Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зүүдэн дохио

Даахь нь нэлээд ургасан, мантгар шар хүү цааш нэг мөлхсөнөө эргэж харан, надруу чиглээд мөлхөөд ирэв.


Даахь нь нэлээд ургасан, мантгар шар хүү цааш нэг мөлхсөнөө эргэж харан, надруу чиглээд мөлхөөд ирэв. Сөөсгөр шаргал даахь нь дух руугаа үл ялиг унжиж, толгойгоо хаашаа хөдөлгөнө тийш нална. Лав ой хүрээгүй, мяраалаг энэ хүү хөлд ороогүй ч мөлхөхийг сурамгай эзэмшжээ. Хөл, гар нь ч овоо бадриун юм. Баруун гарынх нь бугуйд зүүсэн улаан утас нүдэнд тод туслаа. Ямар нэгэн дом, шившлэгтэй эд бололтой. Ийм нэгэн бяцхан хүүг би уржигдар маш тодоор зүүдэлсэн. Зүүдний минь өрнөл, үйл явдал одоо ч нүдэнд ил, сэтгэлд тод үлдсэн байна.

Айлын ганц охин би аавыгаа бурхны орноо үдээд зургаа дахь онтойгоо золгожээ. Эцсийн замд нь үдсэнээс хойш энэ хавар анх удаа газар дээр нь очиж,  аавтайгаа “уулзсан” юм. Тэнд би аавдаа үнсүүлж, эрхлэн асан гэрэлт өдрүүд болоод түүнгүйгээр өнгөрүүлсэн он жилүүдийн уй гашууг дурсан зогслоо. Зориод золгох аав ээжтэй байх нь л хүний хамгийн дээд жаргал юм даа. Гэхдээ хайртай, нандин хүмүүс минь амьд, эсэхээс үл шалтгаалан сэтгэл зүрхэнд хэзээд амьд байх нь сайхан. Аавдаа хэлэхийг хүссэн үгсээ захиа болгон бичээд хажууханд нь шатаачихсан. “Галын дөл өөдөө” гэдэг болохоор захиан дээрх үгс минь саадгүй дээш хүрчих юм шиг санагдсандаа тэр. Энэ бодолдоо бат итгэсэн миний сэтгэл ч хөнгөрөөд, хэлэхийг хүссэн үг бүрийг минь аав сонсчихсон мэт санан санан явна.

Би барагтай зүүдэлдэггүй, зүүдэлсэн ч түүнийгээ санадаггүй юм. Гэтэл эл өдрөөс хойш нэг их удалгүй бодит мэт тод дүрслэлтэй зүүднээ “хөвөх” боллоо. Өнөөх мөлхөө жаалыг зүүдлэхээс хэдхэн хоногийн өмнө арав гаруй хүүхдийн сүнсийг гэртээ хооллож ундлаад, зураг авахуулаад өдрийг их завгүй өнгөрүүлж байгаагаар зүүдэллээ. Бүр таван тивийн хүүхдүүд гээд бод. Зургаа авахуулахаар эгнэх хүүхдүүдийн хамгийн том нь өнгөт арьстай 10 орчим насны охин байсан бол хажууд нь шар, цагаан арьстай охид хөвгүүд зогсож байв. Урд эгнээнд ихэвчлэн богино ханцуйтай цамц, шорт, пүүз өмссөн хүүхдүүд харагдана. Тэдний хөөр баяртай байхыг харсан миний сэтгэл ч дүүрээд, аз жаргалыг мэдрэх агшинд сэрүүлэг дуугарч, бодит ертөнцдөө эргээд ирсэн дээ. Лусын амьтан гэгддэг могойг хоёр ч удаа зүүдлээд амжжээ. Эхний удаад, гурвуулаа яваа биднээс зөвхөн намайг онцлон нэг могой чиглэж ирээд баруун гартай зууралдаад, огт салаагүй. Дараагийн удаад нь, нар тооныг голлосон үд дундын үеэр барьж дуусаагүй шинэ гэрийн цавган дээр урт могой цагираглаад хэвтэж байгаагаар зүүдэлсэн. Их сонин.
 
Хайртай, дотнын хүмүүсээ алдсан ч эргээд үр хүүхдэдээ, удамдаа төрнө гэсэн итгэлийг бараг монгол хүн бүр тээдэг. Тэдний нэг нь би. Орчлон ертөнцийн бүхий л эд эс хоорондоо ямар нэгэн сэжмээр уялддаг гэдэгт итгэдэг юм. Тиймдээ ч аавдаа зориулсан нэгэн шүлгээ,
“...Өглөө болоход наран мишээдэг шиг
Үдэш болоход саран гийдэг шиг
Он цагийн оньс дахин дахин эргэдэг шиг
Охиндоо та минь хүү болон мэндлээрэй
Онгон уудам талынхаа эзэн нь болоод төрөөрэй” гэсэн мөртөөр төгсгөж байжээ. Могой зүүдлэх, нярай хүүхэд өвөр дээр шээх нь удахгүй үр хүүхэдтэй болохыг билэгддэгийг бодохоор зүүдээр дохиолон аав минь надад эргээд мэндлэхээр зорих мэт санагдана. Шүлэг минь ч биеллээ олох юм билүү.
 
Мантгар шар хүү над руу мөлхөх зуур зүүдэлж буйгаа мэдээд “Хүүхэд ээждээ ирэхдээ зүүдэнд ирж, дохиолдог юм болов уу” гэж бодон зүүдний ертөнц, бодит амьдрал хоёрыг салгаж ядан нэгэн өглөөг угтсан нь уржигдархан.


Энэхүү нийтлэл "Гэрэг Фэйшн" сэтгүүлийн хаврын дугаарт "Үл тасрах үүц" буланд орсон болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.