Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2018.10.10) хуралдаан 14 цаг 32 минутад хувийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Манай улсын гадаад харилцаа өргөжийн хэрээр иргэдий зорчих хөдөлгөөн нэмэгдэж, хилийн чанад дахь өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх асуудлааар олон улсын эрх зүйн салбарт хамтын ажиллагааг улам тэлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов. Энэ үндсэн дээр Ялтан шилжүүлэх тухай нийтдээ 19 зүйл бүхий уг хэлэлцээрийн төслийг талууд энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод үзэглэсэн. Манай улс иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг БНСВУ-тай 2000 онд байгуулсан. Харин Ялтан шилжүүлэх тухай энэ хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх чиглэлээр хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа сайд тодотголоо.

Мөн уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нарын асуултад өгсөн хариултдаа, энэ оны 9 дүгээр сарын байдлаар БНСВУ-ын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа, харин БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Гэхдээ сүүлийн үед хоёр улсын иргэд хоорондын харилцаа өргөжиж, хөдөлгөөн ихсэж байгаа учраас ийм төрлийн гэрээ хэлэлцээр байгуулах замаар иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн боломжийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тодотголоо.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэж орох тухай хуулийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулсан юм.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Салбарын сайд илтгэлдээ, иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Мөн зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг дурдлаа.

Хууль санаачлагчийн итгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар Зам, тээврийн хөгжлийн сайд болон хуралдаанд оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн таатай орчин бий болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг сайжруулах, нисэгч, инженер техникийн ажилтнууд бэлтгэх сургаптын төв, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг үйл ажиллагааны харилцан уялдаатай нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлж, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.

Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг салбарын сайд тодотголоо.

Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байгаа. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл бөгөөд одоогийн байдлаар 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байна. Манай улсын иргэний нисэхийн салбарын сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд агаарын тээврээр зорчигчийн тоо жилд дунджаар 7.0 хувийн өсөлттэй байгаа гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн хэллээ. Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа, ингэснээр Говь-Алтай аймагт нислэг сэргэсэн, одоо энэ хөтөлбөрийг Хөвсгөл, Баянхонгорт эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 4 аймгийн төвийн нисэх буудлыг шинэчлэх, аялал жуулчлалын гол бүс нутаг дахь жижиг нисэх буудлуудыг сэргээн засварлахаар болсныг дурдлаа.

 Харин “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн, 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийсэн. Ирэх оноос нислэгийн тоо, зорчигч тээвэр, суудлын тоо нэмэгдэнэ, өрсөлдөөн бий болно, энэ үүднээс нислэгийн зарим шинэ чиглэлийн талаар холбогдох тооцоо судалгаа хийж, санал боловсруулж байгаа. Тиймээс ялангуяа Солонгосын чиглэлд зуны улиралд суудал олддоггүй гэсэн асуудал арилна, суудлын тоо, багтаамж, нислэгийн тоо нэмэгдэхийн хэрээр нэгж суудлын үнэч зохих хэмжээгээр буурна гэж үзэж буйгаа тус компанийн захирал гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэж орох тухай хуулийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Польшид ажиллаж амьдардаг иргэдийнхээ нийгмийн баталгааг хангана

Байнгын хороооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг бол БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж.

Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаанаас үзэхэд Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д нийтдээ 939 монгол иргэний байгааагаас 200 иргэн нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг бол 149  нь суралцдаг байна.

Одоогоор тус улсад байгаа манай иргэд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж, зөвхөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедзэ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг аж.

Иймээс БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 5 дугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал шийдвэрлэгдэнэ. Манай улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг манай иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тус улсад байх хугацаандаа тухайн орны иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндэс бүрдэх юм гэдгийг салбарын сайд онцоллоо. Энэхүү хэлэлцээрээр хоёр улс иргэний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг хариуцан олгох учир нийгмийн даатгалын сангийн төсөвт аливаа нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэдгийг тэрбээр тодотголоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд асуулт асууж тодруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
6 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
6 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
0
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.