Хайх зүйлээ бичнэ үү

“Том 6 толгой” хүүхдийн инээдмийн уран сайхны кинонд тоглосон Б.Гэгээнсартай ярилцлаа.

“Том 6 толгой” хүүхдийн инээдмийн уран сайхны кинонд тоглосон “Улаанбаатар Элит” сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Гэгээнсартай ярилцлаа. Хүмүүс түүнийг “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин, СТА Баттөмөр буюу "банш" Батаагийн охин гэдгээр ичнээ таних биз ээ. Б.Гэгээнсартай киноных нь тухай болон гэр бүл, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсаныг хүлээн авна уу.

- Гэр бүлээ танилцуулна уу. Ам бүл хэдүүлээ вэ? 

- Манай аавыг Соёлын тэргүүний ажилтан Баттөмөр гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Одоо киноных нь зураг авалт эхэлчихсэн байгаа. Манай ээжийг Булгантамир гэдэг. Отгонтэнгэр их сургуульд багшилдаг. Дүү маань таван настай, “Амила” цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт явдаг. Ялгуунсар гэдэг. Намайг Гэгээнсар гэдэг. “Улаанбаатар Элит” сургуулийн гуравдугаар ангийн сурагч. Манайх ам бүл дөрвүүлээ. 

- Гэгээнсар маань хүүхдийн инээдмийн кинонд тоглосон гэсэн. Ямар дүр бүтээсэн бэ? 

- Зуныхаа амралтаар “Том 6 толгой” кинонд тоглосон. Кинонд тоглох үнэхээр гоё санагдсан. Би хөдөөний малчин охин Сараагийн дүрийг бүтээсэн. Санаандгүйгээр яг миний нэр таарчихсан. Кинонд нийт 6 хүүхэд гол дүр бүтээснээс 4 нь хотоос ирж байгаа дүр бүтээж, Цэрэнпил бид хоёр хөдөөний хүүхдүүдийн дүр бүтээсэн. Кино зураг авалт Булган аймагт болсон.

Дээгий гэж охин хөдөөнөөс ирсэн аавынхаа захиаг олж уншаад, найзуудтайгаа хамт нууцаар хөдөө явснаар үйл явдал эхэлдэг. Замд нь машин нь эвдрээд портер машинд дамжиж, суудаг юм. Тэгээд портер нь ч эвдэрчихдэг. Нөгөө 4 найз бие засахаар явж байгаад машинаасаа төөрөөд ядарснаасаа болоод унтчихдаг. Энэ үед нь Цэрэнпил бид хоёр ойд явж байгаад тэр хэдтэй тааралддаг юм. Цэрэнпил бол яг хөдөөний хүүхэд. Булган аймгийн Сайхан суманд амьдардаг, Отгонпүрэв нэртэй. Кинонд маань найз нөхөрлөлийн тухай гардаг. 

- Нөхөрлөлийн тухай кинонд тогложээ. Амьдрал дээр хэр олон найзтай вэ. Найзуудыг нь хэн хэн гэдэг вэ?

- Надад зөндөө олон найз байдаг. Манай анги 20 хүүхэдтэй. Тэр дунд олон найзтай. Дотнын сайн найзууд гэвэл Марта, Сайнбилэг, Аминцэцэг гээд дандаа урт нэртэй хүүхдүүд байдаг. 

- Сургуульдаа тэгвэл олон найзтай юм байна. Сургуульд сурах гоё санагддаг уу?

- Цэцэрлэгт тоглож, наадаад л болдог бол сургуульд бичиж, уншаад олон зүйл сурч авдаг. Сургуулийг ийм гоё гэж мэдээгүй. Би сургуульд хамгийн их дуртай. Амралтын өдрүүдэд уйдаад л, утас оролдох ч юм уу хийх юм олддоггүй. Нэг, тав дахь өдрүүдэд дасгал хийж, төрийн дууллаа дуулдаг болохоор 8:50 гэж эхлээд 9 цагаас хичээл орж, 15:15-аас тардаг. Харин гурав дахь өдөр дугуйлан ордог учраас 16:50-аас тардаг. Анх би сургуульд орохдоо ямар их цаг вэ, яаж дуусгах юм бол гэж бодож байсан бол одоо “Ээ нэгхэн, хоёрхон цаг шүү дээ” гэж боддог болсон. Ерөөсөө ядардаггүй. 

- Ямар хичээлдээ дуртай вэ?

- ICT гээд компьютерийн хичээлдээ дуртай. Бас дуу хөгжим, драма, англи хэл гээд л олон гоё хичээлүүд бий. Шинжлэх ухааны хичээлээр туршилтууд хийдэг болохоор бас гоё.

- Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?

- Би жүжигчин болохыг мөрөөддөг. Ааваас болоогүй л дээ. Аавын ажил дээр очихоор аав байнга дуулж, бүжиглээд л надад ажил биш юм шиг санагддаг. Тоголж, наадаж байгаа юм шиг л санагддаг учраас жүжигчин болохыг хүссэн. Тэгээд ч жүжигчин хамгийн амархан ажил гэж боддог. Хэрвээ жүжигчин болохгүй бол шинжлэх ухааны эрдэмтэн болно гэж боддог. Туршилтууд хийгээд л “дэлбэрчихвэл” гоё л доо. 

- Гэхдээ “дэлбэрчихээр” аймаар юм биш үү?

- Харин ч гоё санагддаг. Сургуульд маань шинжлэх ухааны дугуйлан байдаг. Гэхдээ би төгөлдөр хуурын дугуйланд явж байгаа.

- Хэзээнээс шинжлэх ухааны дугуйландаа явахаар төлөвлөж байна вэ?

- Ээж маань нэгэнт төгөлдөр хуураа эхэлчихсэн юм чинь олон жил хичээллэж байгаад дараа нь шинжлэх ухааныхаа дугуйланд явахыг зөвлөсөн. 

- Яагаад жүжиглэх амархан гэж. Дуулж, бүжиглэж чаддаггүй, жүжиглэсэн ч үзэгчдийг инээлгэж, уйлуулж чаддаггүй хүмүүс олон шүү дээ.

- Би багаасаа л дуулж, бүжиглэж, жүжиглэх дуртай байсан. Тэмцээн уралдаануудад орж, өөрийгөө илүү сайжруулж байсан. Одоо бол жүжигчин болоё гэж л боддог. Аав маань уг нь цагдаа болохыг хүсч байсан ч бүжгийн хамтлагт байхыг нь харсан том жүжигчин “Миний хүү жүжигчин болсон дээр. Чи сайн жүжигчин болно” гэж хэлснээр аав жүжигчин болсон гэсэн. Би ч гэсэн жүжигчин болж чадах байхаа л гэж боддог.

- Аав, ээж хоёр нь чамайг жүжигчин болохыг дэмждэг үү? 

- Аав “За эмэгтэй хүнд хэцүү дээ. Өөрөө л мэд” гэсэн. Харин ээж том болоод шийдээрэй гэсэн. Би жүжигчин болохыг мөрөөддөг ч гэсэн одоохондоо сайн сураад Америкт их сургуульд орохыг хүсэж байгаа.   

- Сургуульд нь мэдээж мундаг багш олон байгаа. Тэднээс хамгийн их хайртай багш нь хэн бэ?

- Монгол хэлний Түмэнбаяр, англи хэлний Рату багшдаа хайртай. Зарим багш нар манай ангийг хичээлээс гадуурх ажилд идэвхгүй байна гэж хэлдэг ч гэсэн Рату багш маань бид нартай сайн ярилцаж, ойлгодог болохоор гоё байдаг. Рату багш маань Фижи улсаас ирсэн.

-Хөдөө ямар байсан бэ. Хотын амьдралаас юу нь ялгаатай санагдсан бэ?

-Би хөдөө очоод зөндөө юм сурсан. Егүшин гэж шархаа боогоод эдгээдэг эмийн ургамал байдаг юм билээ. Бас нохойнхошуу нь ходоод гэдсэнд сайн гэсэн. Ханиад хүрсэн үедээ уувал эдгэдэг юм билээ. Яг жимс шиг харагддаг. Энэ бүгдийг киноны зохиолч Болорцэцэг гэж хүн зааж өгсөн. 

Ааруул хийх үнэхээр сонирхолтой юм билээ. Зарим хүн ааруулыг нэг хэлбэртэй хийдэг бол бид нар зүрх, баавгайны хэлбэртэй хүүхдийн ааруул хийсэн. Яг л тоглож байгаа юм шиг. Айраг уугаад ёстой гоё байсан. Хотоос ялгаатай зүйл нь тэнд байгальтайгаа ойрхон байдаг. Бид нар хотод дан утаатай газар байдаг бол хөдөөний хүмүүс яг голынхоо хажууд, уултайгаа ойрхон амьдардаг. Түүнийг нь хараад “Ёооё ийм байшинтай болох юмсан” гэж бодсон. Энд гөлөг, нохойнууд байдаг бол тэнд дүүрэн хөөрхөн хурга, ишигнүүд байсан. Би тэвэрч үзсэн. Нохой тэвэрснээс ч илүү хөөрхөн санагдсан шүү.

-Кино зураг авалтын үеэр тохиолдсон гунигтай, баяр жаргалтай, санаанд нь тод үлдсэн зүйл байсан уу?

-Тохиолдсон. Тэнд аймаар олон хожуул, нарийхан мод үлдчихсэн байсан. Миний санаа их зовсон. Модны хулгайч нар ирээд байшин, тавилга хийх гээд сүйтгэчихсэн байна лээ. Бас томоос том нуур нь ширгээд жижгэрчихсэн байсан. Нуур луу хүмүүс хог хийгээд ширгээчихсэн байсан. Тэр л надад гунигламаар санагдсан даа. Алтны уурхай бас муухай юм байна лээ. Уурхайн гаргасан том том нүх рүү хөөрхөн жижигхэн хурга, ишигнүүд шууд уначихдаг. Тэгээд кинонд ишиг аварч байгаа хэсэг гардаг. Цэрэнпилийн ишигнүүд нүх рүү уначихдаг болохоор бид хоёр байнга авардаг. 

- Харин гоё санагдсан зүйл нь юу байв?

- Тэнд байгаль нь үнэхээр гоё юм билээ. Зураг авалтын үеэр шавхайтай ой руу ороход машин суугаад бид нар түлхээд үнэхээр хөгжилтэй байсан. 

-Чи одоо хөдөө амьдарвал чадах уу?

-Чадна.

- Хөдөө хэр их явдаг вэ?

- Зун болгон аав, ээж хоёрынхоо нутаг болох Өвөрхангай, Архангай аймаг руу явдаг. Энэ жил аав натурт Завханд дуудагдаад гэр бүлээрээ хамт явсан. Завханд явж байхад би кинонд тоглохоор болоод Булганд ирсэн.

- Аавынх нь тоглосон кино, жүжгүүдээс хамгийн их сэтгэлд нь хүрсэн ямар дүр байдаг вэ?

- Аавын “Микроны босс”-ын дүр байдаг. Одоо хүртэл дүр нь хэвээрээ санагддаг. Тахиа гэдэг нэртэй. Микрондоо суухдаа бөгсөө гаргаад суудаг байхгүй юу. Тэр нь надад одоо хүртэл инээдтэй санагддаг учраас ерөөсөө мартдаггүй. Аав бас “Рашаантын 18” дээр хараагүй болдог хэсгийг нь том болоод үзсэн чинь өрөвдөөд бүр уйлсан. Аав жинхэнэ амьдрал дээр байгаа юм шиг жүжиглэдэг учраас би уйлсан. Тэр үед аав өөр газарт байсан болохоор их санасан. 

-Зураг авалтынх нь үеэр аав, ээж нь хажууд нь байсан уу. Аав нь жүжигчин болохоор зөвлөгөө сайн өгсөн байх даа?

- Найруулагч аав ээж нарыг бид нараас хол байлгасан. Тэгэхгүй бол хүүхдүүд аав ээжийгээ харахаараа үгээ мартчихдаг. Ээж намайг хараад инээгээд байсан чинь би яг үгээ мартсан. Аав зураг авалтын дунд үеэр нь ирсэн. Аав надад “Аавын охин нүдээ камер луу харуулж болохгүй. Яг ярьж байгаа хүүхдүүд рүүгээ хараад л, тод яриарай” гэж хэлсэн. 

- Киног нь үзээд аав ээж нь юу гэж байна?

- Миний охин мундаг байна гэж байна лээ. Кинонд тоглосон багийнхан аав ээжээсээ тусдаа сууцгаасан. Аав маань үзээд уйлаад л, инээгээд л байсан гэсэн. 

- Дүү нь дуулж, бүжиглэх авьяастай юу. Юунд дуртай байх шиг байна?

- Дүү маань цэцэрлэгтээ ятганы дугуйланд явдаг. Ялгуунаа дуулж, бүжиглэх авьяастай. Би жоохноосоо солонгос дуун дээр бүжиглэдэг байсан бол дүү маань дан гадаад DJ-ний аянд бүжиглэдэг.

- Эгч нь болохоор дүүдээ зөвлөгөө өгөх, хааяа загнах тохиолдол гардаг уу?

- Загнах үе гарангуут Ялгуунаа өөрөө намайг загнаад байдаг байхгүй юу. Би ерөөсөө Ялгуунааг загнаж чаддаггүй. Өөрөө загнуулчихдаг юм.

- Ирэх жил дүү нь сургуульд орох нь ээ?

- Тэгнэ. Дараа жил манай сургуульд орно гэсэн. Ээж уг нь хоёр хүүхэд өөр сургуулийн хүмүүжилтэй байвал зүгээр юм уу гэсэн чинь Ялгуунаа “Аниагийнхаа сургуульд сурна. Аниагийн сургууль гоё дуулуулж, бүжиглүүлдэг” гээд манай сургуульд сурахаар болж байгаа.

- Гэртээ болдог хөгжилтэй явдлаасаа хуваалцаач? 

- Аав хэвтэх дуртай болохоороо хэвтэнгээ бид хоёрыг байнга эрхлүүлдэг. Би жоохноосоо аавтайгаа хамт унтаж өссөн. Аав миний хөлийг атгаад унтуулаад сургачихсан учраас гурав, дөрвөн настай байхдаа хөл хоосон оргиод байвал аавын гарт шууд хөлөө атгуулдаг байсан гэсэн. Одоо өрөөндөө тусдаа унтдаг. 

- Гэр бүлээрээ гадуур явахаар хүмүүс юу гэдэг вэ. Ямар адилхан юм бэ гэж байна уу?

- Хүмүүс “Яг банш байна шүү дээ”, “Хоёр Батаа явж байна” гэж хэлдэг. Өчигдөр ээж бид хэд дэлгүүр орсон чинь хоёр хүүхэд “Кинонд тоглосон охин байна. Батаагийн хүүхэд байна шүү дээ” гээд л байсан. Хүмүүс байнга ингэж ярьдаг болохоор сурчихсан. Гэхдээ яг кинонд тоглосон гэж хэлүүлж үзээгүй болохоор ичсэн.

- Өөрийнхөө үеийн жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч. Жүжигчин хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

- Жүжигчин байхын тулд хамгийн гол нь тэвчээртэй, царайны хувирал сайтай байх хэрэгтэй юм билээ. Найруулагч нь загнасан ч гэсэн тайван байх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд өөрийнхөө ур чадварыг үргэлж сайжруулж, өөрөө өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй.

- Кинонд тоглох үеэр хүмүүст хэлмээр санагдсан ямар зүйл байсан бэ?

- Найз нөхөдтэйгөө битгий муудалцаарай л гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. Яагаад гэвэл найзгүй бол ганцаархнаа болчихно. Найзуудтайгаа хамт байвал олуулаа байж, бие биедээ тусална. Бас модоо битгий тайраасай, цаас бага үрээсэй гэж бодогдсон. Гол, усаа ч хайрлаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.24 172.69.252.149

goy setgegdelel torjndo

0 Хариулах