Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Иргэншлээ сольсон жүдочид

2012 оны Лондонгийн олимпийн наадмын дараа Молдав улс тамирчдаа санхүүжүүлэх бололцоогүй болсон юм.


Сүүлийн үед иргэншлээ сольж, харь улсын нэрийн өмнөөс барилдах болсон жүдочдын тоо нэмэгдлээ. Яагаад тэд ийм шийдвэр гаргав? Ямар учраас тэд эх орноо солих болов? Судлаад үзье.
1. Сергиу Тома, Виктор Скворцов, Михаил Марчитан, Иван Ремаренко, Вадим Бокан, Валерий Кишка.
Хаанаас: Молдав

Хаашаа: Арабын Нэгдсэн Эмират Улс
Шалтгаан: Санхүүжилт.


Молдав улсын түүхэнд гарч байгаагүй авьяаслаг жүдочдын нэгэн үе төрөн гарсан нь 2010-аад оны үе. Гэвч 2012 оны Лондонгийн олимпийн наадмын дараа Молдав улс тамирчдаа санхүүжүүлэх бололцоогүй болсон юм. Урьд өмнө багахан хэмжээний мөнгө олгодог байсан бол энэ удаад бүр огт мөнгө өгөхөө больсон тул жүдочид гадаад тэмцээн уралдаанд оролцох нь битгий хэл цугларалтад гарах ч боломжгүй болжээ. Үүнээс болоод Молдавын шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ цагаачлахаар шийдвэрлэсэн юм. Одоо тэд сайн цалинтай, хамгийн гол нь гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжтой болсон. Хангамж сайжирсаны үр дүн ч гарсан. Сергиу Тома Риод хүрэл медаль авч, АНЭУ-ын түүхэн дэх анхны олимпийн медальт жүдоч болсон бол Виктор Скворцов 2014 оны ДАШТ-д хүрэл медаль авсан.
2. Бекир Озлу (Беткил Шуквани).
Хаанаас: Гүрж
Хаашаа: Турк
Шалтгаан: Улс төрийн мөрдлөгө.


Бекир Озлугийн улс төрийн түүх Лондонгийн олимпийн үеэр ил болсон. Түүний хэлснээр Бекир Гүржэд хавчигдан гадуурхагдаж байсан тэрбумтан Бидзина Иванишвилиг дэмжиж байгаагаа ил тод зарласнаас бүх юм эхэлсэн гэнэ.  Лондонгийн олимпийн эхний өдрөөс эхлэн Гүржийн албаны хүмүүс түүнд дарамт үзүүлэн, бүдүүлэг үгээр хараан доромжилж байсан гэдэг. Ингээд л иргэншлээ солихоос өөр аргагүйд хүрсэн байна.
3. Эстер Стэм
Хаанаас: Голланд
Хаашаа: Гүрж
Шалтгаан: Өрсөлдөөн.


Голландад эмэгтэйчүүдийн 70 кг-ын жин өрсөлдөөн ихтэй. Нэгэн үед энэ жинд шигшээ багт багтахын төлөө Ким Поллинг, Линда Болдер, Эстер Стэм нар өрсөлдөж байлаа. Удалгүй Поллинг бусдаас илүү, жиндээ нэг ноймер нь гэдгээ батлан харуулсан. Харин Эстер шигшээ багт багтахгүй, гадаадын тэмцээнд оролцож чадахгүй байгаатайгаа эвлэрэхийг хүссэнгүй. Тэр олимпийн мөрөөдлөө тээн, Гүрж орныг зорьсон юм. Гүржид жүдо бөхөөр хичээллэх бүх бололцоо байдаг ч эмэгтэйчүүдийн жүдод өрсөлдөөн байхгүй. Стэм Гүрж улсад Европын аваргаас мөнгөн медаль авч өгсөн.
4. Линда Болдер
Хаанаас: Голланд
Хаашаа: Израиль
Шалтгаан: Өрсөлдөөн.


Эстерийн түүх энд давтагдана. Линда 70 кг-ын жингийн өрсөлдөөнд Ким Поллингод ялагдсан. Гэхдээ Эстер жиндээ гурав дахь нь байсан бол Болдер Кимийн дараа хоёр ноймер нь байв. Болдер 2013 оны Европын аваргын мөнгөн медальтай, том тэмцээнд 6 удаа түрүүлсэн сайн жүдоч байлаа. Риогийн олимпийн наадамд оролцохыг хүссэн тэрбээр Израилийн иргэн болсон. Гэхдээ тэр олимпийн медаль хүртэж чадаагүй, шагналт 7-р байрт орсон билээ.
5. Алиса Шлезингер
Хаанаас: Израиль
Хаашаа: Их Британи
Шалтгаан: Дасгалжуулагчтайгаа муудалцсан.


Израилийн шилдэг хоёр жүдоч болох Шлезингер Герби нар 63 кг-ын жинд өрсөлдөж байлаа. Энэ үед Израилийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гербигийн багш сонгогдсон юм. Тэрбээр Шлезингерийг шигшээ багт хэзээ ч авахгүй гэж мэдэгдсэнээр Алиса дасгалжуулагчтай, мөн Израилийн жүдо бөхийн холбоотой урт хугацааны дайн зарласан билээ. Учир нь холбооноос түүнийг гадаад оронд гарч барилдахыг зөвшөөрөхгүй байв. Эцэст нь Алиса ээж нь Их Британийн иргэн байсны ачаар Их Британийн нэрийн өмнөөс барилдах эрхтэй болсон. Энэ маргаанаас болж, жүдо барилдахгүй хэсэг завсарлах хоорондоо Алиса самбо, куреш бөхийн дэлхийн аварга болж амжсан.
6. Отар Бестаев, Владимир Золоев.
Хаанаас: ОХУ
Хаашаа: Кыргызстан
Шалтгаан: Өрсөлдөөн.


Ирээдүйтэй сайн жүдочид болох тэд ОХУ-ын шигшээ багт орох боломжоо хүлээж суухыг хүссэнгүй. Кыргызстан улс тэднийг баярлан хүлээж авсан юм. Оросын аварга болж байсан Отар Бестаев Азийн аваргын хүрэл медаль хүртэж, Риогийн олимпод оролцож амжсан ч Риод хоёрдугаар тойрогтоо ялагдсан. Харин идэрчүүдийн дэлхийн аваргын шагналт Владимир Золоев олимпод оролцоогүй ч Алматыгийн Гран Прид хүрэл медаль хүртэж, шинэ эх орныхоо итгэлийг зүтгэлээр хариулж эхлээд байгаа.
7. Фердинанд Карапетян
Хаанаас: ОХУ
Хаашаа: Армен
Шалтгаан: Өрсөлдөөн.


Карапетяныг дээрх 2 жүдочтой адилтгаж болно. Италийн мэргэжилтэн Гамбагийн үед ОХУ-ын шигшээд багтахгүй нь гэж үзсэн осетин залуус Кыргызстаныг сонгосон бол Фердинанд Карапетян өвөг дээдсийнхээ нутаг Арменид очсон. Жүдо уналтад ороод байгаа Арменид тэр мэдээж шигшээ багийн лидер. Гэхдээ одоохондоо тэр Арменид 2016 оны Самсун Гран Пригийн хүрэл медаль л авч өгөөд байгаа.
8. Элиас Насиф
Хаанаас: Бразили
Хаашаа: Ливан
Шалтгаан: Уугуул нутгийнхаа төлөө барилдах хүсэл.


Бразилид цагаачилсан ливан гэрбүлийн гэрт төрсөн Насиф Бразилийн шигшээ багт барилдаж байлаа. Гэвч удалгүй тэр жинхэнэ эх орондоо харихаар шийдсэн юм. Энэ шийдвэрээ тэр улс төр, спортын ямар нэгэн шалтгаанаар гаргаагүй, Ливан оронд хайртай болохоор л Ливаны төлөө барилдахаар болсон гэж тайлбарласан. Элиас Риогийн олимпод оролцсон ч хориотой мэх хийж, хоёрдугаар тойрогт хасагдсан юм.
9. Г.Отгонцэцэг
Хаанаас: Монгол
Хаашаа: Казахстан
Шалтгаан: Өрсөлдөөн.


Олимпийн наадамд оролцох гэсэн түүний хүсэлд 48 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг гэсэн том саад байлаа. Түүнийг дийлж, шигшээ багт орох найдвар Г.Отгонцэцэгт байсангүй. Ингээд тэр олимпийн эрхийн төлөө Казахстан улсыг зорьсон юм. Энэ нь тун зөв алхам байсныг “Рио 2016” батлан харуулсан. Г.Отгонцэцэг Риод хүрэл медаль авч, Казахстанд Риогийн олимпийн анхных нь медалийг авч өгсөн.
10. Ушанги Кокаури
Хаанаас: Гүрж
Хаашаа: Азербайжан
Шалтгаан: Өрсөлдөөн.


Кокаури Гүрждээ идэрчүүдийн хоёр удаагийн аварга болсон муугүй жүдоч байлаа. Гэхдээ Адам Окруашвили, Левани Матиашвили нарыг байхад насанд хүрэгчдийн шигшээ багт багтах нь бүтэхгүй зүйл гэж үзээд хөрш Азербайжан оронд хүч өргөхөөр шийджээ. Хүнд жингийн бөхгүй болоод байсан Азербайжанд тэр Риогийн олимпийн эрх авч өгсөн ч олимпийн наадамд медаль авч чадаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
17
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.