Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Погжий Ганбаагийн морины симфони

Энэ зураачийн нэгэн гайхамшигтай төрөл бол “морь”.


Саяхан миний бие урлаг, уран зургийн өндөр мэдрэмж бүхий залуу анд “Баруун тархи” телевизийн нэвтрүүлгийн хамтран зүтгэгч Гамбино буюу Норовсамбуугийн Ганбатын санал болгосноор нэгэн содон цуглуулгатай хатагтайгийнд зочлов. 

Цуглуулгын эзэн Чойжинхүүгийн Энхжаргал гэх энэ эмэгтэй Монголын дүрслэх урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчдийн төрөл төрлийн бүтээлүүд, эрт цагийн буюу антикварын гайхамшигт эд зүйлс зэргээс цогцлоосон сүрхий том арт галерей байгуулсан нь бишрэлийг минь хөдөлгөв. Нэг ёсны дүрслэх урлагийн музей юм даа. Ингэж тодорхойлоход хилсдэхгүй. Үүнээс гадна Италитай амьдралаа холбосон Ч.Энхжаргал нь Монголын зураачдын бүтээлийг гадныханд, Европ, Азийн орнуудад сурталчлах талаар ихийг хийдэг буянтай хатагтай аж. Галерейн уран зураг, үзмэр бүрийг тайлбарлаж таниулна гэвэл цаг хэрэгтэй болно. Харин миний хувьд уг цуглуулга дотор Энхжаргал хатагтайн куратор-аар нь ажилладаг нэгэн зураачийн хэсэгхэн бүтээлүүд анхаарлыг маань онц гойд татсан юм. Зураачийн нэр нь Чоймболын Ганбаатар. Багын найз нь болох манай Гамбино түүнийг Погжий Ганбаа гэж авгайлдаг болой.

Мөхөс би мэргэжлийн урлаг судлаач, шүүмж бичдэг хүн биш. Зүгээр л нэг сонирхогч. Уран зургийг бол тогтон харж дотор хүнтэйгээ эргэцүүлэн тунгааж ярих дуртай. Өнгөрсөн зууны 70-80-аад онд идэр залуу насандаа олон сайхан зураач нартай танил болж ярилцаж хөөрөлдөж байсныгаа санахад таатай байдаг. Миний найз нөхөд болох зураач, барималч нарынхаа нэрсийг жагсаавал багагүй цуваа гарна. Тиймээс цагийг, цаасыг хэмнэн товчлож Г.Баяраа буюу орос Баяраа хэмээх нөхрийнхөө надад хэлж байсан зүйлийг дурьдсуу.

“Миний зурсан зургийг чи хараад санаанд чинь ямар сэтгэлийн хөдлөл эргэцүүлэл төрж буй нь л чухал юм. Тэрнээс аливаа зургийг хараад хэн нэгэн чамд ингэж тэгэж ойлго гэж заан зааварласны дагуу хүлээж авдаг бол зүй бус хэрэг”. Нөхрийн маань халамцуу байхдаа хэлсэн тэр үг хорь шүргэж буй надад хойшид уран зурагт хандах хандлага буюу код-ыг суулгаж өгсөн нь тэр билээ. Өөрөөр хэлбэл тэр алтан дүрэмдээ хөтлөгдөн Энхжаргалын цуглуулганд буй зураач Чоймболын Ганбаатарын зургийг хараад төрсөн бодол сэтгэгдлээсээ хуваалцмаар болж үзэг цаас нийлүүлсэн аж. Ч.Ганбаатарыг би танихгүй. Гамбино, Энхжаргал нарын ачаар зарим нэгэн уран зурагтай нь танилцаж буй нь энэ. Үнэнээ хэлэхэд зургийг нь харж зогсоход толгойд минь хөгжим дуугарч эхэлсэн шүү. Сонирхож оролддогийн хувьд хөгжмийн хэлээр харьцуулалт хийж зүйрлэх аргаар төрсөн бодлоо тайлбарламаар санагдсан. 

Хөгжимчин хүн бол бүх төрлийн хөгжмийн урлагийг мэдэрч, ойлгож, хөгжмийн зэмсэгийг бүгдийг нь эзэмшиж тоглодоггүй ч гэсэн сонсож мэдрэх чадвартай байх учиртай болов уу. Санаанд нийцдэггүй хөгжим гэж бас байна. Ийм тохиолдолд бүр болохгүй бол тэвчээрлэнгүй хандаж чаддаг байх ёстой гэж би хувьдаа үздэг. Универсал чанар буюу өргөн хүрээний тал бүрийн мэдлэг чадвартай байхыг өгүүлж буй юм. Эхлээд төрсөн сэтгэгдэл гэвэл Ч.Ганбаатар бол универсал зураач болох нь харагдсан. Бас их хурдтай зурдаг бол уу гэмээр.

Түүхэн сэдвээр зурсан том бүтээлүүд нь историзм-аар дүүрэн. Тогтож харахад тухайн түүхэн цаг үед цөмрөөд нэвтрэн орчихож буй гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц сүрлэг, тод томруун, өвөрмөц хэлбэрээр дүрсэлсэн зургууд нь (энд жишээ болгож “Их төрийн түүх” зургийг нэрлэе) хөгжмийн төрөлтэй зүйрлэвэл сонгодог хөгжим, цаашилбал язгуур ая дан ч чихэнд минь сонсогдох шиг. Гадны хүн харвал сүрдмээр. Тэгээд ч өвгөд дээдсийн минь түүх сүртэй л байсан юм чинь яах билээ. Эртний тулааны нүргээн, сүлд хийморь, үлгэр домгийн төсөөллийг минь гүнзгийрүүлэх шиг болов. Түүх, түүхэн сэдэвтэй уран зургууд нь ерөнхийдөө XIII зууны үеийг дүрсэлжээ. Тэр зууны хүмүүс ямар байсан гэвэл Ганбаатарын зурагнаас төсөөлөл авч болохуйц санагдав. 

Ганбаатар бол сүрхий анималист аж. Амьтан зурна гэдэг бол тийм амар асуудал биш байх аа. Нохой, чоно, морийг дүрсэлсэн байдлыг нь харахад мэргэжлийн амьтан судлаач ч юм уу гэмээр. Монгол банхар, монгол нохой гээд л бид ярьдаг. Гэтэл ийм нохойг мэддэггүй хүн, ялангуяа гадныхан, хүүхэд багачуудад бол Ганбаатарын зурсанаар харахад сонин төсөөлөл төрнө. 

Энэ зураачийн нэгэн гайхамшигтай төрөл бол “морь”. Ганбаатарын зурсан морьдыг ажиж зогсохнээ тархинд минь агуу Н.Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуу тивийн наран” цуурайтах шиг болов. Ганбаатарын “морьд” надад нэн өвөрмөц харагдсаныг нуух юун. 

Төвөргөөн, даган манарах тоос, морины хөлс, морийг тойрсон орчин, аура бийрнийх нь доор яруу тод өнгө аясаар амилна. Морь гэдэг нь гоо сайхны хувьд ямар төгс төгөлдөр амьтан юм бэ гэдгийг Ганбаатар өөрийнхөөрөө өвөрмөц маягаар дүрсэлсэн байдаг. Жишээ нь “Аз жаргал” гэдэг зургийг харахад эвшээж буй морийг дагаад хүн эвшээвүү гэмээр зурвас мэдрэмж төрнө. Морийг бол нэг тийм хийсвэр төрх дүрээр зурах нь эргэцүүллийг минь улам гүнзгийрүүлнэ. Алслалтын хуульд үл захирагдан, төсөөллийн, сэтгэлийн орон зайд чөлөөтэй тоглодог гэмээр Ганбаатар орон зайг маш нарийн цэмцгэр мэдэрдэг зураач болохын хувьд морины дэл, сүүл, чих, цээжний хөндий, гэдэс гээд дэвэргэн байдалтай дүрсэлнэ. Бэхэн будгаар бол тоглох шиг л болдог бололтой Тэрхэн зуурын онгодоор бүтээдэг болов уу гэмээр. Бэхэн зураг бол ганцхан удаа л татна. Гэхдээ бэхийг цацаж урсгахдаа торгон мэдрэмждээ хөглөгдөн маш нарийн зохицолдуулан удирдан залсан харагдана. Хөгжмөөр бол Өөжгий-гийн гитарын рифф татаж буй гэмээр. Абстракци маягаар дүрсэлсэн морьдыг нь харж зогсоход жааз рок толгойд минь эгшиглэж гарав. Төсөөлж зурах чадвар нь маш өндөр мэт. Сэтгэмжлэх буюу импровизацид бол гаргуун болох нь мэдрэгдэнэ. 
Морийг зураач нар янз бүрээр зурдаг. Энэхүү тохиолдолд бол Ганбаатарын “морины симфони” гэж нэрлэмээр. Хийморлог, цоглог олон адуун дунд орчихсон мэт сэтгэгдэл төрөхүйц, хүмүүсээр төсөөлвөл нэг тийм чамин өнгөлөг хувцасласан хүмүүс байдаг даа. Эсвэл театрын тайзан дээр жүжигчдийн дунд байгаа ч юм шиг тийм өвөрмөц орчин лугаа санагдана энэ Ганбаатарын “морьдын” ертөнц. “Чимиддоржийн морь”, “Энхжингийн морь”, “Дэнзэнгийн морь” гэхчилэн түм буман хэлбэр төрхөөр зурсан морьд бүгд өөрийн гэсэн өнгө аястай, сонирхолтой байдаг. Түүн дотроо “Ганбаатарын морьд” бол бас л нэг өвөрмөц экстравагант ертөнц. 

Энэ авьяаслаг зураачийн өргөн олон талст бүхий уран бүтээлийн далай тэнгисийг туулаад баршгүй. Мөхөс би багаахан нэг хэсэг дээр нь зог тусаж гайхширсан сэтгэгдлээсээ товчхон хуваалцах нь энэ ажгуу. Холливудад уригдан тэнд “морьдоо давхиулж” буй сурагтай. Гадныхан шагширч буйг сонсоод “аргагүй шүү дээ” гэж бодогдном. Гамбино-гоор дамжин Монголын уран зургийн гайхамшигийг дэлхийн дэвжээнд өөрийн өвөрмөц уран бүтээлээрээ харуулж буй Погжий Ганбаатай эчнээ танил болсондоо баяртай байна. Уран зургийнх нь зөвхөн нэг хэсгийг л харж тансаг сайхан “морины симфони” сонслоо. Өөр бусдыг нь заавал олж үзэх юм шүү.

Уран зураг сонирхогч Б.Долгион

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
14 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
15 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
34
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.