Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Э.Уянга: Эмэгтэй хүн гэдэг маань эрчүүдээс дутуу гэсэн "автомат" шалтаг байж болохгүй | #WOMENWHODARE

Э.Уянга багаасаа усан сэлэлтээр хичээллэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс триатлон спортыг Монголд хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байна.


Түүнд эмэгтэйлэг, эелдэг байдал,  шүдээ зууж чаддаг чанар төгс зохицон оршжээ. Санхүүгийн салбараас спортын салбар руу эргэлт буцалтгүй орсон түүний зориг анхаарлыг минь татсан. Спорт дотроо триатлон амаргүй, хэцүү төрөл. Э.Уянга багаасаа усан сэлэлтээр хичээллэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс триатлон спортыг Монголд хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байна. Энэ хооронд триатлоны олон улсын дасгалжуулагчийн сургалтанд хамрагдан  дэд мастер болж амжжээ. Ub.life “Women who dare” булангаараа триатлоны спортын дасгалжуулагч, “IronMan Club”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Э.Уянгын ярилцлагыг хүргэж байна.

-Юу таныг санхүүгийн салбараас триатлоны спорт руу урвуулж дөнгөв өө?

-Би багаасаа спортод дуртай, усанд сэлэлтээр хичээллэдэг байсан. Тэр үед спортыг мэргэжил болгоод ажиллана гэсэн ойлголт байгаагүй. Тийм учраас банк санхүүгийн чиглэлээр сураад олон улсын аудитын компанид ажилласан. Энэ хооронд гурван хүүхэд төрүүллээ. Усанд сэлэлтийн спортоор байнга хичээллэж, жижиг тэмцээн уралдаанд ордог байхдаа эмэгтэй тамирчдын оролцоо ямар бага байгааг анзаарсан. 2016 оноос эхлээд найз нөхдийнхөө хүрээлэл дунд хувиараа усанд сэлэлтийн багш хийж эхэлсэн.

Би өөрөө “extreme” төрлийн олон спортыг оролдож үзэх, хичээллэх дуртай. Ганцхан усанд сэлэх уйтгартай санагдаад үргэлжлүүлээд дугуй унаад бас гүйнэ гэхээр хүнээс байж болох хамгийн их тэсвэр тэвчээр гарч болох юм шиг санагдсан. Ингээд л триатлоны спортыг өөрийгөө сорих том боломж гэж харж, сонгосон. Тэмцээний үеэр байнга л зогсох бодол  төрдөг ч энийг л давчих юм бол өөрөө өөрийгөө яллаа гээд явсааар нэг мэдэхэд барианд орчихсон байдаг. Энэ мэдрэмж үнэхээр гоё.

-Энэ спортыг сонирхох хандлага сүүлийн үед хэр нэмэгдэж байна вэ?

-Би нэгэнт спортын замаар явахаар шийдэж, хүнээс мөнгө аваад багш дасгалжуулагч хийж байгаа учраас мэргэжлийн дасгалжуулагч болохоор шийдсэн. Олон улсын триатлоны багш дасгалжуулагчийн сургалтанд 2017 онд Level 1, 2018 Level 2 сургалтанд сууж мэргэжлээ дээшлүүлсэн. 2018 онд Азийн наадамд оролцоод ирсэн.  Мэргэжлийн тамирчин бэлтгэе гэдэг үүднээсээ триатлоны клуб байгуулаад улсад бүртгүүлэхэд Монголд хамгийн анхных нь болсон. Манай клубд одоогоор нас хүйс харгалзахгүйгээр 20 тамирчин байна. Хамгийн бага нь миний  таван настай охин. Хамгийн ахмад нь Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, 60 настай тамирчин байна.

-Энэ бүх өөрчлөлт, сонголтыг хийхэд, шинэ салбарт ороход хүндрэл бэрхшээл хэр их байв?

-Мэдээж асуудалгүй юм гэж байхгүй. Тулгарах ёстой саад, давах ёстой даваа гэж бодоод л явдаг. Өөрийнхөө сонирхлоор ажиллаж амьдрахыг манай нөхөр их дэмжиж байгаа. Эцэг эхийн хувьд бол PwC олон улсын аудитын байгууллагыг орхиод спортоор ажиллаж амьдрана гэхээр толгойд нь буухгүй байх шиг байна. Мэдээж гурван хүүхэдтэй, байнгын тогтмол цалингаа бодвол ажилдаа орох бодол төрдөг ч нөгөө талаар буянтай ажил хийж эхэлсэн гэж бодож байгаа. Дан ганц спортоор хичээллээд ашиг тусыг нь хүртээд явах биш бусад хүмүүст энэ спортын амт, ашиг тусыг мэдрүүлэнэ гэхээр надад үнэхээр сонирхолтой байдаг. “Чиний клуб чинь удахгүй дээ, хэр удаан явахыг нь харъя” гэж хүмүүс их хэлдэг. Эсвэл чи эмэгтэй хүн байж спортын клуб ажлууллаа, эмэгтэй хүн дасгалжуулагч хийлээ гэсэн дайралтууд ч ирнэ. Энэ бүхний хариултыг цаг хугацаа харуулах байх. Би тэрэнд нэг их санаа зовдоггүй. Аль болох өөрийгөө илүү хөгжүүлье, чадваржуулъя, илүү сайн хамт олон бий болгоё гэж боддог. Олон клуб бий болж өрсөлдөөн их байвал чанартай тамирчид гарна.

-Монголд эрэгтэй, эмэгтэй хүнийг тодорхойлсон хэвшмэл ойлголтууд нийгэмд хэр их байна гэж та хардаг вэ?

-Монголд  дийлэнх хүмүүс чи эрэгтэй хүн юм чинь ингэж амьдрах ёстой, эмэгтэй хүн юм чинь тэгэж амьдрах ёстой, ийм ажил хийх ёстой гэсэн хандлагатай байдаг. Би юу гэж боддог вэ гэхээр, надад адилхан 10 хуруу байна, хүйсээрээ л ялгаатай учраас дутна гэж зүүдэлж ч байгаагүй. Тэрийг харуулахыг ч бас зорьдог. Ер нь хүйсийн ялгааг огт тоолгүйгээр, хүссэн тэр нэг л цэг рүүгээ хараад урагшаа явах ёстой.

-Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд ерөнхийдөө ахуйн байдалдаа уягддаг. Энэ бол эмэгтэй хүний карьерт тохиолдол нэг том даваа ч гэж хэлж болно. Та үүнийг хэрхэн давж байна вэ?

-Би анхны хүүхдээ төрүүлээд ийм асуудалтай тулгарч байсан. Төгссөнөөсөө хойш “PwC” компанид орж ажиллахыг маш их хүсэж байлаа. Энэ байгууллагад ороод миний мөрөөдөл биелчихлээ гэж бодоод байж байтал би жирэмсэн болсон. Жил ч хүрээгүй декритээ авах болоход миний боломжууд хязгаарлагдаж байгаа юм шиг, тэнгэр нурж байгаа юм шиг санагдсан. Хэсэг хугацааны дараа ажилдаа ороход юмаа мартсан, удааширсан, дээр нь долоон сартай хүүхэд рүүгээ яараад л... Тухайн үед би нөхөртөө уур уцаараа гаргаад хэцүү байсан. Гэхдээ би ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, би өөрөө шийдэх юм байна, юм болгонд хугацаа байгаа гэдгийг ойлгосон. Түр өөрийнхөө карьерийг хойшлуулая, гэр бүлээ нэгдүгээрт тавья, үр хүүхдээ сайн өсгөе гэсэн шийдвэр гаргасан. Залуу байгаа юм чинь карьер хөөж болно гээд юманд хүлээцтэй хандсан. Ерөнхийдөө төлөвлөгөө гаргаж сурсан гэх юм уу даа. Тэгээд ер нь бүх юм жин тан болж амьдрал тэгширсэн, үр хүүхэд ч сайхан өссөн, ажил ч гэсэн сайхан болсон.

-Карьер болон гэр бүл дээр үргэлж зөрчил гардаг. Хамтад нь аваад явах боломж яг байна уу?

-Тухайн үед намайг хариуцаж байсан ментор надад шударгаар хэлсэн. Чи аль нэгийг нь сонгож, нэг асуудлаа шийдсэнийхээ дараа, дараагийн асуудлаа шийд гэсэн. Би гэр бүлээ нэгт, ажлаа хоёрт тавьсан. Тухайн үедээ албан тушаал ахиагүй ч гэсэн би тэрэнд сэтгэл дундуур байгаагүй. Яагаад гэвэл гэр бүлийн хажуугаар ажлаа хийж чадаж байна гэдэг хангалттай гэж үзээд тайван байсан. Мөн нэг жил асрагч авъя гэдэг шийдвэр гаргасан. Хүүхэд  ганцхан удаа нэг настай байна. Нэг хоёрхон жил тэвчээд өөрийхөө хүсэл эрмэлзлийг хаялгүйгээр дараа дахиад тэр ажилдаа илүү сайнаар хандаж болно. Түрхэн зуурын асуудал гэдгийг бодож тунгаах хэрэгтэй. Мэдээж хажууд дэмжиж ярилцах сайн хань, найз, ментор байвал тустай. Өөрийхөө эгог түр дарж чадаад гэр бүлээ сонгосон сонголт миний хувьд бол буруутаагүй.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?  

-Манай аав Орост ээж Унгарт төгссөн. Бид багадаа бас Орос, Унгарт амьдардаг байлаа. Манай ээж их ажилсаг хүн бий. Янз бүрийн гоё хоол хийдэг, талх боов барьдаг, ногоо дардаг, ерөөсөө л хэн ч хэдэн цагт ч орж ирсэн хүнийг дайлдаг, бэлэг өгдөг тийм уур амьсгалд өссөн. Аав бидэнд ном уншиж, үлгэр ярьж өгдөг. Шийдвэр гаргах үед, бид нарыг нас бага гэлтгүйгээр чи хувь хүн, энэ гаргах шийдвэр өөрийн чинь ирээдүйн үйлд хамаатай учраас чи шийдвэрээ өөрөө гарга гэсэн арга ухаанаар хүмүүжүүлсэн. Хүүхэд өөрөө шийдвэр гаргах нөхцөл боломжийг бид нарт багаас нь өгч, эрт бие даалгаж сургажээ. Мэдээж гаргасан шийдвэр дээр ээж аав дүгнэлт, санал бодлоо хэлнэ. Гэхдээ хүүхэд гэхээр л аав ээж нь чи ингэх ёстой, чи тийшээ явах ёстой гэсэн зүйл байгаагүй.

-Таны нөхрийн ямар зан чанар нь таалагддаг вэ, хэрхэн хоорондоо зохицож гэр бүлээ авч явдаг вэ?

-Бид хоёр анх танилцаад амьдрахад шударга, нээлттэй, хөгжилтэй санагдсан. Одоо ч гэсэн тэр хэвээрээ. Хоорондоо санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Нэг нэгнээ аль болох чадлаараа харилцан дэмждэг. Ер нь анх уулзахдаа ямар байсан яг тэр хэвээрээ л байгаа гэж боддог. Хүүхдүүдээ хайраар өсгөе, хамт хөгжилдөж, гоё дурсамж үлдээе гэж бид хоёр их ярьдаг.  

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Хийсэн ажлуудаа хардаг. Хүүхдүүдтэйгээ инээлдээд тоглохоор ерөнхийдөө сэтгэлээр унасан зүйл мартагддаг. Сонирхдог зүйлүүдээ хийхийг боддог. Тэрийг олохын тулд маш олон төрлийн юмыг хийж үзэх хэрэг гарна. Тэгэхгүй бол мэдэхгүй нуугдмал авъяасууд ч байж магадгүй шүү дээ.  Миний хувьд загварын шоунд явах дуртай, айхгүйгээр авангард янз бүрийн хувцас өмсөөд шоу эвентд оролцох дуртай, клуб орж бүжиглэх дуртай. Ер нь бол стрессээ хэн нэгэнд нялзаахгүйгээр нэг бол спотоороо тайлна, нэг бол бүжиглээд л болоо.  

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг хүнд харагдах вий гэхээс айдаг. Мэдэхгүй чадахгүй зүйлээ би мэдэхгүй чадахгүй гэж хэлнэ. Буруу замаар орохгүй, худлаа хэлэхгүй байхын төлөө явдаг. Нөлөөнд автчихгүй байх юмсан гэж их боддог. Айдас, эргэлзээ, итгэлгүй байдал аливаа зүйлийг хийж чадахгүй мэдэхгүйгээс төрнө. Ийм бодол орж ирэх үед өөрийгөө хангалттай биш гэж үзэн тухайн чиглэлээр илүү судалж, уншиж, чадвараа сайжруулахыг хичээдэг. 

-Буруу замаар орохгүй байхад юу хамгийн их тус болж байна?

-Миний зорилго, зорилт төлөвлөгөө. Хүн яг бичээд, бичсэн төлөвлөгөөгөө ажилтайгаа уялдуулаад, хянаад, дүгнээд явах үед жижиг асуудлууд гарч ирэхэд сандардаггүй. Бид бичихгүй зүгээр л яриад байдаг. Хувь хүн ч гэсэн өөрийхөө амьдрал, хүсэл, зорилго, тэмүүлэл бүх юмаа бичиж байвал дээр юм байна лээ. Яг цаг тухайд нь өөрийгөө үнэлэж дүгнээд би хаана явж байна, би зөв юм хийгээд байна уу гэж бодох хэрэгтэй.  Ядаж бусдын нөлөөнд автах гээд байвал бичсэн юмнуудаа харахаар зөв замаар явж байгаагаа олж хардаг.

-Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

-Өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй байхын тулд хийж байгаа зүйл, хэлж байгаа үгэндээ эзэн болдог, гэр бүлээ сайхан авч явдаг, асуудлыг бусдад хүндрэл дарамт учруулалгүйгээр тунг нь  тааруулаад амьдарч байгаа эмэгтэйг хэлэх болов уу.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Хийе гэж зорьсон бол эцсийг нь үз. Энийг л би амьдарлынхаа зарчим болгож явдаг.  

холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Аяллын тэмдэглэл: Шанхай хотоор аялагчид юу үзвэл тохиромжтой вэ?
2
16 цагийн өмнө
Хэрэв бид фэйсбүүк, инстаграм орохоо боливол жилд 200 ном унших боломжтой
3
17 цагийн өмнө
Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт болно
санал болгох
1
17 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
21 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
21 цагийн өмнө
Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.03 202.131.254.202

Гайхалтай! Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг хүнд харагдах вий гэхээс айдаг. Мэдэхгүй чадахгүй зүйлээ би мэдэхгүй чадахгүй гэж хэлнэ. Буруу замаар орохгүй, худлаа хэлэхгүй байхын төлөө явдаг. Эдгээр үгс сэтгэл хөдлөгөлөө.

0 Хариулах