Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Humans of Ulaanbaatar: Боловсрол

"Гэрэг Боловсрол" сэтгүүлийн "Humans of Ulaanbaatar" буланг танилцуулж байна.


"Гэрэл Боловсрол" сэтгүүлийн "Humans of Ulaanbaatar" буланг уншигч та бүхэнд танилцуулж байна. 

Б.БОЛОРСАЙХАН
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч

Би Хууль зүйн сургууль төгсөөд, анх багшаар ажлын гараагаа эхэлсэн. Хүний эрхийн Үндэсний Комисст 7 жил ажилласан нь боловсролын салбартай намайг холбосон. “Сурч боловсрох нь хүний тулгуур эрх төдийгүй бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх үндэс” гэж би боддог. Одоо “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлд хүүхэд нэг бүрт ээлтэй, аюулгүй, таатай, өөрийгөө нээж илэрхийлж бүрэн хөгжих боломжтой, хүн төвтэй, боловсролын тогтолцоотой болохын төлөө ажилладаг. 

Монголын боловсролын салбар дэлхий нийтээс хэр хол байгаа гэж та хардаг вэ?

Маш өргөн, олон зүйлийг хөндөхүйц асуулт байна. Дэлхий нийт 2015 онд боловсролын салбараа хаашаа чиглүүлэх, хэрхэн ажиллахаа тогтоосон Тогтвортой хөгжлийн 4-р зорилготой уялдуулж хариулвал илүү амар болов уу? Энэ зорилго бол 2030 он гэхэд хүн бүр тэгш хамруулсан, эрх тэгш боломжийг хангасан, чанартай боловсролыг насан туршдаа суралцахуйц байдлаар эзэмшинэ гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, манай боловсролын байгууллага бүр хүүхэд, хэн ч байсан ялгаварлаж, айлгаж, дарамталж, хүчирхийлдэггүй, ямар нэгэн шалтгааны улмаас боловсрол эзэмшиж чадахгүй байгаа бол түүнийг шийдвэрлэж, суралцах нөхцөлөөр хангасан байна. Мөн бичиг үсэг, тоо тоолохоос авахуулаад бие дааж суралцах, хөдөлмөрлөх, XXI зуунд хэрэгтэй танин мэдэхүйн, харилцаа, нийгмийн суурь ур чадвартай, зан үйлтэй байхыг хэлж байна. Үүний зэрэгцээ бид төрснөөс хойш цаг ямагт суралцаж байгааг ойлгож, боловсролын байгууллагад боловсроогүй хүний албан бусаар олж авсан мэдлэг, ур чадварыг үнэлэх, хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Одоо 2018 он гэхээр 12-хон жилийн дотор бид илүү их зүйлийг хийхээр байна. Дэлхий нийтээс улам холдохгүйн тулд мэргэжлийн, тогтвортой байдлаар маш шахуу, сайтар төлөвлөж ажиллах нөхцөл тулсан байна даа. 

Ямар оюутан, сурагчийг сайн гэх вэ?

Хүнийг сайн, муу эсэхийг тогтоохдоо нэг удаа ярилцах, асуултад хариулахыг сонсох огт хангалтгүй. Шалгалт авсан ч бүрэн мэдэх боломжгүй байдаг. Би эрдэмтэн Элвин Тоффлероос эш татаж хариулъя. Тэр “XXI зуунд уншиж, бичиж чадахгүй нэгэн бус, харин сурах, сурснаа орхих, дахин сурах чадваргүй хүнийг л номгүй гэнэ” гэж тодорхойлсон. (англиар learn, unlearn, relearn гэсэн үг) Тодруулбал, асар хурдтай хувиран өөрчлөгдөх энэ зуунд олсон мэдлэгтээ ханахгүй улам гүн судалдаг, мэдсэнээ хуваалцдаг, шинийг цаг ямагт эрэлхийлдэг, алдсанаасаа сэхээ авдаг, “Яагаад юм бол?” гэж асуухаа больдоггүй хүнийг сайн сурагч гэж хэлмээр байна. 

Оюутан, сурагч сургуулиас юу мэдэж, сураад гарах ёстой гэж боддог вэ?

Цэцэрлэгээс их дээд сургууль дамжихдаа тухайн хүн эн тэргүүнд эрүүл мэндээ хамгаалж сурах ёстой. Зөвхөн бие бялдар гэхгүй оюун ухаан, ёс суртахууныг ч багтаах учиртай. Мөн хүний эрхэм чанар, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, энх тайван зэрэг хүн төрөлхтний үнэт зүйлс, наад зах нь бусадтай хүний ёсоор зэрэгцэн орших, цаашилбал ирээдүйд бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болох хэрэгтэй. 

Та ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ?

Өөрийгөө өндөр цалин, хангамж, их мөнгөөр үнэлж чадах хүн биш, өөрийн гэсэн үнэт зүйлсээ эрхэмлэн нандигнах хүнийг боловсролтой гэж хэлмээр байна. Орчин үед хэчнээн өргөн мэдлэг, сайн ур чадвартай ч ёс зүйгүй, үнэт зүйлгүй “сүнсээ чөтгөрт худалдахад бэлэн” болсон нь хоёр хөл дээрээ явдаг хав, утас дээр гүйх мичнээс ялгаагүй. Өөд болооч Б.Чимид гуайн хэлсэнчлэн ”жинхэнэ хүн” буюу юуны өмнө хүн чанар, хүний мөс, ноён нуруутай, хүний эрхэм чанарыг хүндэлж амьдардаг хүн гэж болох юм. Дууриамал, зохиомол бүхэнд хошуурч, бусдыг дагасан, амьдралаа атгуулсан утсан хүүхэлдэй мэт ахуйгаас илүүтэйгээр өөрийн дотор байгаа хүнийг танин мэдсэн, олсон, мөн зүрх сэтгэлээ, хүсэл мөрөөдлөө дагах зоригтой, нөөц боломжоо бүрэн дайчилсан нэгнийг боловсролтой хүн гэмээр байна. 

Ш. ТУЯА 
Монгол Улсын Их сургуулийн Утга зохиол, Урлаг судлалын тэнхмийн багш

Би Монгол Улсын Их сургуулийн Утга зохиол, Урлаг судлалын тэнхимд багшилдаг. Их сургуулиа төгсөөд гадаадад суралцаж, ажилласан жилээ хасвал долоо дахь жилдээ багшилж байна. 

Монголын боловсролын салбар дэлхий нийтээс хэр хол байгаа гэж та хардаг вэ?

Монгол улсын боловсролын салбарын хөгжил, түүнийг дэлхий дахинтай харьцуулах нь их том асуудал. Энэ талаар ярих гэхээр олон хүрээг хамрах шаардлагатай болдог. Нэг талаас багш, хүний нөөц ярьж болно, нөгөө талаас сургуулийн бүтэц, хөрөнгө босголт, санхүүжилт, санхүүгийн бие даасан байдал, захиргаа/governance/, менежментийн талаар ч ярьж болно. Гэхдээ энэ асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд боловсрол гэдгийн ойлголт хүртэл өөр болсон. Яг үүнтэй адил Монголын боловсрол хоцрогдсон байна уу гэж асуух нь буруу. Хоцрогдсон гэхээс илүү систем, бүтцийн өөрчлөлт гарсан гэхэд болно. 1990 оноос бид өөр эдийн засгийн зохион байгуулалтад орж, өөр боловсролын бүтцийг шаардаж эхэлсэн. Гагцхүү үүний нөлөөгөөр боловсролын салбар хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг шаардаж байна. 

Сүүлийн үед МУИС-ийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа учир нь нийгмийн тогтолцоогоо дагаад боловсролын тогтолцоо ч өөрчлөгдөх ёстойг хэлээд байгаа юм. МУИС олон жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бэлдэх буюу боловсролын хүний нөөцийг бэлддэг сургууль байсан. Гэтэл шинэ систем, бүтэц рүү орох үед эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны шинэ шинэ ололтуудтай хөл нийлүүлэхийг шаардсан. Ингэж байж капитал эргэлтэнд ордог учиртай. Үүнд таарах хүний нөөц буюу дэд бүтцийг шаардаад эхэлдэг гэсэн үг. Иймээс л МУИС өөрчлөгдөх гээд байна л даа. Гэхдээ энэ явцад хүмүүнлэг байхгүй бол олон жил багшилсан багш нарын эсэргүүцэлтэй тулгарах болно. 

Тэгэхээр бид ямар эдийн засгийн тогтолцоотой нийгмэд амьдарч байгаагаа бодох хэрэгтэй. Энэ эдийн засгийн тогтолцоо бид нараас ямар боловсролын дэд бүтэц /боловсрол гэдэг чинь ерөнхийдөө нийгмийн нөхөн үржихүй/ шаардаж байгааг харах хэрэгтэй. 

Ямар оюутан, сурагчийг сайн гэх вэ? 

Шүүмжлэх сэтгэлгээгээ хөгжүүлсэн оюутныг сайн гэнэ. Гэхдээ шүүмжлэлт сэтгэлгээ гэхээр л шууд гараа өргөөд, илүү дутуу юм ярина гэсэн үг биш. Миний туршлагаар ямар оюутнууд шүүмжлэлт сэтгэлгээгээ сайн хөгжүүлсэн байдаг вэ гэвэл их юм уншдаг, аливаа зүйлд хөдөлмөрч ханддаг, цаг тухайд нь юмаа хийдэг хөдөлмөрч хандлагатай хүүхдүүд байдаг. 

Оюутан, сурагч сургуулиас юу мэдэж, сураад гарах ёстой вэ? 

Хамгийн гол нь оюутан “critical thinking ability” буюу юмыг шүүмжлэлтэй харж сурах чадварыг эзэмших хэрэгтэй. Нэг ёсондоо аливаа асуудалд туйлширч савлахгүй байна гэдэг нь боловсролтой хүний шинж гэж болно. Жишээлбэл, Хятадыг үзэн ядаад л, эсвэл Хятадын эдийн засаг, хөгжлийг хэт шүтэн бишрээд, бид л хоцрох гээд байгаа мэт туйлшрахын оронд Хятад улсын төр, эдийн засгийн тогтолцоо, ард иргэдийн дарангуйлал, өндөр хөгжлийн цаадах хөдөлмөрийн үнэ цэнийг бодож чадвал туйлшрахгүй илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр хандана гэсэн үг.
 
Та ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ?

Шүүмжлэлт сэтгэлгээтэй байх нь ерөнхийдөө боловсролтой хүний шинж гэхэд болно. Боловсрол бол хүнд нийгмийн давхарга хооронд хөдөлгөөнд орох /social mobility/ чадвар бий болгодог зүйл. Үүгээр боловсролтой хүнийг илэрхийлж бас болно. 

Боловсролтой хүн гэдэг тодорхойлолтод олон хүн, тэр тусмаа гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс сөрөг байдлаар ханддаг. 1990 оноос өмнө боловсрол эзэмших боломж тэгш байсан гэхэд буруудахгүй. Онц сурсан л бол гадаадад боловсрол эзэмших боломжтой байсан. Харин 1990 оноос хойш энэ боломж ялгаатай болж, ерөнхйи боловсролын олон хувийн сургууль бий болж, эцэг эх нь гадаад явуулах боломжтой/боломжгүй гэх ялгаатай болж эхэлсэн нь гарааны боломжийг эрх тэгш бус болгосон.

Б.МИШЭЭЛ  
“Шинэ Монгол” дунд сургуулийн Э.Энхцэцэг багштай 12/1 ангийн сурагч. 

Би сургуульдаа тав дахь жилдээ сурч байна. Одоо төгсөх ангийн сурагч. Англи хэлээс гадна япон хэлийг гуравдагч хэлээ болгон судалдг. Би дунд сургуулиа төгсөөд бизнесийн удирдлагын чиглэлээр АНУ-д суралцахаар бэлдэж байгаа. Манай сургууль бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай нь Япон соёлыг түгээдэг болохоор их дэг журамтай. Өглөө сургуульдаа ирээд гутлаа сольж, багш болон бусад сурагчидтайгаа бөхийн мэндэлж, нэг нэгэндээ хүндлэлтэй харилцдаг. 

Оюутан, сурагч сургуулиас юу мэдэж, сураад гарах ёстой вэ? 

Дунд сургуулиа төгсөхдөө ерөнхий мэдлэг сайтай болоод төгсөх ёстой гэж боддог. Сонгосон мэргэжлийнхээ дагуух хичээлүүддээ сонирхолтой, гүнзгийрүүлэн судалсан байх хэрэгтэй. Хичээлээс гадна амьдралын ухааныг зах зухаас нь мэдэрч, тодорхой хэмжээнд хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн байвал сайн. Манай сургууль зуны амралтаар дунд ангийхныг хөдөлмөрийн зусланд, ахлах ангийхныг говийн аялал,  чацарганы талбайн аялал хийх зэрэг өөр, өөр үйл ажиллагааг сурагчдын дунд зохион байгуулдаг. Энэ нь бидэнд олон  талын үр өгөөж өгч, сургамж, туршлага болж үлддэг. Эдгээр чадварыг эзэмшээд төгсвөл дараа нь хувь хүнд их хэрэг болно гэж боддог. 

Та ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ?

Боловсролтой хүнийг боловсролын зэрэг болон хандлагын аль алинаар тодорхойлох боломжтой байх.  Миний хувьд өөрийнхөө хийх ёстой зүйлийг маш сайн ойлгосон, нийгэмд үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа тийм хүнийг хэлнэ. Өнгөрсөн зун би нэг сургалтанд хамрагдахдаа их сургуулиа төгсөөгүй ч ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өөрийн хүссэн зүйлээ хийгээд, хүүхдүүдэд хичээлээ сайн зааж байгаа багшийг хараад боловсролыг заавал их сургууль төгссөнөөр хэмжиж болохгүйг ойлгосон. Тэгэхээр дан ганц боловсролын зэрэг чухал биш гэсэн үг. 

Ямар багшийг сайн гэх вэ? 

Миний хувьд сайн багш гэдэг тухайн хичээлээ зөвхөн заах биш, зааж байгаа зүйлийг ойлгоод түүнийгээ мэдлэг болготол нь сургадаг хүнийг хэлнэ. Ихэнх хүүхдүүд багшийн хий гэснийг хийгээд орхидог. Тиймээс тухайн зүйлдээ дурлаж, түүнийг гүн сонирхтол нь заадаг ур чадвартай багшийг сайн гэнэ.

Г.ТЭМҮҮЖИН 
ХААИС-ийн” Инженер Технологийн Сургууль”-ийн “Гидромеханик, Хүнсний инженерчлэл тэнхим”-ийн 4-р дамжааны оюутан 

Би 2015 онд ХААИС-ийн гидромеханик инженерийн ангид элссэн. Энэ анги манай сургуулийн гурван багшийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу 2007 онд шинээр нээгдсэн. Би дунд сургуулиа төгсөөд физикийн хичээлээр ЭЕШ өгч 689 оноо авч, онооны дарааллаар 12-т жагссан юм. Өмнө минь 11 хүүхэд байсан болохоор инженерийн анги дуусах вий гэж их л айж байлаа. Азаар өмнө байсан 11 хүүхэд өөр сургууль сонгосон тул надад сонголт хийх боломж олдсон юм. Ингээд би гидромеханикийн ангийг сонгосон. Манай эцэг, эх цэргийн хүмүүс болохоор багадаа цэргийн хүн болно гэж боддог байсан ч өөрийн хүсэл тэмүүллээр энэ мэргэжлийг сонгосон. Мэргэжлээрээ сураад, гүнзгий судлаад, гол зүйлийг нь улам ойлгох тусам мэргэжилдээ улам хайртай болсон. Гидромеханик инженер мэргэжил нь 2017 онд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн гуравдугаарт орсон байдаг. Гадаад нэр томьёог нь сонсоод, эсвэл оноо хүрэхгүйгээс тэр бүр энэ мэргэжлийг  сонгодоггүй байх. Энгийнээр тайлбарлавал устай холбоотой бүх төрлийн инженерийн ажил гэж болно.  Ус сувгийн удирдах газар, усан цахилгаан станц, барилга хот тохижуулалт, уул уурхай гээд бүх л салбарт хөрвөх чадвартай. 
2007 онд гидромеханик инженерийн ангид 120 хүүхэд, 2008 онд 80 хүүхэд, 2015 онд 42 хүүхэд элссэн бол энэ жил 20 орчим хүүхэд төгсөх гэж байна.  

Ямар багшийг сайн гэх вэ? 

Оюутнуудтайгаа тулж ажилладаг, найзлах үедээ найз нь болдог, багшийн үүргээ сайн биелүүлдэг, оюутанд байгаа нөөц бололцоог илрүүлж /ярих, бүтээх г.м/, түүнийг хөгжүүлэх гэсэн чин хүсэлтэй, тэрхүү чадварыг нээхийн төлөө тулж ажилладаг байвал сайн багш гэж хэлнэ.  

Оюутан, сурагч сургуулиас юу мэдэж, сураад гарах ёстой вэ? 

Мэргэжлийнхээ гол утга учир, үнэ цэнийг ойлгосон, төгсөөд ажлын байр дээр гарахад багаар ажиллах чадвар, илтгэх ур чадвар эзэмшсэн байх хэрэгтэй гэж боддог. Одоо үед  дипломын голч гэхээс илүү хувь хүний хандлагыг чухалчилдаг болсон шиг санагддаг. Мэргэжилдээ үнэнч, үнэ цэнийг нь сайтар ойлгосон байх нь чухал. 

Та ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ? 

Өөрийн сонгосон мэргэжлээ сайн эзэмшсэн, түүндээ эзэн болдог хүнийг хэлнэ. Боловсролгүй бол өнөөгийн нийгэмд хэн ч биш. Боловсролтой хүн гэхээр заавал олон сургууль төгсөх албагүй, гагцхүү мэргэжилдээ чадварлаг л байх учиртай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
2
2 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
4 цагийн өмнө
Насанд хүрээгүй сүмочтой архи уусан Ооносато сануулга авав
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
26
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.