Алтан үзэг | Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл


  |     2018-12-06 02:12   |     68533
  2018-12-06 02:12   |     68533

Архи уудаг аавыгаа үзэн яддаг байсан юм болов уу?

Аавын уудаг архийг үзэн яддаг байсан юм болов уу?

Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд”. Өдөр бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн.

1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн.

Уйлж сэрлээ. Хар дарсан юм байх. Ээжээ гээд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний долоо болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хоносноос болоод бага зэргийн халуунтай, хоолой загатнаад ханиалгамаар байсан ч тэвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархай шилний хэлтэрхий, гишгэчихгүй юмсан гээд өлмий дээрээ гэтэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаа ч үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анихад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хөлдөх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Пөөнийсөн юм хөдөлж дийлэхгүй “үүрүүлье” гээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ бууна гэж үгүй. Хэдий ингэж эрхлэдэг ч хэзээ ч идэх юм нэхэж байсангүй. Дөрвөн настай надад “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүр лүү өрөвдсөн харцаар удаан гэгч нь дагуулан харна. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь, юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шигээ л боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож, өглөө сэрэхэд нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай хоёр зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээсээ өмнө хойш эргэн хараад гараа даллан “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй.

Ангийнхан авч ирсэн чихрээсээ багшдаа амсуулах гээд яарна. “Баярлалаа” гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гээд бөөн юм болох учраас сэмээрхэн ор хөнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдээрээ л хэлчихдэг байж билээ.

Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охидын багадсан хувцасыг л өмсдөг. Надад ямар ч барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсаны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ  том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатай  гутлуудыг  өмсөж үзэхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж, аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд  оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм түгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгээнэ.

Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тэндэхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсэхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчихсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас зургаан насаар дээгүүр ах бий. Хэрэв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлчихсан, аав орон дээр сууж байлаа. Тасраад уначихсан бол гэж дотроо зүхнэ. Архи уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгис авирладаг. Эрүүл биш хэрнээ бүр согтуу ч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудна. Гэвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шөнө түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл болчихсон гээд гэр лүү нь явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намайг цагдаагийн хүүхэд гэдэг байсан. Хаанаас нь ч харсан ав адилхан царайндаа голдоо ортол дүргүй хүрдэг надад энэ үгс тийм ч хатуу сонсогддогүй байв.

Заримдаа бид хамаатнуудаа бараадна. Цэцэрлэгээсээ тараад цонхоор сэм харчихаад орж чадахгүй болохоор намайг л аваад явчихна. Ах минь үргэлж согтуу аавтайгаа үлдэнэ. Юу болдог байсныг ёстой чөтгөр бүү мэд. Надад энэ талаар бодох ч сэхээ байгаагүй. Ээжийн эгчийнх бид хоёрыг их л нүд үзүүрлэнэ. Оройн хоолоо харамлана, шөнө намайг ханиалгалаа гэж загнана. Гэхдээ гэртээ байхаас хавь илүү. Хоёр хонов уу үгүй юу “Одоо нөхөр чинь ойлгосон байх, Яв яв” гэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд нь яалт ч үгүй гараад л явдаг байлаа. Дэнжийн мянгын ихэнх айлууд тартагтаа тулсан ядуу. Тэд эндэхийнхээ  дэлгүүрээс  есийн тосоо хүртэл граммлаж авна. Элсэн чихэр, давс гээд ер нь бүгдийг л граммлан авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ цуглуулна. Шуудай гурил, будаа, талх, ногоо гээд л. Сар хэрэглэхэд хангалттай хүрэлцэхээр. Гэвч долоохон хоногийн дотор юу ч үгүй дуусчихна. Дэлгүүрүүд нь граммлаж зарахын зэрэгцээ мөн граммаар худалдаж авдаг учраас. Ээжийн авсан бүх хүнсийг ширхэглээд хэсэгчилж зараад уучихна. Ингээд хоолгүй бас хүйтэн өдрүүд үргэлжилнэ.

Шинэ жил, цагаан сар гэх тэмдэглэлт баяруудыг хүн бүр л догдлон хүлээнэ. Бид  шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчийнд тэгээд ээжийн том эгчийнд очино. Ингээд л болоо. Хоёр гурван өдөр хэсч дуусдаггүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр хоёр гурван өдөр нь аав намайг дагуулаад охиндоо бэлэг цуглуулж өгнө гэсэн нэрээр хэдэн архичдын гэрээр орж гарна. Сайндаа л хэдхэн атга чихэртэй үлддэг байлаа. Хөл дээрээ ч тогтож чадахгүй том биетэй хүнийг унагаачихвал босгох аргагүй гээд ташаанаас нь тулсаар арайхийн авч явна. Замдаа байн байн “Ээж чинь хаана байна” гэж шалгаана. Нэг асуусан асуултаа хэдэн зуун удаа асууж хариулахгүй бол уурлана. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авч ирдэг бол надад зовлон л болдог байлаа.  Гэтэл би дөнгөж тавхан настай шүү дээ.

Бага байхдаа ааваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн ядалт болон хувирсан. Харахаас ч дургүй хүрч хүн гэж авч үзэхээ байв. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир тэсэхийн аргагүйд хүрч, хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулаад гарсан тэр өдөр, үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан.

Би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургуульд бүртгүүлэв. Хичээл өдөр ордог ч гэлээ өглөө хамт гардаг. Намайг хүргэж өгөх хүн байхгүй шүү дээ. Хичээлд сууж, шинэ найзуудтай болох надад үнэхээр их таалагдсан. Хоёр настайгаасаа эхлэн харандаа барьж зураг зурсан болохоор бусад хүүхдүүдийг бодвол гар хэдийн эвлэчихсэн төвөггүй бичдэг байлаа. Орой гэртээ харих зам надад ямар нэгэн айдсыг төрүүлэхээ больсон. Эгчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж халуун устай байрны айлын амьдрал үнэхээр л жаргал байв. Зун байрныхаа гадаа хүүхдүүд өдөржин өнжинө. Тэд дээс, чирта, баавгайн чих гэх зэрэг олон тоглоом тоглоно. Надад мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч их хүсдэггүй байсан.  Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход их хэцүү. Бүгд л дэлгэдэг гар утастай. Ард талд нь битүү зураг нааж энд тэндээс нь зүүсэн чимэглэлүүд гаргаж ирэхэд нь гялалзаад л. Өмсөж байгаа нь хүртэл цаанаа л нэг дэгжин. Тэд намайг гадуурхдаг нь илт мэдэгддэг байсан. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсоноос хойш гадаа гарч тоглохоо больсон. Гэрт байх нь илүү дээр санагдаж зургаа зуран сууна. Энэ үед биднийг хаана амьдарч байгааг аав мэдээгүй байсан.

Хагас жилийн турш амьдрал яг энэ маягаар өнгөрсөн. Нэг өдөр ах ээж рүү залгаад “Орой ажлаа тараад гэрт битгий ирээрэй” гэсэн. Ахыг хичээлээ тараад явж байхад нь аав хүлээгээд зогсож байлаа. Хаана байгаагаа зааж өг гээд бөөн юм болсон гэнэ. Аргагүй эрхэнд ах дагуулаад ирж л дээ. Нэгэнт мэдчихсэн болохоор ээж зугтааж явахыг хүссэнгүй. Уулзаад яах гэж байгааг нь асуутал “Хоёр хүүхдээ авмаар байна” гэсэн. Тэр үед үнэхээр л аваад явчих вий дээ гэж маш их айсан. Хүсвэл чадахаар л хүн. Тэр новшийн байшинд ээжгүй амьдарна гэдэг тамаас өөрцгүй хэрэг. Гэхдээ ээж минь биднийг яахан орхих билээ. “Цагдаа дуудна шүү” гэж хэлээд бид хоёрыг хөтөлж гараад хар хурдаараа гүйж билээ. Үүнээс хойш орой болгон согтуу ирж хаалга нүднэ. Айлд байгаа болохоор бүр л хэцүү санагдана. Бид гурваас гадна тэр гэрийн хоёр ч хүн бидэнтэй адил түгшүүр дунд байдаг болов. Алхам тутамдаа хэн хаана байгааг ажиглаж дэлгүүр гарахдаа хүртэл хажуу хавиа сайтар харна. Ганц баттай хамгаалагч нь яаж ч балбаж өшиглөсөн онгойдоггүй бүргэд хаалга байв.

Гэнэт нэг өдөр ээж Солонгос явж ажиллахаар боллоо. Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан болохоор үүнээс өөр арга байсангүй. Энэ үед би гуравдугаар ангид орж байсан юм. Тэгээд би эгчийн гэртэй ойрхон сургууль руу шилжсэн. Сэтгэлээр маш их унасан. Ийм хүнд байдалд биднийг орхиод явах гэж байна гээд дотроо үнэхээр их гомдсон. Гэхдээ үүнд миний сэтгэл санаа ямар байх нь огтоос хамаагүй. Хэдийнээ шийдэгдчихсэн асуудал. Ингээд ээж минь яваад өгсөн. Яг энэ үеэс эхлэн аав өдөр бүр биднийг авч явна гэж ирдэг болов. Ээж минь явахдаа бид хоёрыг л захиж үлдээсэн болохоор эгч яасан ч өгөхгүй гээд тас гүрийж байсан. Үнэхээр талархмаар. Аргаа барахдаа долоо хоногт нэг удаа хонуулдаг боллоо. Тэр үедээ усанд орж хувцасаа угаачихаад явна. Ирэхдээ хүн аймаар юм орж ирнэ. Үнэр танар гэж авах юмгүй. Явахдаа намаиг дуудаад духан дээр үнэрлээд гарна. Ямар дургүй хүрмээр гэж санана. Хүний л зан юмдаа. Байгаа үед нь юман чинээ тоогоогүй хэрнээ гэнэт ухаарсан юм шиг аашлаад л. Гэхдээ хүн сурсан зангаа хэзээ ч тавьдаггүй. Эргэж очино гэж санахын ч хэрэггүй. Яахыг нь сайн мэдэж байна.

Шилжиж орсон сургуульдаа хурдан дасаж тэр дороо л ангийн дарга болсон. Надад хичээл хийнэ гэдэг огтхон ч хэцүү санагдаж байгаагүй. Хурдан том болоод гадаадад амьдрах юмсан гэж боддог. Бас хэзээ ч хүнтэй суухгүй гэж. Энэ тухай бодох тоолонд ээжийгээ маш их санадаг байлаа. Хааяа нэг утсаар ярина. Орхиж явлаа гээд гомдчихсон болохоор яг тулаад ярих гэхээр амнаас үг гарахгүй ахад өгчихдөг байж билээ. Эцэг эхийн хурал болоход ээж ч үгүй аав ч үгүйдээ уур хүрч шаралхаад гэнэт л уйлж гарна. Заримдаа ангийхаа найзуудтай хурал тартал шатан дээр юм ярьж сууна. Бүгд өөр өөр орчинд өсч торнисон хэдий ч бидний ярианы сэдэв нэг. Архины хамааралтай аав нар. Уул нь энэ насан дээр арай л өөр зүйл яриад суумаар. Гэхдээ ангийнхнаасаа их ичдэг байсан. Хичээлийн дундуур үүдний жижүүр орж ирээд намайг сураглана. “Хүн асуугаад байна, гараад ир” гэнэ. Яваад очихоор өмхий ханхлуулсан, томоо цүнхтэй хүн түлхүүр авах гээд зогсож байна. Аав гэж хэлэхээс ч дотор муухайрмаар. Нүүр ам нь авах юмгүй болчихсон, шарх сорвиор дүүрэн. “Тараад шууд ирнэ шүү” гэж хэлчихээд яваад өгнө. Сургуулийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө “Хэн юм бол, ямар аймар ах вэ ?” гэж шивнэлдэнэ. Гадуур намайг дагуулаад явахад нь байдгаараа ярвайчихаад хөдөлж ядна. Заримдаа хүмүүс хүрч ирээд “Миний дүү энэ хүн аав чинь мөн юм уу, чамайг хүчээр авч яваа  юм биш биз ?” гэж асууна. Миний үйлдэл бүрийг хорьж намайг дэргэдээсээ алхам ч холдуулдаггүй ядаргаатай зантай. Том болчихсон болохоор юу ч хийж мэднэ гэж боддог байх.

Ээжийг  явснаас хойш хоёр жил өнгөрөхөд ах бид хоёр сэтгэл санааны хямралд орж их турцгаасан. Гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлдөг гэдэг ч золоор бид ямар нэг гаж буруу зуршилгүй зөв хүмүүс болон өссөн. Хүчирхийлэлд байсан хүн хүчирхийлэгч болдог гэдэг ч бидэнд огтхон ч тийм зан чанар байсангүй. Эхийн халамж үгүйлэгдэж эхэлсэн хүндхэн өдрүүд ээжийг минь ирэхэд хүргэсэн юм. Ямар их баяртай байсан гээч. Ирэх сургаар нь хоног тоолон хүлээж шөнө ч унталгүй зөвхөн энэ тухай л бодно.

Ингээд ээж ирлээ. Тэр өдөр бүхэлдээ нар гийж байлаа. Хажууд минь байна гэдэгт цаанаа л итгэж өгөхгүй, эргээд явчих вий гээд гараас нь чанга атгана. Хэзээ ийм жаргалтай байснаа бүр мартаж. Тэр орой дэлгүүр ороод багадаа авахуулж чадаагүй, авахыг хүсдэг байсан бүхнээ авсан. Намайг байн байн үнсээд л “Ямар том болчихсон юм миний охин” гэхэд нь дотор шатаад нүдэнд нулимс цийлэгнэж “Би ангийн дарга болсон, бас би ангийнхаа хамгийн гоё бичигтэй нь” гээд толгойд орж ирсэн бүхнээ юу ч бодолгүй урсгаж байсансан. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй.

Ээжийг ирэв үү үгүй юу биднийг гэртээ ир гэж зовооно. Аль эсвэл хоёр хүүхдээ авмаар байна гээд өдөр бүр ирж дарамтлана. Ядаж эрүүл ирдэг ч болоосой. Энэ гэрээс хэрүүл зодоон тасрахаа байв. Орцныхоо хүмүүст хүртэл төвөг удна. Яг хэзээ энэ дуусах юм бол. Яг хэзээ бид тайван амьдрах юм бол гэж явсаар хэдийн 15 нас хүрсэн ч яг л хэвэндээ. Томрох тусам ааваас улам ичиж ганц түүнийг ч зүхэх биш өөрийгөө хүртэл азгүй амьтан гэж бодно. Ах их сургуулийн оюутан болчихсон болохоор ээжид гар хүрч зүрхлэхгүй байгаа нь олон жил өнгөрсний ганц гавъяа нь байв. Би ч мөн хоёрхон жилийн дараа оюутан болох гэж байгаадаа үнэхээр баяртай байсан. 10 жил шиг хичээлийн тогтсон цагийн хуваарь байхгүй болохоор гадуур хүссэнээрээ удаж болно шүү дээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 13. Намайг гэрт ирэхэд аав ирчихсэн өмднийхөө уранхайг оёоод сууж байв. Надтай юм ярих гээд байгааг нь мэдээд “Та миний поормын юбкыг хасаад өг. Ташаан дээр тогтохгүй доошоо унаад байна” гэж хэлээд гараад явчихав. Орой ирэхэд аав байсангүй. Харин миний юбка надад яг таарсан. Маргааш өглөө хичээлийн дундуур ээж залгав. Багш уурлаад “Гадаа гарч ярь” гэхэд нь тасалчихдаг юм билүү гэж бодсоноо аваад ярьлаа. Чихэндээ ч итгэсэнгүй. Би хувцасаа өмсөөд хар хурдаараа сургуулиас гарсан. Такси барих гээд зам дээр зогслоо. Тэгээд зогсож байхдаа ердөө ганцхан зүйлийг бодсоор яаж гэмтэл хүртэл явснаа одоо ч санадаггүй юм. Эмнэлэгийн үүдээр орж байхдаа дотроо хэдэн мянган удаа бас л мөнөөх бодлоо бодсоор бас хэлсээр. “Ааваа битгий сэрээрэй, гуйж байна. Одоо болноо ааваа нүдээ битгий нээгээч” гэж. Түүний өрөө ойртсоор үүдэнд нь ээж ах хоёр хэдийн ирчихсэн өөр бусад хамаатнуудтай хамт уйлан зогсоно. Өглөө түүнийг жалган дотор ухаангүй хэвтэж байхад нь сургуулийн хүүхдүүд олсон. Яг юу болсныг дэлгэрэнгүй мэдэхийг хүссэнгүй. Тэнд байсан бүх хүний залбирлыг миний дотроо шивнэж байсан эдгээр үгс дийлээд гараасай л гэж хүсэж байсан.

Болсон явдлаас хойш нэг сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Би түүнийг эргэж очихыг хүсээгүй ч хамаатнуудын хэл амнаас төвөгшөөн хоёр л удаа очсон. Тэгэхдээ зүгээр л эмнэлэг дээр ирдэг байсан болохоос хэзээ ч өрөө рүү нь орж байгаагүй. Яг хоёр дахь эргэлтэн дээрээ би орохоор шийдсэн. Хүүхэд насны минь амьдралыг орвонгоор нь эргүүлж, хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйгийн залуу насыг тэр чигт нь үрэн хийсэн тэр хүн яг ямар байдалтай байгааг харах гэж. Дотогш ороод би таг хөшчихсөн. Яс арьс болсон бие, хоолойндоо гуурс зүүчихсэн, нүд нь байдгаараа дотогшоо хонхойгоод яг амьд үхдэл шиг харагдаж байсан. Би уйлсан. Тийм бардам биднийг зовоодог байсан хүн ингээд хэвтэж байгааг харах дэндүү өрөвдөлтэй санагдаж, хэрэв жаахан л эрт ухаарсан бол хайраар дутаахгүй байх байсан гэж бодно. Ийм зүйл бичих үнэхээр хэцүү юм. Одоо ч нулимс гараад. Тэгээд аав минь нүдээ нээсэн. Сар ухаангүй байсан хүн намайг ирсэн тэр өдөр нүдээ нээсэн. Өрөөг эргүүлэн хараад харц нь над дээр ирсэн. Би гаранд хүрэхэд над руу хараад “Уучлаарай” гэж байгаа юм шиг удаан гэгч нь аниад ахиад нээсэн. Тэсэлгүй гараад явлаа. Учир нь өнөөдрийг хүртэл хүсэж явсан ганц хүслээ буцаачих гээд байсан. Намайг гарснаас хойш нүдээ ахин нээгээгүй.

Маргааш нь өчигдөр болсон явдал толгойноос гарж өгөхгүй хичээлээ ч ойлгохгүй сууж байтал ээжээс ахин дуудлага ирлээ. Энэ удаад эргэлзэх зүйл байсангүй. Аав минь амьсгал хураажээ. Намайг л хүлээж байсан юм шиг. Надаас нэг ч удаа болов хайртай шүү гэдэг үг сонсож амжилгүй яваад өгч. Гэмтэл дээр очлоо. Би аавтайгаа хоёулахнаа үлдэхийг хүссэн. Бүх хүн намайг үлдээгээд гарахад би яг хөл доор нь зогсож байлаа. Тийм шаргал арьсыг тэгэхэд л анх удаа харсан. Аяархан дөхөж очоод духан дээр нь үнэрлэлээ. Яг л намайг үнэрлэдэг байсан шиг. Би зүгээр л асгарчихсан. Түүнд олон удаа “Хайртай шүү” гэж хэлсэн ч намайг огтхон ч сонсоогүй, надад хариу хэлээгүй. Тэгээд би чихэнд ч зөөлхөнөөр “Ахын хүүхэд болж төрөөрэй ааваа” гэж хэлээд гараад явсан.

Ажил явдлын үеэр бид Дэнжийн мянгын байшиндаа долоо хоногийг өнгөрүүллээ. Тэр байшинд очоогүй бараг арван жил өнгөрсөн. Дотор хүйт оргиж өнцөг буланд бүрт тодхон үлдсэн хар бараан дурсамжууд нүдэнд үзэгдэнэ. Ийм хүйтэн байшинд ганцаархнаа юу бодож суудгийг нь бодохоор өр өмөлзөж хамар шархирна. Түүний оршуулгын үеэр зургийг нь бариад явсан. Газарт булах эхний шороог нь би асгасан. Хоосон оргиод явчихлаа. Харамсал зүрхэнд үлдсэн байж. Ийм том болчихсон хэрнээ ганц удаа ч болов яагаад архи уудаг байсныг нь асуугаагүйдээ өөрийгөө зэмлэнэ. Төрсөн өдрийн мэнд ч хүргэж үзээгүй над шиг охин байдаг болов уу? Би хайраар дутахын зэрэгцээ хайраар дутаадаг байж.

Намайг сургуулиа төгсөхөд та байсангүй. Би олон шагнал авсан юмсан. Намайг их сургуульд ороход бас л та байсангүй. Би их хичээж байгаа. Хайртай залуугийн минь аав хадаглаад намайг гуйхад бас л та байхгүй. Миний амьдрал бүхэлдээ хагас болчихож. Би таныг бас архийг үзэн ядахаа больсон. Жаргах хүний зовлон эрт ирдэг гэж дуулсан. Жаргалтай амьдралын минь эхлэлийг тавьж өгсөн тэр цаг хугацааг би үүрд санаж явах болно.

ХИС-ийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн 2-р ангийн оюутан Н.Энхтэнгэр

"Алтан үзэг" сэтгүүл зүйн оюутны улсын наадмын Тэргүүн шагналт бүтээл. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

328 сэтгэгдэлтэй

  • Анар   [46.193.138.71]
      2018-12-17 08:38
    Уншсан эр хүн бүр архи гэгч идээг тогтоож бариарай гэж хүсье! Охид бүсгүйчүүд ч мөн адил... Согтуу аав, согтуу ээж хамгийн гунигтай хүүхэд насны дурсамж болдог гэдгийг 90-ээд оны ихэнхи залуус мэдэр биз.

  • Нэрээ хэлээд яахавдээ   [204.84.244.12]
      2018-12-17 06:52
    Би хойд аавтай өссөн, хойд аав байнга архи ууна, ээжийг зовооно, шөнө агсан тавьна өглөө унтаад үлдэнэ. Ээж бид хоёр сургууль, хичээлдээ явна өдөржингөө үүргэлнэ. Жирийн хүүхдүүд шөнийн 12-т унтаж байдаг бол би дэлгүүр хаах гэж байна гээд архинд гүйдэг байлаа. Жирийн айлын хүүхдүүд шөнийн 2-т унтаж байдаг бол ээж бид хоёр согтуу хойд аавынхаа гэрээс хөөгддөг байлаа. Орбитоос зайсан хүртэл шөнө яаж ч явдаг байсан юмбдээ, одоо бодохоос ч аймар. Миний мэдэхээр хойд аав урьд амьдралаасаа гурван хүүхэдтэй, согтох тоолондоо тэд нарыгаа ярьна чухам тэд нар нь надаас илүү гэж чичлэнэ, өдөр нь миний хийсэн юм болгоноос өө хайж миний хүүхдүүд байсан бол ингэх байсан юм, тэгэж сайн хийх байсан юм гэж хэлнэ. Уул нь би тэгтлээ муу хүүхэд байснуу гэвэл хойд эцгээс бусад бүх л хамаатан саднууд нь намайг ажилд сайн гэж магтацгаана. Аз болоход би шартай хүүхэд байсан, магадгүй тиймэрдүү новшийн үгсэд сэтгэл гутраад навс явах хүн байж болох ч харин би бол шүд зуугаад үхсэн баас л гэж боддог байсан. Аз болж оюутан боллоо, бие хаа ч адаглаад адгийн муу архичинд дээрэлхүүлээд байхааргүй болов, нэг удаа ээлжит агсралтынх нь үеэр гар зөрүүлсэн. 2, 3-р курст орж мэргэжлийнхээ дагуу халтуур хийж мөнгө төгрөгтэй золгов, мэдээж юу гээдл тэр архичины гэрлүү зүглэх вэдээ гэрээсээ гарсан. Харин ээж минь тэндээ үлдсэн, миний ганц боддог байсан зүйл яаж орох оронтой болж ээжийг тэр архичинаас салгах вэ? Удалгүй сургуулиа төгслөө ажилд орох энээ тэрээ бол үнэндээ асуудал биш байлаа. Ажилд ороод нэг жил болсны дараа БНХАУ-ын тэтгэлэгт материалаа өглөө тэгсэн ээжийн мэргэжил байхаар нь ээжийн материалыг бас бөглөөд өгөв. Ажилласан жил хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар би үлдэж харин ээж минь тэтгэлэг авч явлаа ашгүй нэг. Бүхэл бүтэн хүний залуу насыг, бүхэл бүтэн хүний хүүхэд нас өсвөр насыг үгүй хийсэн тэр архичин одоо юу хийж яваа болдоо? Сүүлд би америк явахдаа нэг хэл дуулгасан, хүний эцэг хүн чинь миний хүү сайн байна гээд тусалж дэмжих үү гэж асуудаг байтал надаас надад мөнгө төгрөг өгөөч гэж асуусан. Үнэндээ уучлаарай найзаа надаас илүү гурван хүүхдээсээ тэр мөнгөө олж авна уу! Бас асуумаар байдаг асуулт бий: Танай гурван хүүхдийн чинь нийлүүлсэн жилийн цалин миний хагас жилийн орлоготой тэнцэх үү? *ер нь энэ амьдралынхаа түүхээс их л ичиж явдаг. Манай ээж хувийн сургуульд багшилдаг байсны ачаар би тэнд нь үнэгүй сурсан, сайн боловсрол эзэмшиж, сайн найзуудтай болсон.

  • Ганнэмэх   [66.181.161.33]
      2018-12-16 01:21
    Minii amidraliig tolidon buulgasan ym shig gehdee arai l dutuu buusan bna. Gehdee hvnii setgel hvreh hemjeend bol hvrchee vvniig bichsen tanid az jargal sain saihn bvhniig hvsie

  • Ганнэмэх   [66.181.161.33]
      2018-12-16 01:21
    Minii amidraliig tolidon buulgasan ym shig gehdee arai l dutuu buusan bna. Gehdee hvnii setgel hvreh hemjeend bol hvrchee vvniig bichsen tanid az jargal sain saihn bvhniig hvsie

  • ЗОЧИН   [220.147.0.208]
      2018-12-14 19:49
    архичин аавтай, ийм амьдрал туулсан олон хүн байдаг юм байна, яг над шиг, энэ хүмүүс яг над шиг сэтгэлдээ гомдол гунигаа тээж явдаг болуу? сэтгэл зүй нь гэмтэж эмтэрсэн байдаг болуу? үхээд өгсөн архичиний хараал идсэн нэр хүндийг нь бодож бүх л хийсэн уучлашгүй үйлдлийг нь уучилж нуун дарагдуулж цайруулах ёстой үйлд унасан байдаг болуу? архичин ааваас болж сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай бүхэл бүтэн үе байна, үхээд 20 жил болж байна одоог хүртэл гомдож явдаг, ээж минь уучилсан юм гэсэн, хайрлаад суусан хань нь байсан юм болохоор чаддаг юм байлгүй, харин би чадахгүй байна, ганц баярладаг юм нь эрт үхээд өгсөнд, бас ийм хэцүү амьдрал мэддэгийнх одооны амьдралдаа үнэхээр баярладаг, нөхөр архи уухгүй орой болгон хэрүүл уруул болдоггүйдээ баярладаг, миний охин над шиг зовлон амсахгүй гэдэгт баярладаг, хэрэв олигтой аавтай байсан бол бас ингэж одооны амьдралдаа талархаж чадаа ч үү үгүй ч үү, тэр утгаараа эртхэн зовоод одоо жаргаж байх шиг байна даа.

  • amar   [66.181.181.225]
      2018-12-14 19:19
    huni setgeld hurtel bichjee iim amidral tuulj bgaa humuusig orobdoj setgel omorch bna torin erh medeltei olon humuus ene niitlelig unshaasai

  • Badamaa   [66.181.160.122]
      2018-12-14 18:52
    Hezee hoinol harmasdgiinmdaa daach oroitson baisan dendvv ih sanjin aawiigaa

  • Badamaa   [66.181.160.122]
      2018-12-14 18:52
    Hezee hoinol harmasdgiinmdaa daach oroitson baisan dendvv ih sanjin aawiigaa

  • zochin   [202.55.188.40]
      2018-12-14 16:03
    vnheer sxn bichijee setgeld min hvrj shar vs bostol bichjee

  • baagii   [66.181.161.8]
      2018-12-14 13:52
    Нипко-д ажилд ороод Баабар-ын ажлыг өвлөж ав гэж хэлье дээ.

  • baagii   [66.181.161.8]
      2018-12-14 13:52
    Нипко-д ажилд ороод Баабар-ын ажлыг өвлөж ав гэж хэлье дээ.

  • Life   [66.181.184.75]
      2018-12-14 01:04
    Vnexeer setgel xooson orgiod l ywchixlaa.Yg yagaad baigaagaa ch oilgoxgvi ym.

  • tvmennasan   [66.181.161.120]
      2018-12-12 18:00
    vnheeer togs gaihalt mash saihan bichij zowlon zvdgvvr bayr jargal har baraan bvgdiig bagtaaj

  • tvmennasan   [66.181.161.120]
      2018-12-12 18:00
    vnheeer togs gaihalt mash saihan bichij zowlon zvdgvvr bayr jargal har baraan bvgdiig bagtaaj

  • Зочин   [112.72.12.3]
      2018-12-12 15:07
    архичин хүн бараг засрахгүй үүнийг хамт байсан хүн л мэднэ би архичин нөхөртөй байсан 90 ээд оны эхээр согтуу ирэхийг хөлийн чимээгээр нь андахгүй муу хувцсаа өмсөөд л сууж байна тэхгүй бол шөнөжингөө агсан тавиад хамаг хувцсыг ураад хаядаг ийм. л амьдрал үзсэн охид бүсгүйчүүд минь архи уудаг хүнтэй л бүү суугаарай

  • Зочин   [112.72.12.12]
      2018-12-12 15:07
    архичин хүн бараг засрахгүй үүнийг хамт байсан хүн л мэднэ би архичин нөхөртөй байсан 90 ээд оны эхээр согтуу ирэхийг хөлийн чимээгээр нь андахгүй муу хувцсаа өмсөөд л сууж байна тэхгүй бол шөнөжингөө агсан тавиад хамаг хувцсыг ураад хаядаг ийм. л амьдрал үзсэн охид бүсгүйчүүд минь архи уудаг хүнтэй л бүү суугаарай

  • Зочин   [112.72.12.3]
      2018-12-12 15:07
    архичин хүн бараг засрахгүй үүнийг хамт байсан хүн л мэднэ би архичин нөхөртөй байсан 90 ээд оны эхээр согтуу ирэхийг хөлийн чимээгээр нь андахгүй муу хувцсаа өмсөөд л сууж байна тэхгүй бол шөнөжингөө агсан тавиад хамаг хувцсыг ураад хаядаг ийм. л амьдрал үзсэн охид бүсгүйчүүд минь архи уудаг хүнтэй л бүү суугаарай

  • Mongol huu   [182.160.40.178]
      2018-12-11 21:58
    Haa ochij manai udamd arhy uudag hun bsangui uuchaad agsam tavih n baitugai ulam l ih saihan zantai boldog humuustei baij bgaal ooroo tom bolool ehner avtal agsam tavidag ehnertei bolj bilee hunii huvi tavilaan gej

  • Gerel   [118.176.123.54]
      2018-12-11 21:36
    Tm.shu arhichin hvnii huuhed ingejl zovlon uzdeg

  • Ахмад   [202.9.43.78]
      2018-12-11 21:17
    Хар усаар ундаалагчид монголд хэрээс хэтэрчээ .Хэн бүхэнд сургамжтай өгүүллэг байна .Ийм олон охид монголд өсөж торниж байгаа .Цэцэг цэврүү шиг охид оо нүдний цөцгий мэт хайрлацгаая ААВУУД АА Харс дарсыг үзэн ядацгаая хүмүүсээ ,эрчүүдийг минь залгиж дууслаа ТӨР минь.

  • Ахмад   [202.9.43.78]
      2018-12-11 21:17
    Хар усаар ундаалагчид монголд хэрээс хэтэрчээ .Хэн бүхэнд сургамжтай өгүүллэг байна .Ийм олон охид монголд өсөж торниж байгаа .Цэцэг цэврүү шиг охид оо нүдний цөцгий мэт хайрлацгаая ААВУУД АА Харс дарсыг үзэн ядацгаая хүмүүсээ ,эрчүүдийг минь залгиж дууслаа ТӨР минь.

  • Ахмад   [202.9.43.78]
      2018-12-11 21:17
    Хар усаар ундаалагчид монголд хэрээс хэтэрчээ .Хэн бүхэнд сургамжтай өгүүллэг байна .Ийм олон охид монголд өсөж торниж байгаа .Цэцэг цэврүү шиг охид оо нүдний цөцгий мэт хайрлацгаая ААВУУД АА Харс дарсыг үзэн ядацгаая хүмүүсээ ,эрчүүдийг минь залгиж дууслаа ТӨР минь.

  • Aaniyb   [66.181.161.32]
      2018-12-10 23:31
    ene medrmjvvdiig medrsn bolhoop vnheep oilgj bn Tmee ghdeee tgtlee vzen ydaj bsanc ganc udaa ypiltsaj tupsn udriin c medhgvi hamgiin gol n haiptai helj helj amjilgv yvuulchisn

  • Aaniyb   [66.181.161.32]
      2018-12-10 23:31
    ene medrmjvvdiig medrsn bolhoop vnheep oilgj bn Tmee ghdeee tgtlee vzen ydaj bsanc ganc udaa ypiltsaj tupsn udriin c medhgvi hamgiin gol n haiptai helj helj amjilgv yvuulchisn

  • aaviin gants ohin   [202.21.106.166]
      2018-12-10 23:22
    uneheer goy bichsen baina gehdee sain ch muu aav bol uneheer chuhal. minii aavch transhen orts geed amidarsan gehdee sardaa bi ochij hool und geed avch ogdog bsan ooroo uchraa.medehgui huuhed oor dree avii geed ch bi haanaa bailgahaa meddeggui bsiin. odoo bolomj bsan bol gej haramsdag ch buh zuil ongorson zuil. hamgiin hetsuu n ovol bolhoor haana daarahgui geed honogj bgaa bol odor honoguudiig yaaj ongorooj bgaa bol gej boddog bsan. ongorsoniih n daraa n bi harin yagaad ch yum aimar ih sanaj bsan ch bayrlasan odoo minii aav daarahgui hun amitnaas aihgui olsohgui zovohgui gej gehdee ooriigoo argatsaah gesen minii bodol. aav maani uuhaaraa bas l hetsuu agsagnadag hun bsan eejiig min harahiin argagui zodoj namaig eejees nuutsaar nuuj avch yavj 2 3honog hoolgui ch bailgaj bsan gehdee bi aavdaa hairtai shuu nadad omgoolk hamgaaldag arhi uudaggui aav heregtei gedeg ugiig bol helj bsan bolhoor haramsdagui yumoo. uneheer bas ter medremj muuhai shuu uuhlaarai aavaa bi tanidaa mash ih hairtai ohin n unsiiiiii

  • тэнэг   [199.249.230.72]
      2018-12-10 16:57
    Тангудын хаан бурханаас гуйсан хүсэл чинь биеслэсэн байна. Дайснаасаа зовлон хүссэн байна шүү дээ эргүү малууд

  • булганбаяр   [66.181.161.21]
      2018-12-10 16:22
    миний амьдрал мөн адил архитл өсөж өндийсөн айж зугтаж

  • Minii baga nas bas l arhi gdg zuil bolon aaviigaa zuhej uheesei gj hudseg baisan. Minii baga duug hurtel eej irehgui bol alna gj holnoos ni barichaad chi ir irehgui bol huuhdiig chni alna gj humuusiin nuden dr tgj bhig bi sanadag ter uyd emegtei duu bolon eejteigee nuugdaad aaviigaa haraad zogsoj bsan. Bid nar zun huduu ochij amardag bsan ym. Ter uyiig bodohoor bi eejiigee mash ih orovddog. Gert bhad aav sogtuu irne bi duuteigee tomor orniihoo hold shkaf or hoyoriin zavsaraar orj nuugddag bsan.   [66.181.186.194]
      2018-12-10 15:29
    Amidral

  • Minii baga nas bas l arhi gdg zuil bolon aaviigaa zuhej uheesei gj hudseg baisan. Minii baga duug hurtel eej irehgui bol alna gj holnoos ni barichaad chi ir irehgui bol huuhdiig chni alna gj humuusiin nuden dr tgj bhig bi sanadag ter uyd emegtei duu bolon eejteigee nuugdaad aaviigaa haraad zogsoj bsan. Bid nar zun huduu ochij amardag bsan ym. Ter uyiig bodohoor bi eejiigee mash ih orovddog. Gert bhad aav sogtuu irne bi duuteigee tomor orniihoo hold shkaf or hoyoriin zavsaraar orj nuugddag bsan.   [66.181.186.194]
      2018-12-10 15:28
    Amidral

  • Minii baga nas bas l arhi gdg zuil bolon aaviigaa zuhej uheesei gj hudseg baisan. Minii baga duug hurtel eej irehgui bol alna gj holnoos ni barichaad chi ir irehgui bol huuhdiig chni alna gj humuusiin nuden dr tgj bhig bi sanadag ter uyd emegtei duu bolon eejteigee nuugdaad aaviigaa haraad zogsoj bsan. Bid nar zun huduu ochij amardag bsan ym. Ter uyiig bodohoor bi eejiigee mash ih orovddog. Gert bhad aav sogtuu irne bi duuteigee tomor orniihoo hold shkaf or hoyoriin zavsaraar orj nuugddag bsan.   [66.181.186.194]
      2018-12-10 15:28
    Amidral

  • Minii baga nas bas l arhi gdg zuil bolon aaviigaa zuhej uheesei gj hudseg baisan. Minii baga duug hurtel eej irehgui bol alna gj holnoos ni barichaad chi ir irehgui bol huuhdiig chni alna gj humuusiin nuden dr tgj bhig bi sanadag ter uyd emegtei duu bolon eejteigee nuugdaad aaviigaa haraad zogsoj bsan. Bid nar zun huduu ochij amardag bsan ym. Ter uyiig bodohoor bi eejiigee mash ih orovddog. Gert bhad aav sogtuu irne bi duuteigee tomor orniihoo hold shkaf or hoyoriin zavsaraar orj nuugddag bsan.   [66.181.186.194]
      2018-12-10 15:28
    Amidral

  • зочин   [66.181.161.7]
      2018-12-10 13:03
    сайн бна уу надад маш их таалагдлаа нулимас ч урч сэтгэл их хөдөлсөн гэхдээ та азтай хүн юм ядаж л үзэн ядах аавтай байж. миний хэзээч биелэхгүй хүсэл бол аавыгаа ахин ганц л удаа харах гэхдээ энэ хүсэл үргэлж хяслантай бдаг

  • зочин   [66.181.161.7]
      2018-12-10 13:03
    сайн бна уу надад маш их таалагдлаа нулимас ч урч сэтгэл их хөдөлсөн гэхдээ та азтай хүн юм ядаж л үзэн ядах аавтай байж. миний хэзээч биелэхгүй хүсэл бол аавыгаа ахин ганц л удаа харах гэхдээ энэ хүсэл үргэлж хяслантай бдаг

  • Зочин   [66.181.161.7]
      2018-12-10 13:03
    сайн бна уу надад маш их таалагдлаа нулимас ч урч сэтгэл их хөдөлсөн гэхдээ та азтай хүн юм ядаж л үзэн ядах аавтай байж. миний хэзээч биелэхгүй хүсэл бол аавыгаа ахин ганц л удаа харах гэхдээ энэ хүсэл үргэлж хяслантай бдаг

  • zochin   [103.212.116.126]
      2018-12-10 10:34
    huuhed nasnii amidral min bodogdoj bna odoo aawiigaa uzen yddguich arhiig bol uzen yddag. sogtuu ireed agsam tavih burd yag l ene ohin shig vheesei l gj hamgiin turuun bodogddog bsan...

  • Зочин   [103.212.116.126]
      2018-12-10 10:34
    huuhed nasnii amidral min bodogdoj bna odoo aawiigaa uzen yddguich arhiig bol uzen yddag. sogtuu ireed agsam tavih burd yag l ene ohin shig vheesei l gj hamgiin turuun bodogddog bsan...

  • Зочин   [178.46.107.105]
      2018-12-10 06:05
    Сайн зохиолч болоорой. Гайхалтай бичжээ

  • Baagiinaa   [66.181.161.10]
      2018-12-10 02:20
    Yioooo

  • Зочин   [66.181.161.73]
      2018-12-09 23:06
    1990ээд оны нүүр царай. Ардчиллын ач гавьяа. Үхсэн нь дээр. Өөр ялалт үгүй.