Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Цаазын ялтнуудын дурлал буюу итгэмээргүй хайрын түүх

Санни, Петр хоёр ер бусын хувь заяагаар учирчээ. Тэдний нэг нь АНУ-д хийгээгүй хэрэгтээ сэжиглэгдэн 15 жилийн ял эдэлсэн бол, нөгөө нь Ирландад мөн л хийгээгүй хэргийнхээ төлөө 15 жилийг торны цаана өнгөрүүлжээ.


Санна Жакобс ба Петр Принл нар ер бусын хувь заяагаар учирчээ. Тэдний нэг нь АНУ-д хийгээгүй хэрэгтээ сэжиглэгдэн 15 жилийн ял эдэлсэн бол, нөгөө нь Ирландад мөн л хийгээгүй хэргийнхээ төлөө 15 жилийг торны цаана өнгөрүүлжээ.

Петр, Санни хоёрт бусад хосуудын л адил ижил сонирхол, хобби цөөнгүй бий. Тэд иогт дуртай, усан сэлэх, бясалгах дуртай, хөдөөгийн уужуу амьдралд татагддаг төдийгүй цагаан хоолтон. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй тэдний туулсан ер бусын амьдралын зам нь ч бас ижилхэн. Тэд 2011 онд гэрлэсэн бөгөөд танилцахаасаа өмнө хоёул хилсээр шийтгэгдэж цаазын ял сонсч байжээ. Санни 1976 онд Флоридад хоёр цагдаагийн ажилтны аминд хүрсэн гэж буруутгагдаж байсан бол Петр 1980 онд Даблинд мөн л ийм хилс хэрэгт яллагдаж байв.

Хийгээгүй хэргийнхээ төлөө Санни 17 жил хоригдсон бол, Петр 15 жил ял эдэлжээ. Энэ бүх хугацааны дараа тэдний буруугүй гэдэг нь батлагдаж эрх чөлөөгөө эргэн олж авсан аж. Ийнхүү ямархан аз золоор тэд учирч амьдралаа хэрхэн босгосныг дор өгүүлэх гэж байна.

Тэд 1998 онд танилцжээ. Санни суллагдсаныхаа дараа цаазын ялын эсрэг кампанит ажил эхлүүлсэн бөгөөд нэг удаа Ирланд явж “Эмнэсти Интернэшнл” байгууллагын арга хэмжээнд илтгэгчээр оролцсон юм. Галвай хотын пабад болсон түүний яриаг сонсохоор олон зочин ирсний дотор Петр байжээ. Хамгийн урд эгнээнд суугаад Саннигийн яриаг сонсч суусан Петр зовлон шаналлыг нь хамт мэдэрч, мөнхүү өөртэй нь адил хийгээгүй бүхнийхээ төлөө цаазын ял сонсч явсан хэн нэгэн байгааг хараад сэтгэл нь ихэд хөдөлжээ.

“Хэцүү нэртэй тэр газраас гарснаас хойш би надтай ижил зүдгүүр туулсан хэнтэй ч таарч байгаагүй” гэдгээ Петр учирлав. Тэрбээр одоо 74 настай бөгөөд ял авахдаа 41 настай байжээ. “Би Саннигийн түүхийг сонсоод үнэхээр гайхсан. Түүнтэй ярилцаж санаа сэтгэлийг нь ойлгож хуваалцах юмсан гэж бодсон. Сэтгэл зүрхний нандин холбоосыг би тэгэхэд мэдэрсэн” гэж Петр хожим дурслаа.

Амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөх тэр үед Санни 28 настай байжээ. Тухайн үед найз залуутайгаа, 9 настай хүү, 10 сартай охиноо аваад замд явж байж. Гэвч Флорида орчимд явж байхад нь машин нь эвдэрч Умард Каролина дахь гэр лүүгээ буцах хэрэгтэй болжээ. Ингээд найз залуугийнх нь танил Уолтер тэднийг хүргэж өгөхөөр болсон аж. Хожим хэрэгт хөтөлнө гэж зүүдлээ ч үгүй байсан ч, Уолтер Саннид “сэжигтэй” санагдаж байснаа тэр сүүлд санаж байв. Замд явахдаа тэр хүүхдүүдээ аваад арын суудалд дугхийсэн ч цонхыг нь тогших цагдаа нарын чимээгээр сэржээ. Үүнээс хойшхи явдлын утга учрыг тэр одоо ч олдоггүй бөгөөд тод санаж байгаа зүйл нь буун дуун... Ингээд л тэр баривчлагдаж, хүүхдүүдээсээ ч хагацав.

Уолтер хэргээс мултрахын тулд хосуудыг буруутай гэж мэтгэжээ. Санни найз залуутайгаа хамт цаазын ял сонссон байна. Гэхдээ ялыг гүйцэтгэтэл таван жилийн хугацааг Санни торны цаана өнгөрүүлжээ. Энэ үед тэрбээр иогаар хичээллэж эхэлсэн байна. Мөн хожим “Хулгайлагдсан цаг хугацаа” номдоо дурьдсанчлан “Итгэл найдвараа би хэзээ ч алдаагүй. Намайг торны цаана байлгаж болно, гэхдээ зүрх сэтгэлийг минь хэзээ ч үгүй” гэж байв.

Нарийн учрыг одоо мэдэхгүй ч Саннигийн цаазын ялыг өөрчилж, шоронд хорих болгосон байв. Харин найз залууг нь хэвээр яллаж цаазын ял гүйцэтгэжээ. Харамсалтай нь үүний дараа Уолтер үнэнээ хүлээж хосуудыг мэдээгүй байхад цагдаа нарыг буудсан гэдгээ хэлсэн байна. Аймшигт цаг хугацаа 10 гаруй жил үргэлжилсний хойно шүү дээ. Ингээд 1992 онд Санни эрх чөлөөтэй болов. Гэхдээ энэ эрх чөлөөг “эдлэхэд” түүнд амар байсангүй. Хэдийнэ 45 нас хүрсэн тэрбээр амьдралд дасан зохицох, өөрийгөө нийгэмд хэрхэн авч явах ёстой вэ гэдэгт эхнээс нь суралцах хэрэгтэй болжээ.

Санни “Би “амьдарч” сурах хэрэгтэй болсон. Ээж байхад суралцах, ер нь хүн болж нийгэмд аж төрөхөд суралцах хэрэгтэй болсон. Энэ бол маш амаргүй даваа байсан гэж болно. Туулсан бүхэн минь намайг хориод байсан гэхгүй ч, бодолд минь байгаад л. Гэхдээ арагш харж ирээдүйгээ туулах уу, эсвэл зүгээр л урагшаа тэмүүлэх үү гэдэг сонголт надад ирсэн” гэлээ.

Түүнийг шоронд байхад хүүхдүүдийг нь асарч байсан ээж, аав нь онгоцны ослоор өөд болжээ. Хүүхдүүд нь өсч, торних орчлонг таних хугацаанд ээж нь шоронд байв. Эргээд хүүхдүүдтэйгээ учраа олох нь түүний хамгийн эхний, хамгийн чухал даваа байлаа. Харин найз залуугаа аймшигтайгаар алдсан тул дахин хайр, дурлалтай учирна гэдэг төсөөлөх ч зүйл биш байлаа. “Би найз залуудаа маш их хайртай байсан. Түүнийг аймшигтайгаар амиа алдсаны дараа ч зүрх сэтгэлээсээ түүнийг холдуулж чадахгүй байлаа. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд би гурван жил шаналсан” гэж Санни дурсч байв. “Хэн нэгэнтэй дахин учирна гэхээс халширч байлаа. Хорвоод хүн бүр хосоороо байх албатай биш юм байна ч гэж бодсон. Гэтэл нэг л өдөр би Петртэй учирсан.”

Петр, Санни нар гэрлэлтээ батлуулж буй нь.

Галвэйд уулзаад өнгөрсний дараа Санни мэдээж Америк руу буцлаа. Гэхдээ тэд утсаар ярьж хүнд, бэрх цагийнхаа тухай ярилцаж тэр бүхнийг уучлахын тухай бие биедээ дэм болж басхүү хэн хэнийхээ сэтгэлийг анагааж байв. Ингээд Петртэй хамт байхын тулд Санни Ирландыг зорьжээ. Далайн эрэгт тэд амлалтаа хэлж, амьдралаа холбосон байна. Төдөлгүй 2011 онд Нью-Йоркт хуримын ёслолоо хийжээ.

Саннигаас хавьгүй өндөр, биерхүү Петр гэргийгээ бүхнээс хамгаалах нөмөр нөөлөг нь. Загасчин байсан түүний сахал, үс нь хэдийнэ бууралтжээ. Тэрбээр 1980 онд цаазын ял сонссон буюу Ирландын түүхэнд цаазын ял авсан сүүлчийн хүмүүсийн нэг юм. Ирландад 1990 оноос цаазын ялыг хасч, 2002 оноос Үндсэн хуулиар хориглосон юм.

Петр тэр үед цагдаагийн хоёр албан хаагчийг буудсан хэрэгт буруутгагджээ. Цагдаа нар банк дээрэмдсэн багтай этгээдүүдийг хөөж явсан аж. Цагдаагийн машин гэмт этгээдүүдийн машинтай мөргөлдөж, хэрэгтнүүд цагдаа руу гал нээж зугтааснаар орон даяар эрэн сурвалжлагдаж байжээ.

Петр мэдээж ийм зүйлд хутгалдана гэж төсөөлж ч явсангүй. Дөрвөн хүүхдийнх нь ээж, эхнэрээсээ салаад байсан тул хүүхдүүдтэйгээ л цагийг өнгөрөөх тухай бодож байв. Гэвч нэг л мэдэхэд шүүх танхимд танихгүй хоёр залуугийн хамт цаазын ял сонсчээ. Хэрэг үйлдээд зугтаж явсан этгээдүүд машиныг нь булааж, тэнд байсан хувцас нь Петрийг хэрэгт холбогдуулах сэжим болжээ. “Торны цааны байх хугацаанд намайг алах хүртэл би өөртөө үнэнч байна. Миний оюун ухаан, сэтгэл зүрхийг тэд хорьж чадахгүй гэж боддог байлаа. Би үхэхээс айдаггүй байсан. Харин эрхэм чанараа алдаж үхэхээс л айж байсан” гэв.

Петр амиа алдана гэдгийг мэдэж байсан тул бясалгал хийж, өөртэйгээ байхад анхаарч байв. “Би хүүхдүүдээ л боддог байлаа. Тэднээсээ хол байх, аав нь шоронд хоригдож, цаазын ял гүйцэтгүүлнэ гэж бодоход тэдэнд минь ямар тусч байгааг бодоход ч айдас төрдөг байлаа. Тэднийг эргэж ирэх бүрт нүднээс нь зовлон, шаналлыг нь харахад элэг эмтрэм байдаг байсан” гэж тэр дурслаа. Гэхдээ ял гүйцэтгэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу 1981 оны зургадугаар сард Петрийн ялыг 40 жилийн хорих ял болгож өөрчилснийг түүнд мэдэгджээ. Энэ үед гэхдээ түүний айдас цөхрөл болж хувирав. “Би 40 жилийг энэ торны ард өнгөрүүлснээс өөрийгөө хөнөөсөн нь дээр гэж бодлоо. Гэхдээ үнэт зүйл минь үүнийг зөвшөөрөөгүй. Тиймээс гэм буруугүй гэдгээ л батлах ёстой гэж өөртөө хэллээ.”

Ингээд шоронд байх хугацаанд Петр хууль судалж 1992 онд хэргээ дахин нээлгэжээ. Хялбар биш байсан ч, цуцашгүй “тэмцсээр” тэр гэм буруугүй гэдгээ нотолж чадлаа. Тэр эрх чөлөөт иргэн болов. Гэхдээ бүх зүйл ингээд шийдэгдсэнгүй. Түүнд мөнгө байхгүй, ажил ч олдсонгүй. Гэм буруугүй хэрнээ ял эдэлсний төлөөх нөхөн төлбөрөө авч чадсангүй. Түүнийг нь хөөцөлдөх, туслах улсын тэтгэмж, дэмжлэг ч гэж байсангүй.

Мөн хэдийнэ насанд хүрсэн дөрвөн хүүхэдтэйгээ учраа олно гэдэг хэцүү байлаа. “Туулсан зовлон минь зөвхөн минийх биш, манай гэр бүлийнх болсон байв.” Эхнэр нь түүнтэй хамт байхыг ч хүссэнгүй. “Шоронгоос гарч ирэхэд чинь хүн бүр чамайг өөрөөр харна. Тэнд ямар байсныг асууна. Гэвч тэр тухай ярихыг хүсээд явж байдаг хүн гэж байхгүй. Хүмүүст ярилаа ч ойлгохгүй. Бас дэлхий ертөнц 15 жилд шал өөр болсон байлаа. Ирландад шинэ мөнгөн тэмдэгт бий болчихсон, ойлгоход хэцүү. Супермаркет, төлбөр төлөх хэсэг гээд юм бүхэн надад “шинэ” санагдаж байсан.”

Петрт энэ бүхнийг ярих хэцүү байсан ч Санни түүнийг ятгаж, бусдад сургамжтай ярихыг зөвлөжээ. Удалгүй тэр “About Time” номоо бичсэн төдийгүй Саннитай хамт хүний эрхийн тухай нээлттэй нийтэд ярьдаг болжээ. Тэд амьдралынхаа багагүй хэсгийг үүнд зориулж байна.

Түүнчлэн цагаатгагдсан, хилс хэрэг хүлээгээд гарч ирсэн хүмүүст, тэдний гэр бүлд зориулсан сайн дурын үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. Хүмүүсийг хамт байхыг урьж нийгэмшүүлэх, гэр бүлийнхнийг нь хамт “анагаахад” төслөө чиглүүлж буй. Харин хувийн амьдралын хувьд тэд Ирландад далайн эрэг дагуу анир гүм аж төрж буй. Тахиа, ямаа үржүүлж ашиг шимийг нь хүртэнэ. Бас долоон ач, зээгийнхээ тухай ярихдаа нүүрэнд нь инээмсэглэл тодорч байв. Санни сууриндаа иог зааж, тэд хамтдаа өдөр бүр бясалгал хийдэг аж.

“Гэртээ байхдаа бид шоронгийн тухай огт ярьдаггүй. Энэ л ойлголцол шүү дээ. Бид тэнд байсан. Одоо өнгөрсөн” гэж Петр хэллээ. Үүн дээр нэмээд “Бид хэн байснаа ярих шаардлагагүй” гэж Санни хэлэв.

“Амьдрал маш сайхнаар эргэж болдог юм байна. Мэдээж бидэнд бэрхшээл байгаа л даа. Мөнгө алга. Гэхдээ бид сайхан хөдөлмөрлөж, амар тайван амьдарч байна. Хамтдаа гайхамшигтай жаргалтай байна. Бид урагш харж, одоо цагтаа хангалуун байна” гэж Петр хэллээ.

Эх сурвалж: The Guardian, 2013

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.