнгөрөөдөг. Зураг засах үйл явц чамд ямар байдаг вэ? 
 
- Сайхан байдаг. Зургаа гаргаж ирээд засаж янзлах шаардлагатай юмыг нь олж засахад их тааламжтай мэдрэмж төрнө. Энэ байдал нь миний бүх юмсаа цэгцтэй байлгахыг хүсдэг OCD (ялимгүй зовлонт байдал) зантай холбоотой байж магадгүй. 
 
- Зургаа янзлах явцад магадгүй зураг өөрөө юу хэлэхийг хүсч байгааг сонсдог байж мэдэх юм. Анхны төсөөлсөн санаанаас чинь өөрчлөгдөх тохиолдол байдаг байлгүй? 
 
- Энэ тохиолдол хоёр салаа замтай. Нэг бол анх бодсоноороо янзалдаг, нөгөө бол өөрчлөгдмөөр байгааг нь өөрчилчихдөг. Өмнө нь өнгө өгдөг байсан бол одоо байгалийн өөрийнх нь өнгөөр нь байлгахыг илүүд үздэг болсон байна лээ. Тэр нь миний өөрчлөгдөж байгаагийн илрэл юмуу даа.
 
- Илүү байгальлаг байдлыг таалдаг болсон гэж үү? 
 
- Яг тийм. Натурал байдлын сайхан нь зургийг илүү дутуу зүйлгүй, цэвэрхэн харагдуулдаг. Гэхдээ мэдээж чимэг болгох үүднээс өнгө өгөх тохиолдол цөөнгүй гардаг.
 
- Төгс гэрэл зураг гэж чиний хувьд юу вэ? 
 
- Өөрийн илэрхийлэх гэж байгаа утга санаа, уур амьсгалаа гүйцэд гаргасан зургийг хэлэх байх.
 
- Зураг төгс төгөлдөр боллоо гэдгээ чи хэдийд мэддэг вэ? 
 
- Яг хүссэнийхээ дагуу зургаа дарчихсан бол боллоо гэж боддог. Засвар хэтрэх гээд байгаагаа хүн мэдэрдэг. Тэр мөчид л...
 
- Тэгвэл хэтийдсэн засвартай зургийг чи яаж мэдэрдэг юм бэ? 
 
- Зураг болгон хүнд янз янзын мэдрэмж өгч байгаа. Нэг талаас тод зурганд дуртай хүмүүс гэж байхад нөгөө талд зөөлөн засвартай зурганд дуртай хүмүүс байдаг. Зураг дээр засвар оруулна гэдэг чинь тусдаа нэг 
салбар шүү дээ /инээв/.
 
- Зураг авалтын үед бүтэлгүйтсэн, түүнээсээ туршлагажиж суралцсан түүхээсээ яриач? 
 
- Зураг авалт бүр шинэ байдаг. Тэр бүр нь тодорхой хэмжээний сандралын үеийг давдаг. Түүнийгээ давчих юм бол тайвширчихдаг. Консепт тэр чигтээ нурж байсан тохиолдол одоогоор надад байхгүй. SD карт дүүрэх, батерей дуусах, speed light асуудалтай байх гэх мэт бэрхшээлүүд тулгарч байсаан. Зураг авалт бүр л сургамж гэдэг өгүүлбэр тохирох юм байна. 
 
- Зураг авалтын явцад хүн ганцаараа байдаг. Зургаа бэлэн болгочихсон ч гэсэн хүнд таалагдахгүй бол яана гэсэн бяцхан айдас төрнө. Чи энэ үед ер нь ганцаарддаггүй юу? 
 
- Ганцаарддаггүй. Би энэ тал дээр өөртөө итгэлтэй байдаг. Өөрт таалагдах хүртлээ зургаа сайжруулна, бэлэн болоогүй зургийг шууд л ил гаргачихдаггүй. Тийм болохоор хүлээцтэй хандаж сайн нягталсны дараа л хүмүүст хүргэвэл өгөөжтэй санагддаг.
 
- Эмэгтэй хүнийг харах эмэгтэй нүд гэж чамд байдаг юм шиг ээ. Чи эмэгтэй хүнээс юуг нь олж хардаг юм бэ? 
 
- Эмэгтэй хүний харцанд би дуртай. Харцаар дамжин хүний мэдрэмжүүд хамгийн ихээр илэрдэг гэж боддог. Хэн нэгэн хүний хөрөг гэдэг тухайн зурагчны өөрийнх нь уур амьсгалыг л илэрхийлдэг. Миний охидыг авч байгаа зургууд бүр би өөрөө ч юм шиг. Магадгүй зургаа даруулж буй эмэгтэй миний зөөлөн, уян зан чанаруудыг хөдөлгөөнөөрөө илэрхийлэн гэрэл зурагт үлддэг байх. Үүн дээр мэдээж тэдний өөрийнхөөрөө байгаа байдлыг гаргахыг хичээнэ дээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Гэрэл зурагчин: Г.Балжмаа
Стилист: С.Өнөржаргал
Нүүр будалт: Б.Тэргэл (Grün make up studio)
Модел: Ц.Амина
Цагаан цамц, шорт, пиджак - Mo Clothier
Цүнх - Charles & Keith
Гутал - Charles & Keith
Нүдний шил - Charles & Keith, Tom ford

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.