Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Зөвлөгөө | Цэцэрлэгийн хүүхдүүдийн мэдэх ёстой АЮУЛГҮЙН 16 ЗӨВЛӨГӨӨ

Та бүхэн хүүхдэдээ бага багаар эдгээр чадварыг суулгаарай.


Хүүхдийн хүмүүжил гэдэг эхийн хэвлийд байх үеэс л эхэлдэг зүйл билээ. Гэхдээ балчир хүүхдүүдийн хамгийн анх удаа өөр бусад олон хүүхдүүдтэй харилцаж, нийгэмтэй бага багаар дотносож эхэлдэг чухал үе бол гарцаагүй цэцэрлэгт байх үе юм. Мөн хамгийн эрсдэлтэй, аюул осолд өртөх аюул өндөр үе гэж хэлж болно. Тиймээс бяцхан хүүхдэдээ хамаг сайн сайхан бүхнийг хүсдэг эцэг эхчүүд та бүхэндээ цэцэрлэгийн хүүхдүүдэд зайлшгүй хэрэг болох 16 зөвлөгөөг хүргэж байна. Бүгдээрээ уг зөвлөмжийг хэвлэж аваад, хүүхдэдээ зааж өгснийхөө дараа урд нь ✔ тэмдэглэгээ хийгээрэй.

1.

3D box Бага насны хүүхдүүд маш сониуч бас аливаа эрсдэлийг тэр болгон мэддэггүй тул эцэг эхчүүд хүүхдэдээ ганцаараа явж болохгүй, танихгүй хүнийг дагаж, танихгүй хүнээс аливаа нэгэн зүйлийг авч болохгүй гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

2.

3D box Шаардлагатай үед 101 (Гал түймэртэй тэмцэх газар), 102 (Цагдаагийн ерөнхий газар), 103 (Түргэн тусламж), 105 (Нийслэлийн онцгой байдлын газар), 108 (Хүүхдийн тусламжийн утас) залгах чадвар суулгах. Ямар үед аль дугаар луу залгах хэрэгтэйг тогтоолгох нь нэн түрүүнд заах ёстой чадвар юм.

3.

3D box Хүүхдэдээ үлгэрийн ном болон бусад сонирхолтой хүүхдийн номуудыг уншиж өгч байх. Сүүлийн үед хүүхдүүдэд зориулсан маш олон сонирхолтой ном бүтээлүүд гарах болсон. Хөгжмийн боловсрол болоод ертөнцийн сонин хачин зүйлсийг энгийнээр тайлбарласан ном хүүхдийн хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. Мөн үлгэр уншиж өгөх нь маш олон зүйлийг ухаарах, мэдлэг олж авах, задгай сэтгэх зэрэгт тун сайн нөлөө үзүүлнэ.

4.

3D box Ах эгч, эмээ өвөө, аав ээжийнхээ утасны дугаарыг хүүхэд цээжилсэн байх хэрэгтэй.

5.

3D box Амьдардаг дүүрэг, хороо, байр, гудамж, хашааны хаягийг цээжилсэн байх. 

6.

3D box Юугаар тоглож болох болон болохгүйг сайтар тайлбарлаж өгөх. Тоглож болохгүй үнэ цэнэтэй эсвэл аюултай зүйлийг ялгаж салгаж сурах нь хүүхдийн зайлшгүй сурах ёстой зүйл юм.

7.

3D box Тоглоомын талбайдаа тоглож эхлэхээс өмнө найзуудтайгаа тухайн газар ямар нэг эрсдэлтэй зүйл байна уу, хугарч эвдэрсэн тоглоом, эсвэл шилний хагархай, санамсаргүй бэртэж гэмтээх зүйл байгаа эсэхийг шалгадаг болгох.

8.

3D box Бусадтай зөв харьцах чадварыг суулгах. Үүнд хүмүүстэй мэндлэх, хүний үгийг сонсож, бусдад өөрийгөө танилцуулах зэрэг багтана. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хүүхдүүдээс өөрийгөө танилцуулахыг асуухад тэд их бүрэг ичимхий, үг бараг л дуугарч чадахгүй байдаг. Хэрэв өөрийгөө сайн танилцуулж, бусадтай танилцаж чаддаг болбол хүүхэд бага ангидаа орохдоо маш нээлттэй, харилцааны өндөр чадвартай болсон байдаг.

9.

3D box Гар, шүдээ угаах, тарьсан хогоо цэвэрлэдэг байхыг зааж өгөх нь нэн тэргүүний чухал зүйлсийн нэг. Цэвэрлэж янзалсан зүйлийг талаар нэг тарааж болохгүйг, хэрэв чихэр идсэн бол цаасыг нь хаа хамаагүй биш хогийн саванд хийх хэрэгтэйг, хоолны өмнө гараа угааж, өглөө болон орой унтахын өмнө шүдээ зөв, сайн цэвэрлэдэг байхыг хэвшүүлэх нь маш чухал. Та "Дагаад хийгээрэй" гэж хэлээд өөрөө үлгэрлэн үзүүлж, хүүхдээ сайн дуурайж, санаж явахыг нь хэлж өгөөрэй. 

10.

3D box Үнэнийг ярьж байхыг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Ямар нэг зүйл болбол болсон үйл явдлыг яг тэр бодит байдлаар нь, хүний хэлсэн үгийг буруугаар хэлэлгүй, яг л үнэнийг хэлж байхыг ойлгуулах. Хэрвээ та бүхэн үзэж байсан бол "The Hunt" кинон дээр нэг хүүхдийн худал үг нэгэн гэр бүлийн амьдралыг хэрхэн сүйтгэж байгаа тухай гардаг. Бодлогогүй, санаанаасаа зохиож хэлсэн худал үгэнд хүмүүс "Хүүхэд худлаа ярихгүй" гээд итгэх тохиолдол асар их байдаг учир үнэнч байхын чухлыг заавал хэлж, ойлгуулаарай.

11.

3D box Олон нийтийн газар явахдаа “Хэрвээ чи ингэвэл яах вэ?” гэж хүүхэдтэйгээ ярилцах. "Хэрвээ чи нэг харахад ээж, аав чинь эргэн тойронд чинь харагдахгүй бол яах вэ?" гэж эхлээд хүүхдээсээ асуу. Дараа нь аргыг нь зөөж өг.

12.

3D box Аливаа зүйлийг хайрлаж сургах. Магадгүй энэ дээр бичсэн зөвлөгөөнүүдээс хамгийн чухал нь байх. Ургамал яагаад тастаж болохгүй, бяцхан амьтдыг яагаад өвтгөж болохгүй, настай хүмүүст суудал тавьж өгөх, туслах яагаад чухал гэдгийг ухааруулах хэрэгтэй. Түүний тулд та маш нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Усны цоргыг нээлттэй орхивол хайран цэвэр ус хий дэмий урсахыг, дэлхий гэдэг асар том, бидэн шиг хүмүүс тэнд цангаж байгааг хүртэл сонирхолтой байдлаар ойлгуулж болно шүү дээ. Хамтдаа кино үзэж эсвэл бүр янз бүрийн арга хэмжээнүүдэд явж болно.

13.

3D box Олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газар журамтай байхыг ойлгуулах. Кино үзэж байх үеэр хүүхдүүд шуугилдаад байх үнэхээр хэцүү шүү дээ. Тиймээс бусдад саад болохгүй байх, чанга чанга хашхирч, гэртээ байгаа мэт байж болохгүй гэдгийг ойлгуулж, тайлбарлаж өгөх хэрэгтэй шүү.

14.

3D box Аливаа зүйлийг дүрсэлж, тайлбарлаж сургах. Гадуур хамт явж байхдаа ямар өнгөтэй, юуны дэргэдүүр явж байгаагаа, хүмүүсийн дунд байхдаа өндөр эсвэл намхан, эрэгтэй, эмэгтэй ямар хүмүүс зөрж байгааг гээд аливаа орчин, хүмүүсийг дүрсэлж сургах нь чухал нөлөөтэй.

15.

3D box Машин дотор хэрхэн явахыг ойлгуулах. 13-аас доош насны хүүхдүүд бүгд машины арын суудалд суух ёстой, цонхоор гар, цээжээ ил гаргаж болохгүй бас аюулгүйн бүсээ заавал хийж явахаас гадна цонхоор хог огтхон ч хог хаяж болохгүй шүү гэдгийг багаас нь ойлгуулах чухал.

16.

3D box Хамгийн сүүлийн, хамгийн чухал зүйл бол гэр бүл, найз нөхөдтэйгөө нээлттэй сайхан харилцаатай байхын сайхныг мэдрүүлэх. Үгүй бол одоо үед хүүхэд ухаалаг утсаар тоглож, зурагтын өмнө хэтэрхий их цагийг өнгөрүүлдэг болоод байна. Бүр бага наснаасаа дэлгэцэд донтох хүүхдүүдийн тоо асар их болж байна. Тиймээс та хүүхдэдээ утсаа өгч тоглуулдаг бол түүнийгээ бага багаар хязгаарлаарай. Гадуур хамт явж, дэлхийтэй илүү танилцаж, байгальд байх сайхныг, гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа тоглож өнгөрүүлэх нь ямар гоё болохыг мэдрүүлж, хүүхдийг хүүхэд чигээр нь өсгөх бүх зүйлээр хүүхдээ хангаж, хайрлаарай. Аливаа зүйлийг "Чи ингэж сур" гэж шууд тулгах биш харин хамтдаа хийж, тайлбарлан ярьж, өөрөө үлгэрлэх хэрэгтэй юм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.