Энэ сард уншихыг санал болгох 11 ном


  |     2018-10-12 18:27   |     18812
  2018-10-12 18:27   |     18812

Аялал зугаалга, амралтын үе улирч хүмүүсийн хичээл сургууль, ажил төрөл хэдийнэ жигдэрчээ. Хүн бүхэн энэ сард, энэ жил унших номнуудынхаа жагсаалтыг гаргаж байгаа байх. Жагсаалт гаргахад тань туслах олны танил хүмүүсийн санал болгож буй 11 номыг танилцуулъя. 

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ  /Болушка/

Зохиолч Д.Нацагдоржийн номууд

 
Ойрд бичих сонирхолтой залуус уулзахдаа “Юу унших вэ, яах вэ” гэж их асуугаад байгаа. Бүгдэд нь Д.Нацагдоржоо уншаа гэж нэг л хариулт өгч байгаа. Ядуу буурай XX зууны эхэн үеэр тийм агуу “амьтан” заяасан нь бидний зол завшаан гэж ойлгож болно. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл гэдэг чинь түүний зохиолуудад бий. Энэ дашрамд, технологи, инновац, фэйсбүүк моодонд орсон эринд нэгдүгээрт, эх хэлний боловсрол хоёрдугаарт, утга зохиол уран зохиол урлагийн үүрэг дэндүү хойш тавигдаад байх шиг байдаг. Уг нь эдийн засаг, технологи гэх мэтийг мотор гэвэл эх хэл, уран зохиол чинь нийгмийн уян хатан байдал, хүний сайн сайхныг дэмжиж байдаг моторын тос нь. 

 Д.Намдаг - Үр тариа

 
Зохиолч Д.Намдагийн “Үр тариа” тууж. Залуу хосын тухай жирийн нэг тууж. Гэхдээ аахар шаахар хувийн асуудал, эморол, хувь хүмүүсийн зөрчлийн дээгүүр ажил мэргэжлийн зорилгоо тавьсан профессиональ гардаг юм. Зарим залуусыг хараад байхад яг өөртөө тавьсан мэргэжлийн зорилго, профессионализм байхгүй энд тэндэхийн аахар шаахар асуудалд хамаг цагаа үрж харагдаад байдаг. Уран зохиолоос өөр дүр харвал хичээл болно гэж бодож байна.

"Jet School of English"-н Ерөнхий захирал Ц.Чинзориг 

The Economics Anti-Textbook 

 
"The Economics Anti-Textbook" буюу Эдийн засгийн эсрэг ном нь хэн нэгэн эдийн засагчийн бодол санаа, үнэлэлт дүгнэлт, магадгүй тулгалтгүйгээр эдийн засгийн мөн чанарт нэвтрэн орох, шинжлэх ухаанч мэдлэгийн дархлааг энэ чиглэлээр сурч байгаа оюутан сурагчдад бий болгох боломжийг олгосон сурах бичиг гэдгээрээ давуу талтай юм. 
Энэхүү номонд энгийн сурах бичгүүдийн үндсэн сэдвүүдийн хүрээг илүү тэлж, няцаах, нотлох баримтыг үгүйсгэх, нэхэмжлэл гэх зэргээр орхигдуулсан сэдвүүдийг хөндөж, ихэнх эдийн засагчдын ил нээлттэй болгох хүсэлгүй эдийн засгаас илүү эдийн засаг ямар их сонирхолтой байж болохыг харуулсан байдаг.  Мөн эрх мэдэл, нийгэм, эрх зүйн  орчны ач холбогдлын талаар  мэдлэгийг энэхүү сурах бичгээс олж авах боломжтой гэж харж байна. 
 
Мэдээж энэ бүхнийг ойлголтын түвшинд үр дүнтэйгээр хүргэхийн тулд уншигч, энэ чиглэлээр суралцагчиддаа зориулаад илүү хялбаршуулсан хувилбараар бичсэн нь сайшаалтай санагдсаныг энд тэмдэглэхэд таатай байна. Ингээд энэ номыг гартаа атгаж, урдаа дэлгэх хэн бүхэнд магадгүй зарим талаараа эдийн засгийг шинжлэх ухаан гэхээс илүү үнэмшүүлэх урлаг гэгдэх маш сохирхолтой байдлаар суралцах оюуны ертөнцийг өөртөө бий болгож байгаад нь урам өгч амжилт хүсье. 

McGraw- Hill Education: Essential Vocabulary for the TOEFL Test

 
Ямар ч хэлний ерөнхий шалгалтыг давахын тулд хамгийн эхний алхам бол үгсийн сангаа сайжруулах байдаг. 
Харин ESL (Англи хэл хоёрдогч хэл) мэргэжилтнүүдийн судалгаа, туршлага дээр үндэслэгдэн бичигдсэн McGraw- Hill Education: Essential Vocabulary for the TOEFL Test ном нь мэргэжлийн болон сургуулийн хүрээнд ашиглах үгсийн сан, мөн шалгалтаа хэрхэн амжилттай гүйцэтгэх талаарх арга барилуудыг маш тодорхой, эмх цэгцтэй оруулж өгснөөрөө давуу юм.  
 
McGraw-Hill Education: Essential Vocabulary for the TOEFL Test хэмээх энэхүү ном нь академик уншлага болоод TOEFL-н уншлага мөн сонсголын хэсгүүдэд орж ирдэг академик болон мэргэжлийн үг хэллэгүүдийг сурахад гол гарын авлага болох боломжтой байдаг. 

“Сант” сургуулийн захирал З.Энхмөнх

The everything store by Brad Stone

 
“The everything store by Brad Stone”  номыг санал болгомоор байна. Жеф Безосын бага нас, амьдралын талаар болон бизнесээ босгоход гарсан сорилтуудыг хэрхэн даван туулж байгаа талаар гардаг юм. Мөн түүний гаргасан алдаанууд, зөв шийдвэрүүдийн тухай бичсэн сонирхолтой ном.

MIT Technology Review

 
Дараа нь би “MIT Technology Review” сэтгүүлийг санал болгоё. Сүүлийн үед гарч буй технологиудын талаар тойм нийтлэлүүд гаргадаг. Эдгээр технологи нь ирээдүйд бидний өдөр тутмын амьдрал, хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрхэн нөлөөлөх талаар бичдэг цуврал сэтгүүл байгаа юм.

Блоггер Ц.Пүрэвжаргал

Барбара Дэмик-Атаархах зүйл үгүй 

 
Бид үргэлж “илүү их” рүү тэмүүлж амьдардаг. Гэтэл бидний өчүүхэн төдий гэж боддог зүйл нь өөр нэгний хувьд өнөөх бидний тэмүүлдэг “илүү их” байх нь олонтаа. Хойд Солонгосын ард түмний бодит амьдралаас сурвалжлан бичсэн энэхүү ном “Эцэс төгсгөлгүй харанхуйд хөтлөлцөн алхдаг байлаа”гэдэг бүлгээр эхэлнэ. Хайр хаана ч,  ямар ч хэлбэрт оршдог ажээ. Алс Дорнодын улс орнуудыг сансраас авсан зургийг харвал тэнд нэгээхэн хэсэгт харанхуйлан харагдах газар бол Бүгд Найрамдах Хойд Солонгос улсын нутаг дэвсгэр. Тэр бүрхэг,  харанхуй орон зайд хүмүүс яаж нэгнээ хайрлаж, юунд итгэж найдаж, юу тэднийг амьдруулсаар л байдгийг яруу тодоор, часхийсэн баримттайгаар харуулжээ. Тийнхүү харуулж чадсанаараа сэтгүүл зүй болон баримтат утга зохиолын сонгодог жишээ болон энэ бүтээл тод үлджээ. Уншаад нэгэн урт санаа алдаад, басхүү Монголд төрсөндөө баярлах биз ээ. 

Сюзан Мэйклин Стивенсон- Баяр хөөр дүүрэн балчир нас 

 
Энэ бол орчин үеийн эцэг эх бүрийн заавал унших учиртай номуудын нэг. Бид үргэлж хэн нэгэн байхад суралцдаг. Бидний суралцах, өөрийгөө дайчлан хамгийн сайнаараа  байх учиртай нэг цэг бол эцэг эх байхад суралцах. Энэхүү номон дээр хүүхдийг гурван нас хүртэл өсгөж хөгжүүлэх Монтессори арга ухааныг тайлбарлан зааварчилсан байдаг. Бидний эцэг эх зөнгөөрөө биднийг өсгөсөн байж болно оо, харин бид орчин үед арай өөр байх шаардлага тулгарч байна. Энэ номыг уншвал хүүхдэд өөрт нь ямар мундаг потенциаль, боломжууд байдаг вэ гэдгийг ойлгож бид зааварчилж дагуулах биш, зүгээр л тэдэнд туслах үүрэгтэй, боломж болон нөхцөлийг бий болгох үүрэгтэй хүмүүс юм байна аа гэдгээ ойлгох болно. 

Г.Аюурзана- Бясалгал 

 
Урт өдрийн амралт бол яалт ч үгүй ЯРУУ НАЙРАГ. Бие сэтгэл ядарч, заримдаа бүр туйлдсан үедээ , хэн нэгэнтэй уулзах гээд хүлээх зуураа, замын түгжрэл, өдрийн хоолны дараа цайгаа уунгаа хэсэг тайван суухдаа гээд л завсар зайндаа хэд эргүүлээд харчихад нэг сайхан эрч хүч авдаг юм. Өнөөдөр миний цүнхэнд Бясалгал ном явж таарлаа. Өнгөрсөн долоо хоногт Б.Баясгалан эгчийн Эдгэрэл-тэй найзалсан. Бас Гэнжийн туульсын нэгдүгээр дэвтэр уншсан. Хэд хоногийн өмнө найз охиноосоо Үй Хуа -Амьдрахуй ном бэлгэнд авсан. Уншихаа хүлээгээд догдолж явна даа. 
 
“ Цаг хугацаа амсхийх зуур”-ыг эргэж уншсаныхаа дараа
-Ахиад шүлэг бичих үү ? гэж 
Аяархнаар чи асуусан. Бичихгүй ээ. 
Non plus ultra 
-Бичихгүй байж чадахгүй дээ гэж чи хэлсэн 
Тэгээд инээмсэглэсэн 
Чамайг инээмсэглэхэд хорвоо юутай сайхан 
Non plus ultra /Г.Аюурзана Non plus ultra / 

“Шинэ Монгол Коосэн” технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал

Bushido

 
“Бүшидо” номыг санал болгож байна. Япон хүмүүсийн философийг ойлгохоос гадна аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр хандах талаар ойлголт авахад тусална.

Getting to yes

 
Хоёрдугаарт, “Getting to yes” номыг уншихыг санал болгоё. “Тийм” гэж хэлүүлэх арга тактикийг сурах гэхээс илүү ер нь асуудалд логиктой, аналитик аргаар хандах, сэтгэлийн хөдлөлөөр юманд хандахгүй, хүмүүсийг ойлгоход хэрэгтэй юм.


Дэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй

Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

  2018-11-17 15:36

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.

  2018-11-16 17:37

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

  2018-11-16 16:40