Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

КООСЭН: “Манайхан чадна аа”

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Коосэн-2” баг Монголд болсон робокон тэмцээнд “Чанцалдулам”, “Дува Сохор” нэртэй хоёр роботоор оролцож, IV байр эзэлсэндээ маш их баярлажээ


М.Халиунаа (Баруун гар талаас хоёр дахь нь) багш, оюутнуудын хамт

Өсвөрийн инженер хүүхдүүд тусгай даалгавар биелүүлэх зорилготой робот бүтээж өрсөлддөг “ABU Robocon” тэмцээний дүрмийг тухайн жил зохион байгуулж байгаа улс нь шинэчлэн гаргадаг. Энэ жил Вьетнам “ném còn” буюу өдөн бөмбөг шидэх даалгавар зохиосон бөгөөд энэ нь Вьетнамын соёлд нөхөрлөл, баяр наадмыг бэлгэддэг үндэсний тоглоом аж. ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Коосэн-2” баг Монголд болсон тэмцээнд “Чанцалдулам”, “Дува Сохор” нэртэй хоёр роботоор оролцож, IV байр эзэлсэндээ маш их баярлажээ. Спортын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан IV байрыг хүмүүс төдийлэн баярлаж хүлээж авдаггүй бол роботуудын тэмцээнд энэ бол том амжилт. Тэгэхдээ бүр коосэн технологийн сургуулиас анх удаа оролцож ийм амжилт үзүүлсэн нь бүр ч бахдаж явдал болжээ. “Чанцалдулам”, “Дува сохор” хоёрыг 16 настнууд бүтээсэн юм.

Тэдний нэг М.Халиунаа Коосэн технологийн коллежийн анхны төгсөгч болохоор суралцаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд тулгуурлан инженер бэлтгэх зорилготой коосэн тогтолцооны сургууль 50 жилийн өмнө Японд байгуулагдсан бөгөөд 2014 онд Монгол дахь салбар нээлтээ хийсэн юм. 15 настай, инженер болох сонирхолтой хүүхдүүд таван жилийн хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд ирэх онд Монгол дахь салбарын анхны төгсөгчид ажлын талбарт гарна. Дунд сургуульдаа физикийн хичээлд маш сонирхолтой байсан М.Халиунаа цахилгааны инженер болох мөрөөдлөө биелүүлэхээр  коосэн технологийн коллежид элсчээ. Тэдний хувьд “Робокон” бол мини-олимпийн наадам л гэсэн үг. М.Халиунаа багийнхаа цорын ганц эмэгтэй гишүүн байсан бөгөөд схем угсрах үүргийг гарджээ. Тэмцээнд автомат болон механик хоёр төрлийн робот хийх хэрэг гарч, бүтээсэн роботынхоо байр байдлыг нь хараад Чанцалдулам, Дува сохор гэх нэр өгөхөөр шийдсэн аж. Бөмбөг шидэгч роботоо мэргэн байгаасай хэмээн хүсч Дува сохор нэрийг хайрласан гэнэ. “Робокон тэмцээнд ороод маш их урам авсан. Анх удаа орж байж IV байр эзэлнэ гэдэг бидний хувьд том амжилт. Энэ тэмцээн ирээдүйн чадварлаг инженерүүдийг төрүүлэхэд маш их дэм болно” хэмээн М.Халиунаа даруухан хэлэв.

"Дува сохор"

"Чанцалдулам"
Коосэн технологийн коллеж япон дэг жаягтай. Энэхүү дэг, уур амьсгал М.Халиунааг илүү даруу, бас хүлээцтэй төлөв болгосон гэж өөрөө ярив. Дунд сургуульдаа их хөдөлгөөнтэй, дүрсгүй гэмээр охин байсан бол энэ сургуульд ороод илүү төвлөрч, бүтээлч байхыг эрмэлздэг болсон аж. Тэр ангийнхаа бусад хүүхдийн адил инженер болох шийдвэрээ эрт гаргажээ. Тийм болохоор цаг алдахыг хүсэлгүй хүсэл мөрөөдлөө дагаж энэ сургуульд орсон бөгөөд практик хичээл, дадлага түлхүү байдагт нь дурласан аж. Өдөр тутмын амьдралд гардаг элдэв асуудлыг шийдэх, илүү хялбар болгож хөнгөвчлөх нь инженер хүний гол үүрэг. “Инженерүүд асуудлыг шийдэх дуртай. Хэрэв эргэн тойронд нь нэг ч асуудал байхгүй байвал жинхэнэ инженер хүн шинээр асуудал үүсгэдэг” хэмээн Скотт Адамс хошигнож байсан удаатай. Харин М.Халиунаа болон түүний ангийнхан өөрсдийн гараар бүтээл хийхэд хичээлийн ихэнх цагаа зарцуулдаг. “Робокон” тэмцээн энэ сонирхлыг нь өдөөгч хамгийн том хүчин зүйлсийн нэг. 
Энэ жилийн “Робокон” тэмцээнд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежоос хоёр баг оролцсон бөгөөд “Коосэн-2” багийг Б.Болдмаа багш удирджээ. Өмнө нь ШУТИС-д багшилж байсан тэрбээр техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улсын технологи, инженерийн боловсролын ийм том тогтолцоо Монгол хөрснөө бууж, түүнд өөрийн гар бие оролцож байгаадаа баяртай явдаг. “15 настнууд юм сурахдаа их амар, сэргэг байдаг болохоор сурсан зүйл нь ой тоонд нь гүн бат үлддэг болов уу. Манай 15 настай хүүхдүүд их сургуулийн гурав, дөрөвдүгээр курсийн хэмжээний мэдлэг, дадал авсан байдаг” гэж Б.Болдмаа багш хэлэв. Энэ сургуулийн 15 настнуудын сурах бичиг үе тэнгийнхнээсээ их ялгаатай. “Дифференциал, интеграл тоолол”, “Шугаман алгебр”, “Хэрэглээний математик”, “Магадлал, статистик” гэхчилэн “өөр” номууд үзнэ. Коосэн технологийн коллеж одоогоор механикийн инженер, барилгын инженер, цахилгааны инженер гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч байгаа аж. Хэрэв хэлээ сайн сураад төгсвөл Японд ч ажиллах эрх нээгддэг. Монголын их сургуульд дөрвөн жил төгсөөд шууд л Японд очиж ажиллана гэдэг хэцүү байдаг бол коосэний сургалтын хөтөлбөрөөр таван жил сураад төгссөн хүүхдүүд Японд ажиллах магадлал нь их. 
 
М.Халиунаагийн оролцсон “Коосэн-2” баг энэ жилийн “Робокон” тэмцээнд түрүүлж чадаагүй ч гэсэн том дуулиан тарьж амжсан. Насны хувьд тэд хэдий “балчир” байсан ч тэдний бүтээсэн “Дува Сохор”, “Чанцалдулам” хоёр өрсөлдөгч роботуудын дунд балчирдаагүй аж. Улмаар эхний шатанд өрсөлдөгчөө цэвэр хожиж “Онцлох баг” гэсэн шагнал гарджээ. Тэдний зорилго ирэх жилийн “Робокон” тэмцээнд түрүүлэх. 2019 оны Робокон тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах учраас тэд бэлтгэлдээ удахгүй орно. Бас ирэх онд М.Халиунаа ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн анхны төгсөгч болж, ажлын талбарт гарна. 

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн багш Б.Болдмаа

М.Халиунаа болон түүний багийнхан “Робокон” тэмцээнд анх удаа оролцсон учраас мэдэхгүй чадахгүй зүйлс маш их тохиолджээ. Тэр бүрд Б.Болдмаа багшийн “Манайхан чадна аа” гэх үг үргэлж урмыг нь хурцалж, асуудлаа хамтаараа шийдэхэд нь хүч болно. Робокон тэмцээний үеэр “Дува Сохор” роботод гэмтэл гарч, ид тэмцээний үеэр багийнхан сандарцгаахад Б.Болдмаа багш өнөөх л “Манайхан чадна аа” гэсэн үгээ хэлж, тэд ч асуудлыг дорхноо шийдэж, ялалт байгуулжээ. Инженер хүн бол асуудлыг шийдэх арга, технологийг гаргадаг хүмүүс. Асуудал байгаа цагт инженерүүд байх л болно. Тэд байгаа цагт асуудал үгүй болох нь тодорхой. Учир нь манайхан чадна шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
2
2018.11.28
Humans of Ulaanbaatar: КООСЭН
3
2018.11.27
“ГЭРЭГ: КООСЭН” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
37
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.