Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

МакГрегор хаан хэвээр

Диас даагаа нэхэх тоглолтыг зохион байгуулах хүртэл UFC-д тулалдахгүй гэж мэдэгдсэн.


Энэ сарын 20-нд Америкийн Лас-Вегас хотноо холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ийн “UFC 202” тэмцээн болж өнгөрлөө. Дэлхийн олон шилдэг тулаанч энэ үдэш Лас-Вегаст ирсэн ч үзэгч олны анхаарал Ирландын Конор МакГрегор Америкийн Нэйт Диас нарт хандсан байв. Энэ хоёрын эхний тулаанд Диас ялсан. Тэр үеэс эхлэн МакГрегорыг “Хиймэл аварга”, “Од нь л гийсэн тулаанч” гэх мэт үг яриа гарч эхэлсэн. Хэрэв тэр Диаст дахиад ялагдах юм бол нэр хүнд нь улам унах болно. Өөрийнх нь тоглолтын шагнал багасахаас гадна UFC холбоо ч үзэгчдээ алдаж, орлогын нэгэн том эх үүсвэр нь байхгүй болох байлаа. Тиймээс Конор энэ тоглолтод заавал ялах ёстой байсан. Өнөө цагийн холимог тулааны гол од хэвээр байгаа гэдгээ харуулж, олон сая фэнүүдээ баярлуулах үүрэг түүнд байв. Харин Диас олны нүдэнд байнга өртөж, том тулаанд орох эрх, шагналын мөнгө их авахын тулд Конорыг ялах хүсэлтэй. Арваад жил мэргэжлийн рингэнд тулалдсан тэрбээр сайн тулаанч ч Конортой тулалдахаас өмнө хүмүүсийн анхаарлыг одоогийнх шигээ татаж байсан удаагүй. Тэгэхээр Конорт Диас хэрэгтэй гэхээсээ илүү Диаст Конор хэрэгтэй. Ийм л хоёр тулаанч Лас-Вегасын рингэнд тулгарсан. Дэлхийн аваргын бүс, цол хамгаалах тулаан биш ч чухам энэ тоглолт л “UFC 202”-ын гол үзвэр байсан. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр талууд цэвэр устай саваар байлдаж, эвлэрэшгүй дайснууд гэдгээ баталсан.


Ингээд холимог тулааны ертөнц тэр чигээрээ тэсэн ядан хүлээж байсан тулаан эхэллээ. Шүгэл дуугарахаас өмнө зодолдоод эхлэж магадгүй байсан тул хамгаалалт ч сүртэй. Эхний үед МакГрегор илүүрхсэн. Түүний зүүн гарын цохилт гурав дараалан орж, Диасын нүүр цусанд будагдав. Ордонд цугласан ирланд фэнүүд хөлбөмбөгийн дайчин уухай “Оле оле”-гоо дуулцгаана.

Хоёрдугаар үед ч Конор болгоомжтой тоглож, оновчтой цохисоор. Диас хоёр удаа унасан ч тэр нь хэвтээ байдалд тулалдах гэсэн заль байх магадлалтай. Хүнд цохилтод орсон мэт сэтгэгдэл төрүүлж, нэмэх гээд яаран ирэхэд нь бариад авах санаатай. Гэвч Конор цагаас өмнө дуусгах гэж шунасангүй, болгоомжтой хэвээр. Зайнаас ажиллах тактик нь амжилттай байгааг тэр мэдэж байлаа.

Гуравдугаар үед Диасын нүүр цусанд хутгалдаж, нүд рүү нь цус урсаад, байн байн нүдээ арчина. Харин Конор ядарч цуцсан нь илт мэдэгдэж эхэлсэн. Диас торонд шахаж, нүдээд байгаа мэт харагдсан ч үнэндээ цохилт нь оновчтой гэхэд хэцүү.

Харин завсарлагаагаар амарсан Конор дөрөвдүгээр үед илт сэргэсэн гарч ирлээ. Сүүлийн хоёр үе эн тэнцүүхэн болж өнгөрсөн. Ялж байгаагаа мэдэрсэн Конор тулалгүй, тойрон алхаж, Диас хөөн, дунд хуруугаа гозойлгон, нүдэлцэхийг шаардсан ч халаасанд байгаа ялалтаа зүгээр өгөх гэж байгаа биш Конор юу гэж хамаагүй дайрах билээ.

Тулаан дуусаад хоёр тамирчин тэврэлдэн, гар барьсан нь ёстой л хамаг хүчээ гарган, харгүй сайхан тулалдсаны шинж байв. Нэг нэгнээ харааж загнаж байсан ч бие биенээ хүндэлдэг нь илт.

Тоглолтын дүнг зарлахад гурван шүүгчийн хоёр нь Конорт ялалт өгсөн бол нэг нь тэнцсэн гэж үзжээ. 48-47, 47-47, 48-47. Супер нижгэр тулаан болоогүй ч эхнээсээ эцсээ хүртэл үзэгчдийг амьсгаа даран суулгасан, сайхан тоглолт боллоо. Тоглолтын дараа холимог тулаан сонирхогчид төдийгүй зарим мэргэжилтэн шинжээчдээс Диасыг ялах ёстой байсан, Конор зугатаасан гэсэн шүүмж гарсан. Гэхдээ жижицүгийн мастер Диас бүтэн 5 үеийн турш тоглолтыг хэвтээ байдалд шилжүүлж чадаагүй нь Конор тоглолтыг хянаж, удирдаж байсны баталгаа билээ. Өмнөх тоглолтод Конор харилцан цохилцож, нүдэлцэж байгаад хамаг хүчээ барсан алдаагаа энэ удаад давтаагүй. Диасыг гүйцээх боломж харагдсан ч тэр дайралгүй тэссэн, заавал хүнд цохилтоор цагаас өмнө ялах гэж бодоогүй. Зайгаа хадгалан, байрлалаа солих тактик баримталснаас биш Диасаас зугтсан зүйл огт байгаагүй. Энэ тулаанд ялснаараа Конор хэлж ярьснаа биелүүлж чаддаг, жинхэнэ эр хүн гэдгээ батлан харуулсан юм.


Холимог тулааны алдартай шүүгчдийн нэг Жон Маккарти “Бодитой шүүлт байлаа. Конор 1, 2, 4 дүгээр үеүдэд ялсан. Хоёрдугаар үед тэнцүүхэн байсан ч Конор унагаасан. Цаг барьж, зайгаа барихын тулд тамирчин өрсөлдөгчөөсөө холдож явахыг дүрмээр зөвшөөрдөг тул асуудал байхгүй” гэж бичсэн.  
Тоглолтын дараа Нейт Диас “Би өөрийгөө ялсан гэж бодож байсан. Гэхдээ ялсан ялаагүй шагналын мөнгөө авсан болохоор гомдоллоод байх зүйл алга. Конор сайн гүйж байлаа. Бараг бүх тоглолтын турш гүйсэн. Шүүгчид түүнээс оноо хасах ёстой байсан. Би сарын өмнө өвдгөө гэмтээгээд жижицүгийн бэлтгэл хийж чадаагүй. Хоёр долоо хоногийн дараа боксын бэлтгэл хийж байгаад гуяа бас гэмтээсэн. Ер нь бол бэлтгэл дутуу ирсэн. Конортой дахин тулалдахыг хүсч байна. Би түүнд даагаа нэхэх боломж өгсөн, одоо тэр надад боломж өгөх ёстой” гэж ярьжээ.
Харин гол баатар МакГрегор “Эзэн хаан эргэн ирлээ. Би эхний 3 үеийг ялсан. Ур чадвар илүү өндөр гэдгээ батлан харуулсан. Гэхдээ Диас сүүлийн хоёр үед тоглолтыг тэнцүүлж чадсан. Маш хэцүү тулаан байлаа. Тэр үнэхээр хэцүү өрсөлдөгч. Хамаг бүхнээ шавхахгүй бол түүнийг ялж чадахгүй. Би өмнөх тулаанаас сургамж авсны ачаар ялж чадлаа” гэж хэлсэн.
Үнэхээр байнга л хурдан түргэн нам цохихыг хүсдэг Конор огт өөр хүн болоод рингэнд гарсан. Хурц, ширүүн дайрч довтлохоос илүү тэр хүч чадлаа хэмнэн, тайван болгоомжтой тулалдсан. Хүнд цохилтоор хэд хэд унагаасан нь ч илүү оноо авах хангалттай шалтгаан. Гэхдээ энэ тоглолтод цохиж унагаах нь хялбар, харин жижицүгийн мастер Диастай хэвтээ байдалд орохгүй, хүчээ бүх үед зөв хуваарилах нь маш хэцүү байв. Диаст бариулж, боолгож, өчүүлэхгүй тоглолтыг дуусгах амаргүй. Хэцүү байсан ч Конор чадсан. Нейт торонд шахаад одоо л барьж аваад дуусгах нь дээ гэж бодоход Конор мултраад гарчихаж байлаа. Бэлтгэл цөмөрсөн үү, дутсан уу мэдэхгүй ч урт удаан, хүнд тулаанд дассан Диас 5 дугаар үе дуусаж байхад л ганц удаа унагаж, дээр нь гарч чадсан. Даанч цаг дууссан. Энэ тулаанд ялахын тулд Конор өөрийгөө бүрэн өөрчлөөд маш их зүйл хийсэн бол Диас харин ч муудаад гарч ирсэн. Эхний үеүүдийг дааж гараад сүүлийн үед өрсөлдөгчөө баглаж боогоод ялах төлөвлөгөө нь биелээгүй. Харин Конор амьдралынхаа хамгийн хүнд ялалтыг нэр төртэйгээр авсан. Жин ахиж тулалдаад жижицүгийн нэрт мастерийг ялсан Конор хөнгөн жиндээ буцаад очиход Альдог хөнгөхөн ялчих биз.  
Нейт Диас мэдээж хариугаа авахыг хамгийн их хүсч байгаа. Тэр даагаа нэхэх тоглолтыг зохион байгуулах хүртэл UFC-д тулалдахгүй гэж мэдэгдсэн.

Харин МакГрегор “Ялалтын харьцаа 1-1 байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ хэрэв хариу тоглолт хийх юм бол хөнгөн жинд л хийнэ. Би Диасын дунд жинд шилжиж, хоёр ч тулалдлаа. Өөрөөсөө том биетэй өрсөлдөгчтэй зодолдоход хүнд хэцүү байлаа. Хэрэв та нар 3 дахь тоглолтыг үзмээр байгаа бол тэр тоглолт миний жинд, миний тулгасан нөхцлөөр явагдах болно. Хөнгөн жинд хүрээд ир, тулалдая” гэж хэлсэн. Диас ч хөнгөн жинд тулалдахад бэлэн байгаа. Хайнаа хагалахад тулгарах хамгийн гол асуудал бол Конорын хөнгөн жингийн дэлхийн аваргын бүс. Энэ бүсээ хамгаалах тулааныг тэр бүтэн найман сарын турш хийгээгүй. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Конорыг хөнгөн жиндээ буцан ирж, дэлхийн аварга цолоо үтэр түргэн хамгаалахыг шаардаж буй. Өрсөлдөгч Альдо ч Конорыг хүлээсээр залхаж эхэлснээ зарласан. Гэхдээ дахиад их мөнгө олж, холбооныхоо нэр хүндийг өсгөх сайхан боломж гарч байхад UFC заавал дүрэм журмаа сахих шаардлагагүй. 2016 оны холимог тулааны ертөнцийн хамгийн сонирхол татсан “хосууд” Конор Диас нар л байсан. Таван үеийн цуст тулаан, усны савны байлдаан, дунд хуруу, хэвлэлийн бага хурал дахь хэрүүл. Энэ хоёрын хооронд олон юм болж байсан ч тулааны дараа тэврэлдээд үнэхээр л “хосууд”. “Хайрт хосууд” холбоондоо дахин маш их мөнгө оруулах гэж байхад хэн нэгэн Альдогийн гомдлыг тайлаад байх хэрэг холбоонд огт байхгүй. Хайнаа хагалах тулаанд Конор ялаад дараа нь Нейтийн ах Ник дүүгийнхээ өшөөг Конороос авахаар болбол бараг кино л гэсэн үг. Ашиг орлого ч баталгаатай. Дэлхийн эдийн засаг хямарч, тулааны урлагийн олон холбоо дампуурч, үүдээ барьж байхад “Алтан, мөнгөн бөмбүүлэй” болсон тамирчдынхаа тулааныг дахиад нэг зарж, борлуулахад яагаад болохгүй гэж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
37
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.