Хайх зүйлээ бичнэ үү

Эхний 20-т орсон тамирчинд ирэх жил болох том марафонуудын урилга ирдэг.

“Рио 2016” олимпийн наадамд манай таван марафонч оролцоно. Монгол улсын түүхэнд хөнгөн атлетикчид ийм өнөр олуулаа олимпод өрсөлдөж байсан түүх байхгүй билээ. Саяхан болтол цагаан хуудсаар ганц нэг нь олимпийн эрх авдаг байсан хөнгөн атлетикчид маань одоо олимпийн эрхийн болзлыг нь давуулан биелүүлээд гуйж биш гуядаж, олимпод оролцдог болжээ. Тэд зүгээр нэг оролцоод ирэхгүй. Монголын ард түмэн, спорт сонирхогчид тэднээс амжилт хүлээн, итгэж найдан сууж байгаа. Ийм амжилт үзүүлэхэд энэ спортын төлөө зүрх сэтгэл, амьдралаа зориулсан ахмад тамирчид, багш дасгалжуулагч нарын хувь нэмэр их. “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Төрбаттай уулзан ярилцлаа.


-    Манай хөнгөн атлетикчид монголчуудын анх оролцсон 1964 оны олимпоос хойш олимпийн наадамд оролцож байна.
-    Тиймээ, Токиогийн олимпод 400, 800 метрийн гүйлтэд Д.Амарсанаа, Р.Алданыш, зээрэнцэг шидэлтэд Д.Намжилмаа багш нар оролцож байлаа.
-    Энэ удаагийн олимпийн наадамд хөнгөн атлетикаас таван тамирчин эрх авлаа. Урьд өмнө тохиолдож байгаагүй том амжилт. Ялангуяа бүгд эрхээ стандартыг нь биелүүлээд, өөрсдөө авцгаасан.
-    2016 онд манайхан онцгой сайн байна. Таван тамирчин олимпийн эрх авсан. Гэхдээ Ж.Олонбаяр гээд манай бас нэг тамирчин олимпийн эрхийн болзлыг биелүүлчихсэн байсан. Манай төрөл бусад спортоос ялгаатай. Жишээ нь, бокст дэлхийн аваргаар эхний зургаад орвол эрх өгнө гэх зэргээр болзлыг заасан байдаг. Харин хөнгөн атлетик маш олон төрөлтэй, олон тэмцээнтэй. Долоодугаар сарын 11-нд бүх тэмцээнийг дууссан хойно Олон улсын холбооноос тэмцээнүүдийн дүнг шүүн тунгааж байгаад эрх авсан тамирчдыг шалгаруулдаг. Манай холбоонд зургаан тамирчин олимпийн эрх авлаа гэсэн албан бичиг ирсэн. Гэхдээ нэг төрөлд гурваас илүү тамирчин орж болохгүй тул холбоо дотроо хэнийгээ оруулахаа шийд гэсэн. Бид хэлэлцээд Ц.Бямбажавыг туршлага илүү гэж сонгосон.  
-    Хөнгөн атлетик, тэр дотроо марафоны таван тамирчин олимпийн эрх авсан нь ТОП-4 спортоос буудлагыг нь гүйцчихлээ. Боксыг бараг гүйцлээ. Ингэж илт сайжирсан нь марафон гүйлт Монголд маш сайн хөгжиж байна гэсэн үг үү?
-    Марафон гүйлтийг монголчууд 2004 оноос хойш л ойлгож, мэддэг болсон. Анх 2004 оны олимпод Б.Сэр-Од цагаан хуудсаар орж байлаа. Б.Сэр-Од 2008 оны олимпоос эхлэн стандартаа биелүүлж, албан ёсоор эрхээ авч орж эхэлсэн. Энэ үед одоогийн манай тамирчид хөдөө орон нутгаас ирж тэмцээнд ордог жоохон хүүхдүүд байлаа. Тэд Б.Сэр-Одыг хараад монгол хүн марафон, холын зайн гүйлтэд амжилт олох юм байна гэдгийг мэдсэн. Мөн олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлсэн явдал марафоныг сонирхоход их нөлөөлсөн. Хүүхдүүд Б.Сэр-Од ах шиг тамирчин болох сон гэж мөрөөддөг болсон. Одоогийн манай тамирчид бол яг 2007-2008 оны өсвөрийн тэмцээнд гүйж эхэлж байсан хүүхдүүд. Тэд Б.Сэр-Од олимпийн эрх авч, олимпод оролцож байгааг сонсож, үзэж өссөн болохоор гүйлтээр хичээллэх дур сонирхол, тавих зорилго нь урьдах хүүхдүүдээс өөр шүү. Бэлтгэл сургуульд хандах хандлага нь ч өөр болж, зүгээр нэг гүйх биш аль болох амжилт гаргах гэсэн зорилготой болсон юм.  


-    Улс орны эдийн засаг сайжрахаар спорт нь дагаад хөгждөг. Энэ бас нөлөөлсөн үү?
-    Тиймээ. Идэж уух юмнаас эхлээд өөр болж байгаа юм. Мөнгө төгрөг нь байвал юу ч авч чадна. Тэсвэр сайжруулах эм, бэлдмэл гээд бүгдийг нь хэрэглэж байна. Гадаадын марафоны тамирчдын уудаг бүх юмыг л ууж, хэрэглэж байна.  
-    Сүүлийн үед хараад байхад манай хөнгөнийхөн өөртөө их итгэлтэй болж, ард түмэн ч тэднээс амжилт хүлээж байдаг болжээ. Б.Сэр-Од ямар ч тэмцээнд уралдлаа гэхэд медаль авна гэдэг болжээ. Цагаан хуудсаар ордог байсан үе улирч, зургаан хүн олимпийн эрхийн болзлыг биелүүлдэг болжээ. Амжилтын үндэс юу байна?
-    Гол үндэс нь бэлтгэл сургуулилалт, дасгалтай холбоотой гэж үздэг. Мэдээж марафоны гүйлтийг дан ганц бэлтгэлээр дүгнэж болохгүй. Сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. “Та нар чадна”, “Хятад тамирчдаас илүү байгаа биз дээ” гээд л тамирчдад үргэлж итгэл өгч байх хэрэгтэй. Бэлтгэлийн хувьд бид дэлхийн хэмжээний тамирчдын хийж байгаа хэмжээний бэлтгэл хийлгэж байна. Тэр бэлтгэлийг хийж, дааж чадаж байна, манай монгол тамирчид. Хамгийн гол нь сэтгэл зүйгээр сайн бэлтгэчихвэл монголчууд Азидаа бол айгаад байх юмгүй. Япончууд бол сайн, дэлхийн хэмжээний баг болохоор илүү. Харин бид бусдаас нь бол эмээх зүйлгүй, эн тэнцүү үзэлцэх хэмжээнд хүрчихлээ. Азийн аваргын марафоны тэмцээнд очоод харахад Б.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчинтай ана мана үзсээр байгаад ялагдсан. Ж.Олонбаяр хүрэл медаль аваад ирж байгаа юм. Өмнө нь манай хөнгөн атлетик зээрэнцэг шидэлтийн Д.Махашири л Азиас медаль авдаг ганц хүн нь байсан. Дараа нь Б.Сэр-Од гарч ирсэн. Тэгвэл одоо Ж.Олонбаяр гээд жаахан хүү хүрэл медаль аваад ирдэг боллоо. Тэгэхээр би бэлтгэл сургууль сайжирсан гэж бодож байгаа. Өмнө нь биднийг тамирчин байх үед одоогийн тамирчид шиг бэлтгэлийн хэмжээ их байгаагүй. Манайх их хүйтэн. -20 хэмээс дээш хүйтэн байхад гадаа бэлтгэл хийж болохгүй. Харин бид -25 байхад гадаа хөлдөж үхэх гээд Маршалын гүүрээр гүйдэг байлаа. Тэр чинь ямар ч бэлтгэл болохгүй шүү дээ. Одоо бол өвөл 11,12 сар болонгуут Хятадад аваачаад битүү ордонд бэлтгэл хийлгэдэг. Тэнд даарах зовлонгүй бэлтгэл хийж байгаад Цагаан сараар нэг хариад, буцаж очоод бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл хийх нөхцөл нь өөр болсон.
-    Дасгалжуулалтын систем, арга барил үндсээрээ бүрэн өөрчлөгдсөн гэж үү.
-    Ер нь бол манайх аль ч спорт орос школтой. Гэхдээ хуучин ЗХУ-ын сургалтын схем бол дэлхийн схем. Бүх орны бэлтгэлийн систем Оросын эрдэмтдийн гаргасан эд. Энэ үндсэн загварыг дасгалжуулагч хүн өөрийн мэдрэмжээр тохируулан өөрчилдөг. Дасгалжуулагч хүн судлаач байх ёстой. Бэлэн схемээр нь дагаад байвал явахгүй. Бид Америкийн тамирчид, Их Британийн дундын зайн гүйлт, Хятадын тамирчдын бэлтгэлжилт, төлөвлөлт ямар байгааг харьцуулаад хардаг. Нэг их ялгаа байхгүй. Тэгэхээр тухайн дасгалжуулагчийн мэдрэмж л чухал.
-    Гүйлтийн бусад тамирчдын бэлтгэлээс марафоны тамирчдын бэлтгэл хэр өөр вэ? Онцлог ялгаа нь ? Ойр, дундын зайн тамирчдаас өөр байх.
-    5000, 10000 бол холын зайн гүйлт. Тойрог замын гүйлт. Энд хурд их хэрэгтэй. Марафон гүйлт бол засмал замаар уралддаг. Шулуун голцуу уралддаг, өгсүүр, уруу замтай. Гол онцлог бол тэсвэрийг нь сайн хөгжүүлэх. Ганц биеийн тэсвэр биш сэтгэл зүйн тэсвэрийг хөгжүүлэх. 5000, 10000 метрт тамирчныг хурдыг нь онцлоод 30 минутад гүйлгэчихье гээд тусгайлан бэлтгээд байж болно. Харин марафоны тамирчин 10000 метрийн зайн гүйгчээс авч байгаа ачаалал, багтаамжийн хувьд хамаагүй их. Тэд бэлтгэл хийхдээ сард дунджаар 400, 500 км-ын багтаамж авч байгаа бол марафончид дунджаар сард 700 км-ын багтаамж авдаг. Тэгж байж өөрт нь маш их зүйл сууж, үлддэг. 42 км замыг туулахын тулд асар их сэтгэл зүй хэрэгтэй. Хэчнээн сайн тамирчин, бэлтгэл сайн байлаа гээд замын голоос гарч байдаг. Тэгэхээр сэтгэл зүй их чухал.  
-    Манайхан Өмнөд Америкт марафоны тэмцээнд оролцож байсан уу?
-    Монголчууд Өмнөд Америкт марафоноор орж байсан түүх байхгүй. Анх удаагаа л очих гэж байна.
-    Уур амьсгалд дасах гээд их зүйл байгаа. Хэрхэн бэлтгэж байна вэ?
-    12 цагийн зөрүүтэй. Сая Хөх хотод бид сар гаруй бэлтгэл хийлээ. Халуун бүгчим газар. Халуунд дасан зохицуулах бодолтой байлаа. Гэхдээ Рио-де-Жанейро бол газар нь далайн төвшнөөс арван хэдхэн метр өндөрт байдаг нам газар. Манай Улаанбаатар 1350 метрийн өндөрт бол Хөх хот 1000 метр өндөрт байдаг. Гэхдээ Риогийн зарим газар нь далайн төвшнөөс1000 метр өндөрт байх юм. Тэр бүх онцлогийг харгалзаад Хөх хотод бэлтгэл хийсэн нь дээр юм байна гэж үзсэн.
-    Марафоны уралдаан олимпийн наадмын сүүлчийн өдөр болдог. Тэр болтол хаана бэлтгэл хийх вэ?
-    Хөнгөн атлетик наймдугаар сарын 12-нд эхэлнэ. 14-ний өглөө эмэгтэй марафонтой. Хамгийн сүүлийн өдөр 21-нд хаалтын ажиллагааны өмнө эрэгтэй марафон уралдана. Рио-де-Жанейродоо байрлаад бэлтгэлээ хийнэ. Хоёр долоо хоногийн өмнө очиж байгаа зорилго нь цагийн зөрүүнд дасан зохицох. 12 цагийн зөрүү гэдэг их хэцүү. Марафонд цагийн зөрүү гарч чадахгүй бол хавирган тушаа хатгаад гүйж ч чадахгүй, нам суучихдаг юм.    


-    Б.Сэр-Од бол Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх онцгой, гоц тамирчин. Дөрөв дэх олимпдоо оролцох гэж байна. Хувийн рекорд амжилтаа /2.08.50/ Риод давтах боломж байгаа юу?
-    Энэ амжилтыг Б.Сэр-Од саяхан үзүүлсэн. 2014 онд 33 настайдаа гэсэн үг. Ер нь тэр хамгийн өндөр амжилтаа 32, 33 настайдаа үзүүлсэн байдаг. Сүүлийн арван жил Японд бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байгаа. Хэрэв Б.Сэр-Од Риод хувийн амжилтаа давтаж чадах юм бол хүрэл, мөнгөн медаль хүртэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэр өдөр түүний бие организм ямар байхаас шалтгаална. Ер нь олимпийн наадмыг хараад байхад 02.09.00 амжилттай хүн медаль авч байдаг. Бээжингийн олимпод л Кенийн тамирчин 02.06-гаар түрүүлж байсан. Ихэнх олимпод 02.08-аас 02.10-ын хооронд тэмцээн өндөрлөдөг.  
-    Тэгвэл заавал шинэ рекорд гэхгүй хувийн амжилтаа давтчихад л медаль хүртэж болох юм байна.
-    Тийм, давтчихад л медаль авах боломжтой. Манайхан мориор айргийн тав гэж ярьдаг, түүнд багтах болов уу. Б.Сэр-Од өөрөө ч гэсэн эрдэм шинжилгээний хурал дээр би 02.08.50 гүйчихэд медаль авна, энэ бол миний зорилго гэж хэлж байсан.
-    Кени, Этиопийн хүчтэй тамирчид ч 02.08, 02.09 хавьцаа л гүйнэ гэсэн үг үү?
-    Одоо 02.04 цагт гүйгээд байгаа 2-3 кени тамирчин байгаа. Тэд Риогийн олимпод  02.07, 02.08 амжилттай гүйнэ гэсэн зорилготой байгаа. Б.Сэр-Од тэдэн шиг 02.08, 02.09-тэй ороод ирэхэд л “Рио 2016”-д тун өндөр амжилттай оролцоно.  
-    Б.Сэр-Одыг Лондонгийн олимпод медаль авах ёстой ид үе нь байсан гэж би боддог.
-    Магадгүй. Бээжингийн олимпод 02.24.19-өөр 52, Лондонд 02.20.10 амжилтаар 51-т орсон. Тухайн үед Б.Сэр-Од маш олон тэмцээн уралдаанд орсон байсан. Марафон бол 100, 5000 метрийн зай биш 42 км. Хоёр сард нэг тэмцээнд ороод байдаг марафонч байна. Гэхдээ үргэлж тэмцээнд ороод байх сайн зүйл биш. Б.Мөнхзаяа өнгөрсөн жил арван хэдэн марафон уралдсан. Тэгээд ДАШТ-д сэргээгүй очсон. Тийм болохоор энэ жил Б.Мөнхзаяаг өвөл нэг уралдуулаад сая “Улаанбаатар марафон”-д гүйсэн. Тэрнээс хойш гүйлгээгүй. Олон уралдах нь дэмий гэж бодсон. Жилд 6-7 гараа хийх бол гэмгүй. 10 болоод ирэхээр хүний бие организм сэргэхэд хэцүү болдог.
-    Манай таван тамирчин олимпод ямар амжилт үзүүлэх боломжтой вэ?
-    Монголын ард түмэн, хөнгөн атлетикийн холбоо Б.Сэр-Оддоо их найдлага тавьж байгаа. Бусад дөрвөн тамирчнаас гурав дахь олимпдоо оролцох Л.Отгонбаяр  бол хашир туршлагатай тамирчин. Харин анх удаагаа орох гэж байгаа гурван тамирчин бий. Энэ залуус өөрсдөдөө итгэлтэй, сайн оролцоно гэж бодож байна. Өндөр хөгжсөн хөнгөн атлетикийн спортод таван тивийн хамаг шилдгүүд ирж байхад.бид медаль авна гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид монгол хүн байна, юу гэж сүүлийн байранд орохыг бодох вэ дээ. Өмнөө тавьсан зорилго бол бий. Марафонд эхний 20 байранд орсон тамирчнаа ТОП-20 гэдэг. Маш том амжилт. Эхний 20-т орсон тамирчинд ирэх жил болох том марафонуудын урилга ирдэг. Зардал мөнгийг нь даадаг. Тийм болохоор залуусаа Топ-20-д оруулах зорилготой.  
-    Манай залуу тамирчдын хувийн амжилт нь хэд байдаг вэ?
-    Б.Мөнхзаяагийн олимпийн стандартаа биелүүлсэн цаг нь 02.33.36. Д.Гантулга, Ц.Бямбажав хоёр 02.16, 02.18-аар орсон. Муу үзүүлэлт биш. Энэ цагаа л олимпод үзүүлчих юм бол олимпод овоо дээгүүр ороод ирнэ.
-    ОХУ-ын тамирчдыг оруулахгүй болсон. Энэ нь манай тамирчдад нөлөөтэй юу?
-    Байлгүй яахав. Оросын эмэгтэй марафончид түүхэндээ агуу тамирчин олонтой, сайн баг. Эрэгтэйчүүд нь ч сайжирсан. 02.10 дотор гүйдэг хоёр залуу олимпийн эрхээ авчихсан байсан. Тэр хоёр орохгүй болохоор манайхан нэг, хоёр байр ч гэсэн урагшилна гэсэн үг.
-    Б.Сэр-Од Японд амьдарч, байнга бэлтгэл хийж байна. Бусад тамирчдаа бас гадаадад легионер болгоод гаргах боломж хэр байдаг юм бол?
-    Хэцүү. Япон бол марафон хөгжөөд бараг үндэсний спорт шиг болсон газар. Б.Сэр-Од өөрөө хөөцөлдөж байгаад бүтээсэн. Бидний хувьд шинэ гарч ирж байгаа залуучуудыг Японд гаргахад амар биш. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөгжлийн бүс гэж байдаг. Төв нь Хятадад байрладаг. Тэнд хүсэлт тавиад бүтэн жил бэлтгэл хийлгэж болно.  
-    Манай марафон дотооддоо хэр өрсөлдөөнтэй байна вэ?
-    Өрсөлдөөн байлгүй яахав. Манай энэ эрэгтэй гурваас гадна тэдний хэмжээнд уралдчихаар өөр гурван залуу бий. Тэд дараа жилээс цоороод гараад ирэхийг үгүйсгэхгүй. Харин эмэгтэй тамирчин цөөхөн.
-    Дотоодын марафоны тэмцээн цөөн болохоор тамирчид гарч ирэхгүй байна уу?
-    Монголд бол “Улаанбаатар марафон” гэсэн ганц л тэмцээнтэй. Өөр зохион байгуулаад байгаа тэмцээн байхгүй.
-    Марафоноор улсын аваргын тэмцээн зохиодоггүй юм уу?
-    Улсын аваргаар 5000, 10000 метрийн тойрог замын л гүйлт болдог. Марафон зохиох гэхээр хотын зам талбай хаах гээд хэцүү. Маш олон хүн ажиллах хэрэгтэй болдог.
-    Тэгээд яаж энэ олон сайн тамирчин гараад ирэв?
-    Манай хил залгаа Хятад оронд бараг хот болгон марафонтой. Тэгээд визгүй. Бид ихэвчлэн урд хөршийн тэмцээнд ордог. Хааяа Өмнөд Солонгос явна. Хятадын марафончид гайгүй сайн.
-    Монголд марафоны хэдэн клуб, дасгалжуулагч байна вэ?
-    Марафоны дасгалжуулагч гэвэл сүүлийн үед олон болоод байгаа. албан ёсоор бэлтгэл хийж байгаа баг гэвэл Б.Сэр-Одын баг байна. Эхнэр нь багшилдаг. “ММ атлетик” гээд 2000 онд байгуулагдсан клуб байгаа. Энд найман тамирчин бэлтгэл хийдэг. Мөн хувиараа марафоны тамирчин бэлтгэж байгаа багш нар 4-5 бий.  
-    Олимп бол ойрын зорилт. Алсын зорилго, мөрөөдөл гэвэл?
-    Би дасгалжуулагч хүний хувьд марафон гүйлтээр дахиад нэг Ази тивийн аварга төрүүлчих юмсан гэж боддог. 2017 оны Оюутны Универсиад наадмын хагас марафонд монгол аварга гаргачих зорилттой. Олимпод эрхээ аваад орно гэдэг том амжилт. Гэхдээ олимпийн наадмын шилдэг 20-д яагаад монгол марафонч орж болохгүй гэж. 2020 оны олимпод монгол тамирчин эхний 20-д орж, “Монгол тамирчин марафоны эхний 20-д гүйж явна” гээд англи хэлээр дэлхий дахинд яриасай гэж би боддог. Би хүүхдүүдээ ганц энэ олимпод хараад байгаа юм биш. Тэд нас залуу байна. Магадгүй 2020 оны олимпод яг ид 28, 29 настайдаа хамгийн шилдэг амжилтаа үзүүлэх байх. 2020-2024 онд манай одоогийн залуучууд олимпоос медаль авах магадлал тун өндөр. Бэлтгэл сургуулиа зөв хийвэл юм дуулгана. Япон, Өмнөд Солонгос, Хятадад хэдэн жилээр бэлтгэлд хамруулж, бүх юмаар хангах юм бол монгол хүүхдүүд илүү шүү. Гараад л ирнэ.  
-    Танай шавь нар Монголын марафоны шигшээ багийн талыг нь бүрдүүлдэг, та өөрөө Монголын шигшээ багийн дасгалжуулагч гээд байдаг. Гэтэл АНУ-ын ЭСЯ-нд ажиллаад ажлынхаа хажуугаар дасгалжуулагч хийдэг гэхээр сэтгэлд нэг буухгүй байх юм. Энэ хэлсэн зорилгоо биелүүлэхэд хэцүү биш үү.
-    Аав ээж маань хоёулаа хөнгөн атлетикийн хүмүүс. Би багаасаа л тамирчдын дунд өссөн. Эцэг эх маань хүүгээ хайртай спортдоо бодитой ямар нэг юм хийгээсэй гэж хүсдэг биз. Өөр ажил хийнгээ хоббигоороо хийгээд л явж байна. Найман цаг ажиллаад үлдсэн цагаа тамирчиддаа зарцуулна. Уг нь тэр найман цагаа тамирчиддаа зориулбал тэдний амжилт улам сайжрах нь гарцаагүй. Шавь нар маань ч гэсэн “Багш аа, таныг байхаар бэлтгэл өөр байдаг” гэж ярьдаг. Гэхдээ амьдралд бас мөнгө хэрэгтэй, гэр бүлээ тэжээхийн тулд баталгаатай цалин хэрэгтэй. Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болоод 400 мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байсан. Хэцүү л дээ.


-    Танай аав ээжийн талаар уншигчид сонирхож байгаа байх.
-    Аав минь Дангаажавын Баттулга гээд армид алба хаасан, “Алдар” нийгэмлэгт ойрын зайн гүйлтийн тамирчин хүн байлаа. 2007 онд аав минь Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан. Ээж Лодойн Сэрчмаа “Хоршоолол” нийгэмлэг, УБДС-ийн дундын зайн тамирчин байсан. Жар, далаад оныхон бол сайн мэддэг юм. Би багадаа аав ээж хоёрынхоо медалийг зүүчихээд гүйж тоглодог байлаа. Тэгээд л 15 наснаасаа хөнгөнөөр хичээллэж эхэлсэн. Аав намайг Б.Батцэнгэл багшид шавь оруулж, би анхных нь шавь болсон юм. Би “Алдар”-т найман жил, шигшээ багт гурван жил хичээллэсэн. Миний үндсэн төрөл бол 800 метр. Яг уралдаж байсан 1990-ээд онд эдийн засаг хүнд үе байлаа. Зардал мөнгөгүй болохоор том тэмцээнд ороогүй л дээ. Бүх ард түмний спартакиадаас медаль, улсын аваргаас алтан медаль авч, хааяа Хятад, Орост тэмцээнд орохдоо хүрэл медаль авчихдаг байсан. Дасгалжуулагч болох сон гэж бодож явсаар зодог тайлаад дасгалжуулагч болсон.  
-    Таны хүүхдүүд тамирчин болбол гурван үеийн хөнгөний тамирчид гарах нь дээ.
-    Манай эхнэр волейболчин. Ээж аав хоёр нь бас л жар, далаад оны спортын зүтгэлтнүүд. Аав нь боксын Довдонбаяр гээд түүхийн ухааны доктор. Ээж нь волейболын ОУХМ Март. Харин манай охин спорт огт сонирхдоггүй, зураач, дизайны ангид суралцдаг. Хоёр хүүгээ нэг нь ч гэсэн спортоор яваасай гэж боддог. Заавал хөнгөн гэлтгүй. Спорт хүнийг хүмүүжүүлдэг, өөрийгөө авч явах чадвар суулгадаг.  
-    Анх дасгалжуулагч болоход ямар байв?
-    Стресстэнэ, уурлана, яг төлөвлөөд байж байтал нөгөө тамирчин нь бэлтгэл сургуулиа таслаад алга болчихно, өвдөнө, гэмтэнэ. Сүүлдээ бараг эмч болох шахна. Эхний хэдэн жил их юм сурсан. Гэхдээ багш хүн эхний амжилт гарчихаар шунаад байдаг юм билээ. Одоо дахиад гээд л. Бэлтгэлийг нь улам гоё болгоно гээд дайрна. Тэгтэл нөгөө тамирчных нь амжилт уначихна. Тамирчныхаа ар гэрийг бас бодох хэрэгтэй. Ааш занг нь судлахгүй бол болохгүй. Заримыг нь загнаж, заримыг нь аргадаад л, бүгдтэй нь өөр өөрөөр харьцана.
-    Шавь нараас чинь хамгийн баярлуулсан шавь хэн байна?
-    Олимпод орж байгаа отгон шавь нар маань мэдээж баярлуулж байна. Гэхдээ хамгийн их баярласан маань сая болсон Бүх ард түмний спартакиад. 2008 онд Бээжингийн олимпод орсон Б.Мөнгөнтуяа миний унаган шавь. 2014 онд Б.Мөнгөнтуяа хүүхэд гаргаад хоёр жил огт уралдаагүй байж байгаад энэ жил спартакиадад оролцъё гээд ирсэн. Өөрөө бэлтгэл хийж, хааяа над дээр ирж, төлөвлөгөөгөө аваад явж байгаад 400 метрийн зайд түрүүлсэн. Анх 2004 онд 16 настайдаа  спартакиадаар түрүүлж, алтан медаль авч байсан. Бүр Уртнасан багшийн 58.05 амжилтыг 58.04 болгож эвдээд түрүүлсэн юм. Гэтэл хүмүүс үнэмшихгүй байсан. Тэгэхээр нь шар хөдлөөд тэр жил нь Улаан-Үдийн тэмцээнд дагуулж яваад дахиж рекорд эвдүүлээд 57.09 болгосон. 2008, 2012 онд спартакиадад бас 400 метрт аварга болсон. Энэ жил түрүүлж, дөрвөн спартакиад дараалан түрүүлсэн нь эмэгтэй тамирчин, тэр тусмаа хөнгөн атлетикт бол түүхэнд байхгүй. Б.Мөнгөнтуяа ясны тамирчин,  дайчин, шантрашгүй, жинхэнэ тамирчин хүн. Би эрчүүдэд “Та нар Б.Мөнгөнтуяа шиг бай” гэдэг. Сая түрүүлэхэд нь би түүнд “Хөнгөн атлетикийн түүхэнд бол чи дархан аварга шүү” гэж хэлсэн. Түүний рекорд одоо болтол эвдэгдээгүй байж байна.  

- "Рио 2016" олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, шавь нар чинь таныг дахин баярлуулаасай гэж хүсэе.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
22
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.