Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Кэтрин Мэнсфилдийн өгүүллэгүүд дэх амьдралын бараан үнэнийг илчлэх эшлэлүүд

Орчин үеийн бөгөөд хөнгөн, басхүү ухаалаг, аливааг эмэгтэй хүний гярхай нүдээр харж бичсэн өгүүллэгүүд бол Кэтрин Мэнсфилдийнх.


Орчин үеийн бөгөөд хөнгөн, басхүү ухаалаг, аливааг эмэгтэй хүний гярхай нүдээр харж бичсэн өгүүллэгүүд бол Кэтрин Мэнсфилдийнх. Монсудар хэвлэлийн газрын Утга зохиол цувралын 23 дугаар дэвтэр болон гарсан түүний “Гадаа үдэшлэг” түүвэрт зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн өгүүллэгийн 5 түүврээс нь шилж сонгон 12 өгүүллэгийг багтаажээ.

Тухайлбал, эмэгтэй хүний сэтгэлийн шаналал (“Брилл авхай”, “Паркер эхийн амьдрал”, “Кино”), гэр бүлийн амьдралын ээдрээ (“À la mode гэрлэлт”, “Режиналд Пикокийн нэг өдөр”, “Дэндүү их аз жаргал”), хүүхдийн гэмгүй сэтгэл (“Гадаа үдэшлэг”, “Хүүхэлдэйн байшин”) зэрэг Мэнсфилдийн хөндөн бичих дуртай сэдвүүдэд хамаарах өгүүллэгүүдийг бичигдсэн цаг хугацаагаар нь дараалуулсан аж.

“Дүр эсгэдэггүй модернист гэж түүнийг л хэлэх байх. Зальжин, хөнгөн маягийн модернист” хэмээн Али Смит түүнийг тодорхойлсон бол Виржиниа Вүүлф “Би түүний бичих чадварт атаархдаг” хэмээн хэлж байв. Урсгал хөнгөн бичлэгтэй атлаа зугуу зугуухан сэтгэл хөндөх чадвар, эцэст нь цөөн тооны өгүүлбэрт зангидсан санаагаараа амьдралын бараан үнэнийг тов тодхон илчилдэг “шударга” өгүүллэгүүд нь анх уншихад сонирхолтой агаад зоримог санагдсан хэмээн зарим уншигчид хэлж байв. Ингээд түүний зарим өгүүллэгийн хэсгээс толилуулж байна.

“Ээж нь хэрэв амьд байсан бол тэд нөхөрт гарах байсан болов уу? Гэхдээ гэрлэе ч гэсэн хүн байгаагүй шүү дээ. Аавынх нь энэтхэг найзууд байсан ч дараа нь тэдэнтэйгээ муудалцчихсан. Түүнээс хойш Константиа, Жозефин хоёр сүмийн хамба ламаас өөр ямар ч хүнтэй дайралдахаа больсон. Эрэгтэй хүнтэй ер нь яаж танилцдаг юм бол? Танилцлаа гэхэд, тэдэнтэй танихгүй хүмүүсээс илүүгээр яаж дотносдог вэ? Хүн ер юу эсийг уншдаг билээ дээ: адал явдалтай учирсан л гэнэ, араас нь дагасан л гэнэ, зөндөө л юм болдог юм байх. Гэтэл Константиа тэр хоёрыг хэзээ ч, хэн ч дагаж байгаагүй.”

“Талийгч хурандаагийн охид”, хуу 159.

“Ус халах зуур Паркер эмгэн шалаа шүүрдэж эхэллээ. Шүүрээ шаланд хүргэх бүрд эмгэн “Тийм дээ. Энэ насандаа юу эсийг үзэв ээ. Хүнд амьдралыг тууллаа даа” гэж бодно.
Хөршүүд нь ч түүний тухайд ингэж ярьдаг. Сагсаа барин хазганаснаар гэртээ харьж явахад нь булан тохойд, эсвэл шатны хөндлөвч тулаад зогсох хөршүүд нь өөр хоорондоо “Хөөрхий Паркер эх хүнд амьдрал туулж байна даа” гэж өөр хоорондоо шивнэлдэхийг тэр бишгүйдээ л сонссон. Энэ нь үнэхээр үнэн, бүр дэндүү үнэн учир Паркер эмгэнд өчүүхэн төдий ч бахархах сэтгэл төрдөггүй. Эмгэн 27 тоотын, хагас подвалд суудаг гэж хэлж байгаа юм шиг л үнэн, ингэлээ гээд бахархаад байх зүйл үгүй биз дээ. Ай хөөрхий, хүнд амьдрал аа гэж!...

“Паркер эхийн амьдрал”, хуу 166.

“...Өлсгөлөн хүнийг үгэндээ оруулахад ядах юм юу байх билээ дээ. Жолооч машины хаалгыг нээгээд, нэг мэдэхэд л тэд харуй бүрийг яран давхиж байлаа.
 За тэр! Роузмери ялалтын гайхалтай мэдрэмжид автангаа хилэн ханцуйвч руу гараа шургууллаа. Торонд оруулсан жаахан олз руугаа хараад, 
“За, баригдаа биз” гэж хэлж буй ч юм шиг. Гэхдээ мэдээж хэрэг сайн санаагаар шүү дээ. Сайнаар гэхэд ч багадна. Тэрээр бүсгүйд, амьдралд гайхамшиг тохиодгийг, сайхан сэтгэлт эх дагина бодитоор байдгийг, баян хүмүүс ч өрөвч өгөөмөр сэтгэлтэйг, бүх эмэгтэйчүүд эгч дүүс гэдгийг батлах болно.”

“Аяга цай”, хуу 226.

“Эмэгтэй хүн гэрлэхээрээ ханаж цадахгүй шуналтай болдог, уран бүтээлч хүнд гэрлэлт шиг хор хөнөөлтэй зүйл гэж үгүй гэдэг нь гарцаагүй үнэн үг, ямар ч л байсан дөч хүртлээ хүнтэй суух хэрэггүй... Би ер нь яах гэж эхнэртэйгээ суусан билээ, ингэхэд? Энэ асуултыг өөрөөсөө өдөрт дунджаар гурван удаа асуудаг, гэвч бүрэн хариулт олж байсан түүх үгүй. Бодит амьдралд хөл алдаад, алмайрч ангайж байх эгзэгтэй тэр мөчид эхнэр нь түүнийг базаад авсан. Режиналд Пикок одоо эргээд харах нь ээ, тэр цагт оршихуйн өөдгүй зэвүүн бүхэнтэй нүүр тулаад, өр төлбөрийн доороос өндийх аргагүй дарагдсан, хүүхэд гэхэд арай боломгүй, насанд хүрсэн ч гэхэд арай л биш, зэрлэг ч биш, тэжээмэл ч биш, нас залуу, өрөвдмөөр амьтан байснаа ойлгодог.”

“Ноён Режиналд Пикокийн нэг өдөр”, хуу 83.

“Хэсэг завсарласан найрал хөгжим дахин тоглож эхэлжээ. Дулаахан, хөгжилтэй ая тоглож байсан ч яг юу ч гэмээр юм бэ дээ, ямар нэг юм дөнгөж мэдэгдэм төдий чимчгэнүүлэх шиг, гуниг биш ээ, үгүй, үгүй, лав л гуниг биш, нэг тийм дуулах хүсэл төрүүлсэн юм. Аялгууных нь хөг дээшилсээр гэрэл аслаа; түдэлгүй хүн бүр, тэнд буй бүх хүн хамтдаа дуулж эхлэх гэж байгаа юм шиг Брилл авхайд санагдав. Залуус, мөн инээлдэн хамтдаа явж буй тэр хүмүүс эхэлнэ, дараа нь шийдэмгий, зоригтой эрчүүдийн хоолой түрнэ. Тэр өөрөө ч ялгаагүй, тийм ээ тэр өөрөө, вандан сандлууд дээр суусан бусадтай цуг мөн л түрлэг нэмэн, дээш өгсөхгүй, доош унахгүй зөөлнөөр, ер бусын сайхан, сэтгэл хөдөлгөм аялгуугаар тэдэнд уусна... Брилл авхайн нүдэнд нулимс мэлмэрч, инээмсэглэсээр нөгөөдүүл рүүгээ харлаа. Тийм ээ, тэд ойлгожээ, тэд үнэхээр ойлгож хэмээн бүсгүй бодно. Гэхдээ тэд чухам юу ойлгосныг тэр өөрөө ч мэдсэнгүй.”

“Брилл авхай”, хуу 203.

“...Хаа нэгэн газарт зааг гэдэг зураас заавал байх хэрэгтэй байдаг хойно тэр заагийг Келвигийн охид дээр татаж орхиж. Ихэнх хүүхдэд, түүний дотор Бёрнеллийн хүүхдүүдэд Келвигийнхэнтэй ярилцах хориотой. Бёрнеллийнхэн Келвигийн охидын дэргэдүүр үргэлж толгой дээгүүр өнгөрнө, сургууль дээр хэнд яаж хандахыг ерөнхийдөө Бёрнеллийн охид тодорхойлох учир бусад хүүхдүүд ч Келвигийнхнээс зай барина. 
...Тэд бол өдрийн цагаар айлуудаар явж угаалга цэвэрлэгээ хийдэг, шаламгай хөдөлгөөнтэй, ажилсаг, шавилхан эмэгтэйн охид. Энэ нь л гэхэд хангалттай муухай. Гэтэл ядаж байхад ноён Келви өөрөө хаана байна вэ? Хэн ч мэдэхгүй. 
Гэхдээ хүмүүсийн ярилцах нь шоронд ч байж магадгүй бололтой. Тэгэхээр тэд цэвэрлэгч хүүхэн, шоронгийн хадаас хоёрын хүүхэд гэсэн үг! Юу хэлэх вэ дээ, бусад хүүхэдтэй хамт байхад яг тохирмоор нэгдэл байгаа биз!”

“Хүүхэлдэйн байшин”, хуу 210.

“...Мод хамгийн сүүлчийн навчаасаа салж яддаг шиг л хүн гэдэг амьтан чинь угаасаа амьдралаас хүртэх эцсийн таашаалаасаа чанга зуурдаг хойно. Тэгээд л Вүдифилд өвгөн энд навчин тамхи зуугаад, өөрөөс нь насаар тав ах хэдий ч тамир тэнхээтэй, одоо хэр эрх мэдлийн жолоог атгасаар, албан тасалгааныхаа сандал дээр улаа бутран лаглайх дарга эр лүү бараг шуналтай гэмээр харж суугаа нь энэ. Зүгээр харж суухад хүртэл урамтайг яана.
- Энд үнэхээр тухтай юм аа, бурхан минь гэж өвгөн гуньхарсан, биширсэн өнгө хослуулан дуугарав.
- Тийм ээ, тохитой шүү гэж дарга санал нэгдээд, Financial Times сониноо цаасны хутгаараа товшив. Үнэндээ тэр өрөөгөөрөө бахархдаг төдийгүй бусад хүн, ялангуяа Вүдифилд өвгөн өрөөг нь бишрээсэй гэж туйлаас хүсэмжилдэг аж. Том өрөөний голд, том ороолт зүүсэн энэ ядруу өвгөнийг бүхэлд нь харан суух нь түүнд гүнзгий, юутай ч зүйрлэшгүй таашаал өгнө.”

“Ялаа”, хуу 235

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
49
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.