Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хабиб Нурмагомедовийн ярилцлагын хамгийн сонирхолтой хариултууд

Намайг унагааж чадах цорын ганц хүн бол аав.


UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор МакГрегорыг ялснаасаа хойш ганц удаа л товч ярилцлага өгсөн. Харин өчигдөр тэр хоёр газар тун дэлгэрэнгүй ярилцлаа. Хабиб ийм удаан ярьж байсан удаагүй. Эхлээд тэр "Москва-Сити"-д ивээн тэтгэгч танилцуулах ёслолд оролцсон. Дараа нь "Олимпийский"-д "Synergy Global Forum"-ын үеэр ярилцлага өгсөн.

Өдрийн 13 цагт Хабиб энергийн ундаа үйлдвэрлэгч "Gorilla Energy"-тэй сая долларын гэрээ байгуулснаа  зарласан. 

"Gorilla Energy"-тэй байгуулсан гэрээнийхээ талаар
"Сүүлийн тулааны дараа ивээн тэтгэлт, зар сурталчилгааны олон гэрээний санал ирнэ гэж бид хүлээж байсан. Үнэхээр багагүй тооны гэрээний санал ирсэн, ирсээр байгаа. Яагаад Gorilla гэж үү? Энэ компани зөвхөн надад биш баг, хамт олонд минь гэрээ байгуулах санал тавьсан болохоор сонгосон. Тэд "Хабиб бүгд чамтай хамтран ажиллахыг хүсч байна. Харин бид танай багтай гэрээ байгуулж, залуу тамирчдыг ч дэмжих хүсэлтэй байна" гэж хэлсэн. 

Мэйведертэй тулалдах уу
"Үлдэх өв, авах мөнгөний хувьд Мэйведертэй тулалдах нь Тони Фергюсонтой үзэлцэхээс хамаагүй илүү сонирхолтой. Хүмүүс аваргыг ялагдахыг харах дуртай байдаг. Мейведерийн тулааныг яагаад хүмүүс худалдан авдаг вэ гэвэл тэр ялагдаагүй аварга болохоор тэр. 50 тулаан, 50 ялалт. Ялагдаж үзээгүй хоёр аварга гэдгээрээ бидний тулаан олны анхаарлыг ихэд татна. Хэвлэл мэдээлэл төдийгүй манай багийн залуус ч боксоор намайг ялна гэдэгт итгэлгүй байгаа нь тулалдах сэтгэлийг улам төрүүлж байгаа"

Тулааны үеэр Конортой юу ярьсан бэ
"Торон дотор ярилцаад байсан зүйл байхгүй. Намайг зүгээр байсныг та нар харсан. Харин Конор хэлээ мартсан уу, ямар ч гэсэн харилцах хүсэлгүй байлаа. Би түүнд "Алив, одоо ярилцья" гэж хэлсэн. Тэр "Энэ бол зүгээр л бизнес" гэж хариулсан. Намайг тайвшруулах гэж бодсон байх л даа"

Тор даван үсэрсэн талаараа
"Жил хагасын өмнө Краснодарт манай багийн Тагир Уланбеков бүсийн төлөө зодолдож ялахад бид бүгдээрээ торонд гүйн орж байв. Fight Nights холбооноос биднийг шагналын мөнгөний 30 хувиар торгож, манай аав ч их уурласан. Би аавдаа дахиж торонд дайран орохгүй гэж амалсан. Харин торноос үсрэн гарахгүй гэж амлаагүй болохоор тор давсан хэрэг. Цаашдаа бид биеэ барьж, торонд дайрч орохгүй, үсэрч гарахгүй байх болно"

Фэнүүдийн талаар
"Олон нийтийн сүлжээнд хэр нөлөөтэй вэ гэдгээ огт боддоггүй байлаа. Сүүлийн үед л бодож эхэлж байна. Инстаграмаа би өөрөө хөтөлдөг. Ямар ч асуудал байхгүй. Хааяа таслал орхигдуулдаг ч дүрмийн алдаагүй бичиж чадна. Би улстөрөөс хол байхыг хүсдэг. Хэрэв хүн нийгэмд ашиг тустай байхыг хүсвэл заавал хаа нэгтэй депутат болох шаардлага байхгүй"

Орост Конорыг дэмжсэн хүн олон байсан талаар
"Энэ бол спорт шүү дээ. Хэнийг дэмждэг, түүнийгээ л дэмжинэ. Би Хабиб байна, намайг заавал дэмж гэж хэн ч шаардахгүй. Жишээ нь, би "Реал" Мадрид багийг дэмждэг. "Барса"-гийн фэнүүд яагаад гэж бодож байгаа байх. 1998 онд нэг тоглолтыг нь үзээд л шууд хайртай болсон. Одоо ч үздэг. Хөгжөөн дэмжигчдэд чи энийг дэмжих ёстой гэж хэн ч тушааж чадахгүй"

Конор бууж өгөхөд юу бодсон бэ
"Конор гар алгадан бууж өгөхөд би их харамссан. Түүнийг дэмжихээр энэ олон мянган хүн ирсэн байхад тэр бууж өгч байдаг. Хэрэв торонд орсон бол эцсээ хүртэл тулалдах хэрэгтэй. Түүнийг бууж өгөхөд би дотроо "Энэнтэй үзэлцэх гэж би ийм олон хоног бэлтгэл хийж, хөлсөө асгаруулсан гэж үү" гэж бодсон"

Өдрийн 16 цагт Хабиб "Олимпийский"-д Тина Канделакигийн асуултад хариулж байлаа.

Хүмүүжил
"Бөхийн дэвжээн дээр хөлд орсон гэж хэлэхэд болно. Аав гэртээ спортын заал барьсан болохоор би тэнд л үргэлж байдаг байв. Гэртээ суугаад тамхи татаж, архи уудаг хүн хүүхдээ спортын танхимд очиж, хичээлэл гэж хэлж чадахгүй. Өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Сайн аавтай би азтай хүн. Одоогийн залуусын гол дутагдал нь тэд маш их завтай. Хүүхэд чөлөөт цаггүй байх ёстой. Хичээл, бэлтгэл дууссан ч аав надад хийх юм заавал олдог, хийлгэдэг байлаа. Хийлгэдэг гэдэг маань 17 насны шилжилтийн үе. Аварга болохоор хичээж байгаа ч гадуур зугаалмаар санагдана. Энэ үед хянаж байх хэрэгтэй. Хэрэв амжилт гаргахыг хүсч байвал 100 хувь анхаарлаа хандуул"

Аавынхаа талаар

"Одоо ч би аавыгаа эсэргүүцэж чаддаггүй. Намайг унагааж чадах цорын ганц хүн бол аав. Бага байхад түүнтэй санал нийлэхгүй зүйл байсан ч хэзээ ч "Би энийг чадахгүй" гэж бодож байгаагүй. Учир нь аав хүн чадахгүй юм хийлгэх гэж оролдохгүй. Намайг аав хамгийн сүүлд 18 настай байхад шийтгэсэн. Надруу залгахад нь би утсаа аваагүй юм. Харин аав үүнийг мэдчихсэн. Яаж шийтгэсэн гэж үү? Надтай юм ярихаа больсон"

Боловсрол
"Манай гэрт Ожеговын тайлбар толь байлаа. Бэлтгэлийн дараа би тэр номноос 10 хуудсыг хуулан бичдэг байлаа. Бас "Улс орон, ард түмэн" гэдэг ном байсан. Тэр номноос 3 хуудсыг аавд ярьж өгөх үүрэгтэй байсан. Би тэр үед 8 дугаар ангид сурч байсан ч орос хэлэндээ тааруухан. Энэ толь бичиг надад их зүйл өгсөн. Дараа нь Махачкалагийн турк коллежид суралцаж, англи хэл сурсан. Хотод оросоор яриад, физик, химийн хичээл англи хэл дээр, зарим нь турк хэл дээр орж, бөөн холион бантан. Би авар хэлний толь байна уу гээд л. Сурлага муу, сахилгагүй, зодоон хийдэг гээд тэндээс гарахаас өөр аргагүй болсон. Буцаад жирийн сургуульд орохдоо харин бусадтайгаа ижил амжилттай суралцсан"

Айдас
"Бурхан биднийг ийм мэдрэмжтэй бүтээсэн. Надад ч айдас байдаг. Энэ айдсаа давж чадсан хүн бол хүчтэй хүн. Айдас ирэхэд бууж өгөх, даван гарах гэсэн 2 л зам бий. Үүнд л амжилт гаргасан, дампуурсан хүмүүсийн гол ялгаа оршиж байгаа юм. Мөнгө, эрүүл мэндээ алдах бий гээд хүн болгонд айдас бий. 2015 онд 3 удаа хагалгаанд ороод аавдаа "Энэ Бурханы тэмдэг юм болов уу. Зодог тайлах уу" гэж хэлэхэд аав "Бууж өгөхгүйн тулд ийм сорилт хийж байгаа юм. Явж бэлтгэлээ хий" гэж хэлсэн. Эрчүүд ч уйлдаг. Хэдэн өдрийн өмнө өвөө минь нас барахад би уйлсан"

Конорын тухай
"Тулааны өмнө би "Хэзээ энэнтэй тулалдах бол. Бидний хэн нэг нь өмнө нь битгий гэмтчихээсэй. Хурдан тулалдах сан" гэж бодож байлаа. Түүний хэлж байсан үгнүүдийг хэн тоох билээ. Нохой хуцаж л байдаг. Гэхдээ тэр миний өрсөлдөгч болохоос дайсан биш. Би хэзээ ч бууж өгдөггүй. Конорыг зугтах газаргүй болгоход тэр бууж өгдөг"

Мөнгө
Анхны 100 мянган доллараараа аавдаа машин худалдан авч өгсөн. Үлдсэн нь хоол унд гээд л алга болсон. Мөнгө надад байвал маш найдваргүй. Тиймээс ах маань миний мөнгийг хянаж, зохицуулж байдаг. Эдийн засгийн сургууль төгссөн болохоор толгой нь булчингаас нь илүү сайн ажилладаг залуу. 30 нас хүрлээ, машин аваагүй л байна. Шинийг авснаас бэлгийн машинаа унасан нь дээр. Сайн хүний гарт байгаа мөнгө бол сайн мөнгө. Өөрийгөө хэлж байгаа юм биш шүү. Миний авсан бүх зүйл Дагестанд байгаа. Гэхдээ хөрөнгө оруулах юм бол янз бүрийн газарт оруулна. Би бизнес төсөл боловсруулж эхлээд удаагүй байна. Энэ талаар мэдлэг дутуу болохоор хүмүүстэй зөвлөж, ярилцаж байгаа" 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.