Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хошиказэ маргааш тулалдана

Болдбаатарын Ундрал Италийн Микеле Вержинеллитай тоглох болсон.


Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны ээлжит тэмцээн маргааш буюу долоодугаар сарын 31-нд Токиогийн “Ариакэ Колизей” цогцолборт болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн “Way of the Samurai Final” нэртэй бөгөөд манайхаас хоёр тамирчин оролцохоор болжээ.
Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэнд 2014 оны күдогийн дэлхийн аварга ОХУ-ын Евгений Шаломаевтай тулалдана. Евгений холимог тулаанд нийт гурван удаа тулалдаж, бүх тоглолтоо цагаас нь өмнө хүнд цохилтоор дуусгаж байв. 1987 онд төрсөн. 188 см өндөр, 90 кг жинтэй. Хөвсгөл аймгийн начин, “Ширэн бээлий” клубын тамирчин Болдбаатарын Ундрал Италийн Микеле Вержинеллитай тоглох болсон. Микеле 175 см өндөр, 84 кг жинтэй. Кик бокс суурьтай, ер нь тулааны урлагийн бүхий л төрлөөр хичээллэдэг, мэргэжлийн тулаанч. Кик боксоор 9 тоглож, 9 ялсан, мэргэжлийн бокст 19 тулаан хийж, 15 ялж, 1 тэнцэн, 3 ялагдсан, күнфүгээр 39 тулалдаж, 35 ялсан тамирчин. Мөн Италийн “Зодоонт хөлбөмбөг” хэмээх цохиж, өшиглөхийг зөвшөөрдөг, хөлбөмбөг, тулааны урлаг хосолсон спортын төрлөөр үндэсний баатар болсон хүн аж.
“Way of the Samurai Final” тэмцээнд оролцох тамирчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Б.Ундрал “Бид Бөртө чонын үр сад”  


- “Ганрюүжима” холбооны тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Эхний тэмцээнд ялагдсан.
- Анх удаагаа орж байсан болохоор дэвжээний зай талбайгаа яаж ашиглахаа мэдэхгүй, туршлага дутсан. Бараг өөрөө ухраад л дэвжээнээс буучихсан. Дасаагүй болохоор хэцүү байлаа.  
- Энэ удаад ямар тактикаар тоглохоор зэхэж байна вэ?
- Өрсөлдөгч маань ямар тамирчин, ямар мэхтэйг нь мэдэхгүй болохоор бэлтгэсэн тактик байхгүй. Барилцаад авбал ялах итгэл байна. Ер нь монгол үндэсний бөхийн давуу талыг ашиглаж, тулалдах бодолтой байгаа.
- Монгол бөх “Ганрюүжима” холбооны тулаанаас юугаараа ялгаатай вэ?
- Үндэсний бөхөд унагаахад л ялдаг бол энд гурван удаа дэвжээнээс түлхэж гаргах, эсвэл хүнд цохилтоор ялалт байгуулдаг. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхөөр сайхан тулаан үзүүлэх болно. Энэ удаад өрсөлдөгчөө дэвжээнээс яаж гаргадгийг харуулья гэж бодож байна. Хөл, гар мэхээс гадна үүрэх, шидэх гээд л янз бүрийн мэх хийнэ.
- Монгол бөхчүүд барилдахынхаа өмнө сэтгэлээ яаж чангалдаг юм бол?
- Мэдээж бүгд заавал ялна гэсэн бодолтой барилдана. “Энэ муу миний ээжийг алсан хүн. Алаад өгье” гэсэн сэтгэлээр барилддаг хүн ч байдаг гэж сонссон. Монголчуудын цусанд яасан ч ялагдахгүй гэсэн хор шар шингэсэн байдаг. Монгол бөхийн гол сургаал бол үнэнч шудрага байх. Сул дорой хүнийг өмгөөлж, сагсуурч онгирохгүй байх ёстой. Хэчнээн хатуу ширүүн барилдсан ч барилдааны дараа найз нөхөд.
- Монголчууд “Хөх чонын үр сад” гэсэн үг олон сонсож байлаа.
- Монгол эрчүүдэд бүгдэд нь тийм бодол бий. Чоно бол хээр тал, говь цөл, хаана ч байсан амьдрах чадвартай, үнэхээр хийморьтой амьтан.  
- Өрсөлдөгч Микеле Вержинеллиг хэр судлаж байна?
- Огт судлаагүй.


Микеле Вержинелли “Яаж тулалдахыг минь хараарай”
-    Анх удаа Японд ирж байна уу?
-    Тиймээ, их сайхан орон байна.
-    Зодоонт хөлбөмбөг гэж ямар спорт вэ?
-    Их эрт үед үүссэн, итали хөлбөмбөг. Рагбиг тулааны урлагтай нийлүүлсэн юм шиг спорт юм. Флоренцийн дөрвөн дүүрэг тус бүр баг гаргаж, тэмцээн уралдаан зохиодог.
-    Та ямар байрлалд тоглодог вэ?
-    Би багийнхаа ахлагч. Хагас хамгаалагч. Бөмбөг барьж байгаа хүний өмнө хана болон бөмбөгийг хамгаалах үүрэгтэй байрлал.
-    Энэ хөлбөмбөгийг одоо болтол яагаад тоглосоор байдаг юм бол?
-    Флоренцийн иргэд харийн дайснаас хотоо хамгаалж байгааг бэлгэдсэн тоглоом юм. Эрт үед цэрэг дайчдын сургууль, бэлтгэлд энэ тоглоомыг ашигладаг байсан. Би Ром хотын уугуул хүн тул эхлээд зочноор уригдан, тоглож байлаа. Дараа нь багийн ахлагч болж, Флоренцийг хоёр дахь нутгаа гэж үздэг болсон. Зодоонт хөлбөмбөг бол үзэгчдэд эр зориг өгдөг спорт. Ялсан багийнхан үндэсний баатар мэт хүндлэгддэг. Энэ спорт бол миний хувьд цорын ганц “хайр” минь. Би янз бүрийн тулааны спортоор хичээлэж байсан ч зодоонт хөлбөмбөг бол онцгой. Маргааш би зодоонт хөлбөмбөгийн тамирчин ямар байдгийг харуулах болно.


Хошиказэ “Биеийн жижгийг сэтгэлийн хүчээр нөхнө”
-    Өнгөрсөн тэмцээнд талбайн гадна өрсөлдөгч рүүгээ дайрч, хэд хэдэн удаа дүрэм зөрчсөн.
-    Санаатай тэгсэн хэрэг биш, довтолж байгаа эрчээрээ л дайрчихсан юм. Эцсээ хүртэл тулалдах ёстой болохоор буруу зүйл байхгүй гэж бодож байна.
-    Өрсөлдөгчөө хэр судлаж байна?
-    Тоглолтын бичлэгийг нь үзэж, судлах шаардлага байхгүй. Каратэгийн тамирчин байна уу, хэн байна, Ганрюүжима дүрмээр бол ялгаа байхгүй.
   Яаж тулалдах бодолтой байна вэ?
-    Сэтгэл зүй хүчтэй байх нь ямар байдгийг харуулна. Сүмо барилдаж байхдаа дандаа л өөрөөсөө том биетэй бөхчүүдтэй барилддаг байлаа. Биеийн жижгийг сэтгэлийн хүчээр нөхөн барилддаг байсан. Тулаанч хүн сэтгэл зүй хүчтэй байх ёстой.


Евгений Шаломаев “Би орос самурай”
-    Та 2014 онд Японд болсон күдогийн ДАШТ-д түрүүлсэн. Яагаад күдогоор хичээллэх болсон юм бэ?
-    Орос аюул осолтой газар болохоор хүмүүс бие хамгаалах урлагаар их хичээллэдэг. Би эцэг эхийнхээ санал болгосны дагуу күдог сонгосон. Күдо бол миний амьдрал. Дэлхийн аварга болж, мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.
-    Таны дархан мэх?
-    Цохилт, өшиглөлт, шидэх гээд күдод байдаг бүх мэхийг эзэмшсэн ч гар техник илүү. Ганрюүжимагийн дүрэм күдотой төстэй болохоор тулалдахад хялбар гэж бодож байна.
-    Сүмогийн Хошиказэтэй тулалдах болсон.
-    Японы сүмо бөхийг мэднэ. Бөхчүүдтэй хэрхэн тулалдах аргаа ч боловсруулсан байгаа. Сайхан тулаан болно гэж бодож байна.
   Хошиказэгийн тулааныг үзсэн үү?
-    Үзсэн. Том биетэй, чадалтай, ширүүн, танхайдуу тамирчин байсан. Би өрсөлдөгчөө хүндэлдэг.
-    Хэрэв тэр гудамжны зодоонч шиг тулалдаад эхэлбэл яах вэ?
-    Дорнын тулааны урлагийг төлөөлж байгаагийн хувьд би түүнийг юу ч хийсэн самурайн ёсоор хүндлэн, тулалдах болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
14
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.