Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: Казахстан, Афганистан

Оюутолгой, Тавантолгойн ордоо ашиглалтад оруулж, уул уурхай, эдийн засгийн шинэ шатанд гарч буй өнөө үед бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс танилцуулж байгаа юм. Энэ удаа бид Казахстан, Афганистаныг харьцуулж байна.


Монгол Улс хөгжлийн зааг дээр ирээд байна гэж учир мэдэх хүмүүс сануулдаг. Үүцээ задлан үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн монголчууд итгэж найдаж байгаа. Гэхдээ баялгаасаа болж баяжсан орнууд байхад баларсан нь ч цөөнгүй бийг санаж, тооцоотой хөдлөх ёстой. Оюутолгой, Тавантолгойн ордоо ашиглалтад оруулж, уул уурхай, эдийн засгийн шинэ шатанд гарч буй өнөө үед бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс танилцуулж байгаа юм. Энэ удаа бид Казахстан, Афганистаныг харьцуулж байна. 

КАЗАХСТАН

ХҮН АМ: 18 сая

АЖИЛГҮЙДЭЛ: 4.9 хувь

ДНБ: 159.4 тэрбум ам.доллар

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ: 8837 ам.доллар

ИНФЛЯЦ: 7.43 хувь

ҮНДЭСНИЙ ВАЛЮТ: Тенге

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есдүгээрт жагсдаг нэгэн орон ЗХУ-аас тасран, биеэ даагаад эдүгээ идэр настайгаа золгож байна. Төв Азийн зүрхэнд орших Казахстан улсыг торгоны зам дайрч өнгөрдөг, Европ, Азийг холбосон стратегийн чухал бүсэд байрладаг, Каспийн болон Арал тэнгисээр угаагддаг ч далайд гарцгүй билээ. 1991 оны зул сарын баярын үеэр тусгаар тогтнолоо зарласан казахчууд ямаршуухан аж төрж байна вэ?

Тусгаар улсаа байгуулсны дараахан буюу 1991-1995 онд тус улсын эдийн засаг сайнгүй, инфляцийн түвшин өндөр, ашгийн хуваарилалт тогтворгүй байсан ч Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эх орноо зах зээлийн эдийн засагт шилжүүлэх  алхмыг хийсэн билээ. Гэхдээ энд ардчилал байхгүй. De facto: тэрбээр бүх насаараа Ерөнхийлөгч байна.

Н.Назарбаевын ах дүү, хамаатан садангууд Казахстаны хамаг л том компанийг гартаа атгаж суудаг агаад авлигын хэргээр хуулийн хариуцлага хүлээсэн нь ч бий. Гэхдээ зүгээр ээ, энд амьдрал буцалж байна. Жил бүр 100 мянга орчим казах хүн далайн чанадаас эх орон руугаа нүүдэг гээд бодохоор амьдрал сайхан байгаа гэвэл буруудахгүй болов уу. Монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн казахчууд Октябрийн хувьсгалын дараа хэцүүхэн байдалд аж төрж байв. 1931-1934 онд өлсгөлөн дээд цэгтээ тулж, нэг сая гаруй хүн амь үрэгджээ. Энэ үеэр олон казах эх орноосоо дүрвэн одсон байна. Эдүгээ гурван казах хүний нэг нь буюу нийт 5.5 сая хүн гадаадад амьдардаг гэсэн тооцоо бий аж. Эх орондоо иргэдээ буцаан татах тусгай хөтөлбөрийн дагуу жил бүр 100 мянган казах буцаж ирдгийг дээр дурдсан агаад хэл, соёлоо хадгалж үлдэх тусгай хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлдэг.

ЗХУ-ын бодлогоор 1930-аад онд Казахстаныг үйлдвэржүүлсэн. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн бусад улстай харьцуулахад одоо ч ОХУ-тай сайн харьцаатай хэрнээ АНУ болон Европ, Азийн орнуудтай ч найрсаг харилцаж, нийгэм, эдийн засгийн хөгжил өөд тэмүүлж буй Казахстаны бодлогыг шүүмжлэх нь ч бий, шагшин магтах нь ч бий.

Энэ орон 90 орчим төрлийн ашигт малтмалын нөөцтэй аж. “Менделеевийн үелэх системийн элементүүдээс манайд олдоогүй нь үгүй” хэмээн казахууд омогшдог. ВР компанийн тооцоолсноор, Казахстан улсад 39.6 тэрбум баррель газрын тос байгаа хэмээн тогтоогдсон нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн энд 1.82 их наяд шоо метр байгалийн хийн нөөц бий. Бас болоогүй, 1.7 орчим сая тонн ураны батлагдсан нөөцөөрөө Казахстан дэлхийд хоёрдугаарт жагсана.

Олон улсын зах зээлд ураны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг тэд ОХУ-тай хамтарч атомын цахилгаан станц барьж байна. Алт, зэс, молибден, хөнгөнцагаан, төмөр, нүүрс гээд байхгүй юм үгүй баян орон юм.

Газрын тос, байгалийн хий, уран нь Казахстаны экспортын гол бүтээгдэхүүн юм. 2003 онд зөвхөн газрын тосны борлуулалт нь долоон тэрбум долларт хүрч, тус улсын нийт экспортын 64, ДНБ-ий 24 хувийг эзэлж байжээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ унахад Казахстаны эдийн засаг будаа болно гэдгийг эрх баригчид нь сайтар мэдэж байв. Тэгээд яасан гээч? Хууль баталсан. 2007 оны долдугаар сарын 1-нээс ашигт малтмалын бүх орлогоо Үндэсний сандаа төвлөрүүлэх болжээ.

Казахстаны улсын төсөв дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хараат бус болсон гэж хэлж болно. Засгийн газар нь “нефтийн мөнгөө” үрэн таран хийх эрхгүй. Үүний хажуугаар казахчууд уул уурхайн бус салбараа дэмжихэд ихээхэн анхаарч буй.

Улс орноо эдийн засгийн таван томоохон бүс болгон хуваасан бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнд хөнгөн үйлдвэрлэл гээд бүхнийг зэрэг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр мэрийсэн. Энэ нь ч амжилттай бүтэж буй. Эдүгээ Казахстанд LG, “Samsung”, “Bosch”, 3M, “Panasonic”, АВТОВАЗ, “Chevrolet” зэрэг дэлхийн брэндүүд үйлдвэрлэлээ явуулж байгаа бол “Microsoft” компани Төв Азийн бүс хариуцсан төвөө Алматыд байгуулжээ. Энд мөн “Alatau IT city”-г дурдах ёстой. Тэд хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсээр байгаа бөгөөд үр тарианы үйлдвэрлэлээрээ Тусгаар улсуудын хамтны нөхөрлөлийн орнууд дундаа гуравдугаарт, өөрөөр хэлбэл ОХУ, Украины дараа бичигддэг. 2012 оны байдлаар тус улсын экспортын хэмжээ  86.4  тэрбум ам.доллараар хэмжигдэж, дээд цэгтээ хүрч байснаас Казахстаны эдийн засгийн салбарын төрөлжилтийг харж болно.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар аж үйлдвэрлэл таван хувиар, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол машин үйлдвэрлэл 16 хувиар нэмэгдэж,  хөнгөн үйлдвэр, хүнсний салбарын өсөлт 3.5 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна. Бизнесийн орчныг авч үзвэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжих хандлагатай байгаа нь инфляци гаарахаас сэргийлэх, ажилгүйдлийг багасгахад дөхөм болно гэж ажиглагчид онцолж буй.

АФГАНИСТАН

ХҮН АМ: 35.5 сая

АЖИЛГҮЙДЭЛ: 8.84 хувь

ДНБ:   21 тэрбум ам.доллар

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ:  585 ам.доллар

ИНФЛЯЦ: 4.9 хувь

ҮНДЭСНИЙ ВАЛЮТ: Афгани

1919 онд буюу Казахстанаас бүхэл бүтэн 70 гаруй жилийн өмнө тусгаар улс болон түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн Афганистанд байдал шал өөр. 5000 жилийн тэртээ энд анх хүмүүс суурьшсан гэж үздэг. Энэ хугацаанд олон эзэнт гүрний гар дамжин ирснээс цухас дурдахад VII зуунд араб, XIII зуунд Чингисийн цэргүүдийн түрэмгийлэлд өртөж байв.

Дундад Дорнодын далайд гарцгүй Афганистан улс Ази Европыг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршлынхаа гайгаар англичууд болон оросуудын овоо хараанд өртөж, “Том тоглоом”-ын бай болжээ. Их Британи энэ орныг эзлэн авахын тулд хэд хэдэн удаа дайрч байсан боловч 1919 онд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. 1973 оноос төрийн эрх барьсан Мухаммед Дауд Ерөнхийлөгчийг 1978 онд унагаж, гэр бүлийнх нь хамт цаазалснаар дайн дажин, хувьсгал хийгээд эмх замбараагүй байдал тасарсангүй.

Сүүлийн 38 жилийн турш афганчууд иргэний дайнаар амьсгалж ирсэн билээ. 1989 онд ЗХУ-ын цэргүүдийг хөөж гаргаснаар бүх зүйл сайхан болно гэж бодсон нь эндүүрэл байв. “Талибан”-ы удирдлагын үед америкчуудын уурыг хүргэжээ. 2001 онд Осама бин Ладен Афганистанд орогносон гэдэг шалтгаанаар АНУ-ын цэргүүд энэ оронд халдсан. Ингээд дахиад л дайтав.

2004 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Хамид Карзай Ерөнхийлөгч болсноор байдал цэгцрэв үү гэтэл үгүй. Иргэний дайн, эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилсээр. Уг нь байгалийн хий, газрын тосны нөөцөөрөө Афганистан дэлхийд дээгүүрт жагсана гэдэг ч яв цав гаргасан тоо алга. Түүнчлэн алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын арвин нөөц байгаа гэдэг. Америкийн геологчдын тогтоосноор Афганистанд нэг их наяд долларын ашиглагдаагүй байгалийн нөөц бий. Тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай нөөцөө бүр гурван их наяд доллараас илүү гэсэн. 1980-аад онд байгалийн хий ЗХУ руу нийлүүлж, нүүрс болон бусад ашигт малтмал олборлож байсан ч улс төрийн байдал, дайны улмаас ашигт малтмалын салбар нь уналтад оржээ.

Ашигт малтмалын ордуудаа бушуухан эргэлтэд оруулж, эдийн засгийн хөгжилд хүрнэ хэмээн Афганистаны эрх баригчид ярьдаг. Гэвч уулархаг энэ оронд уурхай ажиллуулахад бэрх төдийгүй дэд бүтэц гэх юмгүй учир хөрөнгө оруулалт татахад амаргүй. Тухайлбал, орон даяар 25 км урт төмөр замтай бөгөөд автозам муу,  усан тээвэр хөгжөөгүй. Бас дээрээс нь улс төр, эдийн засгийн тогтворгүй ийм нөхцөлд ашигт малтмал олборлох гэж мөнгө хаях хүн олон биш ээ. Эрэл хайгуул сайтар хийвэл эндээс юу ч гарч ирж магадгүйг уул уурхайн компаниуд мэддэг ч холуур өнгөрсөөр. Дайн дажны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон учир ажилгүйдэл гаарч, албан бус тоогоор 40 хувьд хүрсэн нь гадаадын тусламжаас хараат нэн буурай орны тоонд оруулж байгаа юм. Төсвийнхөө гуравны хоёрыг тусламжаас бүрдүүлсэн байх жишээтэй.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 долларт ч хүрдэггүй бөгөөд худалдан авах чадвараараа дэлхийд 219 дүгээрт эрэмбэлэгддэг. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ хүртэл импортоор хангана.

Афганистаны ДНБ-ий 31 хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарт нь тус улсын нийт ажиллах хүчний 78 хувь нь ажилладаг аж. Тэд намуу цэцэг, үр тариа, самар, жимс ургуулна. Хөдөө аж ахуйн салбар нь хөөрхөн хөгжчихсөн юм болов уу гэхээр хар тамхи буюу намуу цэцгийн тариалалт л газар авсан байх юм. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдлага буюу UNODC-ын мэргэжилтнүүд 2008 оны наймдугаар сард гаргасан судалгааны тайландаа “XIX зууны дунд үеийн Хятадаас өөр ямар ч орон өнөөгийн Афганистан шиг их хэмжээний хар тамхи үйлдвэрлэж байгаагүй” хэмээн тэмдэглэсэн бөгөөд экспортын гол бүтээгдэхүүн нь хар тамхи гэгддэг.

Дэлхийн зах зээлд нэвтэрч буй намуу цэцгийн 90 хувийг Афганистан улсад үйлдвэрлэж байгааг тус байгууллага онцолсон байдаг. Афганчууд 2007 онд л гэхэд гурван тэрбум долларын орлого хар тамхины наймаанаас олсон нь тус улсын ДНБ-ий 40-50 хувьтай дүйцэх үзүүлэлт бөгөөд нийт  193 мянган га талбайд намуу тариалдаг.

Өдгөө Афганистаны хүн амын 36 хувь нь нэн буурай ангилалд багтаж байна. Тус улсын иргэдийн 42 хувь нь өдрийн нэг доллараар амьжиргаагаа залгуулдаг гэж USAID (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг) тодорхойлжээ. HDI буюу хүний хөгжлийн индексээрээ Афганистан улс дэлхийд хойноосоо хоёрдугаарт жагсдаг гэнэ. 18 хүүхэд тутмын нэг нь ой хүрэлгүй хорвоог орхидог. Ийм нөхцөлд эдийн засаг босгох тухай ярихад хэцүү ч байгалийн баялгаа хөдөлгөх шаардлага зайлшгүй байгаа юм.

Афганистан Дэлхийн банкнаас гаргадаг 2019 оны Бизнес эрхлэхэд таатай байдлын индексэд 16 байр ахиж, хамгийн өндөр өсөлттэй орноор шалгарсан. Ган ихтэй, байнгын дайн тэмцэлтэй атлаа ийм амжилт гаргасанд эдийн засагчид нь тун баяртай байгаа гэнэ. “Талибан”-ы дарангуйллыг зогсоож, нийгмийн байдал нь тогтворжвол эдийн засаг нь харьцангуй түргэн сэргэнэ гэж олон улсын шинжээчид үздэг.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
32
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.