Хайх зүйлээ бичнэ үү

“PMI Mongolia Chapter"-аас зохион байгуулж буй “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хурал 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд болох гэж байна.

Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын Монгол дахь  салбар “PMI Mongolia Chapter”-аас зохион байгуулж буй “Ирээдүйг бүтээлцэх Төслийн удирдлага” олон улсын бага хурал 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдөр "Бест Вэстерн Туушин" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.  
Уг үйл ажиллагаатай холбогдуулан “PMI Mongolia Chapter” байгууллагын Гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч М.Билгүүндэмбэрэлтэй төслийн удирдлага мэргэжил, түүний онцлог, олон улсын зэрэг гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.  
 
 
-Сайн байна уу ? Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу ? Яагаад  төслийн удирдлагаар мэргэших  болсон бэ?
 
-Сайн байна уу. Намайг Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл гэдэг. Би “PMI Mongolia Chapter”  байгууллагын гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 
 
Бага байхаасаа л гэр бүлийнхээ бизнест тусалж, төсөл бичихэд нь оролцдог байсан. Энэ нь миний ирээдүйн ажилд их хэрэг болж, төслийн удирдлага гэдэг зүйлтэй холбосон байх гэж боддог. Ингээд оюутан байхдаа яг жинхэнэ утгаараа төсөл дээр дадлага хийж эхэлсэн. Үүнээс хойш ямар нэг байдлаар төсөлтэй холбогдсон гэхэд болно. Их сургуулиа төгсөөд хэд хэдэн төсөл дээр ажиллаад, хэрэгжүүлсний дараа олон улсын “PMP” гэдэг төслийн менежерийн зэрэг байдгийг олж мэдсэн. Үүнээс улбаалаад энэ зэргийг авах ёстой, энэ нь миний ур чадварыг шалгаж баталгаажуулж өгөх нэг хүчин зүйл болно гэдгийг ойлгоод, PMP зэрэг олгох шалгалт өгсөн.  Ингээд одоо PMI институтид ажиллаад явж байна. 
 
-Монголд төслийн удирдлагын салбарын  хөгжил ямар түвшинд байна вэ ? 
 
-Намайг PMP зэргээ аваад төсөл хэрэгжүүлдэг байгууллагад ажиллаж эхлэхэд төслийн удирдлага гэх ойлголт их дутмаг байсан. Манайхан ихэвчлэн төсөл бичээд л, санхүүжилт босгоод л, юутай ч төслөө л эхлүүлье хэмээн төслийн үйл ажиллагааны бүрэн цогц байдлыг их өнгөцхөнөөр хардаг байсан. Гэтэл одоо нийгэм хурдацтай хөгжин, дэлхий дахин даяарчлагдахын хэрээр гадны хөрөнгө оруулагчидтай шууд харьцах боломж нэмэгдсээр байна. Санхүүжилт татсаны дараа харин жинхэнэ хариуцлагатай ажил эхэлдэг. Энэ бол “төслийг удирдах”. Төслийн удирдлага нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажиллах хүчин гээд бусад гадаад болон дотоод нөөцийг хэрхэн ашиглаж, төслийн өгөөжийг хэр хол аваачих вэ гэдэгт хариулт болж өгөх юм. 
 
Монгол улсын хувьд энэ тал дээр маш учир дутагдалтай. Төслийн талаар анхан шатны ойлголттой байгаа ч залуучууд хичээн суралцаж байна. Би PMI-д сайн дурын идэвхтэн болоод хоёр жил гаруй, мөн сургалт ороод хоёр жил болж байна. Энэ хугацаанд байгууллагад төслийн хэлтэс, төслийн удирдлага гэж байдаггүйг ажигласан. Гэтэл одоо банк, барилга, уул уурхай гэх мэт томоохон байгууллагууд бүгд төслийн удирдлагын хэлтэстэй болсон. Төслийн менежер гэх ажлын зарыг хүртэл хүмүүс их сонирхож байна шүү дээ.   
 
-Монголд төслийн удирдлагын мэргэжилтнүүд хэр олон байна вэ ? Мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байна? 
 
-Монголд яг хэдэн төслийн удирдлагын мэргэжилтэн байгааг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ихэнх байгууллагад энэ орон тоо байгаа. Төслийн удирдагчийн нэг онцлог нь удаан хугацааны туршлагаар бэлтгэгддэг явдал. Тиймдээ ч бид сургалт зохион байгуулан мэргэжилтнүүд бэлтгэж байна. Тэдгээр хүмүүсийг бэлтгэдэг PMI Mongolia Chapter байгууллагын нэг хэсэг болдогтоо маш их баярладаг.   
 
-Олон улсын PMP зэрэгтэй хэдэн хүн байгаа вэ? Тухайн зэргийг авахад  ямар шаардлага тавьдаг вэ? 
 
-Project Management Professional (PMP) зэрэг нь Олон улсын Төслийн удирдлагын институт (PMI)-аас төслийн удирдлагын нэгдсэн стандарт болох PMBOK (Project Management Body of Knowledge) -г практикт ашиглах чадвар эзэмшсэнийг баталгаажуулж төслийн менежерүүдэд олгодог олон улсын сертификат юм. 
 
Миний  мэдэхээр сүүлийн жилүүдэд Олон улсын PMP зэрэгтэй хүмүүсийн тоо ихэссэн. Өмнө нь Монголд 10 гаруй л хүн байсан. 2014 онд бүр дөрөв, таван хүн л байсан санагдаж байна. Харин сүүлийн хоёр жилд энэ тоо эрс өссөн. Энэ нь хүмүүсийг системтэй бэлтгэж байгаатай холбоотой. Жишээлбэл, манай сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өссөн. Энэ утгаараа мэргэшсэн төслийн мэргэжилтнүүд бий болохын хэрээр энэ зэрэгтэй хүмүүс ихэссэн гэж хэлж болно.
 
PMP зэрэг авах гурван шалгуур үзүүлэлт байдаг: 
 
1. Гурван жил төслийн удирдагчаар ажилласан байх. Ингэхдээ бакалаврын зэрэгтэй бол 4500 цаг (3 жил), хэрэв бакалаврын зэрэггүй бол 7500 цаг ажилласан байх ёстой гэсэн үг. 
 
2. Албан ёсны эрхтэй байгууллагын 35 цагийн сургалтанд суух хэрэгтэй. Монголд зөвхөн PMI Mongolia Сhapter-ын сургалтад хамрагдах боломжтой.   
 
3. Шалгалт өгөх. Шалгалтыг тусгай байранд ирж цаасаар өгдөг. Шалгалт маань 200 асуулттай шалгалт байгаа. Зөв хариулт байдаггүй (инээв) хамгийн оновчтой хариултыг нь сонгох ёстой шалгалт байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө туршлага дээр үндэслэдэг. Жишээ нь танд ийм нөхцөл байдал тулгарлаа та ямар арга хэмжээ авах вэ ? Хариулт a, b, c, d гэсэн 4 хариулт ирнэ тэрнээс хамгийн оновчтойг нь сонгох хэрэгтэй гэсэн үг.
 
-Төслийн удирдлагын чиглэлээр мэргэшихээр төлөвлөж буй залууст юу гэж зөвлөх вэ? 
 
-Хэрэв төслийн удирдагчаар ажиллах чин хүсэлтэй бол эртнээс бэлдээрэй. Би арван жилийн сургуульд байхаасаа энэ чиглэлийг сонирхож эхэлсэндээ үнэхээр баяртай байдаг. Ингэснээр танилын хүрээ, ажлын туршлага, аливаа зүйлийг харах өнцөг минь хүртэл өөрчлөгдсөн гэж боддог. Мэдээж хүн өөрийн биеэр мэдэрч, ажиллаж байж л ажлынхаа сайхныг мэдрэх болно. 
 
Үүний зэрэгцээ төсөл удирдаж буй бид өөрсдөө байнга хөгжих шаардлагатай болдог. Тэгэхээр олон улсын PMI стандартыг сайн судлах хэрэгтэй. Стандарт гэдэг нь тухайн ажлыг хэрхэн хийхийг тодорхойлсон хэм хэмжээ гэсэн үг. 
 
Мөн PMP зэрэгтэй болсон цагт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадны улсад ажиллах боломжтой гэдгийг тодотгомоор байна. 
 
-“Ирээдүйг бүтээлцэх Төслийн удирдлага” олон улсын бага хурал 10-р сарын 26, 27-нд болох гэж байна. Тус бага хуралд оролцсоноор залуучууд ямар боломжуудыг олж авах вэ?
 
-Манай байгууллагын таван жилийн ой энэ жил тохиож байна. Мөн энэхүү бага хурал маань Монголд зохиогддог томоохон олон улсын хурлуудын нэг бөгөөд энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байна. 
 
Энэ удаагийн хуралд 10 гаруй орны төслийн удирдлагын салбарын захирлууд, 30 гаруй хүндэт илтгэгч оролцоно. Хоёр өдрийн хурлын үеэр төслийн удирдлагыг сонирхогч, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчид оролцох тул тэднээс суралцах, туршлага солилцох, ажил хэргийн талаар ярилцах боломжтой.  Үүнээс гадна бид “Ажлын байрны үзэсгэлэн” зохион байгуулах ба ажил горилогчид өөрт тохирох ажлын байрыг олж, ажил олгогч нар чадварлаг мэргэжилтнүүдээ олж харна гэдэгт итгэлтэй байна. 
 
Ярилцсан: Б.Ууганзаяа  
Хуралд оролцохыг хүсвэл ЭНЭ хуудсаар зочлоорой. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 88086965 утсаар холбогдож авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.