Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дуучин Б.Алтанжаргалын фэнүүд хайртай дуучныхаа тухай юу гэв?

Алтанжаргалын дуулахыг сонсохоор нээх гоё сэтгэл дүүрчих шиг санагддаг. Заримдаа ганц нэг дуу биш, нэлээн хэдийг дараалаад сонссоны дараа бүх хүнийг хайрламаар, уудам уужуу болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Түшигтэй, дулаахан хүнд аргадуулаад, тэврүүлж байгаа ч юм шиг нэг тийм.


Cүүлийн үед хүрээ маягийн донжтой дуулалт, сайхан хоолойгоороо ардын дуу, язгуур урлаг соёлдоо хайртай монгол түмнийхээ сэтгэлийг эрхгүй татах болсон СТА Б.Алтанжаргал “Дөмөн хонгор ялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж буй аж. Б.Алтанжаргалыг залуус их сонсдог нь ажиглагддаг. Ардын урлаг, язгуур соёлоосоо хойч үе маань улам л дайжин холдох болсон энэ үед яагаад заавал энэ дуучныг залуус ихээр сонсон таашааж эхлэснийг бид сонирхсон юм. Гэхдээ энэ удаад үгийн урлаг буюу утга зохиолын салбарт ажилладаг залуусыг сонгон сэтгэгдлийг нь сонслоо.

Цагаанчулуугийн Дэлгэрмаа (Яруу найрагч, Монсудар хэвлэлийн газрын ажилтан):

Анх 2008 онд ч байна уу даа, Дүүриймаа гэж дууг хачин сайхан клип хийгээд, нэг их гоё хоолойтой залуу дуулснаар олж сонсоод л Алтанжаргал гэж дуучныг мэдэх болсон. Youtube дэх хуудсыг нь дагачихаад л байнга шинэ дуу оруулж байна уу гэж харж шалгана. Гэтэл ашгүй сүүлийн жилүүдэд өнөөх дуучин маань уран бүтээлээ хийгээд тасралтүй эхэлсэн. Уртын дуу гэхээр л Норовбанзад гуайн дуулснаар төсөөлөгддөг бол ардынхаа дууны сайхныг Алтанжаргалын дуунуудаас анх олж нээсэн гэх юм уу даа. Сэтгэл гундуухан, амьдралд давчидмаар үедээ энэ залуугийн дуунуудыг сонсож тайтгарал, амар амгаланг мэдэрдэг дээ. Дуулж байгаа донж маяг, хоолойн нугалаа цохилго, намба төрх гээд Алтанжаргал дуугаараа, буйгаараа ардынхаа өв соёлын гойд чанарыг тодорхой харуулж, монгол гэх тэр л өвөрмөц шинж, ялгарлыг эрхгүй мэдрүүлээд байдагт нь туйлаас дуртай даа.

Ядамсүрэнгийн Баяраа (Яруу найрагч, СУИС-ийн багш):

Алтанжаргалын дуулахыг сонсохоор би тал нутагтаа очсон юм шиг санагддаг. Ардын дуу бол монгол хүний сэтгэл дэх тал нутгийн аялгуу. Энэ аялгууг сэтгэлгүй мэдрэмжгүй дуулахаар хоосон цухал төрүүлэхээс цаашгүй болчихно. Нугалаа, шуранхайг нь аяг маяг оруулах гэж байгаад хоосон амьгүй болгож орхидог дуучид олширсон цаг. Харин Алтанжаргал тал нутгийн эрдүү омголон атлаа намуун салхины мөн чанарыг ойлгосон хүн шиг санагдсан. Бүсгүй хүнийг, цаг хугацааг, хорвоогийн жам ёсыг ойлгосон хүний дуу хоолой.

Баярсайханы Эгшиглэн (Сэтгүүлч):

Алтанжаргалын дуулахыг сонсохоор нээх гоё сэтгэл дүүрчих шиг санагддаг. Заримдаа ганц нэг дуу биш, нэлээн хэдийг дараалаад сонссоны дараа бүх хүнийг хайрламаар, уудам уужуу болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Түшигтэй, дулаахан хүнд аргадуулаад, тэврүүлж байгаа ч юм шиг нэг тийм.

Батхүүгийн Батзаяа (Яруу найрагч):

Анх “Дүүриймаа”-г дуулсныг нь сонсоод л Алтанжаргал гэж дуучинг сонирхож, чих тавьж ирсэн. Дараагаар нь “Янлин хуар”, “Ганган хул”, “Сэр сэр салхи”, “Өдтэй бичиг”, “Хайлуур мөрөн” дууг хэрхэн дуулсныг нь сонсоод, үндэсний дуу хөгжмийн арвин баялаг сан хөмрөг мартагдах шахсан өнөө цагт ийм нэг сайхан дуучин төрөн гарсанд үнэн сэтгэлээсээ баясан хайрласан. Гагц авьяасаас гадна дуулах донж маяг, амьсгаа, ур ухаан, мэдрэмж гээд бүгдийг хурааж байж л тэгж дуулж таарна. Уртын дуу, ардын богино дуу утга агуулга гүнзгий дуулах битгий хэл сонсоход, ухаж ойлгоход хүртэл ухаан хэрэгтэй шүү дээ. Ардын урлаг, уртын дуу гэдэг чинь аль дуртай аавын хүү алмайртал дуулчихдаг амар зүйл биш ээ. Сонсож байгаа хүнийг ямар нэг юм автал нь дуулж өгөхийг л “дуулж өгнө” гэх байх. Ардынхаа дуугаар бусдыг ухааруулж, жаргааж яваа шижир алт шиг дуучин, Алтанжаргал арай л өөр шүү. Энэ олон нийтийн дуучдыг дагаад явчихаагүйд нь, тэгээд бүр “Идэр жинчин” нэртэй цомог гаргасанд нь баярлах ч багадна.

Чимэдцэрэнгийн Бат-Уянга (Хуульч):

Энэ дуучинг залуус илүү сонсож буй нь ажиглагддаг. Тоглолтыг нь ч залуус олноороо үзэх шинжтэй. Залуус ардын дуугаа ойлгох, сонсохыг эрмэлзэх болсон үе болоод Алтанжаргал дуучны ардын дууг орчин үеийн найруулгатай мөртлөө дууныхаа үндэс, амин чанарыг эвддэггүй дуулдаг нь давхцаж таарсан байх гэж боддог.  Миний хувьд түүний задгай хоолой,  гаргаж буй өнгө, нугалаа, донж, гол нь сэтгэлээсээ дуулдаг нь сэтгэлийг эрхгүй хөвсөлзүүлдэг. Ардын дууг Алтанжаргалын дуулснаар сонсохоор гээж болохгүй, алсарч болохгүй ямар нэг зүйлтэйгээ ойр яваа мэт таатай мэдрэмж төрдөг дөө. 

Батсуурийн Баясгалан (Яруу найрагч, орчуулагч, “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч):

Дуулна гэдэг ганцхан дээд доод нот цохихын нэр биш байх. Гэгэлзэх, хөнгөн санаашрах, гиюүрэх, гуниглах, эсвэл догдлох гэх мэт хүний сэтгэлийн хамгийн нарийн торгон, эмзэг турьхан үелзэл дээр дуу хөгжим өөрийн хөг дангаа олон бүрэлдэж эхлэдэг шиг. Хүний сэтгэлийн тэр үелзлийг тэмтэрч чадах нарийн торгон мэдрэмжтэй нэгэн л сайн дуучин болдог байж мэднэ. Би дуулах урлагийн тухай онцгой мэдэхгүй. Гэхдээ Б.Алтанжаргалыг сонсох бүрт дагаж дуулмаар ханьтай, сонсож буй дуутайгаа харилцан ярилцаж, сэтгэлээ нээлцэж шиг нөмөртэй санагддаг. Нэгэн удаа түүний дуулахыг ойрхноос харах завшаан тохиосон юм. Тэгээд л “Энэ залууд авьяас нь байна, хоолой нь байна, донж нь байна, мэдрэмж нь байна, ур нугалаа нь байна, аяг нь байна, маяг нь байна, өөр ер юу хэрэгтэй юм бэ” хэмээн дэргэд суусан бас нэг найрагч найзтайгаа ярилцан, тэр яриандаа ихэд хөхин баясч билээ. Дараахан нь түүний нэгэн сонсогч “Алтанжаргал дууг аравнайлж дуулдаг” гэж цахим хуудсан дээр нь бичиж үлдээсэн байхыг уншаад “Нээрэн тийм юм уу” гэж бодогдсон. Аравнайлна гэдэг буй юмыг адислаж, амь оруулахын нэр. Дуугаа өөрийнхөө сэтгэлийн хүчээр бусдын зүрхэнд амьдруулж дуулна гэдэг цаанаасаа өгөгдөлтэй дуучны л чадах үйл биз ээ.

Баянмөнхийн Болорцэрэн, яруу найрагч

Ардын дуугаа сонсохоор Алтанжаргалыг дуулахаар аргагүй ганхаж эрхгүй догдолдог.Найранд явмаар хайранд саатмаар...Хацрынхаа туяанаас мандан хамт жаахан гадаалмаар...Хаашаа ч хамаагүй цуг баахан алхмаар... Хайрын хүч үгийн шидэнд автдаг.Дууны сайхан дуулахын гоёд татагддаг. Ард түмэн түүнд л ардын дууг зохиосон мэт.Алтанжаргал л дуулна гээд аль цагаас зориулсан мэт.Захиж өвлүүлсэн мэт...Үгээрээ аргадаад нүдээрээ инээгээд дуулахыг нь үзэх л гэж наран манддаг мэт...Охид төрдөг мэт...Ардын дуу амраг бүсгүй нь мэт...Алтанжаргал л түүнийг жаргаагч дурлалт эр нь мэт...Энхрийлэн нандигнан дуулах нь эрхгүй гайхан биширхэд хүргэдэг. Эсвэл бүүр эрт цагт ардын дуу сайхан бүсгүй байгаад Алтанжаргалд сэтгэлээ өгсөн байх.Аяа тэр сэтгэл салхинаас олдоод “Аргагүй амраг”-ийг зохисон байх.Ардын дуу Алтанжаргал хоёр амрагууд байсан байх.Урд насандаа уйлж хагацаад удаах  төрөлдөө дуулж уулзсан амрагууд байх.Бусдаас нэг л өөр...Би ингэж л боддог.

 

Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсах тоглолт 11 дүгээр сарын 02-ны 19 цагт Корпорэйт Конвеншн Центрт ганцхан удаа тоглогдох юм байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 9411-6070, 9494-4666 утаснаас болон  www.altanjargal.com цахим хуудаснаас авах юм байна. Харин тоглолтын тасалбарыг www.ticket.mn  болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
1 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.