2018 оны ялагчид: Бадамгаравын Гангаамаа
Монголын шилдэг уулчид К2 оргилд хүрэх гэж хоёр удаа оролдож байсан бөгөөд Б.Гангаамаагийн авиралт түүхэн амжилт бүтээв.
“К2”-ын монгол эмэгтэй
“U Film” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Г.Ундармаа
Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол хүн Бадамгаравын Гангаамаа. Тэрбээр долоон оргилд гарахын төлөө 15 жил тууштай хөдөлмөрлөж, 2018 онд бас нэгэн шинэ онцгой амжилт байгуулсан нь долоодугаар сард дэлхийн хоёр дахь ноён оргил болох 8,611 метрийн өндөр К2 ууланд авирсан анхны монгол хүн болсон билээ. Түүнээс өмнө Монголын шилдэг уулчид К2 оргилд хүрэх гэж хоёр удаа оролдож байсан бөгөөд Б.Гангаамаагийн авиралт түүхэн амжилт бүтээв.
Б.Гангаамаа өөрөө яг л уул мэт... Урвадаггүй, шантардаггүй, буцдаггүй чанар нь мөнхөд цэхээрээ цэнхэртэн оршигч уулсыг санагдуулах. Уул, бүсгүй хоёр хувь тавилангаар холбогдсоноос хойш хувиршгүй, хагацашгүй 30 он улираан ижилсчээ. “К2”-ын монгол эмэгтэй уул гэж чухам яг юу вэ гэдгийг тайлбарлаж чаддаггүй гэсэн. “Уул гэдэг чинь хэлж, харж, барьж болохгүй нэг тийм сонин үзэгдэл байдаг юм аа. Олон жил уултай нөхөрлөхөөр уул өөрөө уулчнаа дууддаг. Нэг ийм философи байдаг юм” гэж Б.Гангаамаа “Гэрэг” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлснийг унших агшинд надад хүн, байгалийн шүтэлцээний талаар ер бусын нандин атлаа хүчтэй, гайхамшигт мэдрэмж төрсөн.
Эргэж ирэхгүй ч байж болох эрсдэлтэй урт холын аянд гарах эрх чөлөөний амтыг би Б.Гангаамаагаас асуухыг хүснэ. Тууштай хүчээл зүтгэл, гуйвшгүй итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, амжилт ялалтын үнэ цэнийг тэр бүсгүйтэй хөөрөлдөхийг хүснэ. Авирсан болгон хүрч бараагүй оргилын догшин ирмэг, онгон салхи, тэсгим хүйт, төсөөлшгүй өндрөөс өнгөт орчлон ямархан үзэгддэгийг, тэнгэрээс тээр дор орших энгийн ахуйн тухай бодлууд гээд гагц Гангаамаагийн мэдэрснийг ганцхан удаа ч гэсэн хуваалцахсан.