Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

2015 ОНЫ ХАМГИЙН ЗОРИГТОЙ ШИЙДЭЛ БҮХИЙ 7 КИНО | Tegshee's Movie Corner


Indiewire цахим хуудаснаас өнгөрсөн онд дэлхийн кино урлагт хийгдсэн хамгийн зоригтой шийдэл бүхий долоон киног нэрлэжээ. Тус жагсаалтад багтсан “Омог” (Tribe) кино Алтан хальс холбооны долоо хоног тутмын “Dreamer’s Day” кино үзвэрээр, “Цагаан бурхан” (White God), “Такси” (Taxi)кинонууд “Улаанбаатар олон улсын кино наадам”-аар түрүү онд тус тус монгол үзэгчдийн хүртээл болсон бол,“Үхлээс амилагч” (The Revenant) кино өнгөрсөн долоо хоногт манай кинотеатруудад албан ёсоор нээлтээ хийжээ.

Кино хэмээх нүсэр урлагт шинийг туршина, зоригтой шийдлүүдийг эрэлхийлнэ гэдэг хэзээд амаргүй сонголт, яггүй эрсдэл. Гэвч цаг үе болгонд ийм зоригтнууд, эрэлхийлэгчид байсны үрээр урлагийн хязгаар тэлж, илэрхийллийн боломжууд нэмэгдэж байдаг билээ. 2015 оны дэлхийн кино урлаг ийм  эрэлхийллүүдээр дүүрэн байв. Ингээд түрүү онд хийгдсэн хамгийн зоригтой шийдэл бүхий 7 киног онцлон хүргэж байна.


  1. ОМОГ (THE TRIBE)

The-Tribe

Украины кино найруулагч Мирослав Слабошпицький хэлгүй, дүлий хүүхдүүдийн тусгай сургуульд сурдаг өсвөр насныханы тухай өгүүлэх “Омог” киногоо хадмал хөрвүүлэг, хоолойн хүүрнэл ашиглалгүй дүр хоорондын харилцан яриаг дан ганц дохионы хэлээр илэрхийлсэн нь туйлын зоригтой алхам байв. Найруулагч өөрөө дохионы хэл мэддэггүй тул жүжигчидтэйгээ дохионы хэл мэддэг хөрвүүлэгчээр дамжуулан харилцаж байжээ.

Сергей хүүгийн шинээр шилжин орсон хэлгүй, дүүлий хүүхдүүдийн тусгай сургуульд хулгай дээрэм, биеэ үнэлэлт зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ явагддаг болж таарна. Сергей сайх сүлжээнд нэгдэж, улмаар Яна хэмээх биеэ үнэлэгч охинд дурласнаар аюулыг улам хурцатгаж орхино. Дохионы хэл мэддэггүй үзэгчид түгшүүртэй, харгиа уур амьсгал, үйл явдал, дүрүүдийн сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж, царайны хувирал зэргээс “харилцан яриатай” ямар ч киноноос илүүтэйгээр сайх бүтээлийг мэдрэх боломжтой.

“Омог” кино Каннын кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног” хэсгээс дээд шагналыг хүртсэн аж.

  1. ВИКТОРИА (VICTORIA)

victoria

Нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар 140 минутын кино хийсэн гэвэл та төсөөлөх үү? Германы найруулагч Себастиан Шиппер “Викториа” киногоороо энэ төсөөллийг бодит байдал болгосон нь 2015 оны кино урлагт хийгдсэн хамгийн санаанд багтамгүй зоригтой шийдлүүдийн нэг байв. Ганцхан удаагийн зураг авалтаар киног гүйцээнэ гэдэг найруулагч, зураглаач, жүжигчдэд нэн амаргүй сонголт. Кинонд сонгож авсан зураг авалтын энэхүү арга барилаас үүдээд 140 минутын турш зогсолтгүй жүжиглэх учиртай жүжигчдийн тоглолт гайхмаар бодитой, зөнгөөрөө өрнөжээ. Берлин хотын 22 өөр байрлалд шилжиж зураг авч байхад жүжигчид нэг л алдаа гаргах аваас ганц сцений зураг авалт бус кино бүхэлдээ ахин эхлэх учиртай тул 12 хуудас кино зохиолыг гол дүрийн жүжигчид эгээ л өөрсдийн амьдралыг тоглож буй мэт өөриймшүүлэх, мөн зураг авалтын явцад хувиргаж, өөрчлөх шаардлагатай тулжээ. Киног үзсэн хэн ч жүжигчдийн гайхалтай тоглолтыг бишрэх биз ээ.

Шөнийн Берлин хотын диско клубээс эхэлсэн залуусын гэмгүйхэн зугаа, цэнгээн киноны үйл явдал өрнөх тусам эрчимжсээр санаанд оромгүй эргэлтээр өндөрлөнө. Ухаангүй шийдвэрүүд амьдралд муу үр дагавар авчирдаг гэдэгтэй хэн ч маргахгүй,  харин санаанд оромгүй хор уршиг авчирдаг хүний сайх тэнэглэл тун шалихгүй алхмаас эхэлдэг ч байж мэднэ.

“Викториа” кино энэ оны Берлины кино наадмаас “Зураглаачийн онцлох бүтээлч ажиллагаа”-ныхаа төлөө Мөнгөн баавгай шагналыг хүртжээ.

  1. БЭРСҮҮТ ЖҮРЖ (TANGERINE)

tangerine

28 хоног шоронд суугаад гарч ирснийхээ дараа Александра найз залуу нь түүнийг араар тавьсныг мэддэг. Зүрхийг нь шархлуулсан эрээс мэхэлсэн учрыг асуухаар найзтайгаа цуг түүнийг хайн бэдрэх зуураа Александра амьдралынхаа хавьгүй том асуудлын учрыг олно.

“Бэрсүүт жүрж” киноны гол дүрүүдийг трансжендэр жүжигчид бүтээсэн бөгөөд киноны зургийг бүхэлд нь iphone 5s утсаар авчээ. Америкийн найруулагч Шон Бейкер ийнхүү утсаар бүрэн хэмжээний кино хийсэн нь 2015 оны дэлхийн кино урлагт дахь хамгийн зоригтой бүтээлч ажиллагааны нэг байв.

  1. САУЛЫН ХҮҮ (SON OF SAUL)

son of saul

“Саулын хүү” киног үзсэнээр хоёр цагийг Аушвицын хорих лагерын “тамд” өнгөрөөсөн мэт болно гэвэл хилсдэхгүй. 1944 оны Аушвицын хорих лагерт Саул хэмээх Унгарын еврей хорт хийн өрөөнд хордож үхсэн хүмүүсийн цогцсыг шатааж үнсийг нь асгаж цэвэрлэх ажлыг хийснээрээ арай ахиухан хоол олж иддэг байв. Нэг л өдөр тэрээр хорт хийн өрөөнөөс хүүгийнхээ цогцсыг олно.

Унгарын найруулагч Ласло Немеш хорих лагерын аймшгийг үзүүлэх сайх киноны үйл явдлыг дан ганц ойрын зураг авалтаар хийсэн агаад ерөнхий план зураг авалтын үед дүрсийг бүдгэрүүлж зөвхөн дуу чимээгээр орлуулах арга барилыг ашигласнаараа онцлог юм. Зураг авалтын ийм  субьектив шийдэл хүнд киног улам хүчтэй болгоход нөлөөлжээ.

“Саулын хүү” кино энэ оны Каннын кино наадмаас дэд шагналыг хүртсэн бөгөөд “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд 2016 оны Оскарын шагналд Унгар улсаас дэвшээд байгаа юм.

  1. ЦАГААН БУРХАН (WHITE GOD)

white-god - Copy

Унгарын найруулагч Корнель Мундруцо “Цагаан бурхан” кинондоо компьютер график ашиглалгүйгээр 250 гудамжны нохойг Будапештын гудамжаар давхиулан бодитоор зураг авчээ. Алдартай нохой сургагч Тереза Миллер сүрэг нохдын  зураг авалтад бэлдэх, киноны гол дүрийн хоёр нохдыг сургахад хагас жил найруулагчтай хамт уйгагүй ажилласан аж.

Ноходтой зүс бус харьцаж буй хүмүүсийн нийтлэгээр дарлагч хийгээд дарлуулагч нийгэм, тогтолцоог зүйрлүүлсэн эсвээс хүн гээч амьтны өөрийгөө бүх төрөл зүйлээс агуу хэмээн сэтгэдэг дээрэнгүй мөн чанарыг ёгтлон гаргасан хэмээн салаа утгаар тайлж болох “Цагаан бурхан” кино гагц олон тооны нохдыг тоглуулснаараа бус уламжлалт бус арга барил, хийцээрээ ч мөн онцгой байв.

  1. ҮХЛЭЭС АМИЛАГЧ (THE REVENANT)

revenant

Алдарт жүжигчин Леонарда ДиКаприо өдий хүртэл хүртээгүй гайхал “Оскарын шагнал”-ыг чухам “Үхлээс амилагч” кинонд бүтээсэн дүрээрээ л сая нэг авч магад хэмээн олон кино шүүмжлэгч таамаглаад буй сайх кино алдарт найруулагч А.Г.Иньярритугийн хувьд ч уран бүтээлчийн амаргүй шилжилт, кино карьерынх нь түүхэн дэх хамгийн нүсэр төсөл байлаа. Тус кино 2016 оны Оскарын шагналд “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг найруулагч” зэрэг нийт 12 төрөлд нэр дэвшээд байгаа юм.

1820 он, хилийн зааг дээр амьдардаг Хью Глассын баавгайд бариулсны хойно амьдаар нь булж орхисон хүмүүсээс өшөөгөө авахаар зүтгэх хувь заяаны тэмцлийг харуулах тус киноны хүйтэн өвлийн зураг авалтуудыг зөвхөн байгалийн гэрэлд хийжээ. Кино багийхан Канадын өвөл ердөө нэгээс, хоёр цаг л гадаах зураг авах боломжтой байсан бөгөөд цасан шуурга, огцом хүйтрэлт зэрэг байгалийн түмэн бэрхшээлийг даван туулах шаардлагатай тулжээ. Байж болох хамгийн хүнд нөхцөлд бүтсэн “Үхлээс амилагч” кино чухам ямар бүтээл болсныг үзэгч, кино хорхойтнууд үзэх л үлдэж байна.

  1. ТАКСИ (TAXI)

taxi

Ираны найруулагч Жафар Панахи төрийн эсрэг ухуулга сурталчилгаа хийсэн хэргээр 2010 онд эхнэр, найзуудын хамт баривчлагдаж, 6 жил шоронд хоригдож, 20 жил кино хийх эрхээ хасуулах ялаар шийтгүүлжээ. Шоронгоос гэрийн хорионд шилжин хоригдож байх хугацаандаа “Энэ бол кино биш” бүтээлээ нууцаар хийн флаш дискэнд хуулж бялуунд нуун Каннын кино наадам руу явуулж байсан нь саяхан. Гэрийн хориноос суллагдмагц найруулагч Панахи “Такси” киногоо мөн л нууцаар хийсэн нь түүний уран бүтээлч тэмүүлэл ямар нугарашгүй хүчтэйг ахин нотлон харуулсан билээ.

Хориотой орчинд хэдий хязгаарлагдмал нөөц бололцоонд хашигдаж байвч кино хийж болох баялаг жишээг үлгэрлэсэн, баримтат киноны мэт бодитой хийц маяг, таксины урд зоогдсон ганц камер, таксинд ээлж ээлжээр суух зорчигчдын яриа, өөрөө таксигаа жолоодон кино-таксигаа хөтлөн удирдах найруулагч Жафар Панахи, ийм л энгийн бүрдүүлбэртэй “Такси” кино энэ оны Берлины кино наадмын дээд шагналыг хүртжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.