Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

MONGOLIAN CONNECTION кино рэвью | Tegshee’s Movie Corner

Монголын анхны тулаант-адал явдалт кино


Одны үнэлгээ: 3.8/5

“Mongolian Connection” кино холливуд маягийн сонгодог адал явдал-тулаант (action-adventure) жанраар хийгдсэн анхны шахуу монгол кино болсноороо онцлог байв. Нэгэнт адал явдалт-тулаант  киноны тухай яригдаж буй тул эл жанр ямар онцлогтойг урьдаар тодруулъя.

Адал явдалт-тулаант кино онцгой хүчтэй, эсвэл арга ухаантай баатар ямарваа ер бусын сорилт, аюултай даалгавартай тулгарч, түүнийгээ даван туулж ялдаг энгийн өгүүлэмжид гол төлөв төвлөрдөг ч хамгийн гол орц нь тэр энгийн өгүүлэмжин дунд өрнөх тулаан, зодоон, буудалцаан, машины хөөцөлдөөн, тэсрэлт дэлбэрэлт зэрэг эгэл амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй, цус хөөргөсөн сүржин үйл явдлууд юм. Эл жанрын зорилго ч үзэгчдийг өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас нь холдуулж амь өрссөн нөхцөл байдал, үйл явдлын хурц эргүүлэгт хаман зугацаацуулах гэж болно.

1970-иад оноос Холливудад анх хөгжиж эхлэхдээ эл төрөл цагдаагийн мөрдлөг, тагнуул, гэмт хэрэг бүхий кинотой хослон гол төлөв буудалцаан, дэлбэрэлт, машины хөөцөлдөөн зэргээр илэрч байсан бол нэгэн зэрэг Хонг-Конгоос улбаалад азид нэлээд өөр хэв маягаар буюу кунг-фуд суурилсан гардан зодоонд голдуу төвлөрөн хөгжиж байв. Брюс Ли, Жэки Чан, Жет Ли зэрэг ази маягийн адал явдал-тулаант киноны одууд жүжигчнээс гадна хар багаасаа тулааны урлагаар хичээллэсэн мастерууд байдгаараа, тухайн кино гол дүрийн жүжигчний эл тулааны чадварт суурилдгаараа онцлог. Харин Холливуд маягийн action жүжигчний гардан зодооноос илүү буудалцаан, дэлбэрэлт, машины хөөцөлдөөн зэрэг хүнээс ангид гадаад хүчин зүйл, зэвсэг хэрэгсэл, технологиор адал явдал өрнүүлэх хандлагатай. Сонгодог холливуд маягийн action киноны хамгийн амжилттай төсөл болох Жэймс Бондын цувралыг бид андахгүй. Ерөнхийдөө адал явдалт-тулаант кино холливуд, ази маягийн гэсэн хоёр ялгаатай чиг хандлагаар ийн хөгжсөөр өдий хүрэхдээ аль алиндаа харилцан нөлөөлж, ялангуяа Брус Ли зэрэг азийн тулаант киноны одууд Холливудад нэвтэрч нөлөөлснөөр Холливуд маягийн тулаант киноны одуудыг төрүүлсэн билээ. 1990-ээд оны видео, прокатны киноны ид халуурлын үеэр хэн хүнгүй л Чак Норрис, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне зэрэг булчин шөрмөс нь зангирсан лужир эрчүүдийн “үхэж өгдөггүй” хүмүүн бусын зодоон, тулааныг алмайран үзэж суусан цаг хол биш. Өдгөө харин булчин шөрмөс болсон тулаант киноны баатрууд биднээс хэдийн алсарч оронд нь харин агуу Стэнли Кубрикийн “Eye Wide Shut”, эсвээс инди найруулагч П.Т.Андерсоны “Magnolia” зэрэг киноны од Том Круз гэнэт л “Биелэгдэшгүй даалгавар” биелүүлэхээр амь өрсөн тулалдахыг, Стивен Спилбиргийн “Sсhindler’s List” хэмээх нухацтай киноны нухацтай дүр Лиам Нийсон хулгайлагдсан охиноо аврахын төлөө цуцалтгүй улайран тэмцэхийг үзэгчид дэлгэцнээс сөөлжүүлэн үзэж суух болжээ. Товчоор холливудын тулаант кино өдгөө хүртэл хөгжихдөө “дийлдэшгүй баатар, амь өрссөн сорилт, даалгавар” гэсэн үндсэн өгүүлэмж хэвээр хэдий ч бие бялдарын хөгжил, тулааны чадвараар ердийн хүнтэй адил жүжигчид тулаант кинонд тоглох маягаар дүрийн хувьд энгийчлэгдсэн ч эл төрөл триллер, шинжлэх ухааны уран зөгнөл зэрэг бусад жанртай сүлэлдэж, үйл явдлын өрнөл, агуулга улам хурц, ярвигтай болж хувьссаар байна. Азийн тулаант киноны хувьд ч дан ганц хувь жүжигчний тулааны чадварт тулгуурласан хэв маяг хоцрогдох болж хангалттай хувьсан шинэчлэгдэж чадаагүйгээс дэлхийн зах зээлд төдийлөн тархахгүй намжмал байдалтай байна. Харин эл орон зайг сүүл үед “Crouching Tiger, Hidden Dragon”, “Hero” зэрэг хятадын зэвсгийн эрдэм төрлийн (wuxia) тулаант төрлөөр хийсэн шидээврүүд нөхөж буй. Гэхдээ ийм зэвсгийн эрдэмт төрлийн кино бол тулаант жанр дотроо арга барил, агуулга, тулгуурлаж буй философийн хувьд ч тэс өөр, сөөлжүү, хятадын эртний зодооны урлагт суурилсан, хэт уран сэтгэмжит шинжтэй гээд огт тусдаа ярих сэдэв тул цухас дурдаад өнгөрье.

Харин кино урлаг нь харьцангуй хожуу, үсрэнгүй хөгжсөн солонгосчууд өмнөх ололтыг өөрсдийн өвөрмөц орц найрлагаар баяжуулан дэлхийн кино урлагт ази маягийн тулаант киног төлөөлөх хэв маягийг ахин бий болгосон гэхэд хилсдэхгүй. Солонгосчууд тулаант кинонд амь бөхтэй байсан хэт үнэмшилгүй, хүмүүн бусын хиймэл зодооныг халж найруулан тавьсан өөгүй төгс зодоон бус дүрийн өвдөлт зовиурийг үзэгчдэд мэдрүүлэхүйц бодитой тулааныг хутга, мэстэй ихэнхдээ хослуулах эсвэл бүлэг зодооныг хайр гамгүй харуулдгаараа цус бялдсан хэрцгий гэмээр зодооны элементийг тулаант кинонд нэвтрүүлсэн онцлогтой. Солонгосын кино урлаг бүхэлдээ маш драматик, туйлт төлөвтэй тул тулаант киног гол төлөв хүчтэй драм, өрнөл, эсвэл адын триллертэй хослуулах нь элбэг. “The Mаn From Nowhere”, “Yellow Sea” “Oldboy” зэрэг кинонуудаас солонгосын тулаант жанрын эл шинжийг бэлхнээ харж болно. “Oldboy” кино хэдийгээр дан тулаант-адал явдалт төрлийн кино биш боловч жүжигчин Чой-Мин Сик гартаа ганц алхтайгаар өөр лүү нь ноцон дайрах олон залуусыг давчуухан хонгилд хуйгаар нь цохиж унагадаг хэсэг хөгжим, уур амьсгал, юмор зэргийг хослуулж зөвхөн кинонд л үзүүлж болох нэгдмэл урлалыг зодооноор үзүүлснээрээ эл төрөлд шинэ түвшинг бий болгосон гэхэд хилсдэхгүй.

Тулаант жанр энэ мэтээр хувьссаар өдгөө дэлхийн кино урлагт холливуд, ази буюу солонгос маягийн гэсэн хоёр дэг сургууль ноёлох болжээ. Энэ хүртэл тулаант-адал явдалт жанрын тухай өгүүлсэн нь “Mongolian Connection” кино чухам ямар арга барилаар хийгдсэнийг тодруулах, цаашлаад монголын кино урлагт дөнгөж эхэлж буй ч цаашид улам цэцэглэн хөгжих нь гарцаагүй энэ мэт жанр төрлийн кинонуудыг аль чиг хандлагыг барьж хийх нь бидэнд дөт, ашигтай байх, эсвээс үндэсний онцлогт хэв шинжийг өөрсдөө бүтээх үү, тийм боломж бий юу гэдгийг тандах зорилготой юм.

“Mongolian Connection” киноны хувьд америк найруулагч Дрү Томас киноны үндсийн үндэс болох кино зохиол болон найруулга дээр зэрэг ажилласан тул анхнаасаа л холливуд хэв маягийн тулаант-адал явдалт жанрыг монголын хөрсөн дээр буулган бүтээх гэсэн зорилго нь илт байв.

Зохиолын хувьд тулаант киноны түгээмэл өгүүлэмж болох нэг гол баатар, амь өрссөн даалгавар, гол баатрын эсрэг босох дайсан, саад бэрхшээл гэсэн өгүүлэмжээс үл ялиг өөр нэг гол даалгавар, тэрхүү даалгаврыг тойрон эргэлдэх хэд хэдэн дүр гэсэн загварыг сонгон авчээ.

Монголоос Америк луу охид, бүсгүйчүүдийг хил давуулан худалдаж, биеийг нь үнэлүүлдэг казакстаны гэмт бүлэглэлийн толгойлогч Серик (Санжар Мади) АНУ-ын тусгай албаныханд баригдсанаар хууль бус уурхай, хүний наймаа эрхэлдэг монголд үүрлэсэн өөр нэг гэмт бүлэглэлийн толгойлогч Арслангийн эсрэг шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх учиртай болдог. Тусгай ажиллагааг удирдаж Серикийг баривчлахад гол үүрэг гүйцэтгэсэн холбооны мөрдөх товчооны ажилтан Вэйд (Кайви Лайман) хэргийн газраас хамт баригдсан Серик болон хүний наймааны хохирогч Хулан (Цэцэг Бямба) хоёрыг монголын цагдаагийн талд хүлээлгэн өгөх ажилд томилогдоно. Монголд тусгай ажиллагаа удирдаж буй мөрдөгч Ганзориг (Амарсайхан Балжинням) тэднийг хүлээж авснаар нэг талд Ганз, Вэйд, Хулан, Серик, нөгөө талд Арслан, түүний туслах Тензин (Жандос Айбассов) нарын хооронд амь өрссөн тэмцэл өрнөнө.

Үйл явдлын нэг учгийг тойруулан олон дүрийг ийнхүү гаргаж тавьснаар дүрүүдийн харилцаа, тухайлбал Серик, Хулан хоёрын хайр сэтгэл, мөрдөгч Ганзоригийн найзын үхэл зэрэг драм хэсгүүд дээр үзэгчид тухайн дүрүүдтэй сэтгэл зүйн хувьд сайтар холбогдох үүх, түүх, тухайн дүрүүдийн амьдрал, мөн чанарыг мэдэхгүй тул сэтгэл хөдөлгөх тэнгүй, хоосон байсан дутагдалтай байв. Нөгөө талаар энэ олон дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол илэрхийлж гаргах хугацаа угаас давчуу, киног ямар нэг хүчтэй драм, эсвэл триллер зэрэг өөр төрөл жанртай сайтар хольж сүлэхгүй л бол цэвэр адал явдалт-тулаант киноны дүрүүдийг холливуд маягийн арга барилаар үзэгчдэд хамаатуулж, сэтгэл хөдлөлийг нь удирдах хэмжээнд урлахад нэлээд бэрхшээлтэй. Кино зохиол ч анхнаасаа дүрүүдийн хувийн түүхийг хүүрнэхээс илүү монголын нийгмийн тулгамдаж, бугшсан асуудлын суурь дэвсгэр дээр тулаан-адал явдал өрнүүлэх зорилгоор бичигдсэн нь илт. Яг тэрхүү зорилгынхоо хүрээнд бол зугтаж явахдаа мөрдөгч Ганзын “Нүүдэлчнээс Нинжа руу”, мөрдөгч Вэйдийн “Муу муухайдаа дасаж болохгүй” шүү гэсэн хүчтэй үгс, гэмт бүлэглэлийн хамсаатнууд мөрийтэй тоглохдоо хил давуулан худалдах охидынхоо гадаад пасспортоор хасаа болгон тоглож байгаа зэрэг сэтгэл сэрдхийм хүчтэй илэрхийллүүдийг киноны үндсэн өгүүлэмжин дундуур тун амжилттай шингээж өгсөн байв.

Жүжигчдийн багийн хувьд “Mongolian Connection” кино монгол, казакстан, америк гурван орны жүжигчид нэгдэн тоглосноороо онцлог. Өмнө огт хамтран ажиллаж байгаагүй тэс өөр гурван орны жүжигчид нэгдсэн гэхэд хоорондын нийцэл сайн, киноны өгүүлэмж, уур амьсгалд жүжигчдийн тоглолт тун сайн зохицсон байсан нь олзуурхууштай. Эл киноны хамгийн зэвүүн, дур булаам дүр нь аргагүй Серик буюу жүжигчин Санжар Мади байв. Нэгэн цагт Сериктэй андалж байгаад зам салсан гэмт бүлэглэлийн гишүүн Тензиний эсрэг дүрийг ч Жандос Айбассов тун сайн бүтээсэн байв. Хоёр Казакстан жүжигчдийн дүрийн хоршил тун оновчтой шийдэл байсан нь эргэлзээгүй.

Гэр бүлээсээ хөндийрч ганцаардсан, сэтгэлийн дарамттай ч хээгүй шинжийн америк цагдаагийн дүрийг жүжигчин Кайви Лайман дэлгэцнээ торохгүй амилуулж байв. Гэрч Серик, мөрдөгч Вэйд хоёрын хотын захын нэгэн гэр хороололд нуугдан бие биенээ үгээр иддэг хэсэг тун ч егөөтэй, үзүүштэй байсан бол Серик, Тензин нарын сүүлийн тулаан эл хоёр жүжигчин хамгаа гаргаж буй нь илт, үнэмшилтэй байсныг зориуд дурдъя. Хүний наймааны хохирогч болсон хэдий ч өөрийг нь тийм байдалд хүргэсэн гэмт бүлэглэлийн толгойлогч Сериктэй хувийн харилцаатай болсон зөрчилтэй дүрийг жүжигчин Б.Цэцэг сэтгэлийн дотоод шархаа хэдийн дотроо булшлаад эвлэрчихсэн мэт дөжирсөн дүр төрхөөр голдуу дэлгэцнээ бүтээсэн нь зөрчилтэй сэтгэгдлийг үлдээж байв.

Эх орондоо шударга ёсыг сахиулах журамт үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, үүрэгт ажилдаа үнэнч, чадварлаг хандах монгол цагдаагийн дүр Ганзоригийг жүжигчин Б.Амарсайхан гардан зодоон, тулааны хүнд хэсгүүдийн хамт чадварлаг гаргахын хамт шогч хээгүй Вэйд, нухацтай, зэвүүн Серик нарын дундын тэнцвэрийг олж сайн хоршин тоглож байв.

Тулаант-адал явдалт жанрын киноны хамгийн чухал элемент болох тулааны найруулагчаар “Mongolian Connection” киноны хувьд “I, Robot”, “Watchmen”, “The Revenant”, “Avengers: Infinity War” зэрэг холливудын алдарт блокбастеруудад орлон тоглогч, тулааны дэглэлтийг хийдэг Лойд Бетман ажилласан нь энэхүү төслийн чансааг илтгэсэн явдал байв. Киноны тулаант хэсгүүд үзэгчдийн хараа гүйцэмгүй хэт үсэрсэн, хурдтай эвлүүлэг бүхий холливуд маягийн хиймэл тулааны арга барилаас зориуд тойрч тулааны өрөлт, цохилтууд тодорхой үзэгдэх, дүрүүдийн өвдөлт зовиурыг мэдрүүлэхүйц илүү бодитой болсноороо онцлог. Гагцхүү сайн дэглэсэн тулааны хэсгүүдийг дууны найруулга, эффектийн сул гүйцэтгэл л нэлээд хиймэл шинжтэй болгосон байв.

“Mongolian Connection” киноны тухайд дурдвал зохилтой өөр нэг зүйл бол эгзгийг нь олж хатгасан шог хошин харилцан яриа, хошигнол, мөнхүү гэр хороолол дундах машины хөөцөлдөөн, социалист хэв маягийн шийдэл бүхий хуучин барилга байшин дундах буудалцаан, Ганзориг, Вэйд, Серик гэх гурван өөр орны гурван өөр царай төрх, зан авиртай дүрүүдийн хөдөө хээр талаар бэдэрч буй дүр зураг нэгдээд тун сонин эсрэгцэл хийгээд нэг л тийм далд хошин маягийн уур амьсгалыг бий болгож байсан явдал юм. Товчхондоо “Mongolian Connection”-д адал явдал, хошигнол тун амжилттай хоршсон гэж болно.

Социалист маягийн кино үйлдвэрлэл, шилжилтийн нийгмийн дампуурал зэрэг хөгжлийнхөө явцад хэд хэдэн амаргүй үеүдийг туулан одоо л нэг дэлхий дахины нийтлэг хөгжлийн жишгээр ахиж урагшлах гэж ядаж буй монголын кино урлагт “Mongolian Connection” кино хөрөнгө оруулалтыг дан ганц монголоосоо төвлөрүүлж гадны продакшнтай хамтран анхны тулаант жанр төрлийн киног дотооддоо хийснээрээ, дотоодын зах зээлээс хальж гадагш түгээх анхны арилжааны киног бий болгох гэсэн том зорилгын шанг татсанаараа давхар үнэлэгдэх учиртай гэж бодно. Монголын кино урлаг цаашид кино үйлдвэрлэлийнхээ хувьд улам боловсронгуй болж, өрсөлдөөн ихсэж өргөжихийн хэрээр инээдэм зэрэг нэг л төрөл жанрын киног давтан давтан үйлдвэрлэх бус адал явдалт-тулаант, триллер, аймшиг, шинжлэх ухааны зөгнөл зэрэг нарийн жанр бүхий төрөл бүрийн баялаг агууламж бүхий кинонуудыг бүтээх цаг удахгүй ирэх биз ээ. Харин тэр үед бид дэлхийн кино урлагт тогтсон ямар арга барилаас бүтээлчээр суралцаж тусгах, ямрыг нь алгасаж тойрвол бидэнд ойр дөт, ашигтай байх эрэлхийллийг “Mongolian Connection” кино ийнхүү эхлүүлсэн хэмээн итгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.