Хайх зүйлээ бичнэ үү

мин

А.Лебзяк “Мэргэжлийн боксчид олимпод орлоо ч ялахгүй”

Тоглолтын арга барил, тактик гээд огт өөр.


ОХУ-ын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Лебзяк “Советский спорт” сонинд ярилцлага өгч, багийнхаа бэлтгэл, алдарт Флойд Мэйвезер Риод ирсэн бол яах байсан талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна.


-    Александр Борисович, Кисловодскт хийсэн шигшээ багийн цугларалт амжилттай болов уу?
-    Би энэ үеэр Бакуд олимпийн эрхийн тэмцээн дээр байсан болохоор сайн мэдэхгүй байна. Бакуд 81 кг-ын жинд Петр Хамуков хүрэл медаль авч, олимпийн эрхээ авсан. 91 кг-ын Максим Бабанин нэг ялсан ч гэмтээд хасагдсан даа.
-    Манай баг олимпийн хэдэн эрх авсан бэ?
-    Эрэгтэй 10 жингээс ес, эмэгтэйчүүд хоёр эрхтэй байгаа.
   Бэлтгэл хэр ханаж байна?
-    Биеийн хүчний бэлтгэл дээр их ажиллалаа. Зодог тайлсан Давид Айрапетянд зориулан, шигшээ багийнхны дунд тэмцээн зохион байгуулсан. Гэмтэл авахгүйн тулд дуулга өмсөж, тулалдсан байгаа. Давид бол шигшээ багийн жинхэнэ лидер байсан тамирчин.
-    Багийн ахлагчаа тодруулсан уу?
-    75 кг-ын жингийн Артем Чеботарев ахлагч болсон. Эелдэг даруу, тусч залуу тул ахлагч болоход яг таарна. Европын аварга, дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин.
-    Та өөрөө сонгов уу, тамирчид сонгосон уу?
-    Тамирчид сонгосон.
Таныг тэмцээний үр дүнг урьдчилан тааж хэлэх дургүйг мэднэ. Гэхдээ бидэнд ямар нэг төлөвлөгөө байгаа биз дээ.
-    Тиймээ, би таамаглах дургүй. Төлөвлөгөө ёсоор бол бид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авах ёстой. Үүнийг Лондонгийн олимпийн үр дүнд тулгуурлан гаргасан юм. Гэхдээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх явдал гардаг.  Тэгвэл сайн л байна.
-    Та саяхан “Матч ТВ”-д ярилцлага өгөхдөө боксын шигшээ багийнхныг хатуу шүүмжилсэн.
-    Тэгсэн. Би “Боксчдыг харахаар нүдэнд нь ялах, медаль авах хүсэл огт харагдахгүй байна. Олимпод оролцох болсондоо баярласан хэдэн жуулчин л байна. Ялагдах нь тэдэнд огт хамаагүй болж. Хуруугаа жаахан гэмтээчихээд өнөөдөр бэлтгэл хийхгүй байж болох уу гэж асууна. Зүүн гар чинь өвдөж байвал баруунаараа бэлтгэл хий. Хоёр гар чинь гэмтсэн бол хөлөө дасгалжуул. Чи хамаг хүчээрээ тулалдаад ялагдсан бол рингнээс буухдаа үзэгчдээс ичиж зовохгүй шүү” гэж би хэлсэн. Үнэн юм чинь. Бокст олимпийн эрх тухайн тамирчны нэр дээр ирдэг. Өөрөөр хэлбэл өөр тамирчнаар сольж болохгүй. Тийм болохоор эрхээ авчихлаа  гээд юу ч хийхээ больчихдог. Харин улсад нь эрх өгдөг байсан бол шигшээд орох гээд хичээж, зүтгэж байх байлаа. Тэгээд л би зарим боксчныг жуулчин гэж нэрлэсэн юм.
-    Та хэт хатуу чанга байгаа юм биш үү?
-    Үгүй шүү. Дасгалжуулагч нарын ур чадвар муудсан байна гэж би үзэж байгаа. Маш их алдаа байна, би олж хараад байдаг, харин тамирчид харахгүй. Хөлөөр яаж ажиллах, урд гараар хэрхэн цохихыг ойлгохгүй байна. Орост боксын түвшин маш их буурсан. Зарим жинд шилдэг ганц боксчин нь гэмтчихвэл орлох хүн байхгүй. Хоёр дахь, гурав дахь тамирчин нь ур чадвараар хамаагүй сул тул ялагдах нь тодорхой.  
-    Асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-   Ярилцах хэрэгтэй. Ганц би ч биш, дээд дарга нар дэмжих хэрэгтэй байна. Одоогийн залуус бидний үеийнхээс огт өөр. Бид ЗХУ-ын төлөө медаль авна гэж зүтгэж байлаа.  


Таны үеийнхэн баярын бичиг, медалийн төлөө тулалдаж байсан. Харин одоогийн тамирчдад олимпийн медаль авчихвал их хэмжээний мөнгө олох боломж байгаа. Яагаад нүдэнд нь гал асахгүй байна вэ?
-    Алаагүй баавгайн арьсыг хуваагаад байгаа болохоор тэр. Ялаагүй байж, авах мөнгөө тоолоод л. Зарим нь Бразилид ирчихлээ, медаль, шагналын мөнгө надаас хаашаа ч зугтахгүй гэж бодоод байна. Хийсвэр мөнгийг битгий бод. Зодог тайлсан хойноо миний хэлсэн үгийг ойлгох байх. Гэхдээ тэр үед хожимдсон байна даа. Манай багийнхан түүхээ ч мэдэхгүй. ОХУ хэдэн олимпийн аваргатай байсан, хошой аварга хэд байгаа тэдэнд огт сонирхолгүй. Бидэнд Лазутин, Григорьев, Степашкин гээд шүтээнүүд байлаа. Харин эд нарт ч дээ...
-    Мэргэжлийн боксчид олимпод оролцох болсон. Таны бодол?
-   Орж л байг. Хэрэв би одоо тоглож байсан бол хэнтэй зодолдох надад огт падлий байхгүй. Урд чинь өрсөлдөгч байна, тэрийг л ялах хэрэгтэй. Мэргэжлийн боксын Кличко, Пакьяо гээд л эхлээд олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн ч ирэхээ больсон. Абрахам мэтийн алдартай аваргууд татгалзсан. Мэргэжлийнхний ихэнх нь ялагдаж, нэр хүндээ унагаахаас айж байгаа. Чансаа нь буурна шүү дээ. Олимпод орох боллоо гээд байгаа мэргэжлийнхнийг би таних ч үгүй юм билээ. Чансаа доогуур гарууд байх.
-    Сонирхогчид мэргэжлийнхнийг ялах боломжтой гэж үү?
-   Боломж мэдээж байгаа. Тоглолтын арга барил, тактик гээд огт өөр. Мэргэжлийн томчууд олимпод ирэхийг зөвшөөрсөн байлаа гэхэд тэд тийм амархан ялахгүй.
Атлантагийн олимпийн наадмын хүрэл медальт Флойд Мэйвезер медалийнхаа өнгийг хувиргахаар шийдээд Риод ирсэн бол яах байсан бол?
-    Хүсч байвал оролдоод үзэг л дээ. Сонирхогчдын бокс гэдэг огт өөр. Олимпийн наадамд бол сонирхогчид “нутагтаа” тоглож байна л гэсэн үг. Бид ялагдсан ч айх, алдах зүйлгүй. Харин тэд нэр хүндээс гадна мөнгөө алдана гэж айна.
-    ОХУ-ын шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь олимпоос хасна гэж байх үед боксчид ямархуу байв даа?
-    Би тамирчидтайгаа цуг Сочид цугларалтад гараад байлаа. Явах эсэхээ мэдэхгүй, стресстэй байсан ч тамирчид маань бэлтгэлээ хийсээр байсан. Олимпод орох болсондоо туйлын их баяртай байна. Тамирчид маань ч тайвширсан.  Манай баг залуу баг. Миша Алоян (51 кг), Андрей Замковой (69 кг) хоёроос бусад нь олимпод оролцож үзээгүй. Үдэн гаргах ёслол дээр ерөнхийлөгч В.Путин, хамба лам хоёр бидэнд сэтгэлийн эрч хүч хайрласан нь их чухал зүйл боллоо. 2-3 жинд тамирчид маань 8-10 кг хасах хэрэгтэй байгаа. Цаг уурын амьсгалд дасан зохицоход ганц долоо хоног л байна. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Хэрэв чи тэмцээнд бэлэн бол ямар ч тохиолдолд сайн тоглож чадна. Бэлэн биш бол 20 хоног байгаад ч бүтэхгүй. Бид жин болгонд 10 өрсөлдөгчийг ялган авч, бичлэгийг нь үзэн судлаж байгаа.
-    Риод олимпийн тамирчдын амьдрах нөхцөл муу гэж ярих юм.
-    Бидэнд ямар хамаа байна? Бид тулаанчид, унтах ор байхад хэвтээд л боллоо биш үү. Эр хүн шиг байх хэрэгтэй. Хаана ямар байдалд ч байсан эерэг талыг нь олж харж бай. Эхлээд тэмцээн уралдаандаа түрүүлчих, харин дараа нь улс чамд тохирсон шагналыг чинь өгнө. Би тамирчиддаа ингэж л хэлдэг.
ОХУ-ын Олимпийн шигшээ баг
49 кг. Василий ЕГОРОВ
51 кг. Миша АЛОЯН
56 кг. Владимир НИКИТИН
60 кг. Адлан АБДУРАШИДОВ
64 кг. Виталий ДУНАЙЦЕВ
69 кг. Андрей ЗАМКОВОЙ
75 кг. Артем ЧЕБОТАРЕВ
81 кг. Петр ХАМУКОВ
91 кг. Евгений ТИЩЕНКО

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
40
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.