Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алга болсон араб сэтгүүлч Жамал Хашожжи гэж хэн бэ

Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Турк гэсэн 3 улсад амьдарч байлаа.


BBC 

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашожжи улс орныхоо Засгийн газрыг хурц шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч хүн. Тэр энэ сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт гэрбүл салалтын бичиг баримт авахаар ороод сураггүй алга болсон юм. 

Консулын газарт орсноос нь хойш түүнийг хэн ч хараагүй байна. Консулын газрын гаднах камерийн бичлэгээс үзэхэд сэтгүүлч тус газраас гарч ирээгүй нь нотлогдсон гэж Туркийн Засгийн газраас мэдэгдээд байгаа. Консулын газар дотор түүний амь насыг хөнөөсөн байж магадгүй гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Харин Саудын Араб энэ мэдэгдлийг үгүйсгэж, алга болсон сэтгүүлчийг мөн хайж байгаагаа илэрхийлсэн билээ. 

Консулын газрын дэргэд Хашожжиг сүйт бүсгүй нь болох Туркийн иргэн Хатидже Женгиз хүлээж байсан байна. Консулын байр луу орохынхоо өмнө Жамал эргэж гарч ирэхгүй бол Туркийн Засгийн газарт мэдэгдээрэй гэж захисан гэнэ. Жамал орон нутгийн цагаар 13.00-д Консулын газарт орсон. Сүйт бүсгүй нь шөнийн 00.00 цаг хүртэл хүлээсэн ч гарч ирээгүй аж. 
59 настай Жамал Хашожжи Саудын Арабын Засгийн газар, ялангуяа үе залгамжилсан ханхүү, Батлан хамгаалахын сайд Мохаммед бин Салманыг шүүмжилдэг. Сэтгүүлчийн гараагаа эхэлж байхдаа тэрбээр Осама Бен Ладентай найзын харьцаатай байжээ. Дараа нь Хашожжи Саудын Арабын хамгийн алдартай эсэргүү үзэлтнүүдийн нэг болсон юм. 2017 оны есдүгээр сард Засгийн газраас түүнд ээлжит анхааруулга өгсний дараа тэр эх орноо орхихоос өөр аргагүй болжээ. Түүний дотны хэд хэдэн найз баривчлагдаж, "al-Hayat" сонин түүний нийтлэлийг хэвлэхээ байсан юм. Мөн твиттерт блог хөтлөхөө болихыг шаардаж байжээ. Саудын Арабаас явж, Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Турк гэсэн гурван улсад амьдарч байлаа. Гадаадад гараад тэр сэтгүүлчийн үзгээ орхиогүй, Саудын Арабын Засгийн газрыг шүүмжилсээр байлаа. Тэр  "Washington Post"-д зохиогчийн булантай, тэндээ Эр-Риядийг шүүмжилж байв. Твиттер хуудас нь 1.6 сая дагагчтай. 

Энэ сарын 5-нд Washington Post сонин түүний зохиогчийн буланг хоосон гаргаж, "Missing Voice" ("Алга болсон дуу хоолой") гэж гарчигласан байлаа. 
Хашожжи 1985 онд АНУ-д их сургууль төгссөнийхөө дараа эх орондоо сэтгүүлчийн ажлаа эхэлсэн юм. 1990-ээд оны үед "al-Madina" сонинд сурвалжлагчаар ажиллаж, ЗХУ-ын цэрэгтэй байлдаж байгаа дайчдын талаар голдуу бичдэг байлаа. Түүний нийтлэлүүдийн гол баатрын нэг нь ЗХУ-ын эсрэг тэмцэж байсан нутаг нэгт Осама бен Ладен байсан билээ. Хашожжи түүнтэй хэд хэдэн ярилцлага хийж байсан. Багаасаа танил байсан тул Ладенийг ууланд бүгж байхад нь ч очдог байв. 2011 онд Хашогги Германы "Spiegel"-д ярилцлага өгөхдөө Бен Ладентай найзалж байснаа дурссан байдаг. Гэхдээ зарим үзэл бодлыг нь урьд нь дэмждэг байснаа хэлсэн байдаг. 

Тэр цагаас хойш  Хашожжигийн үзэд бодол өөрчлөгдөж,  Саудын Арабын хамгийн дэвшилтэт, зоригтой сэтгэгчийн нэг болсон. Түүний хэлсэн үг, эшлэлийг Барууны хэвлэлүүд эш татдаг байв. Саудын Арабын эзэн хааны гэрбүлтэй олон жил ойр байсан тул улс орныхоо удирдагчдыг ч дэндүү сайн мэддэг байлаа. 
Хашожжи "al-Watan" сонин дахь ажлаа хоёр удаа буюу 2003, 2010 онд орхихоос өөр аргагүй болж байлаа.  2010 онд Саудын тэрбумтан Аль-Валид ибн Талал Аль Сауд түүнийг шинэ телевиз "Al-Arab"-ийн Ерөнхий редактороор ажиллуулсан юм. Энэ телевиз Катарын "Al-Jazeera"-гийн гол өрсөлдөгч болох ёстой байв. Гэвч Бахрейний сөрөг хүчний нэгэн удирдагчтай ярилцлага хийснийх нь дараа тэдний сувгийг хаасан. Үүний дараа Хашожжи гадаадын хэвлэлд Саудын Арабын хаант засгийг шүүмжлэн маш олон ярилцлага  өгч байсан юм. Улс орон тогтвортой хөгжихийн тулд ардчилал хэрэгтэй гэж тэр үзэж байв. 
Арабын хавар хувьсгалын үеэр Жамал Египет, Тунисийн сөрөг хүчнийг дэмжиж байв. Энэ нь Эр-Риядийн албан ёсны байр суурьтай илт зөрчилдөж байв. 2016 оны 12 дугаар сард Саудын ханхүү АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай холбоо тогтоож эхлэхэд Жамал мөн л Засгийн газраа шүүмжилсэн. Мөн Катартай дипломат харилцаагаа тасалсныг нь ч зүгээр орхиогүй. Ингээд 2017 оны есдүгээр сард тэр улс орны гол удирдагч ханхүү Мохаммед бин Салманыг сөрөг хүчнийг мөшгин мөрдөж байна гэж шүүмжлээд АНУ-ыг зорьсон юм.

"Би гэр, гэрбүл, ажлаа орхисон. Би дуугүй сууж чадахгүй. Хэрэв би амаа хамхих юм бол одоо шоронд сууж байгаа олон мянган хүнээс урвасан хэрэг болно. Олон хүн чөлөөтэй үг хэлж чадахгүй байхад харин би үг хэлж чадаж байна" гэж тэр эх орноо орхихдоо хэлж байлаа.

Хашожжи Истанбул дахь Саудын Арабын Консулын газрын хаалгаар орох хүртлээ Засгийн газраа шүүмжилсэн. Харин үүний дараа тэр сураггүй алга болсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
3
4 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
9
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.