Хайх зүйлээ бичнэ үү

Авьяасыг би мэдрэмж гэж боддог. Дүр бүтээнэ, жүжиглэнэ гэдэг бусдад хувирч буй үйл явц юм шиг боловч өөрөөрөө хуурмаггүй үнэн байдаг хүн л өөр хүний дүрийг үнэн бүтээдэг юм. Тэгэхээр үнэн байна, өөрийнхөөрөө байна, мэдрэмжээ танадаж, ажиглаж байна гэдэг нийгэмд биеэ авч явах аяг төрх, бусдад ямар харагдахаас хавьгүй илүү зүйл

Томдсон савхин хүрэм, өргөн жийнстэй залуухан Амараа тулаантай киноны хэсгийг дуурайн нурсан барилгын балгас дотор найзтайгаа ноцолдон жүжиглэж байгаа бичлэг сонирхогчийн камерт үлджээ. Техникийг нь мэдэхгүй жинхнээсээ өшиглүүлээд өвдөж байгаа нь, тэгэхнээ бас дүрдээ үнэмшин үргэжлүүлсээр байгаа нь эглээс эгэл харагдана. Карьер нь цаашид хэрхэн эргэж, Монголын өнөө цагийн урдаа барих жүжигчдийн нэг, Холливудын хаалгыг “өшиглөж” орсон анхны монгол жүжигчин болно гэдгээ төсөөлөө ч үгүй 17 настай дэврүүн хүүг бид тэрхүү бичлэгээс олж харна. 

Энэ бол 1994 он. Дэлхий тэр чигтээ Холливуд, Хонконгийн тулаантай киногоор амьсгалж байсан үе. Жан Клод Ван Дамм, Арнольд Шварценеггер, Брюс Ли, Жэки Чан гэх жүжигчдийн нэр бүхэл бүтэн нэгэн үеийг дангаар нь төлөөлж чадахуйц тэр бадрангуй цагийг энд хэлж байна. “Marvel”, DC-ийн супер баатруудаас ч илүү нэр хүндтэй жинхэнэ тулаанч эрс хөвгүүн бүрийн цөсийг хөөргөж, үйл хөдлөл, өмсгөл хувцас, гар хөлийн алхалт гишгэлтийг нь хүртэл дуурайн хөгөлж асан дурсамж эр хүн бүрийн дотор хадагдан үлдсэн нь дамжиггүй. Жүжигчин Б.Амарсайхан бол тэдний нэг. Тэр мөрөөдөлтэй хүн. Гэхдээ тэр мөрөөдлөө мартдаггүй хүн аж. Мөнөөх сонирхогчийн бичлэгээс 24 жилийн дараа би жүжигчин Б.Амарсайханы мөрөөдөл дотор сууж байлаа.   

***

Намрын хүйт, өвөл айсуйг дохиолох утаан дундуур туучин “iCinema” кино театрыг зорьж явна. Намайг тэнд нээлтээ хийгээд удаагүй “Mongolian Connection” кино, бас уран бүтээлчдийнх нь яриаг сонсох завшаан угтах учиртай.

Ямар ч зүйлд бидэнд дотоод зөн төрдөг. Итгэл, найдвар, таамаг дээр нь нэмээд урьдын түүх, сэтгэгдэл нийлсэн дотоод зөн айсуй бүхний өмнөтгөл болох нь олонтаа. Энэ тохиолдолд надад “Б.Амарсайханы дэлгэцийн шинэ бүтээл” гэсэн мэдээлэл хар аяндаа “үзсэндээ харамсахгүй эд байх нь гарцаагүй” гэсэн зөнд хөтөлж, цаг нь болоогүй учралын өмнө би цагаасаа эрт догдолж явах шалтгаан болсон юм. Ингэх үндэслэл бий юм. Усан драм, байдаг л нэг ядруухан шог, гэнэн алиаллаас түүнийг олж харахгүй. “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1,2”, “Итгэл”, “Netflix”-ийн бүтээл, Холливудын нүсэр төсөл “Марко Поло”-гийн дараа түүнээс үзэгчид юу хүлээж байгаа, тэр өөрөө юунд зорьж явааг нь илүү томоор харуулах ямар нэг шид “Mongolian Connection”-д байгаа гэж итгэж, найдаж, таамаглаж, хүлээсэн маань талаар болсонгүй. Тэр энэ удаа юу бүтээв?

Mongolian Connection хувь уран бүтээлчийн амбиц нэвт ханхалсан бадрангуй кино болжээ. Энэ киноноос Б.Амарсайханы хор шарыг, мөрөөдлийг, басхүү тунхаглалыг харав, тод томруунаар мэдрэв. Тэр театрын дэлгэцнээс буудаггүй, мөнгийг жинхэнэ хүүлж байдаг дотоодын овжин “шог гараа”-нуудын тогтсон жишиг, хэв шинжийн үнэрийг нь ч оруулалгүй, харин “олон улсын зах зээлд гарах монгол кино” хэмээн хил хязгаараа томоор тогтоож, түүний өндөр жишигт хүргэхээр тэмүүлсэн далайцтай бүтээл хийхээр тэмүүлжээ. Нэг жил хагасын хугацаа зарцуулж, найман орны уран бүтээлч хамтран ажиллаж, нэг тэрбум хол давсан төгрөгийн өртгөөр бүтээсэн гэх баримтууд энэ киноны том амбицыг гүйцэлдүүлэх ердөө жижиг хэсэг мэт. Харин “Монгол кино дэлхийн зах зээлд гарах цаг нь болсон” хэмээн зорьж, зорьсондоо хүрсэн тэр, түүний баг хамгийн “том” байлаа.  

“Би Монголын кино салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Сонирхогчийн бичлэг хийгээд хөглөж явсан үеэс эхлээд Холливудын кинонд ч тоглож үзлээ. Зах зээлийн хүрээгээ тэлье, шинэ юм туршиж үзье, монголчууддаа арай өөр юм үзүүлье гэсэн хүсэл дотор минь асаж явснаа бүтээл болгон гаргасан нь энэ” гэж Б.Амарсайхан хэлээд даруухан инээмсэглэв. Харин түүний бүтээл тийм ч “даруухан” биш байв. Найруулагч, зохиолч, монтаж, дууны инженер зэрэг гол хүмүүсээ гаднаас авчирч, тэр бүү хэл зөвхөн тулааны найруулагчийг хүртэл тусад нь ажиллуулжээ. Ингэх болсон шалтгаанаа “Социализмыг бид гадныхнаар бүтээн байгуулуулсан гэдэг. Тэгвэл бид кино урлагийн салбарт ч гэсэн гаднынхныг авчраад, дэлхийгээс хоцроод байгаа тэр дутагдлуудаа засаад, хүний мориор газар дөхөөд, хамтраад кино хийвэл цаг хугацааг маш их товчилно” хэмээн хариулав.

Гаднынхантай хамтраад амжилт олсон жишээ Монголын кино урлагт цөөнгүй. Оскарын шилдэг баримтат кино төрөлд өрсөлдсөн “Ингэн нулимс”, Венец, Торонтогийн кино наадамд оролцсон “Нохойн орон”, “Хадаг” зэрэг амжилттай арт хаус бүтээлүүдийг нэрлэж болно. Гэвч эдгээр кинонууд олон улсад 100 хувь Монголын нэрээр гараагүй гэдэг нь факт юм. Харин “Mongolian Connection” бол өөр. Энэ кино дэлхийд зөвхөн Монголын нэрээр гарна. Зөвхөн энэ том амбицын төлөө Б.Амарсайхан болон түүний IFI кино продакшнд талархаад баршгүй.

“IFI продакшны  хамгийн том амбиц бол урлагийг бизнестэй холбон олон улсын тавцанд өрсөлдөхүйц кино бүтээх. Орчин цагийн Монгол кинонуудын санхүүжилт босгож ирсэн арга замууд нь хөрөнгө оруулалт татах гэхээсээ илүү спонсор татах, эсвэл хувь уран бүтээлчид өөрсдөө киногоо санхүүжүүлж ирсэн. Гэтэл том хэмжээний бүтээл төрөхөд шаардлагатай хөрөнгө, санхүү нэг хүн, нэг компаниас гарах боломжгүй байдаг. Тиймээс энэ салбарыг хөгжүүлье гэвэл хөрөнгө оруулагчид зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татахын тулд тухайн продакшн, уран бүтээлчээс асар их хариуцлага шаардагддаг. Тэр хэрээр зохиолдоо тавих цензур, найруулагч жүжигчний сонголт гээд кино төсөл тэр чигээрээ чамбай болж ирдэг” гэв. Төслийн санхүүжилт, цар хүрээ томроод ирэхээр ямар нэг илүү дутуу үйлдэл, оролдлогогүй бүтээл нь илүү цэгц болдог байх. “Mongolian Connection”-ийн бүрэн цул гүйцэтгэлийн цаад шалтгаан энэ болов уу хэмээн таамаглав.

***

“АНУ-ын холбооны мөрдөх товчооны ажилтан Вэйд Далтон Казахстаны гэмт хэргийн ертөнцийн гол холбоотон Серик Ибраевийг нууц ажиллагааны мөрдлөгийн явцад баривчилна. Серик монгол охидыг Америк, Казахстан руу зардаг байсан нь тогтоогдож үүний золиос болсон Хулан хэмээх бүсгүйн хамтаар гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг шүүхийн өмнө мэдүүлэг өгүүлэхээр Монгол руу хүргэнэ. Гэвч гэмт бүлгийнхэн тэднийг ямар ч хамаагүй аргаар зогсоохыг оролдох ба тэдний амьд гарах цорын ганц хамтрагч мөрдөгч Ганзориг (Б.Амарсайхан) байх болно”. Киноны ерөнхий үйл явдал ийм. Гэхдээ Амараагийн өмнөх кинонуудыг бодвол энд нэг өөр тал бий. Түүний нэр, түүний жүжиглэлт өмнөх бүтээлүүддээ эрс тодрон, ганцаараа торойж гардаг байсан бол “Mongolian Connection” дээр харьцангуй даруухан харагдаж мэднэ. Гол дүрийн гурван эрээс (Казахстаны жүжигчин Санжар Мадиев, АНУ-ын жүжигчин Кайви Лиман) Амараа хамгийн бага зодолддог нь, хамгийн цөөн харилцан яриатай нь.

Тэр энэ тухайд “Бид гаднын уран бүтээлчидтэй ажиллаж байгаа учраас энэ Монгол кино гээд өөрсдийгөө дөвийлгөж, онцгой эрх эдлэх боломжгүй” гээд “Манай америк жүжигчин хээгүй, наргианч маягийн характертай бол казах жүжигчин маань төв, серёзны төлөвтэй. Ингэхээр би яг тэр хоёрын дундуур л тоглолт гаргахгүй бол болохгүй байсан. Зальтай ч юм уу, ухаантай ч юм уу дүр гаргах орон зай байгаагүй. Тийм болохоор дүрээ өөртэйгээ, Монгол хүнтэй ойртуулж гаргасан” хэмээв. Үнэхээр ч энэ киноноос америк, казахстан, монгол гурван улсын жүжигчний эн тэнцүү гүйцэтгэлийг харсан нь нэг олзуурхам хэрэг байлаа. “Mongolian Connection”-ийг киноны хийц талаас нь харвал зохист хэмжээнээс хэтийдсэн, нэмж гоёсон гялгар хэтрүүлэг нэгээхэн ч үгүй. Улаанбаатарыг ч бас бид өөр өнцгөөс харна. С.Жамъян Гүний гудамжинд буудалцаан өрнөж, гэр хорооллын нарийхан замаар машинууд хөөцөлдөхийг харж суухдаа Улаанбаатарын гэр хороолол бол тулаантай, экшн киноны хамгийн сонирхолтой харагдах орчин болохыг анзаарав. Тэр энэ кинонд нийслэлийнхээ дэлхийн бусад хоттой адил талыг гаргахыг хүсэхдээ сүүлийн үеийн кинонуудад түгээмэл ашиглах болсон дрон нисгэсэн дүрс, гоёчилсон плануудаас татгалзжээ.

Хэдийгээр С.Жамъян Гүний гудамжинд болсон буудалцаан бидний төдийлэн хардаггүй, бүр төсөөлөө ч үгүй шийдэл байсан ч хачин бодитой мэдрэмж төрүүлсэн. Зодоонтой хэсгүүдийг гаргахдаа найруулагч болон жүжигчид үнэмшилгүй, хуурай болгохгүй гэж нягт хичээсэн нь илт анзаарагдана. Магадгүй тийм учраас энэ кинонд тулааны найруулагч тусгайлан урьсан байх. “Шулуухан хэлэхэд энэ бол миний 20 жил дотроо тээсэн мөрөөдлийн биелэл. Хүүхэд байхдаа хоорондоо тоглож, үзсэн киногоо дуурайн ноцолдож байхаас үүдэн, дотор хадагдсан тэр мөрөөдлөө кино болгон биелүүлж байна. Сонирхогчийн камерийн өмнө Брюс Лиг дуурайн зодолдож байсан найзуудаа дуудсан. Найзынх нь мөрөөдөл биелэх гэж байна, та нар ир, хамт тогло, хийж байгаа ажлаа хая гээд л дайрсан. Тэд маань халуун сэтгэлээр нэгдсэн” хэмээн эрсхэн хариулав. Гэхдээ 20 жилийн өмнөхөөс ялгаатай нь энэ бодит болж буй мөрөөдөл. Тийм учраас хиймэл, хуурайгүй бодит байх ёстой хэмээн зорьж, зорьсондоо ч хүрч чаджээ.

“Mongolian Connection” IMAX-д нээлтээ хийсэн анхны монгол кино болсон. Дэлхийн хэмжээний кинонууд л нээж, дуу дүрсний гайхамшгийн сүрлэгийн мэдрүүлдэг энэ танхимын хагсрааг гаргах хэмжээний анхны монгол кино болохоор тэр байх л даа.

***

Б.Амарсайхан оргилуун, дэврүүн хүн юм. Бидний ярилцлагын үеэр асуултанд хариулахдаа, эсвэл тухайлсан зүйлийг онцлон тайлбарлахдаа бүхэлд нь автуулж, бүр өөр дотор руугаа оруулаад, хамт нэг нүдээр харуулж чадна гээч. Амараа яг л энэ оргилуун, дэврүүнээрээ киногоо бүтээжээ. “Өөртөө эрдэх байдлыг уран бүтээл дээрээ л гаргахыг хүсдэг, энийг би тултал нь хийнэ, энийг чадахгүй бол би хэний хүү болох бол ч гэдэг юм уу өөрийгөө хурцлах явдал байдаг” гэж хэлж байсныг нь өмнөх ярилцлагаас нь уншиж байв. Харин түүний оргилуун, дэврүүнийг нугалчихгүйгээр бодит байдлын хөрсөн дээр буулгадаг нь түүний эхнэр аж.

Түүний эхнэр С.Уран санхүүч мэргэжилтэй хүн. Энэ кинонд продюсерээр ажиллаж, төдий их хэмжээний хөрөнгө оруулалтыг олох ажлын ихэнхийг нугалжээ. “Эхнэртэйгээ нэг баг болж хамтран ажилласнаар гадныхантай хамтран Монголдоо кино хийх зорилгоо биелүүлж чадлаа. Тэр бол миний ажлын ч, амьдралын ч продюсер.” гэж хэлээд “Бодлын хулгайч” киногоо аваад бид АНУ-ыг зорьж, киноны хүмүүстэй уулзаж байхад эхнэр маань санхүү, хөрөнгө оруулалтаар мэрэгшсэн хүн гэж танилцуулахад “Кино бол авьяас, бизнес хоёрын хослол. Та хоёр чинь “Dream team” байна шүү дээ гэж хэлж байсан” гээд хүүхэд шиг инээв. Энэ  “хослол” удахгүй киногоо Казахстанд аваачихаар зэхэж буй.

 “Mongolian Connection”-ий Ганзориг бол жүжигчин Б.Амарсайханы 20 дахь гол дүр. Гэхдээ “Марко Поло”-д тоглосныхоо дараа тэр бараг өдий тооны дүрийн саналаас татгалзжээ. “Олон улсын хэмжээний том төсөлд оролцсоны дараа харах өнцөг, амбиц маань өөрчлөгдсөн. За ингээд хоёрын хооронд усан хайр, хошин шог, ямар ч хэрэггүй сериалд тоглохгүй юм байна шүү. Миний кино заавал нийгэмд юм хэлэх, дуугарч чадах хүчтэй байх ёстой юм байна гэж гүн бат бодсон” гэв. Учир нь тэр “Жүжигчинд болгонд уран бүтээлдээ хандах хандлага нь өөр байдаг. Би энэ царайг ганцхан удаа ашиглана. Энэ царай нэг л унавал дахиж гарч ирэхгүй. Үүнийг жижиг гэлтгүй бүх л юман дээр бодолцох ёстой”  гэж боддогоо хуваалцсан. Тэр үнэхээр ч жүжигчний амплуагаа хямдхан болгож арилжаагүй, алдаж гээгээгүй өнөө цагийн цөөхөн жүжигчний нэг. Гэхдээ энэ бүхний цаана хичээл зүтгэл гэхээсээ хүчирхэг, үнэнч хувь хүн нь нөлөөлдөг шиг санагдсан. “Авьяасыг би мэдрэмж гэж боддог. Дүр бүтээнэ, жүжиглэнэ гэдэг бусдад хувирч буй үйл явц юм шиг боловч өөрөөрөө хуурмаггүй үнэн байдаг хүн л өөр хүний дүрийг үнэн бүтээдэг юм. Тэгэхээр үнэн байна, өөрийнхөөрөө байна, мэдрэмжээ танадаж, ажиглаж байна гэдэг нийгэмд биеэ авч явах аяг төрх, бусдад ямар харагдахаас хавьгүй илүү зүйл”.

***

Холливудын гаргасан жимээ өргөн зам болгох зорилго Амараад байгаа нь илт. Тэрхүү замаар зөвхөн ганцаар биш, олуулаа алхахыг хүсч байгаа нь мэдрэгдэнэ. Ямартаа ч тэр олон улсад монгол киног тунхаглах эхний том ажлынхаа ард гараад байна. Ирэх жилээс дэлгэцнээ гарах үүнээс ч том төсөл дээрээ суугаад тэр завгүй. Каннын кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Юүяа Ягиратай хамтарч байгаа гэхээр ямархуу “том”-ын тухай ярьж байгаа маань тодорхой болох болов уу.

“Уран бүтээлээс уран бүтээлийн хооронд өөрийгөө хэрхэн амраадаг вэ?” гэх асуултын маань хариуд тэр амрах хүсэлгүй, харин ч эрч хүчээр шатаж, тун завгүй буй гэдгээ учирлав. “Үнэндээ би маш их яарч байна. Надад яг одоо зохиол нь бэлэн болсон зургаан төсөл бий. Алиныг нь ч аваад кино болгосон амжилттай болохоор төслүүд учраас би яарч байна. Энэ дунд олон улсын хамтарсан төслүүд ч бий. Тийм болохоор өлсгөлөн чоно шиг л сэргэг байна” гэв. Том мөрөөдөж, хамгийн гол нь түүнэээ чамбай гүйцэтгэл, нямбай хийцээр бодит болгож чаддаг Амараа болон түүний баг завгүй бас сэргэг байгаа нь юутай сайхан мэдээ билээ!


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.