Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2018 оны НӨЛӨӨ БҮХИЙ 50 ХҮН: Тэмцлийн салхинд дэрвэсэн жил

Ямар нэг юм болохгүй байгааг мэдэрч, яах ёстойг хэн ч яг таг мэдэхгүй ч, ингээд байж боломгүйг хаа сайгүй сэхээрчээ.


Монголчууд бид 2016, 2017 онд төр улсаа төвхнүүлэх учиртай хоёр ч том сонгуулийн ард гарч, одоо л нэг дуулиан шуугиан намжиж, бүх зүйл төгөлдөр гольдиролдоо орох болов уу хэмээн битүүхэн хүлээж байв. Гэвч 2018 онд бидэнд өөрийг, илүү их тэмцэл, түүнээс дутахгүй сорилт бэлдсэн байжээ. “Сонгуулиар “дэлгэгдсэн” асуудлуудад олон нийт анхаарлаа хандуулаад бухимдал, гомдлоо түүнд тайлчихдаг. Харин сонгуульгүй жил буюу 2018 он нь эдийн засаг уналттай, иргэдийн амьдрал сайнгүй жил байх тул жагсаал, цуглаан ихтэй тэмцлийн жил байх болов уу” хэмээн улстөрийн тоймчид сануулж байв. Дээрх үг ямар ч зурхайчийн төлгөөс давж, тэмцлийн салхинд дэрвэсэн нэгэн оныг бид үдэж байна.   
 

 
Үүний гэрчлэх шиг эмч нар жагсч, багш нар ажил хаяж улирч буй оныг бид тэмцсээр барав. Заримдаа улс төрийн захиалгат “хуурамч” жагсаалууд төв талбайг завгүй болгож орхидог манай хотод энэ удаад багш, эмч нарын жагсаал илүү тууштай, илүү үнэн байсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн зөвхөн нийслэл Улаанбаатараас гадна орон нутгийг хамарч есдүгээр сарын нэгний өглөө зарим сургууль хичээллээгүйг эцэг, эхчүүд тодхон санаж байгаа биз ээ. 
Хүүхэд багачуудын ирээдүй, хүн амын энхийн манаанд зогсогчдоос эхлэлтэй тэмцэл цаашлаад “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөр өртөөлөв. Татвар төлөгч иргэдийн мөнгийг хувийн ашиг, сонирхлын журмаар өөрсөндөө хуваарилсан төрийн өндөр албан тушаалтнуудаас хариуцлага, ёс зүй шаардсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд залуус түүчээллээ. Ил тод байдал, тэгш, шударга хуваарилалтын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн тэдний тэмцэл шинэ байгуулагдсан Засгийн Газрын хувь заяаг ч ганхуулаад авсан.  
 
Энэ мэт үйл явдлууд зөвхөн Монголд болсон гэвэл хараахан үгүй. Ердөө хэдхэн хоногийн өмнө Унгарын иргэд төв телевизийнхээ гадна жагсч шинээр батлагдсан хэд хэдэн хуулийг эсэргүүцэж, Францын “шар хантаазтангууд” шатахууны татвар, үнийн өсөлтийн эсрэг, БНСУ-ын олон мянган ажилтнууд хөдөлмөрийн салбарын бодлого, зохицуулалтыг амьдралд нийцээгүй гэж суулт зарласан. Энэ бүхнийг ажвал ерөөсөө дэлхий даяар янз бүрийн жагсаал, цахим хөдөлгөөн, нийгмийн өөрчлөлтийг хүссэн иргэдийн тэмцэл бүхий жил улирч байна гэхэд хилсдэхгүй. Хэдхэн жилийн өмнөөс популизм дэлхийг “эзэлж”, хямрал, уналт, доройтлыг ил тод, шулуухан хэлдэг тэгээд романтик мөрөөдөлд хүн төрөлхтөнийг “бүүвэйлдэг” лидерүүд хаа сайгүй сонгогдсон. Америкчууд дахин агуу болохын төлөө, Францчууд урагш давшлахын тулд, Унгарчууд илүү “хүчирхэгжиж”, Монголчууд “ялах”-ын төлөө сонголтоо хийсэн.
Гэвч хүлээлт талаар болж бодит байдал тэр хэвээр, өөрчлөлт ирээгүй тул магадгүй иргэд ийнхүү сэрж байж болох. Ямар нэг юм болохгүй байгааг мэдэрч, яах ёстойг хэн ч яг таг мэдэхгүй ч, ингээд байж боломгүйг хаа сайгүй сэхээрчээ. 
 
Нийтлэлч Баабарын “Юм явж явж ёроолдоо хүрч байж л нуран унаж, цоо шинэ дэвшилтэт төвшинд очих бололцоотой болдог” гэх үг өнөөдрийн Монголын дүр зургийг тодорхойлох мэт 60 тэрбум, ЖДҮ зэрэг асуудлаар илэрсэн баялгийн тэгш хуваарилалт, тэгш боломжийн тухай ойлголт, ил тод байдлын шаардлага гээд олон асуудлууд халуунаар хөндөгдөж тэр бүрт мэргэжилтнүүд, залуус, жирийн олон нийт бүгд л “тэмцэж” байна. Чухам иймийн учир энэ жилийн “Гэрэг” – Нөлөө бүхий 50 хүний дугаарт маань цөөнгүй үйл явдал, хөдөлгөөнүүд онцлогдон нэрлэгджээ. Бид өөрийн Ub.life цахим хуудаст санал асуулга эхлүүлэхдээ л энэ бол шагнал урамшуулал, сайшаал, муутгал бус өнгөрсөн оны түүхийг бичиглэсэн бүхнийг бодитоор дурьдахыг уншигчдаасаа хүссэн. Энэ бүхний дүнд эргээд харвал тэмцлийн, өөрчлөлтийн салхитай жил байжээ. 
Энэ салхи хэрхэн, хааш чиглэхийг бид одоо л харах болно. Залуус хийж бүтээж, нэгээр эхэлсэн “Ид шидийн орон” өргөө гэрийнхээ тоог нэмэх болж, боловсрол, санхүүгийн салбарт ESAN, Lend.MN илүү хялбар шийдэл бий болгож, оюун санааны манлайлалд Unread, Ikon, #HeForShe хөдөлгөөн хөтөлж байна. Цаашлаад дэлхийн долоон ноён оргилд гарсан уулчин Б.Гангаамаа, Дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон М.Нандинцэцэг бидний урам зоригийг бадрааж, олон улсын урлагийн тавцанд Б.Март, Ц.Энгүүн нар цойлж зүрх сэтгэлийг минь баясгасныг “Гэрэг” онцлов. 
 
 
Мөн 2018 оны Онцлох агшин, Сайн болон Муу, Хэштэг зэргийг бид эргэн сануулж онцлох ном, подкаст, үзэсгэлэнгийн мэдээллийг ч уншигч танд өргөн барьсан байгаа. “Гэрэг” ирэх онд сар бүрийн төрөлжсөн дугаараар Та бүхэнтэй уулзаж, басхүү “Гэрэг – Фэйшн” загвар, урлаг, соёлын сэтгүүлээрээ улирал бүрийг өнгийг тольдоно. Үүний эхлэл болгож энэ удаагийн дугаартаа “Гэрэг – Фэйшн” шинэ жилийн баярт зориулсан тусгай дугаараа хавсаргасныг Та заавал сонирхоорой. 
Төгсгөлд нь хэлэхэд, бүтэн сарын турш улирч буй түүхийг хамтдаа эргэн сөхөж, бидний урилгыг хүлээн авсан эрхэм авторууддаа болон бидний ажлыг ойлгож, дэмжиж байдаг хамтран ажиллагч байгууллагууддаа баярлалаа. Жилийн хамгийн онцлог, сэтгэл догдлон бүтээдэг дугаараа уншигч Танд өргөн барьж байгааг минь хүлээн авна уу. 

"Анлимитед медиа групп"-ийн Ерөнхий редактор Ж.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.