Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Мухаммед Алигийн дурсгалд

“Эрвээхэй шиг эргэлдэж, зөгий шиг хатга”


Дэлхийн хамгийн алдартай боксчин Мухаммед Али нас нөгчиж, спортын ертөнц уй гашууд автлаа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний спорт болох боксын түүхэнд түүн шиг агуу тамирчин байгаагүй, цаашдаа ч гарахгүй биз ээ. Алдарт тамирчны агуу замналыг дурсан санацгаая.


18 настай Кассиус Клей Ромын олимпийн наадамд оролцохыг хүссэнгүй. Учир нь тэр онгоцоор нисэхээс үхтлээ айдаг байв. Дасгалжуулагч нь хоёр цаг ухуулан сэнхрүүлж, тамирчны замнал чинь төгсөнө шүү гэж айлгаж байж, түүнийг онгоцонд суулгасан гэдэг. Гэхдээ тэр онгоцонд орохдоо цэргийн шүхэр зүүгээд ирсэн юм. Далай гатлан, алс холын аянд гарсны хэрэг юу билээ, Клей өөрөөсөө есөн насаар ах Польшийн Петшиковскийг ялж, олимпийн аварга хэмээх хүндтэй хэргэм хүртсэн. Тэр олимпийн аварга болсноороо ихэд бахархаж, алтан медалиа байнга зүүж явдаг байлаа. Гэвч тэр медалиас салах цаг ирсэн. Клей нэг удаа өнгөт арьстнуудад үйлчилдэггүй ресторанд оржээ. Түүнийг гар гэж хөөхөд олимпийн алтан медалиа үзүүлсэн байна. Гэвч рестораны үйлчлэгч огт тоосонгүй. Уур нь хүрсэн Клей Огайо голд алтан медалиа хаяж орхисон гэдэг.


Энэ зургийг медалиа хаяснаас гурван жилийн дараа авахуулжээ. Мэргэжлийн боксчин болж, хараахан дэлхийн аваргын бүс зүүгээгүй ч хэдийнэ супер од болсон, ганган хээнцэр  Клей Нью-Йоркийн гудамжаар зугаалж байгаа нь.  


Сэтгүүлчид тэр үеэс л түүнийг спортын түүхэн дэх хамгийн “гэрэл зурганд сайхан гардаг” тамирчин гэдгийг ойлгож эхэлсэн байв.


Их Британийн Генри Купертэй “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтын өмнөх гэрэл зураг. Клей тавдугаар үед нам цохино гэдгээ зарлан тунхаглаж байна.


“Битлз” хамтлаг Америкт хийсэн аялан тоглолтынхоо үеэр Мухаммед Алитай уулзжээ.


Куперийг ялсан Али хүнд жингийн дэлхийн аваргын төлөө Санни Листонтой учирлаа. Тулаан эхлэхээс өмнө л Али Санниг өдөөн хатгаж эхэлсэн. Тэр шөнийн гурван цагт сэтгүүлчдийг дагуулан Листоны гэрийн гадна ирж, “Айгаагүй бол гараад ир. Чамайг будаа болгоно” гэж хашгирч байжээ. Листоныг наймдугаар үед нам цохино гэж Али амалсан ч таавар нь биелсэнгүй. Учир нь Санни зургаадугаар үеийн дараа тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан. Ийнхүү Кассиус Клей дэлхийн аварга боллоо.


1964 онд Кассиус Клей “Лалын үндэстэн” шашны байгууллагад элсэж, нэрээ Мухаммед Али болгон өөрчиллөө.


Мухаммед Али тоглолтын өмнө Их Британийн лалын шашинтнуудтай уулзаж байна.


1966 онд Мухаммед Али АНУ-ын армид алба хаахаас албан ёсоор татгалзлаа.


Али “Дайн дажин Коран сударт харшилж байна” гэж мэдэгдсэн. Мөн “Вьетнам надад ямар ч асуудал тариагүй. Нэг ч вьетнам хүн намайг хар арьст, негр гэж нэрлэж байгаагүй” гэж хэлсэн юм. Засгийн газраас Мухаммед Алигийн бокс тоглох эрхийг хүчингүй болгож, дэлхийн аварга цолыг нь хураан авсан. 1971 онд АНУ-ын Дээд шүүхээс Алиг цагаатган, тоглох эрхийг нь сэргээсэн юм.


1971 онд “Мэдисон Сквер Гарден”-д нэг ч ялагдаагүй аварга асан Али босоо аварга Жо Фрейзертэй тулалдлаа. “Зууны тулаан”-д Жо ялж, Али анхныхаа ялагдлыг амсаж байв.


Али охидын хамт Цюрихт болох тулаандаа бэлтгэж байгаа нь. Өрсөлдөгч нь Германы Юрген Блин.


1974 оны 10 дугаар сарын 30. “Rumble in the Jungle” хэмээн нэрлэгдсэн энэхүү тулаанд Али Форманыг ялж, дэлхийн аварга цолоо буцаан авсан.


Флоридагийн хүүхдийн цэцэрлэгт Али зочиллоо.


1975 онд Али “Манилад болсон триллер” нэрээр түүхэнд үлдсэн агуу тоглолтоо хийж, Жо Фрейзерийг ялан, аварга цолоо хамгаалан үлдсэн.


1975 онд Ричард Даннтай тоглохын өмнө. Али заншил ёсоор өрсөлдөгчөө өдөөн хатгаж байлаа. Хэдийгээр хүнд цохилтоор ялсан ч 34 настай Али хуучин шигээ хурдан шалмаг биш болжээ.


1976 онд Али Японы мэргэжлийн бөх Антонио Инокитой үзүүлэх тоглолт хийсэн. Жинхэнэ тулаан биш байсан ч тэр хэд хэдэн гэмтэл авсан билээ.


1978 онд Али Москвад зочилсон. ЗХУ түүнд их таалагдсан ч Зөвлөлтийн арми Афганистанд нэвтрэн орсны дараа ЗХУ-ыг байнга шүүмжлэх болсон. Али “Автобусанд сууж яваа Зөвлөлтийн хүмүүсийн царай цаазлуулахаар явж буй мэт байдаг” гэж хэлж байв.

Али 1981 онд зодог тайлж, 1984 онд паркинсоны өвчтэй гэдгээ мэдсэн. 1996 оны Атлантагийн олимпийн бамбарыг тэр асаасан. Түүнд хэцүү байсан ч тэр чадсан юм.


2005 оны долоодугаар сар. Хоёр од нэгэн гэрэл зурагт. Али Шидэт Жонсоныг даажигнаж байгаа нь.


Мухаммедийн охин Лейла аавынхаа замаар мэргэжлийн боксчин болсон. 2005 оны зургаадугаар сар. Вашингтон хот.


2005 оны 12 дугаар сар. Али дөрөв дэх эхнэр Лоннигийн хамт охиныхоо тоглолтыг үзэж сууна. Лейла IBA, WIBA, IWBF холбооны дэлхийн аварга болж, нэг ч ялагдалгүй зодог тайлсан юм.


2013 он. Мухаммед Али бейсболын “Луисвилл Кардиналс” багийн тоглолтыг үзэж байна.


2016 оны зургаадугаар сарын 3. Мухаммед Али тэнгэрийн орныг зорин одлоо. Али зодог тайлсныхаа дараа “Би боксыг санахгүй. Харин бокс намайг санах болно” хэмээн хэлж байв. “Эрвээхэй шиг эргэлдэж, зөгий шиг хатга” Энэ бол түүний сургаал.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
40
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.