Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Ц.Цогзолмаа: ИРГЭДИЙНХЭЭ БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛД АНХААРЧ ЧАДСАН УЛС ОРОН ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Бодлогоо зоригтой тодорхойлж, хэрэгжүүлж чадвал бодитой үр дүн гарах нь гарцаагүй   

Энэ хичээлийн жилийн онцлог, боловс­ролын салбартаа тавьж буй зорил­туудаас яриагаа эхлэх үү?

Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын хүн ам өсөхийн хэрээр боловсролын салбарын ачаалал улам бүр нэмэгдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна. Өмнөх жилүүдийн үйл ажиллгааанд дүн шинжилгээ хийснээр энэ хичээлийн жилийг боловсролын бүх шатанд “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилт маань цэцэрлэгийн бяцхан багачуудаас эхлээд сургуулийн сурагчид, оюутан залуус болон багш, эрдэмтэн судлаачид бүгдэд нь хамаатай юм. Учир нь айл өрх бүрт цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагч, оюутан залуус бүгд байдаг учраас манай салбарын асуудал хүн бүрт хамаатай, тэдэнд нээлттэй, шууд хүрч байдгаараа онцлогтой гэдгийг хэлмээр байна. Тийм ч учраас нийгэмд хамгийн их магтааал, шүүмжлэл дагуулж байдаг юм шүү дээ. 

Хүүхдээрээ дамжуулаад л бүх мэдээл­лийг өдөр бүр авдаг шүү дээ, бид. Тэгэхээр хүүхдийнхээ ирээдүйг бүх эцэг эх эерэг, өөдрөгөөр төсөөлдөг. Үүнтэй та санал нийлэх үү? 

Том утгаараа Монгол Улсын ирээдүйг өнөөдрийн хүүхэд залуус авч явна. Нөгөө талаасаа ямар ч цаг үед өөрийгөө болон гэр бүлээ авч явах боловсролтой, эрүүл, зөв төлөвшил хүмүүжил, ёс зүйтэй иргэнийг боловсролын зөв, цогц бодлогоор дамжуулан төлөвшүүлж чадна. 
Өнөөдөр боловсролын салбарт олон жилийн туршид хуримтлагдсан асуудлууд их байгаа ч цаг хугацааны хүчин зүйл, нөөц бололцоогоо тооцсон эрэмбэ дараалалтай зөв бодлогыг зоригтой тодорхойлж, хэрэгжүүлэх юм бол бодитой үр дүнд түргэн хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. 

Та сайдаар томилогдсоноос хойшхи нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа товч дүгнэвэл юуг нь онцлох вэ? 

Хийсэн ажлуудаа бүгдийг тоочъё гэвэл олон бий. Бодлогын чанартай зарим ажлуудаасаа дурдъя. Ажлаа авмагцаа боловсролын салбарын ачааг нуруундаа үүрч явдаг гол хүмүүс, эрдэмтэн багш нарынхаа үгийг сонсох зорилгоор “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол”, “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол”, “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” гэсэн гурван үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Эдгээрээс гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэж салбарын хөгжлийн бодлого, алсын хараагаа тодорхойлсон. Боловсролын салбарын бодлого багшдаа, хүндээ тулгуурласан бодитой, амьд байх ёстой гэдэг үүднээс зохион байгуулсан дээрх зөвлөгөөнүүд маань маш их үр дүнтэй болсон. Салбарын алдаа оноо юунд байгаа, гажуудал нь юу юм, яавал тулгараад байгаа асуудлаа хурдан бөгөөд зөв шийдвэрлэх вэ гэдэг олон асуултын хариуг эндээс авсан. Үүндээ тулгуурлаж чамгүй олон бодлого, шийдвэр гарч, олон ч ажил хийгдлээ. 

Цэцэрлэг болон бага ангийн багш нарын цалингийн доод жишгийг шинэчлэн баталлаа

Тэгвэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээс эхэлье. Уншиг­чиддаа эмх цэгцтэй, тодорхой мэдээлэл өгсөн нь дээр гэж бодож байна.

Сургуулийн өмнөх боловсрол бол боловсролын салбарын суурь буюу фундамент нь юм. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шүү дээ. Хүнээр хүн хийх ч гэж ярьдаг. Сайн багшаас сайн шавь төрнө гэдэг концепци чухамдаа цэцэрлэгийн багш нарт хамгаас хамаатай гэж болно. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн үндсэн хандлага 2-5 насанд тавигддаг болохыг шинжлэх ухаан нэгэнт баталчихлаа шүү дээ. 

Энэ хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээр сургалтын орчны ерөнхий шаардлага, стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж гарган, багш нарыг чадавхжуулах тал дээр нэлээдгүй анхааран ажиллаж байна. Богино хугацааны дамжаанд суусан хүн цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг гажуудал газар авсан байсан. Цаашилбал цэцэрлэгийн дуу хөгжмийн багш дутагдалтай, биеийн тамир, сэтгэл зүйч багш нар бараг байхгүй гэх мэт асуудлууд байна. Иймд МУБИС-ийн хаагдчихсан байсан Дуу хөгжмийн багшийн ангийг буцааж нээлээ. 

2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.7 хувьтай байгаа. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй, алслагдсан хөдөөгийн малчдын  бага насны хүүхдүүдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөрийг мөн энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн үр дүнд цэцэрлэгт хамрагдах боломжгүй 4-5 настай хүүхдүүд гэртээ сурч хөгжин, сургуульд элсэн орохдоо бэлтгэгдэх боломж бүрдэх юм. 
Энэ онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэнэ. Үүнээс 9 дүгээр сарын 1-ээс өмнө  төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдсэн. Өмнөх онтой харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн. 

Дараагийн асуудал нь багш ажилчдын цалингийн асуудал. Өнөөдөр цэцэрлэгийн анги дүүргэлт, багшийн ачаалал ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Бага насны хүүхдүүдтэй ажилладаг эдгээр үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд үнэлгээ хийх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан, дүгнэлтээ гаргасан. Энэ үнэлгээ маш бодитой үнэлгээ болсон гэж харж байгаа. Учир нь яг зэрэгцээд ажиллаж байгаа цэцэрлэгийн багш нь арга зүйчээ, арга зүйч нь багшийнхаа ажлын ачааллыг үнэлэх гэх мэтээр судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд тулгуурлан сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын  байгууллагын багш ажилчдын цалингийн доод жишгийг шинэчлэн батлаад байна.

ЕБС-ийн үнэлгээний журмыг өөрчилсөн нь олон улсын түвшинд ойртлоо 

Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд?

Монгол улсын Ерөнхий боловсролын салбар 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа энэ хичээлийн жилд бүрэн хөтөлбөр, сурах бичигтэйгээр хичээллэж эхэлснийг дуулгахад таатай байна. Сургалтын хөтөлбөрт аюулгүй амьдрах ухааны хичээл болон эрүүл мэндийн хичээлийг 6 агуулгын хүрээнд дахин оруулахаар болсон. Эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид эрүүл амьдралын хэв маягийг амьдралдаа хэвшүүлэх, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх гээд маш олон давуу талууд бий болж байгаа.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг шинэчилж, үнэлгээний системийг олон улсын түвшинд ойртуулж 1-8 шатлалтай болгосон гэх мэт олон олон ажлуудыг эхлүүлээд байна. 

Ер нь ерөнхий боловсролын салбарт эх хэл монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлого, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгайлсан хөтөлбөр зэрэг олон тооны бодлогын баримт бичгүүдийг өнгөрсөн хугацаанд боловсруулж баталсан. Бид зөвхөн цаас үйлдвэрлэх биш, хэрэгжилтийн асуудал дээр голлох анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Сургуулийн хүртээмж, гурван ээлжээр хичээллэх явдал бол ерөнхий боловсролын сургуулийн үндсэн асуудлуудын нэг. Сургууль, дотуур байр, спорт заалны хүчин чадал нэмэгдэж байгаа хэдий ч хүн амын өсөлтийн хурдац, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ, одоо ашиглаж буй барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус барилгад сургалт явуулж байгаа зэрэг шалтгаанаас сургууль, цэцэрлэгийн суудал, орны хүчин чадал хүрэлцэхгүй хомсдох асуудал гарсаар байна. Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдлээ. Нэгдүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орсон нь өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдсэн гэсэн статистик мэдээг хэлж болж байна.  

Их дээд сургуулийг цөөлж, чанаржуулах бодлого цаашид ч үргэлжилнэ 

Дээд боловсролын чанарын асуудал мөн л шүүмжлэл дагуулдаг сэдвүүдийн нэг. Энэ тал дээр ямар бодлого хэрэг­жүүлж байна вэ? 

Дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх талаар нэлээд ажил хийгдсэн. Жишээ нь их дээд сургуулийг цөөлж, чанаржуулах ажлыг эхлүүллээ. Чанаргүй зарим их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, заримыг нь нэгтгэсэн. Дээд боловсролын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь боловсролын магадлан итгэмжлэл гэж харж байгаа. Энэ хүрээнд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын дүрмийг шинэчилж, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг олон улсын түвшинд хүргэлээ. Цаашид байгууллагын магадлан итгэмжлэлээс гадна хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг заавал хийлгэдэг болох талаар их дээд сургуулиудыг шаардаж ажиллах болно. Ингэснээр чанартай хөтөлбөрүүд шигшигдэж, зах зээлийн жамаар чанаргүй их дээд сургуулиуд цөөрнө гэдэгт эргэлзэхгүй байна. 

Оюутны зээлийг хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч шаардахгүй, илүү иргэнлэг, хувь хүнийг хариуцлагажуулсан болголоо. Энэ бол өмнөх аль ч Засгийн газар гаргаж байгаагүй түүхэн шийдвэр гэж болно. Гол шалгуур нь тухайн оюутны сурлагын амжилт, хариуцлага. Эхлэн элсэгч бол ЭЕШ-ын оноо 600-аас дээш, оюутан бол голч оноо 2,4-өөс дээш байх үндсэн шалгууртай. Төгсөөд зээлээ төлнө. Төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно. Энэ нь цаагуураа чанартай дээд боловсролыг бодлогоор дэмжиж байгаа механизм гэж болох юм. 

Мөн элсэлтийн журамд өөрчлөлт оруулж, босго оноог өндөргөсөн нь Монгол улсын дээд боловсролын чанарыг олон улсын түвшинд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлэхэд ахиц гарна хэмээн найдаж байна. Үүнтэй холбоотойгоор чанаргүй их дээд сургуулиудын тоог цөөлөх бодлого барьж, 5-6 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 10 орчим сургуулийг нэгтгэлээ. Хүний хөгжлийг тодорхойлох хамгийн чухал зүйл нь мэдээж боловсролын асуудал. Гэхдээ бид боловсролыг зөвхөн дипломоор хязгаарлаж ойлгох нь дэндүү өрөөсгөл. Хувь хүний төлөвшил, ёс зүй, нийгмийн зохилдолгоо, харилцаа гээд маш олон хүчин зүйлээр тухайн хүний боловсролын хэр хэмжээ илэрхийлэгддэг шүү дээ. 

Орхигдоод байсан тусгай хэрэгцээт боловсролд бодлогоор анхаарч ажиллаж байна 

Боловсролын асуудал яригдахад тусгай хэрэгцээт боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрх, орчны асуудлыг заавал хөндөх ёстой гэж боддог. Энэ тал дээр салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байна вэ? Шуудхан хэлэхэд орхигдсон салбар юм шиг санагддаг. 

Тусгай хэрэгцээт боловсролын асуудал олон жил төрийн бодлогын гадна орхигдсон байсан нь үнэн. Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулна гэсэн үндсэн зарчимтай хөгжиж буй улс. Энэ зарчмын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн асуудал маш том орон зай эзлэх ёстой. Энэ үүднээс ажил авсан өдрөөсөө тусгай хэрэгцээт боловсрол дээр бодлогын түвшинд анхаарч, санаа тавьж, чамгүй ажлуудыг хийлээ. Энэ бол бидний үүрэг юм. 

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах тусгай боловсролын багш нарыг системтэй бэлддэг байсан уламжлалыг 30 жилийн дараа сэргээж 10 оюутныг ОХУ-д төрийн зардлаар сургахаар явууллаа. Хамгийн сүүлд ОХУ-д бэлтгэгдсэн багш нар өнөөдөр тэтгэвэртээ гарч байна шүү дээ. 

Мөн тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчээр тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш ажиллах шийдвэрийг гаргалаа. МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нээлээ. Цаашид боловсон хүчнээ базаагаад авчихвал тэгш хамран сургалт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд заавал тусгай сургуульд биш энгийн сургуульд сурч, нийгэмших боломжоор хангах талаар хөтөлбөр боловсруулж байна. 

Нэг ёсондоо жилийн хугацаанд чамгүй ажил хийсэн гэдгийг та хэллээ . Гэхдээ л боловсролын салбар үргэлж л шүүмжлэл дагуулсаар иржээ. Яагаад вэ? 

Хэд хэдэн шалтгаан бий гэж бодож байна. Юун түрүүн боловсрол нь өдөр бүр хувьсаж хөгжиж буй нийгэм, цаг үеэ дагаж эрчимтэй өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой салбар. Нөгөө талаар бодлого нь тогтвортой, тодорхой, цогц байх ёстой салбар. Энэ хоёрын тэнцвэрийг олж бодлогоо тодорхойлох шаардлагатай гэх үү дээ. Харамсалтай нь шилжилтийн 30 орчим жилд энэ салбарын бодлогыг цогц байдлаар нь хараагүйгээр үл барам зөнд нь орхичихжээ. Багш хичээлээ заана. Хүүхэд хичээлдээ явна. Бусад нь чухал биш. Гэтэл хүнийг хүн болгодог гол зүйл бол хичээлээс гадна хүмүүжил, сахилга бат, хариуцлага шүү дээ. Энэ бүхэн нэгдэж нийлж байж цогц боловсрол, цогц бодлого болно. 

Магад нэг хэсэг нь асуудлын гүн рүү орж зориглоогүй байх. Нөгөө хэсэг нь ер нь шийдэгдэхгүй юм байна гээд орхисон тал ч анзаарагдаж байна. Хэт олон асуудал хуримтлагдсан учраас эцэг эхчүүд болон багш нарын бухимдал, хүлээлт их байна аа. Боловсролын салбар үргэлжийн өөрчлөлт, шинэчлэл шаардаж байдаг салбар учраас асуудлыг шийдэхгүй удаашруулах, өнгөрсөнтэйгээ зууралдаад сууж байх эрх бидэнд байхгүй. 

Би ямар нэг шинэ хөтөлбөр зарлаж, туршилт хийхгүй

Тэгвэл таны баримталж буй зарчим болон бодлого юу вэ? 

Миний хувьд барьж байгаа гол зарчим ямар нэг шинэ хөтөлбөр санаачилж багш нарыгаа зовоохгүй. Хүүхдүүд дээрээ туршилт хийхгүй. Энэ байр суурь, бодлогоо анх ажил авахдаа л хэлж байсан. Энэ үгийг санамсаргүй ч хэлээгүй. Маш олон жил монгол хүүхдүүд гадаад, дотоодын элдэв төсөл хөтөлбөрийн туршилтад хамрагдлаа. Маш олон удаа сурах бичиг, хөтөлбөр өөрчлөгджээ. Ойлгомжгүй байдал, хүлээлт газар авч хүүхдүүд ч, багш нар ч ядарчээ. Товчхондоо өнгөрснөөс сайныг нь авч үргэлжлүүлэн, саарыг нь орхих зарчим баримтлан ажиллаж байна. 
Салбартаа тогтолцооны дүн шинжилгээ хийж, асуудлаа томоор харж гэхдээ жижиг асуудал бүрээс эхлэх ёстой юм байна, тэр бүрийг чухалчлан шийдвэрлэж байж үр дүн гарах юм байна гэж бодсон. Ингээд ачааны хүндийг үүрч байгаа багш нараа сонсъё, 25-30 жилийн шилжилтийн амьд сургамж нь багш нар маань учраас аль цаг үед аль нь зөв байсан, одоо юуг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг хамтдаа ярилцахыг зорьсон. Тийм ч учраас нэлээд хугацаанд тасалдаад байсан үндэсний зөвлөгөөнүүдийг хийхээс ажлаа эхлүүлсэн. 

 Мастер төлөвлөгөөгөөр дамжуулан салбарын бодлогыг тогтворжуулна 

Та ажлаа тогтолцооны дүн шинжилгээ хийж, багш нараа сонсохоос эхэлсэн гэж байна. Багш нараа улсын зөвлөгөөн хийгээд сонсчихжээ. Харин системийн оношилгоо хийнэ гэдэг тийм ч хялбар хийчих ажил биш байх. Энэ тал дээр ямар зарчмаар ажиллаж байна вэ? 

Салбарт ажиллаж буй багш нараа сонсох нь оношилгоо, дүн шинжилгээ хийж, алдаа оноогоо харах нэг арга байсан. Гэхдээ мэдээж энэ хангалттай биш. БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Нэг ёсондоо бид системийнхээ 30 жил хийгдээгүй оношилгоог хийж байна. Энэ хүрээнд ойрын жилүүдэд хийгдээгүй байсан боловсролын салбарынхаа цогц оношилгоог хийж, цаашдынхаа зорилго, зорилтыг тодорхойлохоор ажиллаж байна. 

Энэ ажлыг боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай багш, эрдэмтэн судлаачид гадны зөвлөхүүдтэй хамтран хийж байна. Эндээс гарсан үр дүнг эцэслэн боловсруулж, баталгаажуулах энэ нь боловсролын салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болгох талаас нь анхааран ажиллаж байна. Ирэх оны эхээр эхний төсөл бэлэн болно. Эндээс бид системийн бүрэн оношилгоог том зургаар нь харах боломжтой гэж харж байна. 

Ер нь аливаад, ялангуяа боловсролдоо бид шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй бол сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл гадны улс орнуудыг дуурайсан богино настай, бодит амьдралын хөрсөнд буугаагүй шийдвэр, тушаалуудаас болж салбар маань бүхэлдээ тогтвортой хөгжих амин чанараа алдаж өнөө хүн бүр шүүмжилж чадах, хүн бүр өөрчилж болох дархлаагүй салбар болжээ гэж хараад байгаа юм. Сайдаар ажиллах хугацаандаа энэ тогтворгүй байдлыг халж, сурах бичиг, хөтөлбөрөөс авахуулаад сургуулийн захирлын томилгоог хүртэл асуудлыг жижиг гэхгүйгээр анхаарч, бодлогын дархлаатай болгочих юмсан гэж зорьж ажиллаж байна. 

Мастер төлөвлөгөөг 10 жилээр гаргалаа ч өнөөдөр бодлого хэрэг­жүүлэх учиртай Засгийн газар ямар настай ажиллаж байгаа билээ. Тэгэхээр үүний залгамжийг хэрхэн хадга­лах вэ? Засгийн газар саяхан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг танил­цуулсан. Эдгээр нь хоорондоо хэр­хэн уялдах вэ? 

Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь 2018-2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Харин Мастер төлөвлөгөөг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030 болон дэлхийн бүх улс, орны хөгжлийн концепци болоод буй “Тогтвортой хөгжил 2015-2030”-ийн зорилттой цаг хугацаа, агуулгын хувьд уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хэн нэг хувь хүн, бүлгийн эрх ашгийн үүднээс биш улсын болон олон улсын зорилттой нийцсэн цогц төлөвлөгөө юм аа. 

Бид боловсролын салбараа цогцоор нь ингэж л төлөвлөхгүй бол сайд солигдох бүрт боловсролын бодлого, концепци өөрчлөгддөг байж болохгүй. Хүрэх цэгээ 5, 10 жилээр тодорхойлчихвол дараа нь ямар ч сайд ирсэн, аль ч засаг гарсан бодлого нь, хөгжил нь тасралтгүй урагшилж байх ёстой. Ийм л тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байна. 

 XXI зууны дэлхийн монгол иргэнийг бэлтгэх нь өнөөдрийн БСШУСЯ-ны үндсэн үүрэг

2030 он гэдэг дэлхий нийтээр тодорхой зорилтуудад тэмүүлэх, тэр үр дүнд хүрэхэд биднийг бас нэг шинэ эрин хүлээж байх болно гэх таамаг­лалыг олон улсын судлаачид хэлэх бол­лоо. Ялан­гуяа, энэ жил сургуульд элсч байгаа хүүхдүүд 2030 онд дунд сургуу­­лиа дүүргэж тэрхүү шинэ эрин­тэй зол­гоно. Энэ алсын харааг Та бүхэн сал­бартаа хэрхэн тусгаж байна вэ? 

Боловсролын салбарын эн тэргүүний зорилго нь XXI зууны технологийн өндөр боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй, дижитал эриний иргэдийг бэлтгэх явдал. Үүнд бид өнөөдрөөс бэлдэх ёстой бөгөөд гол хөшүүрэг нь сургалтын агуулга, хөтөлбөр, багш нар юм. Нөгөө талаас монгол хэл, монгол ахуй, соёлын биет болон биет бус ямар өвийг сургалтынхаа хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүддээ заавал үлдээх ёстой вэ гэдгийг мөн тооцож явах учиртай. 

Дижитал эрин, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тухай яригдаад эхэлсэн энэ цаг үед хөгжингүй улс орнуудын сургалтын хөтөлбөртэй өөрсдийгөө харьцуулахад бидэнд хийх зүйл их байна. Энэ бол бодит үнэн. Бид 20-30 жилийн дараах нийгэм, дэлхийн ертөнцийн тухай бодож байж өнөөдрийн боловсролын салбарын бодлогоо зөв тодорхойлно. Хөгжил нэгэнт эрчээ авчихаад байна шүү дээ. 

Цахим шилжилт, дижитал боловсролд бид бэлэн байх ёстой

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхөн манай улс инновацийн чиг­лэлд анхаарах энэ чиглэлийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасныг Та мэдэгдсэн. Мөн технологи, дижитал сургалт гээд олон ажлуудыг хэрхэн зангидах вэ? 

Юуны өмнө бүх сургуулиудаа интернэтийн шилэн кабельд холбох, мэдээллийн технологийн танхимтай болгох, тэдгээрт шаардагдах багш нарыг сургах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр олон улсын байгууллагуудтай төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Саяхан танилцуулсан Боловсролын салбарын мэдээллийн систем төслийн хүрээнд цахим шилжилт нь нэг талаас багшийн ачааллыг хөнгөлөхөөс гадна, нөгөө талаас эцэг эх, багш, сурагчид мэдээллийн технологийг өдөр тутмын хэрэглээ болгох нөхцлийг бүрдүүлж бий болгосноор манай салбар илүү үр ашигтай болж байгаа юм. 

Түүнчлэн дижитал технологийг ашиглаж ЭЕШ-ын дүнг шууд засах технологийг бид 2018 онд амжилттай нэвтрүүллээ. Дараа жилээс орон даяар ЭЕШ-ыг энэ технологийн дагуу авч дүнг засдаг болно. Ингэснээр дүнгээ сонсох гэж 14 хоног хүлээдэг, энэ хооронд нь гадны, хүний хүчин зүйл нөлөөлөх магадлалтай нөхцөл байдал төгсгөл болж байгаа юм. ЭЕШ-ын үеэр төсвөөс гардаг байсан их зардлууд ч хэмнэгдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Ер нь бид багаар бодоход 2030 оны боловсролтой иргэдийг бэлтгэхийн тулд цахим шилжилт, дижитал боловсролын систем рүү хүссэн, хүсээгүй алхам хийх шаардлагатай болчихлоо. 

Боловсрол дипломоор хэмжигдэхгүй 

Сүүлчийн асуулт. Боловсрол гэдэг диплом уу, чадавхи уу, чадвар уу, эсвэл үнэт зүйлийг олж авах үйл явц уу гэсэн хэлэлцүүлэг нийгэмд эрчтэй өрнөж байна. Сайдын хувьд та энэ асуултад юу гэж хариулах вэ?

Энэ маш чухал асуулт юм. Хүний хөгжлийг тодорхойлох хамгийн чухал зүйлийн нэг бол боловсрол мөн. Дипломтой хүнийг боловсролтой гэх үү, дипломгүй хэдий ч нийгэмд хувь хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадаж байгаа хүнийг боловсролтой гэх үү.. Олон асуулт бий. 

Зөвхөн сурсан сургууль, авсан дипломоор боловсрол хэмжигдэхгүй ээ. Боловсролын баталгаа юу вэ гэхээр хамгийн наад зах нь өөрийнхөө амьдралыг аваад явах чадвараар хэмжинэ. Мөн боловсрол гэдгийн цаана ёс зүйн асуудлыг зайлшгүй хамтад нь авч үзэх ёстой. Хамгийн сайн боловсрол бол хүмүүжил, ёс зүй гэдэг дээ. Орос багш нар маань “Боловсролтой ч ёс зүйгүй хүн нийгмийн дайсан болдог” гэдэг байсан. 

Хүн боловсролыг нийгмээ соён гэгээрүүлэх, сайхан амьдрах, бусдад туслахын тулд эзэмшдэг болохоос түүнээ ашиглан гэмт хэрэг хийх, өөрийнхөө эрх ашгийн төлөө буруу юм сэдэх, бусдыг хохирооход боловсрол, мэдлэгээ ашиглаж болохгүй. Тийм ч учраас боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг иргэнийг төлөвшүүлэх нь манай боловсролын салбарын үндсэн үүрэг юм. Багш нар бол энэхүү хүндтэй, хариуцлагтай үүргийг хүлээж байгаа нийгмийн тэргүүний сэхээтнүүд гэдэгт минии бие огтхон ч эргэлздэггүй. Тиймээс бид багшийнхаа хөгжилд анхаарч, багшаа эрхэмлэн хүндэтгэх хандлагыг нийгэмд хэвшүүлэхийг нэг зорилгоо болгож ажиллаж байна. Үүний нэг хэсэг нь 2018 оныг Багшийн хөгжлийн жил болгон зарлаж тодорхой ажлуудыг хийж байна. 

Аль ч нийгэмд гэрэлтэй, сүүдэртэй талууд бий боловч боломжтой хэсэг нь боломжгүй хэсэгтээ туслах нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл. Өөрөөр хэлбэл, нийгэмд боловсролтой хүмүүс хэр олон байна, тэр хэрээр бусдыгаа авч явдаг. Тийм ч учраас иргэдийнхээ боловсрол, хөгжилд анхаарч чадсан улс орнууд хурдтай хөгжиж байна. 

Ярилцсан: Ж.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
28
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.