Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан | Мега компанийн МЕГА НӨЛӨӨ

Анх “Оюу толгой”-той хамтарч эхлэхдээ гурван ажилтантай байсан “Моннис Интернэйшнл” одоо 700 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа шиг ханган нийлүүлэгчдийн өргөжиж, хөлжсөн жишээ олон.


Улс бүрт эдийн засгийн толгой салбар, бүр цаашлаад тухайн улсын эдийн засагт дам ба шууд байдлаар үлэмж нөлөөлдөг компаниуд байдаг. Зарим улсад зөвхөн нэг компани  бүхэл бүтэн салбарын дайтай эдийн засгаа чирдэг жишээ бий. 

Финландын зүрх буюу “Nokia” компани оргил үедээ улсынхаа ДНБ-ийн нь дөрвөн хувийг, экспортын 30 хувь, компаниудаас цуглардаг татварын 23 хувийг дангаараа бүрдүүлж байв. Гэвч 2007 онд “Apple”-ийн байлдан дагуулалтаас үүдэн  тус компанийн хувьцаа 90 хувиар унахад Финландын эдийн засаг бүхэлдээ доргиж байлаа. Гэвч энэ жил сүлжээний техник үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдсэн “Nokia” өнгөрсөн таван жилийн хугацаанд томоохон гэрээнүүд үзэглэж, шинэ хөрөнгө оруулагчидтай толгой холбосон. Энэ нь санхүүгийн хямралаас хойш амиа торгоож ирсэн улсынхаа эдийн засагт хуучны нарлаг өдрүүдийг авчирч мэдэх алхмууд юм.

Хэсэгчилсэн хамаарал гээд харвал “Samsung Group” дангаараа Өмнөд Солонгосын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг бол “Hyundai Motors” нь 10 гаруй хувийг дангаараа даадаг жишээг харж болно. Хэдийгээр БНСУ эдийн засаг харьцангуй сайн төрөлжсөн ч “Samsung” гар утасны нэг л загвар нь амжилтгүй болоход, эдийн засгийн өсөлт тухайн улиралд доош татагдах тийм хүч тус группт байдаг. Өөр нэг жишээ татъя л даа. Люксембургт “толгойтой” дэлхийд төмрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ArcelorMittal” компанийн жилийн орлого өнгөрсөн онд улсынхаа ДНБ-ийг давсан буюу 68 тэрбум ам.доллар байж. Тиймдээ ч зөвхөн улсынхаа эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэхээс гадна салбар, нэгжүүд нь байрладаг Бразил, Канад, Мексик улсуудын эдийн засагт багагүй хишиг хүртээдэг. АНУ дахь эдийн засгийн нөлөөлөл нь ес шахам тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 2.3 тэрбум нь дангаараа цалинд зарцуулагддаг ажээ.

Харин манай улсын нөхцөлд шууд ба шууд бус замаар өндөр нөлөөлдөг компаниудын нэг бол “Оюу толгой”. Манай улсад магад нэг өдөр дэлхийд өрсөлдөхүйц үндэсний брэндүүд бойжиж буй ч  төдийлэн “Nestle”, “Toyota” гэдэг шиг танигдаж чадаагүй, үнэлгээ өндөр биш тул Монголын бизнесийн орчныг гаднынханд бүрэн илтгэж чаддаггүй. Тиймээс хүссэн хүсээгүй Монголын толь нь уул уурхай, тэр дундаа “Оюу толгой” болж байна. Удирдан хэрэгжүүлэгч нь цар хүрээгээрээ дэлхийн шилдэг уул уурхайн салбарт “BHP Billiton”-ий дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Рио Тинто” учраас биднийг олон улсын бизнесийнхэн энэ л төслөөр төсөөлж, алдаа амжилтаар нь дэнсэлдэг болчхоод удаж байна. Замаасаа хазайчихгүй бол Таван толгойн нүүрсний орд ирээдүйд  цахиур хагалж мэдэх л юм.

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны баг Монгол Улсын эдийн засаг “Оюу толгой”-н бүтээн байгуулалтын нөлөөгөөр хэрхэн өсч байгааг харьцуулан судалсан байна. Тухайлбал, 2014-2017 онд “Оюу толгой” төслийн нөлөөгөөр ДНБ жилд 9.4 хувь өссөн бөгөөд экспортод эзлэх тус компанийн дундаж хувь 32.8 хувь байснаас 2015 онд л гэхэд 43.7 хувьд хүрч өссөн байдаг. Нарийвчлаад орон нутгийн хэмжээнд харвал, “Оюу толгой” байгаагүй  бол өнгөрсөн долоон жилийн хугацаанд Өмнөговь аймгийн ДНБ-ий жилийн өсөлт 5.5 хувь л байх байж. Харин “Оюу толгой”-н ачаар энэхүү өсөлт хоёр дахин их буюу 11 хувь байв. “Оюу толгой” жилд нэг тэрбум ам.доллар Монголд оруулж ирж байгаа бөгөөд 2010 оноос хойш нийт 8.3 тэрбум ам.доллар оруулаад байна. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ “Оюу толгой”-н борлуулалтын орлогоос ч их дүн.

"Оюу толгой"-н нийт хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагтай харьцуулбал: 

Монголд ашигтай, ашиггүй гэх Засгийн газар “Рио Тинто” хоёрын хоёр жилийн “маргаан”, түүнийг дагасан сул зогсолтын үрээр олон хүн энэ төсөл монголчуудад   хэчнээн ач холбогдолтойг биеэрээ мэдэрсэн.  “Даарин дээр давс” гэгчээр тухайн үед голлох таваарын үнэ ч унаж  төсвийг дордуулсан байдаг. Төсвийн орлого тасалдаж, хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, хэдэн мянган ажилтан түр ба бүрмөсөн чөлөөлөгдөж, ханган нийлүүлэгч компаниудын бизнес царцаж, ажилтнууд хүсээгүй амралт, цомхтголд өртсөн гэх мэтээр сөрөг үр дагавар нь хүлээж байснаас ч илүү байв. Үүнээс хамгийн том гарз нь дэлхий нийтэд Монголын тухай бизнес хийх орчин олиггүй, тогтворгүй гэдэг мессежийг өгсөн нь байв. Гүний уурхайд жилд 700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт дээрх онуудад хийгдээгүй гэсэн үг. Энэ мөнгө эдийн засагт орсон бол шууд утгаараа хоёр тэрбум ам.долларын өгөөж өгөх байсан. “Энэ хугацаанд өгөх байсан янз бүрийн татвар, цалингийн зардлуудыг тооцвол 200 гаруй сая ам.долларын боломжийг бид алдсан” гэж Ч.Отгочулуу эдийн засагч “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Гэхдээ маргаан эцэслэгдэж, хувь нийлүүлэгчид ойлголцолд хүрээд явж байгаа. Хэдий тийм ч бид энэ явдлаар нэрээ нэг сайн “хугалаад” авснаа том гарз хохиролд тооцох нь зүйтэй бөгөөд энэхүү хугарал одоо ч бүрэн бороолоогүй байна.

“Оюу толгой” өдгөө хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн том ажил олгогч. Үндсэн, гэрээт 17 мянган ажилтан дээр хамтарч ажилладаг 1100 гаруй ханган нийлүүлэгчийг оролцуулбал нийт 55 мянган иргэнийг ажилтай болгож байна. Хүн бүр Солонгост ажилладаг найз эсвэл хамаатантай гэж хошигнодог байсан нь өдгөө “Оюу толгой” болж, ажиллагсдын гэр бүлийг оролцуулан тоолбол 198 мянган хүнийг тэжээж байгаа. Тус төслийг түшиглэж байгуулагдсан компаниуд өнөөдөр гараанаасаа холдож, дундаж түвшний  компаниудад тооцогдож байна. Тухайлбал, анх “Оюу толгой”-той хамтарч эхлэхдээ гурван ажилтантай байсан “Моннис Интернэйшнл” одоо 700 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа шиг ханган нийлүүлэгчдийн өргөжиж, хөлжсөн жишээ олон.

Тус компанид олон улсын стандартаар сургагдаж, ажиллаж буй монгол уурхайчид удахгүй дэлхийд үнэлэгдэж уригддаг, зөвлөгөө нь алт мэт үнэлэгддэг мэргэжилтнүүд болно. Эхнээсээ ч уригдаж ажиллаад эхэлж. Энэ бол мөнгөөр үл хэмжигдэх дам нөлөө. Уул уурхайн хүмүүсийн өөрсдийнх нь нэрлэдгээр  хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэг нь энэ юм байна.  Дараа нь бид өдгөө ид яригдаж буй  Таван толгойн орд газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, зөв залж чадвал хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж чаддаг үндэстэн болсноо хөрөнгө оруулагчдад батлах боломжтой.

Уул уурхайгаас хамааралтай орнуудад амьдралын чанар, нэг үгээр хэлбэл ядуурал их байна гэх шүүмжлэл хаа сайгүй л байдаг. Гэвч  үүнд өндөр дүнгээр бага хугацаанд орж ирж буй орлогыг эргэлдэх хөрөнгө болгож чадаагүй  тухайн улсын сул засаглал л буруутай  гэж Иелийн их сургуулийн эрдэмтэн судлаачид дүгнэсэн байна билээ. Үндэсний ч бай, гаднын ч бай үндэстэн дамнасан том компаниудыг улстайгаа уях хүсэлтэй хүмүүс зөвхөн тэдний авчирдаг үлэмж орлогод татагддаг юм биш. Харин ажлын байр бий болгох чадамж,  өндөр цалин, олон улс дахь гарц, судалгаа-хөгжилд оруулдаг хувь нэмэрт нь шунаж, мөнөөх үржигдэх нөлөө гээчид нь шунадаг юм.  

Автор: Эдийн засгийн сэтгүүлч Б.Энхцэцэг

 

 

Ашигласан эх сурвалж: The Economist, Forbes, Times, Strait Times, Yale Global Online, МУИС, Оюу толгой Өдрийн Сонин, Bloomberg

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
2
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
3
19 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.