Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ

"Алтан Ордны улс бол хэнийг ч хамаагүй дээрэмддэг зэрлэг улс биш жинхэнэ соёл иргэншил байсан"


Энэ жил ОХУ-ын Татарстан болон Казахстанд Алтан Ордны улсын 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Энэ талаар Татарстаны ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн тэргүүн Рафаэль Хакимов "Реальное время" цахим сэтгүүлд ярилцлага өгсөн байна. 

"Алтан Ордны улс бол хэнийг ч хамаагүй дээрэмддэг зэрлэг улс биш жинхэнэ соёл иргэншил байсан"

- Рафаэль Сибгатович, Алтан Ордны улсын 750 жилийн ойн утга учир юунд байна вэ? Яагаад заавал тэмдэглэх ёстой гэж?
- Их Монгол улсын задран бутралтын тухай энд яригдах болно. Чингис хааныг залгамжлагчдын дотор хэн хаан ширээнд суух талаарх маргаан Бат хааны үед л гарч байсан. Үүнээс болоод Бат хаан Монгол улсаас тусгаар бие даасан бодлого явуулж эхэлсэн юм. Монголын эзэнт гүрэн 4 хуваагдах нь тэр үед тодорхой болсон. Алтан Ордны Өзбег хааны үед исламын шашныг төрийн шашин болгосон нь Чингис хааны Их Яса буюу Их Засаг хуулийн "Бүх шашин тэгш эрхтэй" гэснийг шууд зөрчсөн хэрэг байлаа. Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улсын хооронд дайн гарч, энх тайвны гэрээ байгуулахдаа хил хязгаарыг тогтоосноор Монгол улс Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань гэсэн 4 улс болон задарсан.
- Алтан Ордны улсын талаар янз бүрээр ярьж, хэлэлцэж байдаг. Таны хувьд?
- Нэгдүгээрт, түүхэн үнэнийг дамжуулан ярих ёстой. Яг байсан чигээр нь. Алтан Ордны улстай харьцуулчихаар улс орон тэр үед байгаагүй. Эдийн засаг, дэд бүтэц, санхүүгийн систем, цэргийн хүч гээд Алтан Ордны улс хамгийн соёл иргэншилтэй улс байсан. Хэн нэгэнд таалагдахгүй байж болох ч энэ бол түүхэн үнэн. Оросын жижиг улсууд өөр хоорондоо алалцаж байхад Алтан Орд л зогсоож, тэднийг нэгтгэсэн шүү дээ. Европ тив ядуу хоосон, олигтой зам ч байхгүй, хэдэн жижиг улс хоорондоо дайтаж байсан. Бат хаан Унгарт довтлохдоо Европын нэгдсэн армийг хялбархан бут цохисонд гайхах зүйлгүй. Бат хаан Серб хүртэл явсан ч Монголд Их хаан таалал төгсөөд буцах хэрэгтэй болоод л зогссон юм. Тиймээс Алтан Ордны улстай хөгжлөөр эн тэнцэх битгий хэл харьцуулж үзэх улс ч тэр үед байгаагүй. Орост татаруудыг муулдаг түүхэн уламжлалтай. Гумилев үүнийг "Хар домог" гэж нэрлэсэн байдаг. Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд л Орос цэцэглэж эхэлсэн. Оросууд хэзээ ч татаруудтай байлдаж байгаагүй. Мэдээж улс оронд нь халдан дайрах нь хэнд ч таалагдахгүй. Гэхдээ Бат хаан Европ явахдаа Оросоор зүгээр дайраад гарсан хэрэг. Хэдэн хот шатаасан л гэнэ, цөөхөн хэдэн хот шүү дээ. Түүний эсрэг дайтах цэрэг байгаагүй болохоор оросууд эсэргүүцэн тэмцсэн гэдэг түүхийн хэтрүүлэг. Мэдээж дайнд явж байгаа хойно их цэргээ хооллох хүнс хураан авч таарна. Гэхдээ дараа нь Бат хаан Оросын эдийн засгийг сэргээхийн тулд татвараас чөлөөлж байлаа. Мөн Алтан Ордны улсын үед Үнэн алдартны шашин цэцэглэн мандсан гэдгийг мартаж болохгүй. Татвараас чөлөөлөгдөж байсан болохоор маш олон сүм хийд байгуулагдаж байлаа.

- Саяхан энэ ойд зориулан гарсан нэг нийтлэлийг уншлаа. Зохиолч нь "Оросын ард түмнийг боолчлон, дарласан Алтан Ордны 750 жилийн ойг тэмдэглэх гэж үү" гэж бичээд Алтан Ордны улсыг Германы фашистуудтай харьцуулсан байсан.
- Нэгдүгээрт, бид өөрийн газар нутаг дээр байна. Өөрөөр хэлбэл бид Оросын нутагт оршдоггүй. Алтан Ордны улс Оросыг эзлэн түрэмгийлээгүй. Ямар ч цэргийн анги байрлаж байгаагүй. 10 хувийн татвар авдаг байлаа, хариуд нь зам барьж, аюулгүй байдлыг нь ханган, санхүүгийн тогтвортой систем нэвтрүүлсэн. Хаад ноёдыг нь томилдог байсан нь үнэн. Энэ чинь жирийн л нэг улс орны зохион байгуулалт шүү дээ. Оросуудыг дарлаж, доромжлох ямар ч хэрэг байгаагүй. Тэд татаруудын эсрэг хзээ ч бослого гаргаж байгаагүй. Оросууд өөрсдийн ноёдын эсрэг л босдог байсан. Татарын дарлал гээд дунд сургуулиас нь толгойд нь чихэж, хэвлэл мэдээллээр бичээд байхаар хүмүүс ийм ойлголттой байх нь аргагүй. 
- Рафаэль Сибгатович, энэ ойг тохиолдуулан, форум зохион байгуулна гэсэн. 2019 оны форум юугаараа онцлог болох вэ?
- Юуны өмнө их том форум болно. Казахстан улс өөрсдийгөө Алтан Ордны улсын залгамжлагч гэж зарлаад мөн 750 жилийн ой тэмдэглэнэ гэж яриад байгаа. Энэ талаар тэдэнтэй ярилцах болно.
- Казахстаны талтай хамтран ажиллаж байгаа юу?
- Засгийн газрын түвшинд хамтран ажиллаагүй. Харин казах эрдэмтэдтэй харилцаж, тэднийг энд ирж, хэд хэдэн гэрээ байгуулахыг санал болгосон. Ер нь Алтан Ордны улсыг судалдаг түүхч, эрдэмтдийг урьж байгаа. Алтан Ордны улс судлалд юу болж байгааг нийтэд нь харж, дүгнэх шаардлагатай байна.
- Алтан Ордны улсыг судладаг эрдэмтэн олон байгаа юу?
- Маш олон. Сүүлийн үед улам нэмэгдэж байна. Биднээс түрүүлээд энэ сэдвээр доктор болж байгаа хүн ч олон байна. Алтан Ордны улс судлалаар Москва, Петербург сайн шүү. Орос орон хаанаас үүссэн бэ гэдэг асуулт бидний өмнө байна. Үүнд Киевийн Русь, Новгород гэсэн хоёр тайлбар эрт үеэс байлаа. Одоогийн нөхцөл байдалд Оросыг Киевээс үүссэн гэж хэн ч хэлэхгүй болсон. Мөн 14-хөн мянган хүнтэй Новгородоос яагаад Орос үүснэ гэж. Ингэхээр Алтан Ордны улс л үлдэж байгаа юм. Өзбег хаан лалын шашныг нэвтрүүлэхэд маш олон татар Москвад очиж байлаа. Москва хот бол Мөнхтөмөр хааны үед үүссэн хот. Алтан Ордод байр суурьгүй болсон хүн Москвад, Орост очдог байлаа. Борис Годунов, Семион Бекбулатович гээд маш олон татар хүн Оросын арми, флотод өндөр албан тушаал хашиж явсан. Орос хэлийг аваад үз л дээ, маш олон татар үгтэй. Орос гүрэн орос, татарчуудын хамтын холбоон дээр үүссэн юм. Харамсалтай нь Екатерина хатан хааны үеэс Барууны нөлөө орж ирэн, түүхийг өөрөөр бичиж эхэлсэн. Хуучны судар бичгүүдийг шатаасан тул баталгаа, нотолгоо үлдсэнгүй.
- Форумд ямар орны эрдэмтэд ирэх вэ?
- Юуны өмнө Москва, Петербург оролцоно. Улс гэх юм бол Унгар, Польш, Румын, Серб, Их Британи, АНУ, Монгол, Япон, Иранаас эрдэмтэд ирнэ.

- Сүүлийн жилүүдэд Алтан Орд судлалд шинэ ямар нээлт, бүтээл гарав?
- Бид Оксфордод "Дэлхийн түүхэн дэх Алтан Ордны улс" зохиолоо танилцуулахаар очиход олон түүхч анх удаагаа ийм улсын тухай сонсож байна гэж байлаа. Тийм судлал тэнд огт байгаагүй. Тэд монголчуудын талаар судлаж байсан болохоос татар гэж сонсоогүй байсан. Бусад оронд ч ялгаагүй. Дэлхийн түүхийг Алтан Ордны улсгүй ойлгох боломжгүй болохоор сүүлийн үед энэ сэдэв олны анхаарлыг ихэд татаж байна. Бүгд л Монголын Их гүрэн гэж яриад байдаг. Үнэндээ Хааныхаа нэрээр л Монгол гэж байгаа ч тэнд халх, ойрд гэсэн монголчууд бараг байгаагүй. Алтан Ордны улс монгол, түрэг гэсэн албан ёсны хоёр хэлтэй байсан гэж түүхчид бичдэг. Тэгвэл монгол хэл дээр бичигдсэн ямар нэг баримт бичиг үзүүл дээ. Юу ч байхгүй. Алтан Ордод монгол хэлээр бичиж байгаагүй. Харин татараар бол бичиж байлаа. Өөр нэг зүйл бол хэрэв энд монголчууд ирж, захирч байсан юм бол одоо тэдний үр сад, удам нь хаана байна? Бид татаруудын дунд генетикийн судалгаа явуулдаг. Монголчууд маш цөөхөн таардаг. Энд Чингисийн удмынхан хэдэн үе хаанчилж, хаанууд нь олон хатантай байсан гэдэг. Тэгвэл тэдний ул мөр хаана байна? Алтан Ордны улс бол санхүүгийн тогтвортой системтэй, чанартай сайн замтай, хил хязгаараа найдвартай хамгаалдаг, хууль дүрэмтэй, хүчирхэг улс байсан. Таарсан болгоноо дээрэмддэг дээрэмчин улс биш соёл иргэншилтэй улс байлаа. Орчин үеийн улстөрчид татаруудыг салган бутраагчид гэж үздэг, харин татарууд төрт засгийг тогтоогчид байсан гэдгийг түүх харуулж байна. Татарууд ямар нэг улс байгуулаагүй үе түүхэнд байхгүй. Москвагийн сэтгүүлчид надад "Та нар салан тусгаарлагчид. Тусдаа гарахаас өөр юм боддоггүй" гэж хэлдэг. Харин би "Яагаад бид Алтан Ордны улсаас тусдаа гарах гэж? Энэ чинь манай эх орон. Орос бол Алтан Ордны улсын залгамжлагч" гэж хариулдаг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
12 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
12 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.