Хайх зүйлээ бичнэ үү

29 мин

2018 онд 18 газраас сурсан 18 зүйлс

2018 он миний хувьд маш хөдөлгөөнтэй жил байлаа  —  би 15 улсад 30 гаруй шинэ газруудаар явсан, зочилсон. Тэднээсээ 18 газар онцолж тэр газрын аялалаасаа сурсан мэдэрсэнээ бичиж, хэрэгтэй гэсэн эрэгцүүллээссээ хуваалцъя гэж бодлоо.



Ub.life энэ удаад нэгэн сонирхолтой блоггерийн нийтлэлээс хуваалцаж байна. Ж.Тана нь "Mongolian Young Scholars Program"-ийн үүсгэн байгуулагч, McKinsey & Company-ийн зөвлөхөөр ажилладаг. Түүнчлэн идэвхтэй аялагч, блоггер билээ. Түүний 2019 оны хамгийн эхний басхүү сонирхолтой тэмдэглэлийг хуваалцаж байна. 

Шинэ он гарахад бид яагаад тэгтлээ ач холбогдол өгдөг юм бол гэж хааяа бодогддог. Өөрийн эрхгүй өөдрөг мэдрэмжээр дүүрэн гэгэлзэж, шинэ он нь хуучин оноосоо ганц л хормоор тусгаарлагдсан зааг гэж харалгүй гэрэлт боломжуудыг агуулсан ондоо ертөнц хүлээж байгаа мэт төсөөлдөг нь өөрөө их сайхан зүйл байдаг. Мөн улирч байгаа оныхоо баяр баясгалан, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэх хамгийн тохиромжтой үе байдаг нь их үнэтэй боломж шиг санагддаг болсон. Тийм учраас би 2018 оныхоо үйл явдлуудыг дотроо дүгнэх төдий биш, цаасан дээр буулгаж хуваалцмаар санагдлаа. 

2018 он миний хувьд маш хөдөлгөөнтэй жил байлаа  —  би 15 улсад 30 гаруй шинэ газруудаар явсан, зочилсон. Тэднээсээ 18 газар онцолж тэр газрын аялалаасаа сурсан мэдэрсэнээ бичиж, хэрэгтэй гэсэн эрэгцүүллээссээ хуваалцъя гэж бодлоо. Нэг харамсалтай нь утсаа алдаад сайхан дурсамжит зурагнуудаа гээгдүүлсэн тул инстаграм дээр "мөнхлөгдсөн" хэдэн зурагнуудаасаа сонгож тэмдэглэлээ чимсэн учир жаахан чанар муутай байгаа билээ.

1. Лисабон, Португал -  Үнэт зүйлээ тодорхойлоод тэрнийхээ дагуу амьдар

Би 12 дугаар сард Лисабон хотод ажлын сургалтаар явахдаа хэр үр дүнтэй байхыг нь огт төсөөлөөгүй байтал сургалт маань хувийн зорилго, чиглэлийг маань гүнзгийрүүлэн бодуулж, тодорхойлоход тусалсан. Нэг хичээлд нь бид багт хуваагдаж өөрсдийнхөө үнэт зүйлүүдийг тодорхойлж, тэрийгээ багийнхандаа ярьж өгсөн юм. Үнэт зүйлээ тодорхойлоход бидэнд 30 жишээ үнэт зүйлтэй цаас өгөөд тэднийгээ “хамгийн чухал”, “маш чухал”, “чухал” гэсэн гурван бүлэгт ангилаад, хамгийн чухал гэсэн бүлэг дотроосоо гурвыг сонгоод , тэдгээр нь яагаад хамгийн чухал гэдгээ тайлбарласан юм. Би зурган дээр өөрийнхийгөө харуулсан байгаа. Эхний баганы эхний гурваас бусад нь ямар ч эрэмбээр ангилагдаагүй юм шүү. Миний хамгийн чухал гурав нь эрүүл мэнд (health), гэр бүл (family), нөлөө (impact) байсан юм. Үүнийгээ бичихдээ эргэцүүлэн бодтол яг л бидний байнга хэлдэг “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” үг санаанд орсон. Хамгийн түрүүнд эрүүл мэнд гэдэг нь бие сэтгэл хоёр нь бүрэн цэнэгтэй байж л бусад зүйлийг чанартай хийх боломж бүрддэг. Гэр бүл гэдэг нь эргэн тойрныхоо хайртай дотны хүмүүс маань эрүүл энх, сэтгэл хангалуун, тэдэнтэйгээ холбоотой байх нь чухал. Тэгээд нөлөө гэдэг нь хийж байгаа юм маань эргэн тойронд маань эерэг нөлөө үзүүлэх нь чухал. Үлдсэн 27 үнэт зүйл нь бүгд л чухал, энэ гуравтай бүгд уялдаа холбоотой, гэхдээ гол нь хамгийн чухал гэсэн юмнуудаа тодорхойлж байж л цаашаа том, жижиг бүхий л зорилгуудаа тодорхойлох боломжтой. Тийм учраас би энэ гурван үнэт зүйлийн дагуу бусад сурсан зүйлээ мөн ангиллаа.

Уншигч та ч гэсэн энэ зурган дээрх 30 зүйлийг харж байгаад өөрийнхөө хамгийн чухал үнэт зүйлүүдээ тодорхойлж үзээрэй.

БИЕЭ ЗАС

2. Ром, Итали — Тэмдэглэл хөтлөхийн гайхамшиг

Манай аав, ээж Ромд амьдарч байгаа учир би боломжоороо ойр ойрхон очихыг хичээдэг. 2016 оны шинэ жилээр тэнд байхдаа Ватиканы сүмийн ойрхон номын дэлгүүрээр юм үзэж байгаад маш өвөрмөц хавтастай тэмдэглэлийн дэвтэр нүдэнд туссан юм л даа. Би урьд нь тэмдэглэл янз янзын байдлаар хөтөлдөг байсан ч, яг өдөр бүр, нэг дэвтэр дээр тууштай хөтөлж үзээгүй. Манай ээж харин уйгагүй тэмдэглэл хөтөлж, бүх юмаа өдөр бүр бичдэг болохоор намайг шууд аваад одооноос юмаа цэгцтэй хөтөлж сур гэлээ. Тэгээд 2017 оны 1 сарын 1-нээс эхлээд би өдөр бүр дэвтэртээ хийх/ хийсэн ажлуудаа товчхон тэмдэглэж, хуудас бүрийн дор гурван мөр дээр “L”, “W”, “A” гэсэн үсгүүд тавьж өдөр бүр нэг сурсан зүйл (“learning”), нэг амжилттай болсон зүйл (“win”), нэг хийх хэрэгтэй зүйл (“action”) бичдэг болсон. Тэрнээс хойш би тэр дэвтрийг л жил бүр авдаг болж хоёр дэвтэр дүүргээд энэ жилийнхийгээ аваад жилийнхээ зорилтуудыг бичээд явж байгаа. Ер нь хүн юмыг мөрөөдөж төсөөлж байж л зорилготой болдог, зорьж байж төлөвлөдөг, төлөвлөж байж л биелүүлдэг . Энийг эхлүүлэхэд хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга бол тэмдэглэл хөтлөх юм байна лээ.

2018 оноос 2019 оны дэвтэр рүү шилжих мөч

Миний хэрэглэдэг тэмдэглэлийн дэвтрийн бренд: https://www.paperblanks.com/en/catalog/12-month/

3. Доха, Катар — Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөө

Миний Маккинзи дахь анхны төсөл Катар улсын нийслэл Доха хотод 3 сарын турш үргэлжилсэн юм. Эхний өдрөөсөө л тун шахуу төлөвлөгөөний дагуу амс хийх завгүй ажиллаж, цаг тутамд шинэ юм суралцаж байгаа кайфтай мэдрэмжийг өдөр алгасалгүй мэдэрсэн. Төслийн менежер маань хэдэн долоо хоног болоод, яаж байна ийж байна гэж асуухад би “Амьдралдаа ийм олон хоног дарааллаж ийм үр бүтээлтэй ажиллаж байгаагүй байхаа” гэхэд тэр инээгээд “Харин тиймээ, энд өдөр бүр чинь хийсэн ажил, зарцуулсан цагаар биш гаргасан үр дүнгээр хэмжигддэг. Өдөр болгон үр бүтээлтэй байна гэсэн хариуцлага үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн” гэж хэлсэн. Тэр нь надад энгийн хэрнээ маш хүчтэй үг шиг санагдсан. Юу ч хийсэн өдөр бүр өөрийгөө эргээд дүгнэхэд үр бүтээлтэй байж чадсан байвал болно. Хамгийн гол нь дүгнэлт бол, бид амжилттай байхын тулд зорилготой, тэрийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, мөн хэрэгжүүлтлээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Зорилго нь ямар ч зорилго байж болно — ажилласан бол ажилласан шиг ажиллаж, амарсан бол амарсан шиг амрах.

Катарын Үндэсний Номын Сан нь дөнгөж 2018 онд албан ёсоор нээгдсэн хэрнээ дэлхийд гайхагдахаар цуглуулгатай

Нийтлэл: https://www.forbes.com/sites/jennifercohen/2018/06/25/busy-vs-productive-which-one-are-you/#4237a9697d79

4. Богота, Колумб — Завгүй тусмаа эрч хүчтэй байдаг

Би зун Колумб улсад 3-4 сарын хугацаатай төсөл дээр томилогдохоо мэдээд их догдолсон хэрнээ бас айж байлаа . Урьд нь Латин Америкт очиж үзээгүй, тийм хол очиж амьдарна гэхээр төсөөлөгдөхгүй байлаа. Тэгсэн чинь Колумбад очоод төсөөлөхийн ч аргагүй хэдэн сар хүлээж байлаа. Анх бүтэн сайны орой Боготад буугаад маргааш өглөө нь 7:30-ын нислэгээр Букараманга гэж жижиг хот руу нисээд шууд ажилдаа ороод, тэндээ долоо хоног бүрийн даваагаас пүрэв гараг хүртэл харилцагч компани дээрээ ажиллаж байхаар болсон. Пүрэв гараг бүрийн орой нь Богота руу нисээд баасан гарагтаа Боготагийн Маккинзи оффис дээр ажиллаад, амралтын өдрөөр дуртай газраа явж болно гээд заримдаа Боготадаа үлдээд ихэнхдээ баасан гарагийн орой нэг тийшээ нисээд эргээд Даваа гарагийн 7:30-аас Букарамга руугаа нисээд ажилдаа орно. Энэхүү бидний ажиллаж байсан компани нь уул уурхайн компани учир ажлын өдөр эрт эхэлдэг, бид мөн адил 7:30 гэж ажлаа эхлээд, ажлын шаардлагаар орой хэдэд ч тарж магадгүй байдаг байсан. Ажлын өдөр нь унтсан унтаагүйгээ мэдэлгүй явсаар амралтын өдөр шинэ газар очоод цаг алдахгүй юм үзнэ гээд бас тэр эрчээрээ явсаар ядарсанаа ч мэдрэхгүй гурван сар гаран өнгөрсөн байсан. Эргээд харахад ер нь хүн завгүй байх тусмаа эрч хүчтэй, цаг багатай тусмаа илүү ихийг амжуулдаг юм байна гэдгийг тултал нь мэдэрсэн. Бүх юмаа шахуу төлөвлөөд явахад яаж ийж байгаад л амждаг, тэр тусмаа илүү эрч хүчтэй байдаг юм шиг.

Надад хамгийн их эрч хүч өгдөг хүмүүс бол аав ээж хоёр минь, тэд намайг Колумбд байхад над дээр ирсэн юм

5. Рио дэ Жанейро, Бразил  - Биеэ чагнаж, заавал бүх юмыг хийнэ гэхгүй хааяа үгүй гэж хэлж болно

Колумб дахь төслийн маань хугацаа завгүйхэн өнгөрч байсан ч мэдээж ядрах үе гарч л байсан. Төсөл эхлээд сар гаруй болж байхад би Бразилд амьдардаг найзтайгаа уулзаж Рио дэ Жанейро хотыг үзэхээр таван цаг гаруй нисэж очсон юм. Очоод мэдээж үзэх юм их, найз маань шахуу хуваарь бэлдчихсэн угтав. Эхний өдөр нь гадуур гол юмнуудаа үзэж алхаад, далай дээр очоод, орой нь супер партийнд дагуулж явна гэхэд нь би хичнээн явмаар байсан ч, үлдээд унтлаа гэлээ. Уг нь намайг ирнэ л гэж баахан хийх юм бэлдсэн болохоор урмыг нь хугалахгүй бүгдийг нь хиймээр байсан ч өөрийгөө үнэхээр ядарснаа мэдрээд больсон. Тэр орой би дэлхий дээр шоугаараа тэргүүлдэг хотуудын нэгт байсан хэрнээ эрт орондоо ороод Netflix үзэж нойрмоглон унтаж сэрээд маргааш нь эрч хүч дүүрэн аялалаа үргэлжлүүлсэн билээ. Хүн өөрийнхөө биеийг өөрөө л хамгийн сайн мэдэх учраас хааяа найз нөхөд болон гэрийнхэндээ байна уу, ажлынхандаа байна уу, өөртөө ч байна уу үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.

Өөрийгөө цэнэглэхдээ инээдмийн юм үзэх дуртай: Modern Family, Master of None, комеди шоунууд (UB Comedy, Ali Wong, John Mulaney, Dave Chappelle, гэх мэт)

6. Астана, Казахстан — Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онц ач холбогдол өгөх хэрэгтэй

Би Маккинзи компанийн Казахстан дахь салбарт ажилд орсны учир нь тэр салбараас маань Монголтой холбоотой төслүүдийг хөгжүүлэх сонирхолтой ажиллаж байгаа. Харин Монголд маань төсөл байхгүй байгаа мөн Казахстандаа төсөл дээр тавигдъя гэхээр би орос хэлгүй учраас дэлхийн энд тэнд төсөл дээр ажиллах болоод байгаа юм. Гэхдээ би Катар дахь төслөө дуусчихаад хэдэн сарын турш Астанад дотоод ажил хийгээд байсан юм. Энэ хугацаанд үнэхээр их ганцаардсан. Ажил маань төслийн ажилтай харьцуулбал бага (ихэвчлэн өглөө 9-өөс очоод 7 гээд тарчихдаг байв), ажлынхнаасаа өөр бараг таньдаг хүн байхгүй, гараад шинэ хүмүүстэй танилцъя гэхээр орос хэлгүй (сурахыг илүү хичээгээгүй нь миний дутагдал байсан л даа), ажлаа тараад л фитнес ороод л гэртээ очоод юм уншаад, цагийн зөрүү нь таарвал гэрийнхэнтэйгээ ярихаас өөр хийх юм байхгүй. Амралтын өдрөөр бүр хэцүү, ганц нэг гадуур хүнтэй уулзах цаг товлосон ч хоёр өдрийн ихэнхид нь ганцаараа байхаар цаанаасаа идэвхи суларч улам ганцаарддаг юм байна лээ. Мэдээж энэ цагаа ашиглаад маш олон юм амжуулж болох байсан гэж хэлэх амархан боловч тухайн нөхцөл байдалд бүх ойр дотны хүмүүсээсээ хол, ажил маань ч харьцангуй завтай, орчин тойронд өөр сатааруулах юмгүй ер нь л утга учиргүй амьдарч байгаа юм шиг санагдаж сэтгэл санаа маань тогтворгүй болж, ганцаараа байх үедээ санаагаар унаж, хоосон оргиж, нойроо ч сайн авч чадахгүй болж их хэцүү үе байсан. Урьд нь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж сонсдог л байсан болохоос ач холбогдол ерөөсөө өгдөггүй байсан бол өөрийн эрхгүй анхаарах болсон. Янз янзын юм уншаад хамгийн түрүүнд дотоод сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй гэдгийг ойлгож утсан дээрээ апп суулгаад заавартай бясалгал хийж эхэлсэн. Хүн гэдэг амьтан ер нь утга учиртай амьдрахын төлөө л явдаг юм байна гэж ойлгосон, тэр нь сэтгэлээ шингээсэн зорилгын төлөө зүтгэж хайртай хүмүүсээрээ хүрээлэгдэх. Тэр байхгүй бол, утга учрыг бий болгохын тулд миний хувьд тогтмол хийдэг юмнуудтай байх нь чухал болсон (жишээ нь: даваа, лхагва, бямба гараг бүрт Йогийн хичээлд суух, ням гарагийн өглөө бүр аав ээжтэйгээ тухтай утсаар ярьж үдээс хойш нь хүнсээ цуглуулах, энд тэнд амьдардаг найзуудтайгаа уулзалт шиг 30 минутын ярих цагууд товлох гэх мэт). Бид сэтгэл зүйн асуудлыг тэр болгон асуудал гэж хардаггүй, хэнд ч “би ганцаардаад их хүнд байна” гэж хэлбэл сайхан ажил хийгээд эрүүл байхад юун сүртэй юм гэж хэлэх юм шиг санагдаж байсан. Харин сэтгэл зүйн эрүүл мэнд бол ямар ч өөр биеийн зовиураас ялгаагүй чухал гэдгийг ойлгож өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааны тогтвортой байдалд онц ач холбогдол өгч байх нь чухал юм байна лээ шүү.

Астана хот миний хувьд их чухал газар, би хайртай ч энэ зураг дээрх шиг жаахан хөндий, хүйтэн санагддаг

Бясалгалын апп: Headspace

TEDx илтгэл: “The Simple Cure for Loneliness” https://youtu.be/KSXh1YfNyVA

7. Таярона үндэсний парк, Колумб - Юм хийхэд төгс нөхцөл ховорхон бүрддэг, боломжоороо ахиулж амжуулж сур

Би Колумбад очоод л блог бичиж эхэлмээр санагдсан. Их аялж юм үзээд ч тэр үү, гэрээсээ хол удаан байгаад ч тэр үү. Гэвч ажил, аяллын хажуугаар ерөөсөө тухтай сууж бодлуудаа цэгцэлж бичих боломж гарахгүй явсаар хэдэн сар өнгөрчихлөө. Төслийн хугацаа дуусах дөхөөд Амстердамаас манай нэг найз Колумбад хуралд ирээд бид хоёр Таярона гээд их үзэсгэлэнтэй байгалтай үндэсний парк руу амралтын өдрөөр цуг явъя гэж тохироод уулзсан юм. Тэнд очоод далайн эрэг дээр хэвтэхдээ манай найз ерөөсөө дуусгаж амжихгүй байгаа уран зохиолын номоо уншлаа гэхээр нь би тэр хооронд нь утсаа хий оролдож суухаар утсан дээрээ бодлуудаа буулгаж бичье гээд эхний блог “Шоколадтай шагшуур”-ын ихэнх санааг тэмдэглэсэн юм. Дараа нь төслөө дуусаад амрахдаа тэр бичсэнээ цэгцлээд нийтэлсэн юм. Уг нь би аливаа юмыг их тохилог нөхцөл бүрдүүлж байгаад төвлөрч хийх дуртай, гэвч одоо үед бүх юм маш хурдтай өрнөж, ажил амьдралын завсар тэр болгон тухтай зав ч гардаггүй юм байна. Тийм учраас завсрын цагуудыг бага гэж голохгүй, тухайн орчиндоо зохицоод юм амжуулвал зөндөө боломж байдаг юм шиг. 2019 онд блогоо амжуулж бичихээс гадна энэ сэтгэхүйгээрээ фитнессээ амжуулж хиймээр байгаа. Заавал хувцсаа солиод зааланд очоод бүтэн цагийн дасгал хийгээд усанд ороод хувцасаа солино гэсэн сүртэй ойлголтоосоо салж 15 минутын боломж гарсан ч ямар нэгэн хөдөлгөөн гэртээ байхдаа ч хиймээр байгаа. (Үүнд зориулсан зөндөө апп байдаг юм байна лээ)

Боломж ашиглаад унтаж байгаа нь

Гэртээ хийх фитнесс апп: 7 Minute Fitness Challenge, Freeletics, Sworkit

8. Сан Андрес арал, Колумб  - Боломж гарвал аял, ганцаараа байсан ч аял

Би аавынхаа ажлаас болоод багаасаа гадагшаа явж өөр, өөр оронд амьдарч үзсэн болохоор ер нь л боломж гарвал шинэ газартай танилцаж аялах дуртай. Гэхдээ тэр болгон ганцаараа аялдаггүй, айгаад ч байдаг юм уу, уйдна ч гэж боддог юм уу (бас зургаа хэнээр даруулах юм бэ?!). Колумбад байхдаа аль болох төлөвлөж байгаад л энд тэндэхийн найзуудаа болон багийнхнаа уриалж амралтын өдрүүдээр хамтын аялал зохион байгуулдаг байсан. Харин хааяа хамт аялах хүн олдохгүй, нэг долоо хоног заавал нэг тийшээ явмаар санагдаад Сан Андрес арал руу өөрөө явсан юм. Би Сан Андресийг цав цагаан элстэй, цэнгэг цэнхэр устай, амттай далайн хоолтой газар гэж төсөөлж байсан боловч очсон чинь бүх хүлээлт байхгүй болсон. Миний судалж судалж арай тохилог гэж захиалсан буудал нь үүдэн дээр угтахдаа тавтай морил гээд өгсөн ундааны шил нь уруулын будагны толботой, өрөөнүүд нь яг төв гудамж руу харсан байршилтай, шөнөжингөө чимээтэй, 00-ийн өрөө нь цэвэрхэн мөртлөө жоомтой. Яах гэж ирэв дээ л гэж бодогдсон. Маргааш өглөө нь ойрхон далай дээр очсон чинь хог ихтэй амарсан болохооргүй, эрт буцъя гэхээр нислэг байхгүй яая даа гэж бодож байгаад буудлынхаа үүдэнд сууж байгаад амьсгалах төхөөрөмжтэй шумбалтын (scuba diving) зарлал харлаа. Би урьд нь шумбаж байсан боловч төхөөрөмжтэй гүн рүү шумбаж үзэж байгаагүй ч өөр юу хийх вэ дээ гээд утас руу нь залгаад багшаар заалгах цаг аваад явлаа. Далайн гүнд нэг шумбасан чинь бүх юм мартагдаж, зүгээр л бидний өдөр тутмын амьдралд хэзээ ч харагддаггүй цоо шинэ ертөнцөөр аялж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж байсан. Магадгүй ганцаараа яваагүй бол олонхын саналаар явсаар урьдны үзээгүй шинэ мэдрэмжийг мэдрэхгүй байсан байх. Тийм болохоор аялаж шинэ газар үзэж байх хэрэгтэй, мөн хааяа ч гэсэн ганцаараа аялах хэрэгтэй юм байна лээ.

Далайн гүн нь тэр чигээрээ өөр ертөнц

“Wild” кино нь ганцаараа 1770км газрыг алхдаг эмэгтэйн тухай бодит амьдрал дээр сэдэвлэсэн кино, би 2018 онд онгоцонд явж байхдаа үзсэн юм: https://en.wikipedia.org/wiki/Wild_(2014_film)

ГЭРЭЭ ЗАС

9. Бишкэк, Кыргызстан: 100 төгрөгөөс 100 найз

2018 он дөнгөж гараад би Улаанбаатараас Астана руу ажилдаа буцаж орно гээд ниссэн чинь Бишкек рүү нислэг маань саатаад дамжих нислэгэндээ амжихгүй орой нь бууж, тэндээ хоноод маргааш орой нь нисэх болов. Жижигхэн нисэх буудлынх нь бүх лавлахууд хаачихсан, хаашаа яаж явахаа мэдэхгүй Wi-Fi барьдаг ганц цэгт нь очиж шинэ нислэгээ зохицуулж, хоноглох буудал судлангаа найзуудынхаа групп дээр саатсанаа бичиж хэллээ. Тэр групп дээрээс найз Одончимэг маань Кыргыз-д очиж байхдаа танилцсан хүмүүс рүүгээ бичиж такси, буудал асууж өгөөд, тэд нар нь бидэнтэй адил Глобал Шэйперс (Global Shapers) нийгэмлэгийн гишүүд учраас танихгүй ч гэсэн найзынхаа буудлыг зааж өгч, үнийг нь хямдруулж, маргааш нь дагуулж явж хотоо үзүүлсэн юм. Тусч найзуудтайдаа хязгааргүй их баярлаж, мөн танилынхаа хүрээллийг тэлсэн нийгэмлэгт хамрагдах юм уу идэвхтэй байх нь маш олон талаар үр өгөөжтэйг ахин мэдэрсэн. Ер нь хаашаа ч явсан, юу ч хийсэн, найзууд болон танилынхаа хүрээллээр хамгийн үнэтэй, хэрэгтэй мэдээллүүдийг олж авч болох юм шиг санагддаг.

Манай Глобал Шэйперс нийгэмлэгийн талаар сонирхож мэдээлэл аваарай: https://www.globalshapers.org/hubs/ulaanbaatar-hub

10. Амстердам, Недерланд — Аливаа харилцаа цэцэглэхэд цаг зав зарцуулах шаардлагатай

Би багаасаа л нэг газраа тогтвортой амьдарч үзээгүй, байнга нүүж шинэ найзуудтай болох шаардлага (мөн боломж) гарч байдаг. Тэрнээсээ болоод би олон найзтай ч гэсэн бүр их дотны найзуудтай байж чаддаггүй гэж ойлгодог. Группээрээ найзалж байсан найзууд маань надгүйгээр улам сайн найзууд болоод явахыг харах хэцүү байдаг ч нөхцөл байдлаасаа үүдээд ийм байдаг байх гээд хүлээн зөвшөөрчихсөн явсан. Харин манай Бизнесийн сургуулийн найзууд дэлхийн 60 гаруй улсаас бүрдэж, төгсөхөд бас л дэлхий даяар тарцгаасан. Тэгсэн хэрнээ найзууд маань энд тэндээс хоорондоо холбоотой байж, зорьж уулзах болгонд би өөрийгөө хэтэрхий хол байна, ажилтай завгүй байна гэсээр байгаад бас л сайн байсан найзуудаасаа холдсож байсан. Харин долоодугаар сард ангийн хоёрын маань хурим Португальд болно гээд уригдахад би заавал очно гээд амралтаа тааруулж аваад наана нь хамт явах хоёр сайн найзтайгаа Амстердамд уулзсан юм. Тэр хоёрын маань нэг нь Амстердамд амьдардаг, нэг нь Лос Анжелэст амьдардаг хэрнээ утас, мессежээр холбоотой байсаар сургуульд хамт байсан шигээ л дотно юм шиг, харин би инстаграм дээр харсан үйл явдлуудаас гадна ямар ч мэдээлэлгүй байсандаа дотроо гутарсан. Эргэцүүлэн бодоход би найзуудтайгаа холбоотой байх тал дээр маш сул байсаар ирсэн гэдгээ ойлгосон, өөр тийшээ нүүх нь гарцаагүй холдох шалтгаан ч гэсэн, миний хувьд илүү шалтаг болсон юм шиг санагдсан. Тэр Амстердам дахь уулзалтаас хойш би боломжоороо дотны найзуудтайгаа илүү холбоотой байхыг хичээдэг болж, хамгийн гайхалтай нь тийм ч их цаг ордог зүйл биш байсан байна гэдгийг ойлгосон. Чухал хүмүүстээ цаг зав гаргах нь цаг завын асуудал гэхээсээ илүү сэтгэлийн асуудал юм байна лээ.

Энэ зураг Амстердамд биш, Португальд хуриман дээр очоод авхуулсан зураг

Харвардын эрдэмтэд 75 жилийн турш аз жаргалын талаар судалгаа хийгээд үр дүн нь чанартай харилцаа, нөхөрлөл гэж тогтоогдсон: https://www.ted.com/talks/robert_waldinger_what_makes_a_good_life_lessons_from_the_longest_study_on_happiness?language=en

11. Москва, Орос  - Хүн хүнийг өөрчилж чадахгүй, өөрийгөө л өөрчилж чадна

2018 онд би өвөл нэг, зун нэг Москва орсон . Хоёуланд нь үерхэж байсан залуутайгаа уулзах гэж явсан. Өвөл нь бид хоёрын хувьд намайг шинэ ажилдаа ороод Монголоос нүүснээс хойш анхны уулзалт байлаа . Би Катараас тэр Монголоос Орос улсад амралтын хоёр өдрөө хамт өнгөрөөх гээд ирсэн билээ. Бид бие биенээ маш их санасан, гэгэлзэж уулзаад цаг хугацааны хэтэрхий хурданг гайхсаар гунигтайхан хоёр тийшээ явсан. Зун нь харин уулзахад шал өөр хоёр хүн огт өөр орчинд уулзалдаж байгаа мэт санагдсан. Харилцаа маань хөндий, тал талдаа итгэл алдарчихсан, гүүрний хоёр талд зогсоод тэврэлдэх гээд байгаа мэт боломгүй байсан. Бие холдоод сэтгэл холдох нь хоёр талд байгаа зөндөө хосуудад зөндөө л шалтгаанаас болж тохиолддог зүйл. Тэрэнд өөрийгөө илүү хүлээцтэй ч юм уу, санаачлагатай ч юм уу нөхцөл байдалдаа илүү зохицонгуй байлгаж болох болохоос хүнийг өөрчилж чадахгүй. Ер нь тэрнээс хойш сурах гээд л сурах гээд л хичээгээд байгаа зүйл бол аливаа юманд хүн өөрөө өөрийгөө өөрчлөхийг хүсч байж л өөрчлөгдөх болохоос, хүнийг байна уу, нөхцөл байдлыг удирдаж чадахгүй, удирдах гэж зүтгэж байж улам дордуулах учир зүгээр л өөрөө өөр дээрээ л төвлөрөх хэрэгтэй.

Москвад өвөл очихдоо цаанаа л нэг аз жаргалтай байсан

TEDx илтгэл: “Own Your Behaviours, Master Your Communication, Determine Your Success” https://youtu.be/4BZuWrdC-9Q

12. Мадрид, Испани  - Хамгийн чухал дурсамжууд мартагдахааргүй мэдрэмж үлдээдэг

Сая 12 дугаар сард Лисабон руу сургалтанд явахдаа би Мадрид хотоор дайрч найзтайгаа уулзсан юм. Бид хоёрыг гадуур явж байхад цүнхнээс маань миний утсыг хулгайлсан байв. Би дөнгөж сарын өмнө нь Колумбад ажлын утсаа хулгайд алдчихсан, мөн хувийн утсан дээр минь хэдэн жилийн турш авсан зураг бичлэгүүд байсан, тэднийгээ сүүлийн жил бараг хадгалаагүй болохоор маш их харамсаж байлаа. Найз маань намайг аргадаад “Ихэнх чухал дурсамжуудаа зураг үлдсэн үлдээгүй ч хэзээ ч мартахгүй шүү дээ” гэв. Бодоод байсан чинь нээрээ тийм, бидэнд хамгийн тод үлддэг дурсамж нь үйл явдал биш мэдрэмж байдаг. Хааяа бид хаана, хэзээ, хэнтэй юу хийснээ мартчихсан байдаг гэхдээ хүнд баярласан, хүнийг баярлуулсан, юм бүтээсэн, юмнаас айсан, хэн нэгэнд гомдсон гэх мэт мэдрэмжүүдийг хэзээ ч бараг мартдаггүй. Тийм учраас юм хийхдээ яавал хөгжилтэй байх уу, ямар зураг авхуулах уу гээд зогсохгүй ямар мэдрэмж үлдэх вэ, эргэн тойрныхондоо ямар мэдрэмж үлдээх вэ гэдгээ бодох чухал санагдсан. 2019 онд дандаа эерэг, хүчтэй мэдрэмжүүдийг бий болгохыг хичээнээ!

Мадридад утсаа алдсаны маргааш

ТӨРӨӨ ЗАС

13. Низва, Оман — Хаана ч очсон соёлтой бай, гэхдээ өөрийгөө гадны хүн гэж харалгүй өөрийнхөөрөө бай

Катарт ажиллаж байхдаа амралтын өдрөөр бид багаараа Оман улс руу аяласан билээ. (Катар улсын хөршүүд харилцааны хориг тавиад амралтын өдрөөр ойрхон үзэх орны тоо цөөхөн байв) Пүрэв гарагийн орой нь нисээд (муслим орнууд ням гарагаас пүрэв гараг хүртэл ажиллаад баасан, бямба гарагт амардаг юм) маргааш өглөө нь машин хөлслөөд Ал Жахар уулан дунд байдаг Алила Жабал Ахдар гэх алдарт тансаг буудалд очиж нэг хоног амарсан юм. Манай төслийн дарга биднийг сайн ажилласан гээд тэнд амрах эрхээр даасан юм. Тэр буудал маань ч үнэхээрийн хэлэх үг байхгүй, тасархай тансаг амралтын газар байв, үнэ нь ч сүрдмээр өндөр, тэнд амарч байгаа хүмүүс ихэвчлэн настай хосууд, харваас их баян чинээлэг хүмүүс байв. Тэр дунд нь манай багийнхан илт өөр харагдаж байв, бүгд 30-аас доош настай, нэг нь би, хоёр нь казах, нэг нь унгар. Залуухан болохоороо сошиал медиа сонирхдог болоод ч тэр, мөн үнэхээрийн тэр тоолон үздэггүй гоё газар ирсэн болохоор ч тэр бид энд тэнд баахан зургаа авхуулаад (хоёр охин нь хөвгүүддээ хэрхэн оновчтой зураг дарах сургалт нилээдгүй өгөөд) байж байтал зарим гадаа нарлаад сууж байсан хүмүүс дургүйцсэн байдлаар харж, нэг нь “Та нар ганцаараа энд амраагүй шүү” гэж дугарав. Тэрүүхэн тэндээ бид санаа зовоод завсарласанаа хоорондоо ярилцсан юм, ер нь бид хэний ч адил энд мөнгөө төлөөд амарч байгаа хүмүүс, бид бусдаас өөр сонирхолтой л байгаа болохоос хэний ч дураараа амрах эрхэнд халдаагүй. Тэд зураг олон даруулахыг байна уу, бидний гаднах төрхийг байна уу дорд үзэж байгаа нь тэдний асуудал, тийм болохоор санаанд таарсан зургуудаа даруулж дуустал үргэлжлүүлээд зургаа даруулсан. Бид жижиг орны хүмүүс, дэлхийн өөр өөр соёлтой газраар явахдaa, Монголдоо ч байхдаа, усыг нь уугаад ёсыг нь дагаад л явна, харин тэглээ гээд хаанхын ямар ч хүнд гадуурхагдах учиргүй, өөрөөрөө байж, тэрнээсээ санаа зовохгүй гэсэн байр суурьтай байх хэрэгтэй.

Манай Катар дахь багийнхан

Бүгдээрээ ганц ганц ийм зураг авхуулах гэж бөөн юм болсон доо

Буудлын талаар сонирхвол: https://www.alilahotels.com/jabalakhdar#reviews

14. Санкт-Петербург, Орос - Эмэгтэй хүн карьер болон хувийн амьдралаа тэнцвэртэй байлгаж болно гэхдээ бүгдийг хийж амхижгүй

Цагаан сарын үеэр манай Орос болон Казахстаны оффисын эмэгтэйчүүдэд зориулсан сургалт Санкт-Петербург хотод зохион байгуулагдаад би Катараас очиж оролцсон юм. Сургалт гэхээсээ илүү хэлэлцүүлэг болж таарсан. Бид хоорондоо ажлын байран дээр тулгардаг асуудлуудаа ярилцаж, ирээдүйд карьераа яаж хардаг талаар хуваалцаж, өндөр албан тушаалтай эмэгтэйчүүдийн туршлагаас сонссон юм. Нэг юмыг бид бүгд хүлээн зөвшөөрсөн нь бид эмэгтэй хүний хувьд одооны олон цаг ажиллаж, гадагшаа дотогшоо байнга явдаг эрчээрээ гэр бүлтэй болоод ажиллаж чадахгүй. Нэгэнт л одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг нь гэр бүлийнхээ өмнө дийлэнх хариуцлагыг хүлээх ёстой гэсэн ойлголтод суурилсан учраас бид ажлынхаа эрэгтэйчүүдтэй харьцуулбал удаан ахиж таардаг. Энэ нь тэгш бус ч гэсэн, тэр ойлголт өөрчлөгдтөл бид дор дороо зохицуулах хэрэгтэй. Тэнд байсан өндөр албан тушаалтай, гэр бүлтэй эмэгтэйчүүдийг сонсоход бүгд л өөр өөрийн арга барилтай, бүгд л өөр өөрийн золиосолсон зүйлтэй. (Заримынх нь нөхөр нь ажиллахгүй хүүхдээ хардаг, зарим нь хүүхэд, ажил хоёрыг амжуулдаг ч өөр юунд ч цаг зарж чаддаггүй гэх мэт) Гол нь бүх юмыг төгс амжуулна гэж бараг л байдаггүй зүйл, гол нь юуг хамгийн чухалд үзэж юуг золиослоход бэлэн гэдгээ өөрөө болон гэр бүлийнхэнтэйгээ тодорхойлох хэрэгтэй. АНУ-ын тэргүүн хатагтай байсан Мишээл Обамагийн ном дээр маш бодитой энийг тусгасан юм шиг санагддаг (ер нь уншихад дуустал нь тавимааргүй сонирхолтой байсан ном), уншаарай.

Маккинзигийн Казахстан дахь оффисийн эмэгтэйчүүд Михайловский театрт

Энэ жилийн онцлох ном: “Becoming” — Michelle Obama (https://becomingmichelleobama.com/)

15. Оахака, Мексик — Нэг юмыг л сайн хийхэд дэлхий даяар таниулах боломжтой

10 дугаар сарын дундаар би найзуудтайгаа Мексикийн Оахака мужийг явж үзсэн юм. Оахака муж нь түүх, хоолоороо Мексикдээ танигдаж, тикила архиараа дэлхийд танигддаг билээ. Тикила архи ньтэндэхийн элсэрхэг газар нутагт ургадаг агаве (кактусын төрөл) ургамлаар хийгддэг юм. Тэнд очоод амталгаатай сургалтанд сууж, агавегаар хийгддэг бүх архийг “мескал” гэж нэрлэдэг бөгөөд тэр нь уламжлалт гар аргаараа хийгддэг юм, Оахака муждаа тоотой хэдэн урлалууд албан ёсоор мескал үйлдвэрлэх эрхтэй байдаг юм байна. Мескал дундаа ганцхан үйлдвэрийн аргаар хийгддэг төрөл нь тикила юм байна, тэр нь дэлхий даяар экспортлогдож зарагддагийг бид бүгд сайн мэднэ. Мексик улс жилд 1.2 тэрбум ам.долларын тикилаг 100 гаруй орон руу экспортолдог. Энэ нь манай Монголын ДНБ-ий 10%-аас илүүтэй тэнцэхүйц ганц л бүтээгдэхүүн гэж бодохоор үнэхээр мундаг. Гол нь бодлогоор тикиланийхаа чанарыг уламжлалт аргандаа суурилсан өндөр түвшинд хадгалж, бүх үйлдвэрлэлийн шатыг Мексикдээ хийснээр эдийн засгийнхаа чухал бүтээгдэхүүн болгож чадсан байна. Монголдч гэсэн ноолуур, маx, архи гэх мэт дэлхийд хэрэгцээтэй үндэсний бүтээгдэхүүнүүддээ чанарын өндөр түвшин тогтоож дотооддоо үйлдвэрлэж гаргах боломж зөндөө байгаа юм шиг санагддаг.

Оахакагийн алдарт кактус, агаве ургамлуудын дунд

Тикилагийн түүхийн тухай сонирхолтой нийтлэл: https://www.nationalgeographic.com/travel/features/far-and-away/tequila-rocks-mexico/

16. Баку, Азербайжан  - Түүх өв соёл болон хурдтай хөгжил дэвшил нэг дор оршин тогтнохоор ид шидтэй

Маккинзи компани нь жил бүрийн зургаадугаар сард “Values Day” буюу үнэт зүйлээ ярилцах өдөрлөг Гейдар Алиев Центртовлоод бүх салбарууд дор дороо цуглардаг. Манай Казахстаны салбар 2018 онд Азербайжан улсын нийслэл Баку хотод цугларч баасан гарагт нь албан ёсны яриануудаа хийж, амралтын өдрүүдээрээ гадуур юм үзсэн юм. Бямба гарагт нь бид түүх судлаач хөтөчтэй хуучин хотыг үзэж түүхийг нь сонсоод, үдээс хойш Гейдар Алиев Центр хэмээн алдарт архитектор Заха Хадид агсаны бүтээсэн орчин үеийн гайхамшигт барилгыг үзэж, хотын шинэ бүтээн байгуулалттай хэсгүүдээр явсан. Азербайжан нь газрын тосныхоо нөөцөнд суурилж хөгжсөн улс, хөгжсөөр ч байгаа нь илт тод . Эргэн тойрныхоо соц улсуудаас илүү цэгцтэй хөгжсөн юм шиг ажиглагдсан. Харин надад хамгийн тод үлдсэн мэдрэмж маань Баку хотын өвөрмөц зохион байгуулалт, баялаг түүх өв соёл нь орчин үеийн хөгжил дэвшилтэйгээ зэрэгцэн оршин тогтнож байгаа байдал байсан . Үнэхээрийн ид шидтэй. Тэрийг хараад Монгол Улс маань хөгжих тусам аль нэгийг нь сонгохгүйгээр өв соёлоо ч өөрчлөхгүй хадгалж, орчин үеийн хөгжил дэвшилтэй ч хөл нийлүүлэн алхаасай гэж бодогдсон.

Азербайжаны алдарт хайрын уран зохиол “Ali and Nino” үнэхээрийн хөөрхөн, үйл явдлууд нь Баку хотод өрнөдөг. Номыг нь уншаарай (эсвэл киног нь үзээрэй): https://en.wikipedia.org/wiki/Ali_and_Nino

17. Амазон гол, Перу — Байгаль орчноо хамгаалах нь хойч үеүүддээ хамгийн том бэлэг

Колумбаас явахаасаа өмнө манай баг заавал алдарт Амазон гол (дэлхийн хамгийн том гол) дээр очиж Амазон голын хөвөөгөөр явах зүгээр л ваув, амьдаар нь харах бүр илүү сүрдмээрүзнэ гэж ярьсаар байгаад миний сүүлийн амралтын өдрөөр бид Лэтисиа гээд Колумб, Бразил, Перу гэх гурван улсын хил дээр байдаг жижиг хот руу нисэж очоод, тэндээ усан завиар голын эрэг дээр байрладаг амралтын газар буудалласан юм. Хоёр хоногийн турш тоггүй, интернэтгүй газар завиар явж нар мандаж жаргахыг үзэж, дольфин, матар гэх мэт усны амьтад харж, ширэнгэн ойгоор алхаж ялаа шумууланд баригдсан ч үнэхээрийн жаргалтай байлаа. Үнэхээр сүрдмээр үзэсгэлэнтэй байгалийг мэдэрч, цэнэглэгдэж, дэлхий дээр ийм газар байдагт баярлаж байлаа. Бид өдөржин мэдээлэл, холбоо сүлбээ гэсээр хөндөгдөөгүй байгалийн гайхамшигийг мартаад, магадгүй зун хөдөө явахдаа л санадаг байх. Харин манай Колумб найз бидэнд хэлэхдээ Колумб улс Амазон голыг хөндөхгүй иймээр нь хадгалахыг хичээж байгаа боловч, Бразил улс аль болох байгаа газар нутгаа “хөгжүүлж” хотжуулах сонирхолтой байдгийг ярьж өглөө. Тэр нь хэрэв үнэн бол надад маш харамсалтай санагдлаа, газар нутаг дээр нь дэлхийн байгалийн гайхамшиг байхад тэрийг үнэлэхгүй бага багаар хотуудаар орлож байгаа гэхээр дараа дараагийн үеүүдүүддээ харуулж чадахгүй зүгээр ярьж өгч, зураг үзүүлэх байхдаа. Монголчууд бид дутахгүй дэлхийд гайхагддаг байгальтай, тэрийгээ үеээс үед хадгалж өвлүүлэхийн тулд дор дороо (жишээ нь хог хаяхгүй, агаар бохирдуулахгүй) болон бодлогоор (дархан цаазтай газруудаа хадгалж) ухамсарлаж хамгаалах хэрэгтэй санагдсан.

18. Улаанбаатар, Монгол: Хамгийн сайхан газар бол гэр минь юм

Амьдралын утга учир бидний өөрсдийн өдөр тутмын амьдралаас илүүтэйгээр бусдыг хамарсан зорилгууд байдаг юм байна. Тэр нь миний хувьд гэр бүл, хайртай хүмүүс, эх орон. Монголоос өөр дэлхийн хаана ч байдаггүй өөриймсөг мэдрэмж нь байнга зорилготой байлгадаг. Хичнээн гоё газраар явсан ч хайртай хүнтэйгээ цуг хөтөлцөөд үзэх юмсан, хичнээн өвөрмөц амттай хоол идсэн ч ээж аавдаа амсуулах юмсан, хичнээн өндөр хөгжилтэй улсад амьдарсан ч Монголоо ийм болгох юмсан гэсэн бодлууд л төрдөг, тэр нь бид бүгдэд ижилхэн гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас 2019 ондоо Монголтойгоо илүү холбоотой зорилгууд тавьж ажиллахыг хичээх болно.

Намайг Амстердамд байхад манай “Mongolian Young Scholars Program” хөтөлбөр 8 дахь жилдээ зохион байгуулагдаж би видео чатаар нээлтэн дээр мэндчилсэн юм

Mongolian Young Scholars Program-ийг сонирхоод, дунд сургуулийн ахлах ангийн сурагч бол энэ зуны хөтөлбөрт хамрагдах өргөдлөө өгөөрэй (хавраас шалгаруулалт явагдана): https://www.facebook.com/mongoliaysp


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
1
57
1
0
0
5
4