Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бүтээгчид: ЛэндМН

"Олимпийн найдвар"


Олимпийн найдвар
“Woovoo” компанийн захирал, “M Plus” аппликейшнийг бүтээгч Х.Эрдэнэбаяр

2018 оны Нөлөө бүхий 50 хүн, үйл явдлын нэгийг бичих хүндхэн бөгөөд хариуцлагатай давааг Токио - Улаанбаатар чиглэлийн ОМ 502 нислэгт бичиж сууна. Монголчууд бид аман яриандаа ''Олимпийн найдвар'' гэсэн хэлц үгээр итгэж болох хамгийн чухал зүйлээ нэрлэдэг. Би ч мөн ижил гарчиг өгөхөөр шийдлээ. Сүүлийн хоёр жил бид “Анд Глобал”, “ЛэндМН” гэсэн хоорондоо салшгүй, ихэр мэт нэрсийн тухай их сонсдог болжээ. Хөрөнгийн биржид IPO хийж гэнэ, хиймэл оюун ухаан ашиглаж гэнэ, барьцаагүй зээл өгнө гэнэ, Зүүн азийн орнууд руу гарч гэнэ, япончууд хөрөнгө оруулж гэнэ, өөрийн цахим хэтэвч нээж гэнэ, банк хоорондын гүйлгээг шимтгэлгүй болгож гэнэ гэхчилэн урсаж өгнө. Эдгээр ''гэнэ''-үүд бүгд өсөлт, хөгжилт амжилт дагуулсан мэдээнүүд байдаг нь бахархам.  Магадгүй та бүхэн тэдний тухай магтаад эхлэхээр найзууд байх гэж андуурав. Тэдгээр залуусыг зүс мэдэхээс цаашгүй. Харин хийж буй ажлуудынх нь талаарх мэдээллүүд, хөрөнгө оруулагчид, компанийнх нь үнэлгээний талаар www.crunchbase.com сайтаас мэдээлэл авч, багийн лидер Ч.Анарын тухай сонирхон нэгэн орой “YouTube”-ээр түүний оролцсон “TedX”-ийг цаг гарган үзэж билээ. 

Дээрх мэдээллүүдийг олж авсны дараа нэгдүгээрт Ч.Анарыг уйгагүй хөдөлмөрч, сайн менежер, зорьсондоо хүрдэг залуу юм гэж үнэлсэн. Яг үнэндээ технологийн старт-ап хийнэ гэдэг хүн бүрийн боддог шиг энгийн амар ажил биш гэдгийг дөрвөн жил өдөр, шөнөгүй энэ талбарт ажиллаж яваа хүний хувьд багахан гадарлана. Тиймээс энэ залууд монголчууд бид урам хайрлах дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт, www.crunchbase.com цахим хуудсаас Ж.Оюунгэрэл буюу бидний хэлж заншсанаар Петровисийн Оюунгэрэл захирал анхны хөрөнгө оруулагчдын нэг байсныг хараад үнэхээр бахархсан. Технологийн компанид итгэж хөрөнгө оруулах нь хамгийн том дэмжлэг. Тэр дундаа манай бизнесийн орчинд технологийн бизнесийг ойлгохгүй байх нь олонх байдаг. Цаг хугацаа, тэвчээр, нөр их хөдөлмөр шаарддаг хүнд ажил. Хэн нэгэн хүн ингэж сэтгэлийн дэм өгөхөд л нэг хэсэг зүтгэх тэнхээтэй болдог.

Өчигдөр Токио хотноо болсон Монгол Улсын Ерөнхий Сайдын айлчлалын хүрээнд, Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатарын тавьсан илтгэлд би нэгэн сонин тоог харсан. Бидний хамгийн найрсаг түнш орнуудын нэг Япон улс зах зээлийн системд шилжсэнээс хойших 28 жилийн хугацаанд манай оронд нийт 719 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ гэсэн мэдээлэл. Өөр нэгэн мэдээ болох дэлхийд гайхагдах 7.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Эрдэнэс Таван Толгой” компани энэ жил маш ашигтай ажиллаж байна, жилийн цэвэр ашиг нь 700 тэрбум төгрөг хүрэх нь гэсэн мэдээлэл. Ойролцоогоор 280 сая ам.доллар. Энэ хоёр тоог хараад би гайхамшигтай гэж бодохгүй байгаа. Мэдээж их мөнгө л дөө. 

Гэхдээ монгол залуус технологийн шийдэл, өөрсдийн оюунаараа ирэх таван жилд дээрх хоёр жишээний хэмжээний орлого олдог болно гэдэгт бат итгэдэг “ёроолгүй тэнэгүүд”-ийн нэг нь би. Энэ итгэлийг маань гэрэлтүүлэх маш цөөн санаа шийдлийн эхлэл нь “ЛэндМН”-ийн залуус гэж итгэдэг.

Өндөр уулын оройд гарахын тулд бэл дэх шавар шавхайг туулах ёстой. Тэр цаг үеэ дуусгаад өөдөө өгсөж эхэлсэн гэж би тэднийг бодож байна. Тийм ч учраас би тэдний тухай сэтгэгдлээ “Олимпийн найдвар” гэж нэрлэлээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0