Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Фото сурвалжлага: Миллениалуудын ажлын орчин ямар харагддаг вэ? (№4)

Хамтдаа сонирхъё.


Ажлын ширээ хүнийг тодорхой хэмжээнд илэрхийлнэ гэдэгтэй та санал нийлэх үү? 

UB.LIFE "Миллениалуудын ажлын орчин ямар харагддаг вэ?" булангаараа дизайнер, эмч, радиогийн сэтгүүлч, сэтгэл судлаач, гагнуурчин, химич, нарийн боовчин зэрэг олон төрлийн ажил мэргэжилтэй залуусын ажлын орчин, ажлын ширээ ямар байдгийг сонирхуулж байна. 

1. А.Учрал “Говь” хувьцаат компанийн дизайны хэлтсийн дарга

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Манай компани жил, сар, долоо хоногоор ажлын төлөвлөгөөгөө гаргадаг тул хийх ажил минь нүдний өмнө тодорхой байдаг. Бид ч ажлын төлөвлөгөөгөө ширээ, самбар гээд нүдэнд харагдах газраа байршуулдаг. Өглөө ажил 8 цагаас эхэлж, 17 цагт дуусдаг ч зарим тохиолдолд коллекц дээрээ ажиллах үе байдаг тул сунаж ажиллах тохиолдол бий. Хамгийн энгийндээ үйлдвэрийн бүтээмжинд тулгуурлаж, шинэ загвар, трендүүдийг хослуулж бүтээгдэхүүн бий болгох гэх юм уу даа. Ер нь компьютер, өнгөний каталог, код дээр их төвлөрч ажилладаг. 
Миний ард байх самбарын хэсэг бас л миний ажлын нэг хэсэг. Хэрэгцээтэй бүхнээ, мэдээлэл болохуйц зүйлсээ самбар дээрээ тогтоогоод ажилладаг. 

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Компютерийн ард их суудаг болохоор хугацаа хэмнэх үүднээс хэрэгтэй бүхнээ гар дороо байлгахыг хүсдэг. Салфетка, нүүрний будаг, толь гэдэг ч юм уу. Ажлын болон өөрийн сонирхсон номоо ширээн дээрээ байлгахыг хүсдэг. Монгол хэлний тайлбар толь, европын түүх, солонгосын текстил дизайны талаар ном байх жишээний. Харин нөгөө буланд нь “Говь”-ийн каталогуудаа байлгадаг. Архив хэлбэрээр хэрэглэдэг гэсэн үг.  

Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?

Бамбарууш - Миний дүүгийн өгсөн бэлэг. Стресстэй байх үедээ харах юм бол шууд л гэр бүл маань бодогдоод, сэтгэл санаа сайхан болдог. Эерэг энерги өгдөг.
Кактус - “Yama” брэндийн зураг авалтаар Тэрэлжид явж байхдаа энэ ургамлыг аваад, одоо болтол ургуулж байна даа. Хажууд нь байгаа кактусыг нь ажлын эгч өгсөн юм. Зен гарден маягийн юм үүсгэхийг хичээж байгаа. 

2. Оюу толгойн ил уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн гагнуурын цехийн гагнуурчин, оператор Г.Одмандах

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Манай цех ил уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдлыг ханган ажилладаг. Миний хувьд тухайн ажилд шаардлагатай деталиуд болон эд ангийн эсгүүрийг тусгай зориулалтын CNC плазма машин дээр хийх үндсэн үүрэгтэй. Олон төрлийн ажил гүйцэтгэдгээрээ онцлог юм уу даа. Нэг өдрийн дотор л кран өргөлт, хэмжээ авч эсгүүр гаргах, ажлын төлөвлөгөө 3D зураг гаргах, гагнуур хийх гэх мэт 4 - 5 төрлийн үүрэг гүйцэтгэх нь элбэг.

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Ажлын ширээний тохижилтын хувьд ажлын орчноосоо шууд хамааралтай. Манайх гагнуурын цех учраас тоос шороо, тортог ихтэй. Түүнээс хамгаалах зорилгоор ийм кабин хийсэн юм. Энэ ард байгаа самбар дээрээ төлөвлөгөөгөө гарган тэмдэглэж, ажлаа хүлээлцдэг. Мэдээж сайн төлөвлөгөө бол сайн үр дүнгийн үндэс шүү дээ.

Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?

Онцгой зүйл гэвэл энэхүү хоймортоо залсан байгаа хуучин төрийн сүлдийг хэлэх юм байна. Энэ машиныг ажиллуулж сураад хамгийн анх хийсэн зүйл маань байгаа юм. Хотод гэрийнхээ хойморт ч бас нэгийг залсан. 

3. Б.Төгөлдөр Гранд Мед эмнэлгийн “Яс үений мэс заслын тасаг”-ийн их эмч 

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Манай тасаг гурван эмчтэй. Тасагт өдөр бүр 30-аас дээш хүн үзүүлж, яс үений гэмтэл авсан болон өвдөг, түнхний хэсгээр өвдсөн хүмүүст үзлэг хийдэг. Эхлээд оношлогоо хийгээд өвчтөнд тохирсон хамгийн ашигтай үйлчилгээг санал болгоод тухайн эмчилгээний дагуу эмчилгээ хийж эхэлнэ. Шаардлагатай бол мэс засал хийнэ. Ажил өглөө 8.30 цагт эхлэх ёстой ч эмч нар 7.30-8.00 цагийн хооронд өрөөндөө ирж, бэлтгэл ажлаа хангасан байх ёстой. Үүний дараа мэс заслын тасагт очиж, урд шөнө мэс засалд орсон хүмүүсийн биеийн байдалтай биеэр явж танилцдаг. Ингээд эмч, сувилагч нартайгаа хурлаа хийж, төлөвлөсөн мэс засал байвал ороод, байхгүй бол өрөөндөө ирээд үзлэгээ хийнэ дээ.  

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Эмч хүний ширээ хамгийн эмх цэгцтэй байх ёстой. Энэ нь өөр зүйлд анхаарал сарнихгүй байх хэрэгтэй гэсэн үг. Өвчтөн орж ирэхэд өвчтөндөө 100 хувь анхаарлаа хандуулах учиртай. Мөн мэс засал хийх, төлөвлөгөө гаргахад хэрэгтэй календарь байдаг. Компьютерээс өвчтнийхөө мэдээллүүдийг хараад ажлаа хйидэг, бичиг цаас, үзгийг байнгын хажуудаа бэлэн байлгадаг. Хамгийн чухал нь өвчтөнд зовиур болон өвчнийг тайлбарлаж өгдөг үзүүлэн маань. 

Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?

Төрсөн өдрөөр минь бэлэглэсэн эхнэрийн календарийг л нэрлэе. Өдөр бүр нь урмын үгтэй тул үүнийг уншаад их урам зориг авдаг. Хамгийн дурсамжтай нь энэ байна. Мөн өвчтөнөөс ирдэг сэтгэлийн үгтэй захианууд бий. Талархсан сэтгэлээ илэрхийлээд сэтгэлээ гарган бичсэнийг уншаад цаашид ажиллах урам зориг авдаг даа. 

4. Х.Мөнхзул “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын оношлогоо үнэлгээний албаны сэтгэл судлаач

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Ихэвчлэн хүүхдийн хөгжил, танин мэдэхүйн онцлог, клиник асуудлын хүрээнд оношлогоо үнэлгээ хийдэг. Өдөр бүр аутизм, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг, суралцах бэрхшээл, оюун ухаан, хөгжлийн хоцрогдол бүхий олон талын онцлог бүхий хүүхдүүд манай хүрээлэнд ирдэг. Хүүхдүүдэд үнэлгээ хийн тэднийг хэрхэн хөгжүүлэх боломжид тулгуурлан интервенц, зөвлөмж боловсруулдаг. 
Оношлогоо үнэлгээ хийхэд нарийн стандарт, ёс зүйн дүрмийг баримтлах ёстой байдаг учраас их анхаарал шаарддаг. Гэхдээ хүүхэд бүрийн сэтгэх онцлог, юмсыг харах өнцөг, бусадтай харилцаж байгаа байдал зэрэг нь үнэхээр сонирхолтой учраас надад тийм ч хэцүү санагддаггүй. 

Мөн зөвхөн оношлогоо үнэлгээний стандарт, ёс зүйг баримтлахаас гадна байнга шинэ  судалгаа шинжилгээний үр дүнтэй танилцаж, бүтээлч байж, шинэ зүйлсийг суралцаж байхыг шаарддаг тул судалгаа, туршилтын үр дүнг уншиж, мэдээлэл авахад өглөөний нэг цагийг зарцуулдаг. 

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Ширээгээ компьютертай зүйрлэвэл шуурхай санах ой. Тиймээс ойрын хугацаанд хэрэглэх зүйлсээ ширээн дээрээ, нэг их хэрэглэгдэхгүй зүйлсээ шүүгээндээ хийдэг. Гол нь ширээний хаана юу байгааг л сайн мэдэж байх нь чухал. Миний ширээн дээрх зүйлс тийм ч эмх цэгцтэй биш л дээ. Хэт цэгцтэй байхаар хязгаарлагдмал санагдаад байдаг юм. Тэгэхээр энд тэнд цаас хөглөрөөд, өөрийнхөө дуртай эд зүйлсийг зай эзэлж байсан ч хамаагүй тавьж суугаад ажлаа чөлөөтэй хийж байвал надад илүү тухтай санагддаг. 

Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?

Ширээний гэрэл. Бага байхаасаа л чийдэн, гэрэлд дуртай байсан. Гэрийнхэн маань, ялангуяа аав, эгч хоёр маань намайг баярлуулахын тулд хаашаа л явсан надад байнга л энд тэндээс янз бүрийн чийдэн, гэрэл авчирж өгдөг. Анх би гэрлэнд зүгээр л дуртай байсан бол одоо гэрэл надад дулаан мэдрэмж төрүүлдэг болсон. Тэгээд ширээн дээрээ бүр хоёрын хоёр гэрэл тавьчихсан. Харах бүрт л надад урам өгдөг.   

5. "ALS" группийн Оюу толгой дахь салбарын Химийн шинжилгээний лабораторийн химич-оператор Б.Ижилдулам  

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Би Оюу толгойн уурхайн анхдагч хүдрээс эхлээд эцсийн баяжмал хүртэлх дээжийг атом шингээлтийн спектрометрийн багажаар шинжилж, агуулгыг нь тодорхойлдог юм. Үнэхээр сонирхолтой, нягт нямбай чанар, мэргэжлийн ур чадвар шаардсан хариуцлага өндөртэй ажил.

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Миний ажлын ширээг харвал шинжилгээний багаж, шинжилгээнд хэрэгтэй бодис урвалжууд байхаас гадна бичиг хэргийн зүйлс их байгаа. Тохижуулахдаа аюулгүй ажиллагаанаас гадна эмх цэгц, тав тухтай байдлыг бодолцдог.  

Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?

Их сургуулиа төгсөөд Оюу толгойн лабораторид ажиллаж эхэлснээс хойш зургаан жил өнгөрчээ. Дурсамж болоод түүх өгүүлэх зүйл гэвэл миний багажнууд л байна даа. Анхны ээлжийн амралтаа дуусгаад лабораторидоо орж ирээд багажныхаа өмнө суухад төрсөн сайхан мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Өнгө үнэр нь нэг л дотно санагдаж, асаахад сэтгэл сэргээд ирдэг. Хүн ер нь дурласан ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг юм шиг санагддаг.

6. Монголын Радиогийн 3 дугаар суваг Р3 радиогийн хөтлөгч, редактор Э.Ганхуяг


 
Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?
 
Миний ажил төрийн дууллаар сонссоноор эхэлж, төрийн дуулал сонссоноор дуусдаг даа. Шууд эфир гэдэг бол бидний хувьд алдах боломжгүй дэнс. Тиймээс эфирт орохын өмнө сонсогчдод хүргэх мэдээллээ бэлдэж, нягтлан шалгаж, хальсаа монтаж хийх гээд ажил мундахгүй. Р3 радиогийн хувьд Монголын Радиогийн 3 дугаар суваг. Хос хөтлөлттэй, эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн залуус урам зоригтойгоор ажилладаг. Заримдаа бүр ажил дээрээ хонох үе ч гарна.  Өдөр тутмын 16 цагийн шууд эфирийг “Цэнгэг”, “Боломж”, “Завсарлага”, “Радио хот” гэсэн 4 хөтөлбөрийн хамт 8 хөтлөгч, редактор ажилладаг. Р3 гэсэн товчлолын тухайд Public,  People, Program гэх 3 үгийн товчлол. Монголын анхны олон нийтийн, хүн төвт, хөтөлбөрт радио. Радио сэтгүүлчийн бусдаас ялгарах хамгийн том чадвар бол сонсох, ярих, сэтгэх бас илэрхийлэх. Илэрхийлэхдээ дүрслэх, дүрслэн ярих чадвар маш чухал. Бас зөвхөн мэдээлэл бэлтгэх, олон нийтэд хүргэхээс гадна, радиогийн техник хэрэгсэлтэй харьцах, монтажны программ дээр ажиллаж сурах олон зүйл бий. 
 

Ажлын ширээгээ яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Хамт олон дундаасаа хамгийн их новштой нь би. Гэхдээ аль болох эмх цэгцтэй байхыг чухалчилдаг. Зөвхөн оффис өрөөнөөс гадна, шууд эфирийн өрөө, бичлэгийн студийн өрөө, ”Live” нэвтрүүлгийн өрөө гээд олон өрөө бий. Оффис өрөөний ширээн дээр уншиж буй ном, хурлын тэмдэглэлүүд, гарын авлага, судалгааны материалууд, бас тэмдэглэлийн дэвтрүүд бий. Харин монтажны өрөөнд бол чихэвч, хальс байхад л болдог. Шууд эфирийн өрөөнд уух устайгаа л ордог.  


 
Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлсээс хуваалцаж, түүх өгүүлбэл?
 
Миний ажлын шүүгээнд Английн шигшээ багийн ахлагч асан, домогт хөлбөмбөгч Девид Бекхэмийн зураг наалттай байдаг. Миний хөлбөмбөгт дурлах болсон, тоглох болсон бүх шалтгаан бол энэ тоглогч. Түүнийг анх 2006 оны Дэлхийн аваргын үеэр Эквадорын шигшээ багийн хаалганд хийсэн гоёмсог гоолоор нь мэддэг болсон. Бас нэг чухал зүйл нь миний номын тавиур. Их сургуулиа төгсөөд ажилд орж байхад номын багш маань надад өгч байсан юм. Анх хэдхэн л ном хийгээд их зайдуу байдаг байсан бол одоо дүүрчихсэн, зарим номоо шүүгээний дотор тавиуртаа хийж байгаа.

7. Оюу толгойн уурхайн "Мазаалай" зоогийн газрын гал тогоо, нарийн боов үйлдвэрлэлийн хэсгийн ахлах нарийн боовчин Ц.Энхсайхан

Та өөрийн ажил, үүргээ энгийнээр тодорхойлбол?

Би нарийн боов үйлдвэрлэлийн тогооч мэргэжилтэй. Одоогоор “Саппорт Сервисес Монголия” ХХК-д нарийн боовны ахлах тоогоочоор ажиллаж байна. Манай "Мазаалай" Монголын хамгийн том нийтийн хоолны газар. Өдөрт л 8000 гаруй хүнд өглөө, өдөр, оройн хоолоор үйлчилдэг. Би нарийн боов үйлдвэрлэлийн менюгээ гаргадаг. Хүмүүстээ өдөр бүр өөр өөр амттанаар үйлчлэхийг зорьж ажилладаг. Мөн сервис үйлчилгээ, ОТ-н уурхайн цогцолбор дахь тусгай хүлээн авалт, зочид төлөөлөгчдийн хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэх тусгай амттан, бялууг бэлтгэн гаргадаг. 
 
 
Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?
 
Миний хувьд ажлын байрны орчин зөвхөн нэг хэсэг бус, нэлээд том орон зайг хамардаг. Яг одоо бол би зул сарын баярт зориулсан бялуу хийж байна. Бялуу хийхэд эн түрүүнд ажиллах орчин маань цэвэрхэн, тохиромжтой температуртай байх ёстой. Цэвэрхэн орчинд ажиллахад урамтай байдаг. Мэдээж зориулалтын хэрэгсэл, төхөөрөмжүүд маань байгаа. Энэ бялуунд хэрэглэгдэх шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээс дурдвал, чимэглэлийн хутга, кремний төрөл бүрийн хэлбэр дүрс гаргах хошуу, тортны суурь, крем цохих цахилгаан холигч, багс зэрэг байна. Бялууны амт баг хамт олны хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. Манай баг их сайн гар нийлж ажилладаг. 
 
 
Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?
 
Манай гал тогооны хэлтэс сар бүр аюулгүй ажиллагааны сэдэвчилсэн аян зохион байгуулж, бүтэн сарын турш янз бүрийн уралдаан тэмцээн зохиодог. Нарийн боовны хэсгийнхний  "Гарын аюулгүй ажиллагаа" сэдэвт аянд түрүүлээд авсан цомыг харах бүрдээ хамт олноохоо бахархаж, урам зориг авдаг.
   
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.