"Ривер Плейт" "Бока Хуниорс"-ийг Мадридад хүлээн авна
Аргентиний эвлэрэшгүй дайснуудын тоглолт алдарт "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Өмнөд Америкийн Либертадорес Цомын тэмцээний финалд Аргентиний хоёр баг шалгаран үлдээд байгаа билээ. "Бока"-гийн талбайд болсон эхний тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, хариу тоглолт энэ сарын 24-нд болох ёстой байлаа.
Гэвч "Ривер Плейт"-ийн фэнүүд цэнгэлдэхэд ирж явсан "Бока Хуниорс" багийн автобусыг отолтонд оруулж, довтолсон билээ. Автобусны цонх хагарч, хэд хэдэн тоглогч шилний хэлтэрхийд зүсэгдэж бэртсэн. Цагдаа нар фэнүүдийг хөөн зайлуулах гэж нулимс асгаруулагч хий хэрэглэсэн нь байдлыг улам дордуулж, олон тоглогч хордон, эмнэлгийн тусламж авсан юм.
Ийм байдалд тоглох боломжгүй тул Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргасан. Танхай фэнүүдтэй "Ривер Плейт" багийг 400 мянган доллараар торгож, 2019 онд хийх 2 тоглолтыг нь үзэгчидгүй явуулах шийтгэл оноолоо.
Хариу тоглолтыг Аргентинд явуулах нь аюул осолтой гэж үзсэн тул Испанийн нийслэл Мадрид хотыг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо сонгосон байна.
12 дугаар сарын 9-нд Аргентиний эвлэрэшгүй дайснуудын тоглолт алдарт "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд явагдана.