Хайх зүйлээ бичнэ үү

“Оюу толгой” компаниас оюутан залуусыг дэмжин тэтгэлэг олгодог болоод арваад жил болж байна.

“Оюу толгой” компаниас оюутан залуусыг дэмжин тэтгэлэг олгодог болоод арваад жил болж байна. Тус компанийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар “Оюу толгой” компанийн ур чадвар, сургалт хариуцсан зөвлөх Э.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Оюу толгой” сүүлийн найман жил олон оюутанд тэтгэлэг олгосон. Энэ жил хэдэн төрлийн тэтгэлэг зарлаад байгаа вэ? 

Бид 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 900 гаруй залууст тэтгэлэг олгосон. Энэ бол боловсролын салбарт оруулж байгаа “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалт. Сайн оюутнуудын хувьд сургалтын төлбөрт санаа зовохгүйгээр зөвхөн эрдэм номдоо шамдан, анхаарлаа төвлөрүүлэх нь том дэмжлэг гэж бид ойлгодог. 

“Оюу толгой” компаниас жил болгон зарлагддаг хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Энэ жил уламжлал ёсоор  гадаад, дотоодын тэтгэлгээ зарласан. Дотоодын тэтгэлгийн бүртгэл дууссан бөгөөд энэ жил 30 оюутанд олгохоор төлөвлөсөн. Харин гадаад тэтгэлэгт энэ сарын 5 хүртэл материал хүлээж авсан. Гадаадад суралцах магистрын тэтгэлэг нийт 9 оюутанд олгоно. 

-Гадаадад суралцах магистрын тэтгэлгийн хувьд төгсөөд орон нутагтаа ажиллах болзолтой гэж сонссон. Энэ тухай тайлбарлаж өгөөч? 

-Бид орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг судалж үзээд уул уурхайн инженер (гүний уурхай чиглэл), геотехникийн инженер, механикийн инженер мэргэжлээр гурван хүн шалгаруулж, тэтгэлэг олгоно. Шалгарсан гурван хүн сургуулиа төгсөөд Ханбогд суманд гурваас доошгүй жил ажиллаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болзолтой байгаа. Тэтгэлгийн энэ гурван орон тоог зөвхөн “Оюу толгой”-н үндсэн болон гэрээт ажилтнууд хүртэх боломжтой. Оюу толгойд одоогоор 17000 орчим үндсэн болон гэрээт ажилчин бий. Сурсан мэдсэн зүйлээ орон нутгийн хөгжилд зориулах өндөр ач холбогдолтой тэтгэлэг. 

Харин  үлдсэн 6 нь өгөгдсөн шаардлагуудыг хангасан, Монгол Улсын бүх залууст нээлттэй. Боловсрол, сэтгэл судлал, эрүүл мэнд, хот төлөвлөлт, малын эмч гээд төрөл бүрийн чиглэлүүд заасан байгаа. 

-Тэтгэлэг олгох мэргэжлийн чиглэлүүдийг яаж гаргадаг вэ? Монгол Улсын эрэлттэй мэргэжлийн жагсаалт зэрэг судалгаатай уялддаг уу? 

-Мэргэжлийн чиглэлүүдийг орон нутгийн  судалгаа, Монгол Улсад ямар мэргэжил хэрэгцээтэй байна вэ, тэр дундаа мөн орон нутагт, хөдөө сумдад хэрэгцээтэй мэргэжил зэрэг олон судалгаанд тулгуурлаж гаргадаг.

-Мэргэжлийн чиглэлүүд хэр өөрчлөгддөг вэ? 

-Компани болон орон нутгийн суурь судалгаанд үндэслэж бага зэрэг өөрчлөх нь бий ч бүр цогцоороо өөрчлөгдөх нь ховор. Сүүлд гадаадын тэтгэлэгт малын эмчийн чиглэл орж ирэх жишээтэй. Үндсэн чиглэлүүд бол тогтвортой. 

-Томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн нэрэмжит тэтгэлэг гаргасан нь цөөнгүй. Энэ дундаас “Оюу толгой”-н нэрэмжит тэтгэлгийн онцлог, үнэ цэнэ юундаа байна вэ?

-Мэдээж Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуусын сургалтын төлбөрийг бүрэн дааж, сар бүр стипенд олгох нь боловсролын салбарт оруулж байгаа том хөрөнгө оруулалт. “Оюу толгой”-н тэтгэлэг олгож буй мэргэжлийн чиглэлүүд илүү орон нутгийн хөгжил рүү чиглэсэн гэдгээрээ онцлог. Бид Өмнөговь аймаг, Ханбогд суманд ямар боловсон хүчин хэрэгтэй байгааг бодолцож чиглэлээ гаргадаг. 

-Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагддаг вэ? 

-Манай компаниас чиглэл бүр дээр мэргэжлийн комисс гаргадаг. Үүнээс гадна төгсөөд орон нутагт ажиллах мэргэжлийн чиглэлд бид орон нутгийн төлөөллийг оролцуулдаг. Ханбогдод ирж ажиллах учраас сумынхаа зовлон жаргалыг мэддэг, итгэл хүлээсэн хүн оролцуулж байж илүү бодит үр дүн гарна шүү дээ. 

-Шалгуурт тэнцсэн оюутнууд мэдээж сурлагын дүн, бусад чадвараараа эхний шатанд тэнцээд орж ирж байгаа. Тэднээс дүнгээс өөрөөр юуг голчлон харахыг хичээдэг вэ? 

-Залуус өөрийгөө хэрхэн илэрхийлж байна, цаашдын төлөвлөгөө нь ямар байна вэ гэдгийг хардаг. “Оюу толгой” компани өөрөө ажилтан шалгаруулж авах маш нарийн шалгууртай. Тэтгэлэг олгох процесс үүнтэй тун төстэй байдлаар явагддаг. Тийм болохоор их л нарийн шалгуураар ордог гэсэн үг. 

-Тэтгэлэг горилж буй оюутнуудын нийтлэг давуу болон сул тал юу вэ? 

-Материал дутуу бүрдүүлсэн, эсвэл нэг их ач холбогдол өгөөгүй юм уу даа гэж харахаар зүйлс мэр сэр харагддаг. Мөн цаашдын зорилго зорилтоо андуурсан, мэргэжлийн чиглэлээ буруу бодсоноосоо болоод төлөвлөгөө нь дутмаг байх асуудал бий. Гэхдээ дийлэнх ньмаш мундаг байдаг. Монголын залуус хэчнээн чадварлаг болж байгааг бид харж байна. Өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадвар, алсын хараа сайтайоюутнууд олон орж ирж байгаад баяртай байдаг.

-Тэтгэлэг хүртсэн оюутнуудын эргэх холбоо ямар вэ? 

-Тэд нар маань өөрсдөө санаачлаад хоорондоо холбоотой, зарим нь цахим сүлжээнд групп үүсгээд хоорондоо мэдлэг, мэдээллээ солилцоод явах нь бий. Нэг төгсөлтийнхөн шиг л ойрхон байдаг. Тэтгэлэгт шалгарсан оюутнууд маань сургуулиа төгсөөд “Оюу толгой”-д ажилд орох нь ч элбэг. 

-Тэгэхээр “Оюу толгой”-н тэтгэлэг авах нь сургуулиа төгсөөд энэ том төсөлд гар бие оролцож, нэг хэсэг нь болоход давуу тал болдог гэсэн үг үү? 

-Мэдээж тэтгэлэг авсан оюутнууд “Оюу  толгой”-д ажилд орох процесс ямар байдгийг мэдсэн байгаа. Энэ том төсөл учраас мэргэжлийн чиглэл, сонголт олон. Ер нь тэтгэлэг авсан оюутнууд “Оюу толгой”-д ажилд орох дуртай байдаг нь анзаарагдсан. Гэхдээ тэтгэлэгт шалгарсан гэдэг нь шууд ажилд орно гэсэн үг биш л дээ. Бусадтай адилхан нээлттэй сонгон шалгаруулалтаар явна. 

-“Оюу толгой” бол урт хугацааны, маш том бүтээн байгуулалт. Удахгүй далд уурхай ашиглалтад орно. Тэр үед эрэлттэй байх мэргэжлүүдийн чиглэл тэтгэлэгт бас туссан харагдсан. 

Ил уурхайд олон монгол ажиллаж байна. Далд уурхай ашиглалтанд ороход бүр ч олон ажлын байр гарна. Тийм учраас энэ удаагийн тэтгэлгийн чиглэлд уул уурхайн инженер (гүний уурхай) орж ирсэн. Цаашид илүү боловсон хүчин шаардлагатай байна гэвэл тэтгэлэгтэй уялдуулаад явна. 

-Гадаадын тэтгэлэгт шалгарсан оюутнууд ихэвчлэн аль улсад суралцаж байна вэ? 

-Дийлэнх нь Австрали, Канад руу явж байгаа. Бид тодорхой сургуулиудыг санал болгож зөвлөдөг.  Гэхдээ заавал тэдгээр сургуульд суралцах ёстой гэсэн үг биш л дээ.  

-Одоогоор тэтгэлэг авсан оюутнуудын 70 орчим хувь нь эрэгтэй  байна. Уул уурхайн чиглэлийн мэргэжлүүд харьцангуй “эрэгтэй”. Цаашид эмэг­тэй оюутнуудыг уул уурхайгаар сурал­цахыг бодлогоор дэмжих үү? 

-Тийм бодлого бий. Уул уурхайн салбарт ажиллагсдыг хүйсээр харьцуулахад эмэгтэйчүүд цөөн байгаа ч жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байгаа. Үүнийг манай тэтгэлэг гардсан оюутнуудын тооноос ч харж болно. Тэтгэлэг аваад гадаадад уул уурхайн инженер, металлургаар суралцаж байгаа эмэгтэй оюутан цөөнгүй бий. Ер нь тооны зөрүү, харьцаа ирээдүйд үгүй болох байх гэж найдаж байна. Бид бодлогоор дэмжиж байгаа. 

-“Оюу толгой”-н тэтгэлэгт өрсөлдөж буй оюутнууд бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой гэсэн шалгуур байсан. Энэ ямар учиртай вэ? 

-Тэтгэлгийн давхцал бий болгохгүй гэж тэр. Нэг оюутан хоёр газраас тэтгэлэг авснаас өөр оюутнуудад боломж олгосон дээр гэж үзсэн учраас бид тэгж оруулсан.

-Тэтгэлэг зогсоох ямар нэг үндэслэл байдаг уу? 

-Тийм зүйл маш ховор. Манай тэтгэлгийн шалгуур өндөр учраас сайн оюутнууд шалгардаг. Хүндэтгэх шалтгаангүй л бол тэтгэлгийг зогсоосон тохиолдол одоогоор үгүй. 

-Дээрх хоёр тэтгэлгээс гадна “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” гэж бий. Дунд сургуулийн сурагчдад чиглэсэн энэ хөтөлбөрийн талаар ярьж өгөөч? 

-Монголын ирээдүйн манлайлагчдыг дунд сургуулиас нь эхлэн хөгжүүлж, дээд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, оюутан, сурагчдын манлайлал болон хувийн хөгжлийг дэмжих замаар тэдний нийгмийн идэвх, асуудал шийдвэрлэх чадвар болон нийгэм дэх сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм. “Залуусын хөгжлийн хөтөлбөр”нь компанийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйл явцын суурь болох бөгөөд залуусын хөгжилд ахлах сургуулиас нь эхлэн анхаарч компанийн төдийгүй Монголын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.