Хайх зүйлээ бичнэ үү

Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хүүхдүүдийг бэлтгэж буй “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхтэй боловсролын салбарын шинэ чиг хандлагын талаар ярилцлаа.

“Сант” сургууль байгуулагдаад 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад “Сант” сургуулийн төгсөгчид амжилттай элсч, олон улсын хэвлэлийн хуудаснаа сурвалжлан бичиж байсныг уншигч Та санах биз ээ. 

Тэгвэл хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг сурагчдад олгож, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хүүхдүүдийг бэлтгэж буй “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхтэй боловсролын салбарын шинэ чиг хандлагын талаар ярилцлаа. Тэрбээр АНУ-д MIT болон Стэнфордын их сургуулийг дүүргэж, 2011 оноос хойш сургуулиа удирдан ажиллаж байгаа юм. 

Сүүлийн үед аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тухай яриа зөвхөн бизнесийн салбарыг хамраад зогсохгүй Засгийн Газрын хэмжээнд бодлогын нэг хэсэг болжээ. Тэгвэл энэ бүхнийг дунд сургуулиуд хэрхэн хүлээж авч, хэрэгжүүлэхэд анхаарч байна вэ? 

Монгол Улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлдэж тодорхой хэмжээ­ний бодлогын өөрчлөлтүүдийг хийж байна. Мэдээж боловсролын салбарт эдгээр нь ямар байдлаар гарч байна, түүнтэй уялдуулан бид сургуулийн хөтөлбөр, стратеги төлөвлөлтөө хийх болно. Үүнээс гадна олон улсын түвшинд дунд сургуулиуд ер нь ямар шинэчлэл хийж, хөтөлбөр, сургалтын арга барилаа хэрхэн өөрчилж байна гэдгийг ч бид судалж хэрэгжүүлдэг. Энэ жил нэгдүгээр ангид сурч байгаа сурагчид 2030 онд сургуулиа төгсөх болно. Тэр үед маш их өөрчлөлт явагдсан байхыг судлаачид хэдийнээ тодорхойлоод байгаа. Тэгэхээр техник, технологийн дэвшил төдийгүй түүнийг дагаад хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтөнд сургуулиуд болон эцэг эхчүүд одооноос эхэлж хүүхдүүдээ бэлдэж, ямар мэргэжилтэй, ямар ур чадвартай болгох тал дээр анхаарах хэрэгтэй юм. Үүнд хиймэл оюун ухааны хөгжил маш их нөлөөлж байгаа.

Хиймэл оюун ухаан хэр хурдан хөгжиж байгаа вэ?

Ирээдүйд бий болох гол өөрчлөлтүүд нь хиймэл оюун ухаантай холбогдож байна. Намайг арван жилийн өмнө Массачуссетсийн технологийн институтэд суралцаж байх үед хиймэл оюуны судалгаа хийдэг профессор дэлхийн хэмжээнд цөөн байсан. Хиймэл оюун ухааны хөгжлийн талаар олон улсын хурал болоход ойролцоогоор 50 их сургууль, институтээс судалгааны баг, профессорууд ирдэг байсан юм. Харин энэ жил MIT гэхэд хиймэл оюун ухааны коллеж нэг тэрбум доллараар байгуулах болсноо зарлалаа. Үүний гол чиглэл нь сургалт, судалгаа бол хоёрдугаарт MIT-гийн сургуулиудад байгаа бусад чиглэлийн мэргэжлийн профессоруудтай хамтарч тухайн салбарт нь хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар судлах юм. Мөн хиймэл оюун ухааны ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа. Учир нь, дата цуглуулж байгаа бол үүнийг зөв зүйлд, ёс зүйтэйгээр яаж ашиглах уу? Буруу, сөрөг зорилгоор ашиглахаас хэрхэн сэргийлэх вэ гэхчлэн асуудал бий болсон. Тэгэхээр ерөнхийдөө хиймэл оюун ухаан бий болсноор хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт гарч эхэлж байна. Нэг талаас зарим ажлын байр байхгүй болох эрсдэлтэй ч, нөгөө талаас олон шинэ ажлын байр бий болохоор байна.  


Массачусетийн технологийн институтийн ерөнхийлөгч Рэйфийн хамт

Ирээдүйд гарах өөрчлөлтөд бэлтгэж танай сургууль ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байна вэ? 

Манай “Сант” сургуулийн хувьд “Advanced Placement” буюу “AP” олон улсын хөтөлбөрийн дагуу явдаг. AP бидний мэдэх SAT-ын шалгалтыг зохион байгуулдаг  АНУ-ын College Board боловсролын байгууллагын хөтөлбөр байгаа юм. AP хөтөлбөрөөр “Сант” сургууль дээр шинжлэх ухааны хичээлүүд үзэхээс гадна AP-ын эдийн засаг, статистик, компьютерийн шинжлэх ухаан, хятад хэлийг үзэх боломжтой. Эдгээр хичээлийн хөтөлбөрүүдийг АНУ-ын томоохон их, дээд сургуулиудын профессоруудын баг боловсруулдаг.     

Мөн програмчлалын хичээлийг зургаа­дугаар ангиас зааж байгаа. Сурагчид програмчлалын хэл сурахаас гадна бүтээлч сэтгэлгээ, тунгаан бодох урлаг, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах эрдэмд суралцдаг. Програмчлалын хичээл хэрэглээ ихтэй, их сонирхолтой. Монголын бүх Ерөнхий боловсролын сургуулиуд програмчлалын хичээлийг оруулмаар байна. Олон улсад монгол хүний өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ, ирээдүйн ажлийн байрандаа ч бэлтгэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ мэтчилэн гадны хөтөлбөрөөс суралцахаас гадна бид өөрсдөө санаачилж хийж байгаа зүйлс бас байна. Манай улс хойд болон урд хөрштэйгээ эдийн засгийн холбоотой байгаа учраас орос, хятад хэлний хичээлийг мөн дунд ангиас оруулж байна. 

Суралцах чадвар хэр их хэрэгтэй вэ? 

Маш их хэрэгтэй. Сурагчдадаа бид юун түрүүнд суралцах чадвар олгохыг зорьж байна. Их, дээд сургуульд ч тэр хамгийн чухал зүйл нь суралцах чадвар байдаг. Суралцах чадвар эзэмшсэн хүн  ажлын байран дээр хэрэгтэй гэсэн мэдлэг боловсрол, ур чадвараа олоод суралцаж чаддаг. 

Сүүлийн үед старт-ап, энтрперенер зэрэг үгийг хэлбэр талаас нь их ярих болсон. Үүнийг андуурч шууд л амжилтад хүрэх гэсэн залуус цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдах нь ч бий. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? 

Ер нь бол старт-ап, энтрепренер чиглэл рүү шуурч байгаа нь зөв шүү. Америкийн топ сургуулиуд ч тэр, MIT ч тэр энэ чиглэлд явж байна. Жишээ нь, MIT-ийн төгсөгчдийн 14% нь өөрийнхөө байгуулсан буюу старт-ап компанидаа ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Үүгээрээ MIT бахархдаг. Үүнийг нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй учраас энтрепренер чиглэлийн хичээлүүд ордог, оюутнуудад хийсэн бүтээгдэхүүнээ бусдад таниулах, хөрөнгө босгох гэхчлэн ур чадвар олгох хичээл юм. 

Старт-ап компани байгуулаад явахад нэмэлт ур чадварууд зайлшгүй шаардлагатай байдаг. Гар утасны аппликейшны код сайн бичдэг байсан ч дизайны өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог. Бүтээгдэхүүн хөгжүүлэх аргуудыг жишээ нь Стэнфордын дизайны сургууль маш сайн заадаг. Цахим сайн хичээлүүд ч байна. Мөн апп бүтээгээд App Store дээр байрлуулаад зогсохгүй түүнийг хүмүүст яаж хүргэх вэ гэдэг маркетингийн ур чадвар хэрэгтэй. Үнэхээр хүнд хэрэгтэй зүйл хийлээ ч, шууд л хүмүүс түүнийг нь татаж суулгаад хэрэглээд явна гэж байдаггүй. Тийм болохоор бусдад таниулахын тулд сурталчилгааны зардал хэрэгтэй, түүнийг шийдэхийн тулд хөрөнгө босгох шаардлагатай болно. Хөрөнгө босгох бол дахиад нэг том ур чадвар.

Стэнфордын их сургуулийн нэг ангийнхан

Старт-ап компани байгуулахын тулд заавал дээд сургуульд сурах хэрэгтэй юу?

Ер нь мэдлэг, чадвартай бол ахлах сургуулиасаа шууд старт-ап компаниа байгуулаад явах боломжтой. Ялангуяа, цоо шинэ санаанууд ахлах сургуулийн сурагчдаас их гардаг талаар судалгаа ч гарсан байна. Ер нь яагаад их сургуульд сурах гээд байна гэдгээ сайн тунгаан бодох хэрэгтэй. Тэнд юу байна вэ? Жишээ нь дэлгүүрт орохдоо бид талх, өндөг авна гэдгээ мэдээд ордог шүү дээ. Үүнтэй адил их сургуульд орж байгаа оюутнууд маань юу авахыг зорьж байгаа юм, тэнд сураад ямар мэдлэг, ур чадвар эзэмших юм гэдгээ мэдээд орвол илүү тэмүүлэлтэй, зорилготой суралцах болно.

Мэдлэг, чадвартай хүн байх чухал уу, зөв хүн байх чухал уу? 

Хүүхдүүдээ сайн хүн болгоход анхаарах уу, мэдлэг чадвартай хүн болгоход анхаарах уу гэдэг асуулт эцэг эхчүүдийн дунд их яригддаг. Энэ асуулт хэдийгээр аль нэгийг нь сонгох тухай боловч аль алиныг нь олгох боломжтой гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Үүн дээр Сант сургууль анхаарч ажилладаг. 

Манай сургуулийн сурагчид “Сайн хүн болох ухаанд суралцаж, Сайхан ирээдүйг бүтээх эрдэм мэдлэгийг эзэмшиж, Санаачлагч, бүтээгч, манлайлагчид болц­гооё” гэсэн уриатай.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.