Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UNFRIEND: Танихгүй бол найзаасаа устга!

Та хүүхдээ фэйсбүүк болон бусад сошиал хаягтаа хэчнээн найзтай гэдгийг мэдэх үү?


Цахим орчны гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өмнөх жилээс нэг дахин ихэсчээ

Та хүүхдийнхээ гар утсыг хааяа ч болтугай шалгаж, фэйсбүүк болон бусад сошиал хаягтаа хэчнээн найзтай гэдгийг нь мэдэх үү? Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгджээ.

Цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагаас "UNFRIEND ХӨДӨЛГӨӨН"-ийг өнгөрсөн сард эхлүүлсэн юм.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна. Жишээлбэл, ноднин өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” гэх тоглоом тоглож, хувийн мэдээллээ алдсанаасаа болоод сүрдүүлэгт өртөн цаанаас ирсэн даалгаврын дагуу амиа хорлосон тохиолдол гарсныг санаж буй биз ээ. 

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байгааг бүү мартаарай

Иймээс хүүхдүүд, өсвөр үеийнхний цахим орчин дахь аюулгүй байдлыг төр засгийн хэмжээнд анхаарч, далайцтай ажлуудыг үе шаттай хийж байна. УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хүрээнд мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө насны хязгаарыг урьдчилан мэдээлэх, цахим орчны зохистой хэрэглээний тухай хүүхэд болон эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, сургалтын модуль боловсруулах зэрэг ажлуудыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.

Б.Түвшинжаргал “Манай хүү, охин хоёр нийслэлийн 102 дугаар сургуулийн ахлах болон дунд ангид сурдаг. Би өглөө ажилдаа гараад оройд гэртээ ирдэг. Хүүхдүүдийнхээ фэйсбүүк, инстаграмыг байнга шалгаж чаддаггүй, ямар хүмүүстэй найз байгааг нь мэддэггүй. Нөхөр маань үүрээр ажиллаад өдөр гэртээ ирчихдэг болохоор хүүхдүүдээ сургуулиасаа хэзээ ирж, хичээл номоо хийж байгаа, эсэхийг нь мэдчихдэг болохоор сэтгэл тайван байдаг л даа. Гэхдээ мэдээгээр хүүхдүүд цахим орчны хохирогч болж байгаа тухай сонсохоор сэтгэл сэрдхийж, санаа зовдог. Хүүхдүүддээ ч энэ тухай анхааруулж, сэрэмжлүүлдэг ч энэ асуудал дан ганц эцэг эхийн хэлээд өнгөрөх асуудал биш. Сургууль дээр нь ч сар, улирал тутам анхааруулах лекц, хичээл юм уу харилцан ярих байдлаар хүүхдүүдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй гэж боддог” гэлээ. 

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдэдээ цахим орчинд мөрдөх 5 дүрмийг зааж, ойлгуулахыг уриалсан.

Тодруулбал, 

  • Хувийн мэдээллээ нууц байлгах,
  • Интернетээр танилцсан хэн нэгэнтэй эцэг эх, асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх, 
  • Танихгүй хүнээс хэзээ ч аливаа хүсэлтийг хүлээн авахгүй байх,
  • Цахим орчинд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сануулах,
  • Санаа зовох ямар нэгэн асуудал байвал эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байхыг хүүхдүүддээ ойлгуулж, зөвлөөрэй. 

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ цаг зав гарган, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бүхнээ зориулах нь та бидний үүрэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
20
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.