Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of Ulaanbaatar: КООСЭН

"Гэрэг: КООСЭН" сэтгүүлд нийтлэгдсэн Humans of Ulaanbaatar цувралын нэгэн дугаарыг хүргэж байна.


"Гэрэг: КООСЭН" сэтгүүлд нийтлэгдсэн Humans of Ulaanbaatar цувралын дугаарыг хүргэж байна.

1. Г.Оргил
 
Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн IV курсийн оюутан
 
Би Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан. Монголдоо “Шинэ Монгол” ахлах сургуулийг төгсөөд Японы Засгийн газрын тэтгэлгээр коосэнгийн хөтөлбөрөөр энд ирсэн. Нагаока Коосэн сургуулийг төгсөөд өнгөрсөн жил Токиогийн Цахилгаан холбооны сургуульд элссэн. Коосэнгийн сургалт нь хүүхдүүдэд онол, практик хосолсон мэдлэг олгодгоороо давуу талтай. Өглөө үзсэн онолын хичээлээ үдээс хойш туршилт хийж, баталдаг. Мөн Коосэн сургуульд дунд ангиа төгсөөд элсдэг учраас ахлах сургуулийн гурав, их сургуулийн хоёр жилийн сургалтаар нийт таван жил сурдаг. Энгийн их сургуулиас ялгаатай нь анги хамт олноороо секц, дугуйланд явах боломжтой болохоор ахлах сургууль шиг л байдаг. Багш нар нь ч оюутнууддаа нэг бүрчлэн анхаарал тавьж, тулж ажилладаг.  
Коосэнгийн сургалт нь дайны дараа Японыг хөл дээр нь босгосон гэлцдэг юм билээ. Миний бодлоор энэ үнэний ортой санагдсан. Ажил дээр гараад шууд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэхийн тулд коосэн системийг оруулсан гэдэг. 

Японы багш нар хүүхдүүдэд та нар бол үйлдвэрлэгч гэсэн сэтгэхүйг тултал нь ойлгуулж хичээлээ заадаг бол Монголд хэрэглэгч гэсэн үүднээс заадаг нь хамгийн том ялгаа юм шиг санагдсан. Би багадаа сансрын нисэгч болно гэж мөрөөддөг байлаа. Харин одоо болж чадахгүй ч Монголынхоо сансар, хиймэл дагуулын салбарт нь хувь нэмэр болох хүсэлтэй явдаг. Одоогоор сураад л явж байна. Сансрын нисэгч гэлтгүй хүн том мөрөөдөл тээж, алсын хараатай явах ёстой болов уу гэж боддог. Мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэвэл биелүүлж чадахгүй байсан ч их зүйлд хүрнэ байх. Сургуульд сурч мэдлэг боловсролтой болохоос гадна хамт олонтой байх нь маш чухал. Олон төрлийн хүсэл сонирхолтой, сэтгэхүйтэй хүмүүстэй хамт сурахад тэндээс өөрийгөө олж, нээж байгаа юм шиг санагддаг. 


2. Хирофүми Кувабара
 
Япоын үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын захирал 
 
Би Монгол дахь коосэн Төлөөлөгчийн газрын захирлаар энэ жилийн тавдугаар сараас ажиллаж байна. Би Япон улсын Сүзүка Коосэн Технологийн коллежид багш, судлаачаар олон жил ажиллаж байгаад Мияконожо Коосэн Технологийн коллежийн захирлаар томилогдсон. Ингэж л би коосэнтой холбогдсон түүхтэй. 
Япон улсын хэмжээнд улсын 51 коосэн Технологийн коллеж байдгаас Хачиоже хотод коосэн Өндөр түвшний технологийн боловсролын хүрээлэнгийн төв байгууллага нь байрладаг юм. Монгол дахь төлөөлөгчийн газар маань Монголын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй инженер, боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 2016 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн. Харилцааны соёлтой, бусад орны ёс заншил, соёлыг ойлгодог, өөрчлөлтийг даван туулах чадвартай, мэдлэгээ ашиглан асуудлыг шийдвэрлэж чаддаг инженерийн хөгжил бидэнд хэрэгтэй. Ийм чадвартай залуучуудыг хөгжүүлж, практик мэргэжлийн боловсролыг эзэмшихэд коосэн технологийн коллеж хамгийн тохиромжтой. Бүтээлч, бие даасан байдал, хийж гүйцэтгэх чадварыг бий болгох нь коосэнгийн онцлох салбар боловч, одооноос эхлэн менежментийн ур чадварыг хавсран олгож байна. Бизнес эрхлэх, оюуны өмчийг бий болгох, ашиглуулах мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нь чухал. 
Монголд гурван  коосэн Технологийн коллеж байгуулагдаад дөрвөн жил болоод анхны төгсөгчид маань ирэх жил сургуулиа дүүргэнэ. Миний хувьд коосэн төлөөлөгчийн газрыг хөгжүүлэхийн төлөө, захирлаар ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг. Чадварлаг хамт олны тусламжтайгаар бидний ажил тогтвортой хөгжин дэвшиж байна. Цаашдаа ч энэ эрчээрээ хамтран ажиллахыг хүсье. Би хүний сэтгэл зүрх хайраар дүүрэн, эрдэм мэдлэгээр баялаг байхдаа бусдад хэзээ ч ялагдахгүй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг нэгэн.

3. Ака Томохиро 

“Skeletonics” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Аав маань барилгын ажил хийдэг байсан болохоор мужааны багаж хэрэгсэл гэрт хаа сайгүй байдаг байлаа. Би урлан бүтээх зүйлд дуртай хүүхэд байсан. Ялангуяа цаасан урлалд маш их дуртай. Олон янзын цаасан урлал хийгээд бүгдийг нь угсарч нэг бүтээл болгоно. Цаасан урлалын ном уншиж, бүтээх зүйлийнхээ талаар судлах нь хүүхэд насанд минь тогтсон зан. Энэ зан маань одоогийн “Skeletonics”-ын бүтээлд нэмэр болсон гэж боддог. 
Би 2005 онд Окинава Коосэн Технологийн коллежид 16 настайдаа элссэн. 2004 онд “Коосэн робокон” тэмцээнд Окинавагийн Коосэн сургуулиас оролцож байсан баг тамирчдыг зурагтаар үзээд робот үйлдвэрлэлийн дугуйланд явж эхэлсэн. Анх “Коосэн робокон” тэмцээнд оролцохдоо маш их бэлдсэн ч ялагдчихсан. Сэдэв нь “Саадтай тэмцээн”. Харамсалтай нь манай багийн робот эхлэх зурааснаасаа ч хөдлөөгүй. Энэ ялагдлаас маш ихийг сурсан. Үнэндээ бидэнд технологийн мэдлэг дутуу байгааг тэгэхэд л мэдэрсэн дээ. “Коосэн Робокон” тэмцээнд шинэ санаа, технологийн дэвшил гол үзүүлэлт хэдий ч төслийн менежмент нь илүү чухал. Тэмцээнд анх оролцсоноос хойш гурван жилийн дараа 2008 онд түрүүлж байлаа. Тэргүүн байранд орсон загвар маань 2 хөл дээрээ явдаг робот. Араг ясан загварт багцалж хийсэн нь дэлхийд анхных гэж боддог. “Коосэн робокон” тэмцээнээс хуримтлуулсан туршлага маань ганцхан техникийн тал дээр биш, төслийн менежментийн тухай өргөн ойлголттой болгосон. Манай роботын дугуйлангийн сурагчдыг харсан техникийн ажилчид биднийг “Цэрэг шиг харагддаг” гэж  ярьдаг байлаа. 

“Коосэн робокон” тэмцээн бол багийн спорт юм. Багийн гишүүн бүр хариуцсан ажлаа сайн хийх ёстой. Яг л бэйсболын баг шиг. Миний хувьд нэг зүйлд төвлөрөхөөрөө тухайн бүтээлийнхээ гүнд улам ордог. Дуртай зүйлээ хийхээр дэлхийг өөр өнцгөөс илүү өргөн харж эхэлдэг. Бүтээл хийх бол миний амь амьдрал. Одоогийн амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг.


4. Ш.Буянжаргал 

“Шинэ Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал 

Би санадаг юм. Намайг 13 настай байхад буюу 1995 оны үед картын барааны үе байлаа шүү дээ. Хүмүүс хулгай хийж, нэгнээ хулхидаж, ороо бусгаа үед аав, ээж маань ч сэтгэлээр унаж, санаа зовж байв. Тэгээд надад “Чи эх орондоо ганц л сайн зүйл хий. Чамаас өөр зүйл хүсэхгүй” гэсэн даалгавар өгч байлаа. Түүнээс хойш эх орноо хөгжүүлэхэд юу хийж чадах тухайгаа удаан байсан. Тэгээд Монголд коосэн боловсролын тогтолцоог нэвтрүүлэх санаачлагыг А.Ганбаяр бид хоёр Японд байхдаа гаргаж байлаа. Олон хүнтэй уулзаж, тайлбарлаж, хөдөлмөрлөсний дүнд өнөөдөр Монголд коосэн загварын гурван сургууль загвар болжээ. Гэхдээ энэ бол сургууль байгуулаад л дуусах юм биш, үүний цаана Монголд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх зорилго бий. 
Аливаа зүйлийг бүтээхэд заавал золиос гаргадаг. Бид хоёрын хувьд хувийн аз жаргал, ахуй амьдралаа золиослоод л Японд байсан ажлаа орхиод наашаа зүтгэсэн. Өнөөгийн үр дүнд хүрэх, түүнийг бий болгох зам амар, хялбар байгаагүй. Найз маань жилийн өмнө нас барсан. Хэрэв найз минь хувийн аз жаргалаа нэгдүгээрт тавьсан бол өдийд амьд байхыг ч үгүйсгэхгүй. 
Коосэн гэж үгийг утгачилбал Коо буюу өндөр, Сэн буюу мэргэжил гэсэн үг. Өндөр мэргэжилтэн бэлтгэх боловсролын тогтолцоо нь инженер, технологийн боловсон хүчнийг өсвөр наснаас нь буюу 15 наснаас нь бэлтгэж эхэлдэг таван жилийн цогц хөтөлбөр. Бие хүн болж төлөвших үе ч учраас 15 наснаас эхэлдэг энэ сургалт маш чухал. Сургалтын онцлог нь онол заана, онолыг туршилтаар баталгаажуулна, дараа нь дадлага хийж мэдлэг чадвараа өөрийн болгодог. Мөн аж үйлдвэрийн салбарт дадлагажуулж, төгсөх ангид нь ажилтан гэж хэн болох, үүрэг хариуцлага нь юу байдаг, өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг сургадаг. Бид дөрвөн жилийн хугацаанд хүүхдүүдээ Японы болон Монголын компаниудад дадлага хийлгэлээ. Манай дөрөвдүгээр курсийн 17, 18 настай хүүхдүүд аль хэдийнэ компаниудад цагийн ажил хийж, цалин авч байгаа. Төгсөхөөр нь ажиллуулахаар урьж буй Япон, Монгол компаниуд ч бий. Өнөөдөр Монголд чадварлаг боловсон хүчнүүд гарч байгаа ч үнэндээ аж үйлдвэрүүд дээр очоод бодит үнэлгээгүй байна шүү дээ. Баялгийн дахин хуваарилалт хангалтгүй байна. Дунд шатны хэдэн менежерт “дусал” өгчихөөд гүйцэтгэгчдэд “үнэртүүлээд” орхичихдог. Өөрсдөө хийдэг, зөв үнэлүүлдэг, экспортод гардаг, валют олдог баймаар байна. Би 2027 он гэхэд экспортод бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байгуулах зорилготой. Чадварлаг инженер, технологийн ажилтнуудаа сэтгэл хангалуун ажиллах боломжоор хангамаар байна. Тиймээс 2025 он гэхэд юу хийх нь, яаж хийх нь тодорхой болчихсон байх ёстой. Ирэх хавар төгсөх анхны төгсөгчид маань энэ хугацаанд сурах нь сураад, ажиллах нь ажиллаад бүрэн боловсорсон жимс мэт болох байх аа.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
2
2018.11.29
КООСЭН: “Манайхан чадна аа”
3
2018.11.27
“ГЭРЭГ: КООСЭН” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
25
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.