Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Фото сурвалжлага: Миллениалуудын ажлын орчин ямар харагддаг вэ? (№3)

Бүгдээрээ сонирхоцгооё.


Хүний ажлын ширээ тухайн хүнийхээ тухай хэр ихийг хэлж чадах вэ? Ub.life "Миллениалуудын ажлын орчин ямар харагддаг вэ?"  булангаараа зураач, зохиолч, банкны мэргэжилтэн, хүний эрхийн ажилтан зэрэг олон төрлийн ажил мэргэжилтэй залуусын ажлын орчин, ажлын ширээ ямар байдгийг сонирхуулж байна. 

1. С.Эрдэнэ, 27 нас (Зураач, дархан)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Миний мэргэжил бол зураач, одоогоор бол Цолмон гоёл ХХК-д уран дархан эгчтэйгээ хамтарч ажиллаж байна. Манайх захиалагч бүрт зөвхөн өөрт нь зориулсан цор ганц загварын мөнгөн гоёл хийдгээрээ онцлогтой. Миний ажил бол тухайн захиалга бүрт загварыг нь зургаар гаргаж өгөх, гүйцэтгэл хийж эцсийн бүтээгдэхүүн болгож өгдөг. 

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Ажлын бүтээмж ямар байх нь тухайн ажиллах орчин, тоног төхөөрөмжүүд гэх мэт хэрэгцээтэй бүхэнтэй холбоотой. Миний хувьд нэг ажлын ширээн дээр дизайн гаргадаг. Хэрэглэж байгаа компьютер i7 байна. Нөгөө талд яг мөнгөн гоёлуудаа хийдэг уран дархны ажлын ширээ байна. Энэ ширээ манай эгчийн ширээ л дээ. Мужааны цехэд захиалж хийлгэсэн дан модон, их гоё ширээ. Ханандаа бас хэрэгцээтэй багажуудаа өлгөөд тавьчхаар ажиллахад их амар, зай хэмнэсэн, эмх цэгцтэй байдаг. Би эгчээсээ уран дархны мэргэжил бага сага сураад л одоо ойр зуурын гоёл чимэглэлүүд мөнгөөр хийдэг болоод байгаа.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Миний хувьд онцгой нь гэвэл үүдний өрөөндөө маань байна. Энэ өрөөг тэр чигт нь бид 2 өөрсдөө будаж, тохижуулсан. Хааяа их ажилтай үед амраад авах, цай ундаа уучихдаг хөөрхөн тохилог байдаг юм. Буйдан, сандал ширээ гээд шүүгээнээс бусдыг нь өөрсдийн гараар хийсэн дээ.

2. Г.Цэрэнлхам, 25 нас (Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн график дизайнер)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-График дизайнер бол цаг үеэсээ хоцрохгүй байнга шинийг эрэлхийлж байх ёстой мэргэжил учир байнга өөрийгөө хөгжүүлж, шинэлэг байхыг шаарддаг даа.

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Ер нь хийж байгаа ажлаас хамаараад ширээ маань өөр өөр болдог. Санаа гаргах скиз дэвтрүүд, дуртай дүр, дуртай бүхнээ тойруулаад өөрийн гэсэн ажиллах орчноо бүрдүүлэхийг боддог. Маш чухал зүйл бол найзуудын минь зураг. Бидэнд хоорондоо амласан амлалт байдаг. Тэр зургийг харах болгондоо амлалтаа бодож, түүндээ хүрнэ гэж хичээх сэтгэл төрж, урам ордог.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-"Zootopia" дээр гардаг туулайн чихмэл. Хэзээ ч бууж өгдөггүй, өөрийнх нь дуртай зүйл мөн л бол хичээдэг, даваад гардаг, өхөөрдөм харагдах ч маш хүчирхэг туулай. Дуусашгүй эрч хүчтэй миний дуртай дүр байгаа юм.

3. Д.Тунгалагтамир, 28 нас (Хаан банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн) 

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Миний ажил маш их сонирхолтой, өдөр тутам үргэлж шинэ санаа эрэлхийлсэн, олон нийтэд сонирхолтой бөгөөд орчин үеийн шинэлэг зүйлсийг үзүүлэхийг, хүргэхийг зорьдог. Байнгын хөдөлгөөнтэй байж олон хүмүүстэй уулзан олон нийт хэрэгтэй ажлуудыг өрнүүлдгээрээ онцлогтой.

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Ажлаа хийж байх үед гар доор хэрэгтэй бүх зүйлс маань байх шаардлагатай байдаг. Сарын төлөвлөгөө, чухал ажлуудыг жагсаалт, дэвтэр маань зайлшгүй байна. Мөн мэдээж шинэ санаачилга олоход хэрэгтэй ном, хайлт хийж нэмэлт, шинэлэг мэдээлэл авахад ашигладаг зөөврийн компьютер. Усны аяга бас заавал байдаг, сайн ажиллахын тулд ус сайн ууж өөрийгөө сэргэг бас чийрэг байлгах хэрэгтэй ;)

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Ажлын ширээний онцгой хэсэг гэвэл сарын календаариа тогтоосон байгаа зөөлөвчтэй хаалтыг хэлмээр байна. Нүдний өмнө бүх хийх зүйлсийг маань харуулж, сануулж байдаг онцгой хэсэг юм. Харин оффисын онцгой хэсгээс дурдвал 5 давхрын хоолны газар болон террасыг хэлмээр байна. Амттай сайхан хоолоо тухтай идчихээд террас дээр салхилж хамт олонтойгоо нэтворкинг хийх хамгийн сайхан.

4. Азбаяр, 28 нас ("Оюу толгой" компанийн баяжуулах үйлдвэрийн төв хяналтын өрөөний оператор)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Миний эзэмшсэн мэргэжил бол ашигт малтмал баяжуулалтын инженер. Одоо миний хийж буй ажил нь баяжуулах үйлдвэрийн төв хяналтын өрөөний оператор буюу үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмжийг хянаж, удирдаж ажиллаж байна. Манай үйлдвэр нь 95 хувь хүртэл автоматажсан үйлдвэр учраас ажил маань маш их хариуцлага өндөртэй. Хийж буй ажлаараа би маш их бахархдаг.

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Манай үйлдвэрийн ажилчид ажлын байрны эмх цэгцийг өндөр түвшинд хангаж ажиллахыг хичээж ажилладаг.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Ажлын өрөөний онцлог гэвэл ашигт эрдсийг боловсруулах бүхий л шат дамжлагыг энэ өрөөнөөс хянаж удирдаж ажилладаг. Мөн энэхүү өрөөнд бүхий л өнгөрсөн хугацаан дахь эрдэс хэрхэн баяжигдсан түүхүүд хадгалагддаг.

5. Б.Алтанхуяг, 22 нас (Яруу найрагч, Монцaмэ агентлагийн сэтгүүлч)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Би “Монцамэ” агентлагт урлаг соёлын тоймчоор ажилладаг. Нийтлэг ойлголтоор бол сэтгүүлчийн ажилтай хүн. Ерөнхийдөө кино, театр, уран зураг, номын шүүмж нийтлэл бичдэг. Яг өөрийн хийх дуртай ажил бол аян замын тэмдэглэл, номын задлан шинжлэл, шүүмж бичих дуртай. Тиймдээ ч өдөр болгон нээж хардаг ширээний номууд, уншихаар шинээр авсан ном бүтээлүүд ширээн дээр өрөөстэй байгаа юм. 

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Бид амьдралынхаа ихэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Хүн бүрийн хоёр дахь гэр нь магадгүй ажлын газрын оффис гэхэд буруудахгүй болов уу. Тэнд бид ажиллаж, хөдөлмөрлөж, найзууд болон хамтрагчидтайгаа уулзаж, өдөр тутамд дуртай зүйлсээ хийж суудаг. Тиймдээ унших дуртай зохиолчдын зураг, миний хайртай муурнууд, тэдгээрийн зургууд ширээнд өрөөстэй байгаа. Тэд надтай хамт ажиллаж, миний ирээдүйг бүтээлцэж байгаа юм. Ер нь миний доторх ширээ цулгуй хоосон байдаг. Тэр ширээ хэзээ дүүрэхийг мэдэхгүй. Тэгэхээр ядаж аж төрөхүйгээ өөрийн дуртай зүйлээр баяжуулах хэрэгтэй биз дээ. Тэгж байж ажиллахад урам зоригтой, эрч хүчтэй байдаг.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Миний ширээн дээр нэг жижигхэн шар ваартай хиймэл цэцэг байдаг. Уг нь хайртай хүндээ зориулж авсан ч “би заавал авна шүү” гэчхээд аваагүй л дээ. Тэгээд л одоо хүртэл ширээн дээр маань байна. Би ч хайчилж хаяхгүй бол хэзээ ч үхэхгүй тэр цэцэг дахин ирэхгүйгээр одсон нэг хүнийг санагдуулаад байж байдаг юм даа. Мэдээж сүртэй түүх биш ч гэлээ өнгөрсөнд үлдсэн бүх сайхан дурсамж, түүхийг надад санагдуулдаг болохоор тэр шар ваартай цэцэгс л хамгийн онцгой нь юм даа. 

6. Г.Цолмон, 33 нас ("Tsolmon Jewelry"-гийн үүсгэн байгуулагч, гоёл чимэглэлийн дизайнер)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Би өөрөө хайртай дотнын хүмүүс, найз нөхдөө баярлуулах их дуртай. Үргэлж юу авч, юу хийж өгвөл баярлах бол гэж бодоод сэдээд явж байдаг. Түүнээсээ маш их кайф авдаг, хэн нэгнийг баярлуулна гэдэг маш их аз жаргал байдаг. 

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Ажлын өрөөнд минь байдаг миний хайртай уран бүтээлчдийн зурсан зураг, керамик урлал, найзуудын минь урласан олон гоё бүтээлүүдээ хараад суух дуртай. Бас мэдээж багажууддаа их хайртай. Бүсгүйчүүд маань чамин ганган хувцас, эдлэл сонирхдог бол би сайн хийцийн алх, бахь, дархны багаж хараад л сэтгэл хөдөлдөг.

7. У.Бямбаням, 28 нас ("Тагтаа" хэвлэлийн газрын ерөнхий редактор)

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Яг үнэндээ бидэн шиг байнга ном цаастай зууралддаг хүмүүсийн ширээ тийм ч эмх цэгцтэй байдаггүй. Ихэнхдээ дааж ядмаар ном, бичиг цаасанд дарагдсан байх нь элбэг. Хааяа ингэж цэгцэлдэг юм. Бусад мэргэжлийг бодвол гял цал оффист суугаад ажиллахаас илүү төвлөрөх, цагт баригдалгүй ажиллахыг илүүд үздэг.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Манай оффис гэрийг санагдуулж байгаа байх. Хааяа буйдан дээр хэвтээд ном унших, гал тогоондоо хоол хийх чинь аятайхан амралт шүү дээ. Үгүй дээ буйдан дээр сууж ганц кино үзчихээд босоод ажиллавал илүү төвлөрч, эрч хүчтэй ажиллах жишээний. Ер нь ирээдүйд ийм ажлын байр олшрох байхаа. (инээв)

8. Б.Хулан, 22 нас ("ЛГБТ Төв" ТББ-ын Залуучуудын Хөтөлбөрийн Менежер)

-Та өөрийн ажил мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Хүний эрхийн активист байх нь ямар гайхалтай ажил болохыг өдөр бүр мэдэрдэг. Хүн бүр хүнлэг байж, хүн утгаар нь бусдыг хайрлаж хүндэлж байгаасай гэж хүсдэг учраас ЛГБТ Төвд ажилладаг. Энгийнээр бол бэлгийн цөөнх ч гэсэн бусдаас ямар ч ялгаагүй гэдгийг бусдад шууд болон шууд бусаар ойлгуулдаг гэх үү дээ.

-Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

-Миний ажлын ширээ үргэлж ийм цэгцтэй байдаггүй ээ. Зураг авахуулна гээд янзалчихсан юм. Ямартай ч 6 өнгөтэй Бахархлын тугаа бол заавал байлгадаг.

-Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

-Манай оффис бол миний мэдэх хамгийн дулаан уур амьсгалтай газар. Энд ЛГБТИ хүмүүс юунаас ч айлгүй өөрсдийнхөөрөө байж чаддаг. Манай оффист Бахархлын туг томоос том байдаг бас тэгш эрхийн төлөө туурвисан олон олон уран бүтээлүүд бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
1
2
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

baysaa 2018.11.22 ::1

ШИнэ

0 Хариулах


Зочин 2018.11.22 ::1

asd

0 Хариулах