Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гуталчны цонх гэрэлтэй

Би хөдөөний хүүхэд. Хотжих гэж ядаж яваа хүн бүрийн цэрвэдэг энэ тодорхойлолт надад харин ч ойр дотно сонсогддог.


Манай байрны ойролцоо гутал засварын бяцхан мухлаг бий. Хажуугаар нь гарах бүрийд алх тогших чимээ сонстож, хэдий оройтсон ч үргэлж гэрэлтэй байх тэр л газар гэрэл гялбасан хотын гудамжинд цор ганцаараа дулаахан санагддаг юм. Тэнд хэн байдгийг ч би мэднэ. Эртний хүнийг санагдуулам тугдгар хүзүүтэй булиа эр гутал нүдэж сууна. Харц нь харин их л зөөлөн. Гэхдээ гуталчны газар, гуталчин эрийн зөөлөн харц миний сэтгэлийг татдаг гэвэл бас л тийм биш ээ. Тэр л гэрэлтэй цонх бага насны минь хамгийн жаргалтай өдрүүдийг сануулдаг болохоор тэр. 


 
Би хөдөөний хүүхэд. Хотжих гэж ядаж яваа хүн бүрийн цэрвэдэг энэ тодорхойлолт надад харин ч ойр дотно сонсогддог. Шилжилтийн үед хөдөө нутагт айлын бага хүү болж төрсөн намайг тийм ч хангалуун амьдрал утгаагүй. Ёстой мөр бүтэн, гэдэс цатгалан эгэл амьдрал тоссон. Аав ээж хоёр маань ганц охин, гурван хүүгээ хүнээс дутаахгүй гэхдээ дөрвөн мөчөө санжтал хэдэн малын араас хөөцөлдөж явсныг хэзээ хойно л мэдсэн юмдаг. Цагаан сар болох үед аав маань хуучирч элэгдсэн эсгий гутлыг минь эргүүлж тойруулж харснаа цоорхой дээр нь илгээр зүрхэн хэлбэртэй дүрс эсгээд нөхчихнө. Яг өөрийнхөө зүрх сэтгэлээр миний дутууг нөхөөд байх шиг. Өөрийнхөө хуучин тарваган малгайг задалж өдөржин суугаад гурван хөөрхөн жижиг малгай хийчихнэ. Ээж аавын хуучин дээлийн даалимбыг ханз татаад өнгийг нь эргүүлээд шинэ дээл урлаад өгнө. Бид гурав шиг ганган “эр” нутагтаа л ховор юм шиг санагддаг сан. Түүнээс хойш хэчнээн гутал худалдаж авсныг мэдэхгүй. Цардмал зам дээр ул нь элэгдэх бүрийд дахиад нэгийг авна. Чанарыг нь бодоод чамгүй үнэтэй гутал өмсөж үзлээ ч одоог хүртэл нөхөөстэй эсгий гутлыг минь гүйцэх тийм дулаан гутал олоогүй л байна. Аавын минь ил галын дэргэд хөлсөө урсган нөхөж өгсөн тэр гутал шиг талын жаврыг даагаад гарах дулаан гутал олдсонгүй. Эцгийн минь сэтгэл шингэсэн болохоор улан дороос дулаан төөнөдөг байсан шиг санагдана.
 
Цэцэгтэй торгон дээл өмссөн тэр жилийн наадмыг би бас л мартддаггүй. Аав сурсан зангаараа хуучин бахиал гутлыг минь лааны тосоор тосолж индүүдээд, ээж өөрийнхөө багадсан дээлийг яг таарна хэмээн хөөргөсөөр надад өмсүүлчихэж билээ. Тэр жилийн наадам дээр над шиг хээ хуаран дээлтэй явсан хүн байсангүй. Хүмүүсийн жуумалзсан инээмсэглэлийг гоё харагдаад тэр дээ гэж бодохоос шоолж байна гэж балчир ухаандаа яахин төсөөлөх. Орой нь гэртээ харихаар ах нарыгаа дагаад давхиж явахад нарны туяа зөвхөн миний л дээлэн дээр тусаад байх шиг санагдаж билээ. Тиймээс л би хөдөө эгэл малчны амьдралд өссөн балчир насаа дутуу дулимаг гэж тодорхойлох дургүй. Хүнээс дутахгүй хувцас өмсөж, хүнсээр дутахгүй хүн болсон минь надад ямар ч элбэг хангалуун амьдралаас илүү аз жаргалтай дурсамжийг үлдээжээ. 
 
Багад минь үлдсэн бас нэг тод дурсамж нь хоол ундтай холбоотой. Миний хамгийн дуртай зүйл нь ээжийг дагаж айлын хоол буудах. Хаяаны хөгшин цай чанах, хоол хийх үедээ ээжийг заавал дуудна. Харин би энэ боломжийг алдах нь үгүй. Учир нь тэр эмээгийн хийсэн ямар ч хоол сармис ханх татуулж, хамар цоргисон үнэр амттай. Ээж ч дараа нь хоолоо хийхээрээ хөгшнийг дуудуулахаар намайг гүйлгэнэ. Ер нь манайхан цөөхүүлээ хооллож байсныг санадаггүй. Том тогоонд хоол хийгээд нэг л мэдэх нь ээ шавхарсан байдаг сан. Одоо гэтэл би зэргэлдээ хаалганы айлаасаа юм асуух болвол нэр, шалтгаанаа хэлж байж хаалгыг онгойлгуулдаг. Хэдийгээр тэд намайг дурангаараа харсан ч нэр ус, шалтгааныг асуухаар хааяа гомдмоор л санагддаг юм. Хугацааг нь бодвол арван хэдхэн жил боловч бид бие биенээсээ ихэд алсарчдээ. 
 
Харин би тэр л сайхан дурсамж бий болсон бөмбөгөр цагаан гэр, намайг үргэлж дулаан байлгадаг хайртай хүмүүсээ орхиод хотыг зорьсон доо. Тэд минь сайн сайхан амьдралд тэмүүлж буй намайг буруутгалгүй бүхий л чадахаараа тусалсан. Миний хайж явсан тэр жаргалтай амьдрал хаана байсныг би одоо болтол эргэцүүлж боддог. Бүгд л дотроо сайн сайхныг мөрөөдсөөр энэ л хотод хөл тавьдаг. Гэхдээ бидний орхиж ирсэн тэр л эгэл энгийн буйд амьдрал, мөр бүтэн гэдэс цатгалан дүүрэн амьдралд ч аз жаргал өөрийнхөө өнгө төрхөөр оршин байдаг. 
 
Би эгэл хөдөөний хүүхэд. Байрны минь ойролцоох гутлын мухлаг гэрэлтэй л байвал миний сэтгэл ч гэрэлтэй байдаг. Тэнд аав шиг минь нэгэн буурал ах гутал тахалж, миний багийн дурсамжийг надад сануулах гэж л ажлаад байх шиг санагддаг. Энэ завгүй түжигнэсэн, уур цухал хүргэм цаг хугацаан дунд ийм л эгэл энгийн бүхэн надад аз жаргалыг авчирдаг. Бид цаг хугацаатай уралдах зуураа дурсамжаа хүртэл гээдэг байж мэднэ. Гэхдээ эргэн тойрноо сайтар харвал эгэл энгийн бүхэн өөртөө чамин гоёмсог ид шидийг нуусан байдаг юм даа. Эгэл Монгол ахуй амьдрал биднийг эерэг, гэгээлэг Аз жаргалд хөтөлдөг ажээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
15 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
17 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хонгоо 2019.04.04 66.181.161.107

Сэтгэл татам сайхан дурсамж, сайхан илэрхийлэл байлаа.

0 Хариулах