Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно

Япон улс болон эдийн засгийн түншлэл, коосэнд тулгуурласан инженерийн боловсролыг зөв ашиглаж чадвал Монгол улсын эдийн засгийн хөшүүрэг болох биз ээ.


Японы “Никкэй” өдөр тутмын сонины эхний нүүрэнд Коосэн ба Монголын талаарх сурвалжилга гарсныг орчуулан хүргэж байна. 
 
Сурвалжлагыг 2017 оны долоодугаар сарын 29-нд Улаанбаатар хотод авсан байна.
 

 “Nikkei Business Daily”, AKIHIDE Anzai, Tanaka

Өсвөр насны залууст таван жилийн инженерийн мэргэшсэн боловсрол олгох зорилготой коосэн тогтолцоо нь 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд сүүлийн үед хөгжиж буй орнуудын анхаарлыг татаж байгаа тул уг тогтолцоог гадагш “экспортлох” хөдөлгөөн эрчимжиж байна.
 
”Коосэн Азид” цувралын хүрээн дэх нийтлэл маань аж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхээр нээгдсэн Монголын анхны коосэн сургуулийн захирал агсны гэнэтийн эмгэнэлт мэдээгээр эхэлж байна.
Уг эмгэнэлт мэдээ редакцад ирсэн нь наймдугаар сарын дундуур байлаа. “Хичээлийн шинэ жилээ бид анхны дөрөвдүгээр ангийн оюутнуудтайгаа угтаж, сонирхолтой болж эхэлнэ. Чухал үе ирж байна” гэж байсан нь саяхан ч, ШУТИС-ийн дэргэдэх коосэн сургуулийн захирал А.Ганбаяр 45 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. А.Ганбаяр нь 1992 онд Токио коосэнд Засгийн Газрын тэтгэлгээр суралцсан хоёр дахь үеийн оюутан байлаа. Цахилгаан инженерийн мэргэжлээр төгссөний дараа 20 гаруй жил “Sony”, “Fujitsu”, “Hitachi” компанийн төслүүдэд ажиллаж байв. Япон дахь амьдралдаа сэтгэл ханамжтай байсан боловч тэрбээр эх орны­хоо ирээдүйд илүү санаа тавьсан юм.
 
Ашигт малтмалын орон боловч түүхий эдээ гадагш гарган валют олдог тус улстай харьцуулбал Япон нь түүхий эд импортолж боловсруулан нэмүү өртөг шингээдэг. Ийм замаар Дэлхийн II дайны дараагаас хөгжиж ирсэн түүхтэй. 
“Эх оронд минь чадвартай инженерүүд олон болбол бид бас ингэж хөгжиж чадна.” Ийм бодол тээж явдаг нь зөвхөн А.Ганбаяр захирал биш байж. Монголд инженерийн боловсролыг дэмжих ажил арваад жилийн өмнөөс эхэлсэн гэж болно. Японы коосэнд сурч төгсөөд Япон компанид ажилд орсон олон төгсөгчид бүгд боддог нэг зүйл нь “Японы Коосэн загвартай сургууль байгуулан аж үйлдвэрлэлийг сэргээх ” байсан юм. Ингээд “Коосэнг дэмжих клуб”-ийг үүсгэн байгуулж “Японы коосэнг Монголд” хэмээх уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 
Уг үйл ажиллагааг Японы коосэнгийн хүмүүс дэмжиж “Монголд коосэн сургууль байгуулахыг дэмжих холбоо”-г 2009 онд байгуулсан бөгөөд А.Ганбаяр захирал Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Улмаар “Жайка”-ын дэмжлэгийг авч Коосэн агентлагтай хамтран Монголд коосэнг нутагшуулах төлөвлөгөө эхэлсэн.
"Монголд КООСЭН сургууль байгуулахыг дэмжих холбоо"-г 2009 онд байгуулсан бөгөөд А.Ганбаяр захирал Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
 
Тухайн үед нөхцөл байдал нааштайгаар эргэж, коосэн төгсөгч Л.Гантөмөр БСШУЯ-ы Сайд болсноор уг төлөвлөгөө маш хурдан биелэлээ олсон. Ингээд 2014 онд ШУТИС-ТДС, “Монгол Коосэн”, “Шинэ Монгол Коосэн” гурван сургууль байгуулагдсан юм. Уг сургуулиуд нь коосэн хэмээх нэрийг орчуулгагүйгээр ашиглаж байна.
Монголчууд яагаад коосэнг сонирхох болов. Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 2016 оны байдлаар 3,686 ам.доллар байгаа бөгөөд энэ нь Японы 1973 оны ДНБ-ий үзүүлэлттэй адилхан байгаа нь сонирхол татаж байна. Тухайн үеэс эхлэн Японы анхны коосэн төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарч эхэлсэн юм. Түүх давтагддаг. 
Зургаадугаар сард Коосэнгийн агентлаг нь Улаанбаатар хотын дарга С.Батболдтой боловс­ролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд “Японы боловс­ролын тогтолцоо нь эдийн засгийн өсөлтийг авч ирсэн гэж сонссон. Монгол улсын хүн амын тал нь оршин суудаг манай хотын хувьд эрүүл орчноор хангахын тулд дэд бүтэц, түүнийг бүтээх инженерүүдийг бэлдэх нэн шаард­лагатай байна” хэмээн тэрбээр хэлж байсан. Улс орноо бүтээн бос­гохоор ажиллаж байгаа удир­дагчид 40 жилийн өмнөх Японы хөгжлийн түүхийг давтахыг хүсч байна. Энэ тухай бэлэн жишээ байгаа тул амжилт олох нь ч гарцаагүй биз ээ.
 
Коосэнгийн агентлагийн хувьд 2016 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод салбараа нээсэн. Монгол талын төлөөлөгчөөр НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаа ажиллаж байгаа юм. Тэрбээр 1991 онд Токио Коосэнд элсэн орсон бөгөөд А.Ганбаяр захирлын дээд анги юм. Токио Био-Технологийн Их сургууль төгсөж АНУ-ын Харвардын Их сургуульд судлаачаар ажиллаж байсан боловч Монголд коосэн сургууль үүсгэн байгуулагдах сургаар 2014 онд эх орондоо ирж коосэнгийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна.
 
Ц.Байгалмаа даргын хэлснээр хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилгын компаниудаас инженер болон менежментийн хосолсон мэдлэгтэй удирдлагын хүний нөөц дутуу байгаа талаар санал их ирдэг гэв. Онол ба практикийг хосолсон сургалтаараа коосэн давуу талтай тул цаашид боломж гарч ирж байгаа нь харагдаж байна. 
Эргээд А.Ганбаяр захирлын ярианд орвол ШУТИС-ТДС буюу улсын коосэн сургуулийн хувьд Зам барилга, Механик, Цахилгаан электроник гэсэн  гурван ангитай. Үүн дээр дараа жилээс Мэдээллийн технологийн анги нэмэх санаатай байгаагаа тэрбээр хэлж байсан. Японы хувьд Механик, Цахилгаан, Мэдээлэл гэх мэтээр тухайн дэд бүтцийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан ангиуд байдаг. Монголд ч бас энэ жишгээр явах нь зөв хэмээн бодож байжээ.
 
Мөн төгсөгчдөд зориулсан ажлын байр дэмжих компаниудын төлөөллийг байгуулж, дадлагаар дамжуулан ажил олгогч, төгсөгчдийг таатай нөхцөлөөр хангах боломжийг үүсгэсэн гэв. Одоогоор барилгын компаниуд зонхилж байгаа боловч цаашид харилцаа холбоо, механикийн салбар гэх мэтээр өргөжүүлэх бодолтойгоо бас дурдсан юм. 
А.Ганбаяр захиралд бас нэгэн нууцхан бодол байсан нь Монгол улсыг Ази номхон далайн орнуудын технологийн судалгааны төв болгон хөгжүүлэх санаа байлаа. Монгол улс нь Япон, Зүүн өмнөд Ази, Энэтхэг зэрэг улстай газар зүйн хувьд аль ч зүг рүү онгоцоор зургаан цагийн дотор нисээд хүрэх боломжтой. Энэ давуу талаа ашиглан Ази тивд ирээдүйд Коосэн тогтолцоо нэвтрэн төгсөгчид болон оюутан багш нарын сургалтын эрэлт нэмэгдвэл Монголд судалгааны төв байгуулах зорилготой байжээ. “Тав юм уу арван жилийн дараа биелэгдвэл болно доо” хэмээн инээмсэглэн ярьж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Түүний уг санаачлага нь одооноос хэрэгжиж эхлээд байна.
Коосэн төгсөгч инженерүүдийг хурцлах нэг шалтгаан нь 2016 онд батлагдсан Япон-Монголын эдийн засгийн түншлэлд чухал түлхэц болно хэмээн найдаж байгаа. Технологийн өндөр чадавхаа ашиглан бүтээгдэхүүний чанарыг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх учраас тэр. Монгол улсын хувьд анхны эдийн засгийн түншлэл. Япон болон бусад хөгжингүй орнуудын тусламжид найдаж ирсэн боловч экспортын хүчин чадал нэмэгдвэл эдийн засаг өсөх нь зайлшгүй.
 
А.Ганбаяр захирал хэлэхдээ “Эдийн засгийн түнш­лэл нь экспортыг хөдөлгөх гол хүч болох бөгөөд манайд ноолуур байгаа боловч боловсруулах техно­логи хөгжөөгүй энэ нөхцөлд эдийн засгийн түншлэлийн нөлөөгөөр Японы жижиг дунд компаниуд Монголыг сонирхож эхэлсэн. Иймд тэдний хэрэгцээг хангах инженерүүдийг бид бэлдэнэ” гэж байв.
 
Эдийн засгийн түнш­лэлийн хүрээнд ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох татварыг тэглэсэн бөгөөд ноолуур нь Япон руу гаргах экспортын 15 хувийг эзэлж байгаа нь ашигт малтмалын дараа орж байна. Одоо боловсруулах технологио хөгжүүлээд илүү чанартай хувцас хийж чаддаг болчихвол экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
ЖЕТРО буюу Японы гадаад худалдааны агентлагийн гаргасан судалгаанаас үзвэл 2016 оны байдлаар Монголчуудын Японоос авсан импортын нийт хэмжээ 330 сая ам.долларт хүрчээ. Ихэнх нь авто машин, техник байв. Эдийн засгийн түншлэлийн бас нэг нөлөө нь шинэ автомашины импортын татварыг тэглэсэн бөгөөд цаашид ч борлуулалт нэмэгдэх шинжтэй байна.
 
Харин Монголоос Японыг чиглэсэн экспортын нийт хэмжээ 14 сая ам.доллар байгаа нь импортоосоо 23 дахин бага байгаа юм. Нийт экспортын 80 хувь орчим нь нүүрс зэрэг ашигт малтмал эзэлдэг. Энэ ч утгаар Монгол улсын Засгийн Газар нь экспортын барааны нэр төрлийг солонгоруулах талаар анхаарал хандуулж байна.

Мөн нийт экспортын 80 орчим хувь нь БНХАУ-ыг чиглэдэг. Энэ долоодугаар сард шинээр сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршөөс хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог хална хэмээн сонгогдсон юм. Япон улс болон эдийн засгийн түншлэл, коосэнд тулгуурласан инженерийн боловсролыг зөв ашиглаж чадвал Монгол улсын эдийн засгийн хөшүүрэг болох биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
КООСЭН: “Манайхан чадна аа”
2
2018.11.28
Humans of Ulaanbaatar: КООСЭН
3
2018.11.27
“ГЭРЭГ: КООСЭН” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
33
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.