Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Улаанбаатарт хаврын үдэш болж байна

Тохуутай хуурамчхан, гуниггүй гэнэн болохоор нь Улаанбаатарын дөрөвдүгээр сарыг, хаврын үдшүүдийг шүтдэг ээ.


Хаврын үдэш гэж хэлэх даруйд энэ үг өөрөө тэр чигээрээ шүлэг ч юм шиг, хонгорхон инээд ч юм шиг, эсвэл бүр хэний ч мэдээгүй нууц ч юм шиг жигтэй гоё сонсогдоно. Яг одоо үүнийг бичиж ахуйд Улаанбаатарт 17.17 цаг болж байна. Хаврын үдэш дөнгөж л эхлэх гэж байна.

“Ажлаа тараад яах юм” гэх сахилгагүй асуулт утасны мессежээр, фэйсийн чаатаар эрэгтэйгээс эмэгтэй рүү, эмэгтэйгээс эрэгтэй рүү инээмсэглэл дайн нисэлдэж авай. Хаврын үдшээр ийм асуултад ээрэгдэж үзээгүй нас биед хүрсэн хүн гэж байдаггүй нь лавтай. Улаанбаатарын саарал утаа, саарал хүмүүс, саарал гудамжаар улбар ягаа ч юм уу, тэс өөр өнгө татуулан саарал утаа, саарал хүмүүс, саарал гудамжийг нэвт зүсэн хавраар, үдшээр болзоонд яараагүй залуу нас байдаг гэж үү. Байхгүй дээ, гар гараасаа атгаад, энэ бүүдгэр ертөнц дээр хоёулхнаа л аз жаргалтай юм шиг ийм танхил хаврын үдшийг бүгд танина. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр, бас түүний маргааш хаврын үдэш хөвөрнө. Гэж бодохоор гоё.

Ийм увдист дөрөвдүгээр сард би дуртай. Улаанбаатарт анхны бороо дөрөвдүгээр сард ордог. Ханх татсан бороонд би дуртай. Өвөлжин гэрээс цухуйгаагүй өвгөн хүн үдэш болмогц цув, таягаа аваад гудамжаар алхахад, автобусны буудалд амарч суунгаа залуу насаа шунаглан дурсахад, юу ч бодоогүй царайлах гээд шал худлаа хээвнэг эвшээхэд нь би хайртай. Анхны бороо орохыг хавар эхэлсэн цагаас хүлээдэггүй тийм харгис зүрх сэтгэл байдаг гэж үү. Бороо орохыг өвөлжин хүлээхдээ борооноор, хаврын үдшээр намрын сэрүүнийг товлож, өвлөөс өмнөхөн тэр үеэр л сав саарал ертөнцөөс өнөд буцах талаар өөртэйгөө тохирох нь өвгөн хүний зөвхөн дөрөвдүгээр сард л болзож болох харгислал гэлтэй.    

Улаанбаатар дөрөвдүгээр сард үнс нурмаар, азгүйтэл бүтэлгүйтлээр, дурлалын шархаар нүүр нүдгүй шуурах мөртлөө үдэш болмогц шидэт дохиурт залагддаг юм шиг гэнэтхэн ав ариухан, гэв гэгээн дүрд хувирна. Ийм тохуутай хуурамчхан, гуниггүй гэнэн болохоор нь Улаанбаатарын дөрөвдүгээр сарыг, хаврын үдшүүдийг би шүтдэг ээ. 

2019.04.10

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Chimgee 2019.04.10 203.255.73.104

Goe gegeen.

0 Хариулах


Төмөрөө 2019.04.10 202.55.188.36

Сайхан л нийтлэл байна

0 Хариулах


Гэрэлээ 2019.04.10 59.153.113.208

Улаанбаатарын 5 сарын 15 ны моддын тод ногоонд дуртай

0 Хариулах