Хайх зүйлээ бичнэ үү

36 мин

Б.Тамир: Кино эхлэх, ерөөс амьдрал эхлэх анхны цэг юм шиг л...

Миний хийсэн түүхэн кинонуудын хамгийн эхний нэр дандаа л “Хүний амьдрал” байсан гэхэд болно.


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн маань шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт нийтлэгдсэн "Фантастик" продакшны найруулагч Б.Тамирын ярилцлагыг хүргэж байна.


Хамгийн захад, цонхны дэргэдэх ширээг сонгоод ямар хүн орж ирэхийг хүлээх зуур чимээ шуугиан багатайд нь олзуурхан орж суусан танхим төд удалгүй хүмүүсээр дүүрч бачуухан болж хувирав. Урьсан зочин маань ч ирэв. Эмийн сангийн ууттай зүйл барьчихсан “Охин ханиад хүрчихээд...” хэмээсээр тэр ширээнд нэгдлээ. Сүүлийн үед Монголын киноны дуулиан нь болоод байгаа “Фантастик” продакшныг үүсгэн байгуулагч, захирлын албатай бөгөөд “Маш нууц”, “Байтаг Богд” уран сайхны кинонд гол дүр бүтээж, найруулагчаар нь ажиллаж, “Зүрхний хилэн”, “37-р точка”-ын зохиолыг бичиж, мөн найруулсан Б.Тамир.

-Сүүлийн үед залуусын дунд үеүдийн тухай, онцлогийнх нь тухай ярьж, миллениал, зэт гэхчлэн ангилж, харилцаа, хандлагыг нь тогтож харах, тэгээд бодитой ойлголтыг бий болгох гэж хичээх байдал анзаарагдаж байна л даа. Нийгмийнхээ ямар үед өсөв, хүүхэд насанд үзсэн харсан, хүмүүжиж төлөвшсөн ахуй соёл нь хожим нас биед хүрч хэн нэгэн болоход нь хэрхэн нөлөөлснийг мэдэхэд кино бас маш нөлөөтэй урлаг. Таны яг одоо хийж байгаа “37-р точка” олон ангит киноны үзэгчдэд хүрээд байгаа эхний хэсэгт 1980-1990 оны амьдрал гардаг л даа. Та уг киноны зохиолчийн хувьд социализмын сүүлийн өдрүүдийн үйл явдал, тэнд гарах дүрүүдээр орчин цагийн үзэгчдэд юу өгүүлэхийг хүссэн бэ? 

-Чухам л үүнийг... гэх ганцхан өгүүлэмжтэй, тэр дундаа социализмын үеийн тухай ч кино биш юм аа. Гэр бүл, найз нөхдийн харилцаагаар хүн чанар, хүнлэг ёсны талаар маш олон өнцөг гаргаж хөндөхийг зорьсон. Яг одоо бидний амьдарч буй энэ цагт шинжлэх ухааны нэршлээр бол кристалл, миллениал, зэт, өөр юу ч билээ олон үед ангилагддаг хүмүүс нэг дор эн зэрэгцээд амьдарч байна. Орчин цагийн залуусын дунд өөртөө итгэх нь ч ядмаг, өрөөлд хандаж байгаа нь ч явцуу, нэг тийм “жижигхэн” хүмүүс түгээмэл болж буй нь анзаарагддаг. Өнөөгийн хүмүүсийг байгаль өөрийнхөөрөө бүтээдгээрээ л бүтээсэн ч сошиал медиа гэдэг зүйл л ялгаатай болгож байна шүү дээ. Юмс, үзэгдлийн мөн чанараас хол, хүнийг таньж мэдэхдээ ч сураг төдий ханддаг болсон байна. Гэтэл бид үзэж туулснаараа, нийгмийн талаарх ойлголт, мэдлэгээрээ өөр хоорондоо ялгарч болох ч эцсийн дүндээ хүн л бол хүн шүү дээ. 60, 70, 80 онд хүмүүс, хүмүүсийн харилцаа, хандлага өөр байж. Нэг эцэг эхийн хүүхдүүд биш хэрнээ төрсөн мэт элэг зүрхээ нэгтгэн ижилсүүлж чаддаг тийм амьдрал тэгэхэд байж. Хүн итгэхээрээ, сэтгэл зүрхээ зориулахаараа энэ эгэл жирийн амьдралаа яасан гүн утга учиртай, үнэ цэнтэй болгодог юм бэ. Гар утас, интернэт байгаагүй үед хүмүүс нүд нүдээ хараад, зүрх зүрхээ нээн амьд хүн гэдгээ нийгмийн сүлжээнд биш, бодит ертөнцөд мэдрэн амьдардаг байж. Нийгэм санаанд оромгүйгээр өөрчлөгдөж, цоо шинэ цаг үе ирнэ гэдэг бол хүн чанар, хүнлэг ёсыг хамгийн тод илчлэх үзэгдэл мөн учраас “37-р точка”-ын нэгдүгээр улиралд гарсан тэр он жилүүдийг, төрсөн ах дүүс биш хэдий ч нэг ээжийн хүмүүжлээр нэгэн бүл болон өсөж торнисон залуусын амьдралыг кино болгож бүтээсэн хэрэг л дээ.  

-“37-р точка” нийт хэдэн бүлэгтэй юм?

-Хоёр. Төгсгөлийн бүлэг яг одоо үзэгчдэд хүрч байна. Хүмүүс нэг, хоёрдугаар бүлгийг хүн чанар, хүнлэг ёсны дэнсэн дээр тавьж хараасай. Ингээд хэлэхээр социализм, ардчилал хоёрыг хооронд нь жиших гэж байна гэж бүү ойлгоосой билээ. Аль аль тогтолцоонд мэдээж алдаа оноо, сайн саар нь байсан. Би зүгээр л энэ хоёр нийгмийн өнгөөр шударга ёс, итгэл найдвар, монгол хүний жудаг, ёс суртахууныг өөрсдөдөө ойлгуулах гэсэн юм. Хүн өөрийнхөө хэн болохыг, улс үндэстэн уг гарвал, онцлог шинжээ хөдөлшгүй үнэн ойлгочих юм бол ямар эрхтэй, үүрэг хариуцлагатай вэ гэдгээ илүү бодитоор хүлээн зөвшөөрч чадна гэдэгт би итгэдэг. Гадаадын боловсрол, гадаадад л таарч тохирсон танин мэдэхүй, онолууд манай оронд тэгээд яв цав таарав уу? Социализмын муу муухайг халахын тулд илүү сайхнаар төсөөлж бий болгосон өнгөрсөн 30 жил яагаад бидэнд хямрал, бэрхшээлийг л илүү тулгаад байсан хэрэг вэ? Энэ асуултуудад ч хариу олох юмсан. Кинонд “Хувьсгалыг хүчээр биш, хүслээр хийдэг” гэж хэлэх тэр нэг үг бол тэр үеийн монгол хүмүүсийн чин эрмэлзлийн илэрхийлэл шүү дээ. Түүнээс биш ардчиллыг атаманууд л аваад ирсэн юм шигээр өнгөцхөн улстөржүүлэх, бодит түүхийг гуйвуулах гэж би энэ киног хийгээгүй. 

Аан, Монголд айлын том хүү дүүгийнхээ өмнө ийм сэтгэл гаргаж чаддаг юм байна, аргагүй. Ээж нь шоронд орсныг нь мэдсэнгүй дээ гэж бодоод байж байтал мэдсэн л байдаг шүү дээ. Аан, монгол ээжийн сэтгэл хүүхдүүдээ зовоохгүй гэсэндээ эцсийн амьсгал татахдаа хүртэл агуу том байдаг юм байна.

-Монголын телевизийн дэлгэцнээ Солонгос, Орос, Хятад, Туркийн олон ангит кинонууд давамгайлсан энэ цаг үеийг хэрхэн тодорхойлох вэ?

-Би буудлагаар хичээллэсэн юм. Тэгсэн багш маань надад баяр хүргээд “Их хурдан сурлаа шүү. Генийн хувьд танай дээд үед цэргийн ч юм уу, анчин гөрөөчин ч юм уу, ямар ч байсан зэвсэг эзэмшсэн мэргэн бууддаг, сайн харвадаг өвөг байсан бололтой. Энэ чадварыг чи одоо байнга ашиглахгүй ч гэсэн далд ухамсарт чинь суучихаж байгаа юм. Танайхны өгөгдөл үр удамдаа чамаар дамжин өвлөгдөх нь гарцаагүй” гэсэн. Яаж ч хичээллээд дүй суухгүй, олигтой сурахгүй хүн ч байдаг гэнэ л дээ. Би яагаад үүнийг ярив гэхээр хүнд генийн өгөдөл байдаг шиг улс үндэстэнд өөрийн гэсэн дархлаа байх ёстой. Үндэсний дархлаа алдагдахад үдэш бүр, суваг болгон дээр гарч байдаг гадаадын олон ангит кинонуудын нөлөө асар их. Бид сэтгэдэг бол сэтгэдэг, чадъя л гэвэл чадах уран бүтээлчидтэй улс орон. Бас тэр гадаадын олон ангит кинонууд дээр гардаг шиг жаргалтай бол жаргалтай, зовлонтой юм гэвэл бас л зовлонтой, өөрийн гэсэн амьдралтай ард түмэн шүү дээ. Тиймээс бид өөрсдөө хийх ёстой. “Фантастик” тэгж л энэ олон ангит кинон дээр ажилласан. “37-р точка” дээр Ялалт яагаад хийгээгүй хэргийнхээ төлөө Лутаагийн өмнөөс шоронд орчихов. Аан, Монголд айлын том хүү дүүгийнхээ өмнө ийм сэтгэл гаргаж чаддаг юм байна, аргагүй. Ээж нь шоронд орсныг нь мэдсэнгүй дээ гэж бодоод байж байтал мэдсэн л байдаг шүү дээ. Аан, монгол ээжийн сэтгэл хүүхдүүдээ зовоохгүй гэсэндээ эцсийн амьсгал татахдаа хүртэл агуу том байдаг юм байна. Монголчууд өөрсдийнхөө талаар ийм зүйлийг боддог, тэгээд өөрийнхөө хэр монгол хүн болохоо танихад монголчуудын бүтээсэн олон ангит кино нөлөө бүхий болох учиртай л гэж санасан.

-Та энэ киноны зохиолч, найруулагчийн хувьд хүмүүсийн мэдээгүй өнгөрсөн байж болох ч өөрийн тань хувьд чухал хэрнээ үл анзаарагдам зүйл юу байсныг хэлэхгүй юү?

-Лутаа яагаад Солонготой гэрлэчихэв? Анхаарч үзсэн хүнд бол энэ нь огт гэнэтийн зүйл биш. Лутаагийн Солонгоог харах харц анхнаасаа л өөр өгүүлэмжтэй байдаг. Би өөрөө үзэгчийн хувьд киноноос ийм зүйлсийг олохоороо бөөн таашаал эдэлчихдэг. Хүмүүсийг бас тэгээсэй л гэж бодсон. Хэрхсэнийг бүү мэд.  

-Эх орны сэдэв монголчуудыг яг л ээжийн тухай дуу шиг уйлуулж орхидог. Тийм элгэн халуун, гүн язгуурт омогшлыг Таны сүүлийн үеийн бүтээлүүдийн гол барьц нь юм байна гэж ойлгож болох уу?

-Жишээ нь, Спильберг дандаа хэн ч бишээс баатар болсон хүнийг гол дүрээ болгодог. Кино зохиолчид, найруулагчид хувь хүнийхээ хувьд хэн болох, сэтгэлзүйн хувьд ямар зөрчил, эмзэглэлийг агуулж явдаг хүн юм гэдгээс түүний бүтээлүүд төрдөг юм шүү дээ. Эх орон, төлөө нь амиа өгөх хайр, эр зориг, итгэл үнэмшил, шударга ёс бол надад хамгийн ойр, яах аргагүй намайг хөглөж чаддаг сэдэв. Захиалгаар кино хийлгүүлье гэсэн хүмүүс над дээр ирдэг. Хэчнээн их мөнгөөр, мундаг сайн зохиолтой байгаад миний зүрхийг хөндөхгүй, сэтгэлийг хөдөлгөхгүй бол тэгээд л уучлаарай, би татгалздаг. Би өөрийгөө хуурч чадахгүй шүү дээ. Зөвхөн мөнгөнд сэтгэл хөдөлж кино хийх гэвэл надаас яагаад ч сайн юм гарахгүй, ёстой л нэрийн ор төдий зүйл болох байх даа. 

-Монголоос дэлхийд гарч өрсөлдөх кино ямар сэдэвтэй байх бол?

-Өрсөлдөж яах гэж? Хэнд юу батлах гэж? Одоогоор монголчууд дангаараа лав чадахгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Чадахын төлөө урдах ажлаа сайн хийх хэрэгтэй шүү дээ. Гадаадын зах зээлийн тухай ярихад манайд мэргэжлийн боловсон хүчин гэж юм нь алга. Продюссер байхгүй шүү дээ. Энэ чинь мөнгө олдог хүн биш ээ, продюссер бол киног яавал сайн болохыг шийддэг хамгийн чухал зангилаа нь байхгүй юү. Хэнээр мөнгө гаргуулаад, хэнээр зохиол бичүүлээд, хэнээр найруулуулах, хэнийг тоглуулахыг урьдчилж бодоод, тэгээд зах зээлд амжилт олох баталгаа нь болдог хүн нь шүү дээ. 

Зохиолоо бичиж байхдаа би өөрөө бүх дүрүүдэд хувиран орж төсөөлөн боддог. Би Тулгат болох үедээ түүний зан чанарыг илэрхийлэх хөгжим сонсож араншинд нь тохируулан бичнэ. Тэгж байж үг яриаг нь гаргана. Галт, Дэлгэр боллоо гэхэд бүгд надаас тэс өөр араншин нэхнэ. Гэтэл дүрүүд зохиолд өдөр өдрөөр салангид явна гэж байхгүй, зэрэгцэх сценд бүгдийг нь ялгаж салгаж харах шаардлагатай. Хоорондоо зөрчилдөх хэсэгт би бүгдийнх нь дотоод мөн чанарын огтлолцол дээр тэсэрчих шахаад бичиж байдаг гээч. Үүнээсээ болоод бүр өвдөж байсан удаатай.

-Тэгвэл Та ядаж ашиг их олсон киноноосоо санаа аваад дараагийнхаа ажлыг ямар сэдэвтэй байхыг төлөвлөдөггүй юм уу?

-Үгүй ээ, тэгж кино хийвэл надаас юм гарахаа больчихно оо. 2014 онд “Аз жаргалын шок” киногоо хийлээ. Зарим нь намайг киноны зохиол бичээд бас өөрөө түүнийгээ найруулчихсанд итгээгүй, бүр Бат-Өлзий, Сарантуяа хоёр л хийж өгөө биз гэх маягаар уурлах нь ч байсан. Тэр киног санаанд оромгүй олон хүн үзсэн дээ. Ингээд дараагийн киногоо инээдмийн төрлөөр хийх үү гэсэн асуулт хүмүүсээс их ч ирсэн. Би ч “Тэгнэ ээ” л гээд байсан хэрнээ “Миний ах атаман”-аа хийчихэж билээ. Тулаантай кино шүү дээ. Тэгсэн дараагийн кино маань тулаантай байх ёстой мэт хүлээлт үүсэв. Тэгэхэд гэр бүлээрээ инээж байгаад үзэх хайр дурлалын сэдэвтэй кино хийчихсэн. Гэх мэт. Би эхлэгч учраас янз бүрийн жанраар өөрийгөө сорьж, туршиж, сурах шаардлага нь ашиг орлогоос илүү чухал. 

-Түүхэн, эсвэл баримтат уран сайхны кинонд аль болох тэр түүх нь, баримт нь гуйвшгүй өгүүлэгдэж байж гэмээнэ уран сайхны сонирхол, үнэ цэн нь оршдог болов уу. Харин уран сайханжуулах, драмлаг болгох бодлогын хариуг зохиолч, найруулагч яаж олсноор хийсэн кино нь үнэхээр урлаг болж уу гэдэг харагддаг байх. Та энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Ямар ч түүх хүний амьдрал л байдаг. Би зохиолоо биччихээд киноныхоо нэрийг бодож олох гэхээр хамгийн түрүүнд “Хүний л амьдрал” гээд өгчихмөөр болдог гээч. Миний хийсэн бүх түүхэн киноны хамгийн эхний нэр дандаа л “Хүний амьдрал” байсан гэхэд болно. Жаргал, зовлонг туулж, аз од нь гийж, эсвэл зөрчил тэмцэлд унаж боссон хүний мөн чанар, хүмүүсийн амьдралаас л тухайн нийгмийн цаг үе тодорхойлогдож, улс орны түүх бүтдэг. Зохиолоо бичиж байхдаа би өөрөө бүх дүрүүдэд хувиран орж төсөөлөн боддог. Би Тулгат болох үедээ түүний зан чанарыг илэрхийлэх хөгжим сонсож араншинд нь тохируулан бичнэ. Тэгж байж үг яриаг нь гаргана. Галт, Дэлгэр боллоо гэхэд бүгд надаас тэс өөр араншин нэхнэ. Гэтэл дүрүүд зохиолд өдөр өдрөөр салангид явна гэж байхгүй, зэрэгцэх сценд бүгдийг нь ялгаж салгаж харах шаардлагатай. Хоорондоо зөрчилдөх хэсэгт би бүгдийнх нь дотоод мөн чанарын огтлолцол дээр тэсэрчих шахаад бичиж байдаг гээч. Үүнээсээ болоод бүр өвдөж байсан удаатай. Кино багтаа зохиолоо уншуулахад хүмүүсээс харагдах анхны сэтгэл хөдлөл миний тэр шаталтыг хувааж тайвшруулдаг. “37-р точка” гэхэд л зохиол уншихдаа догдолсон, эсвэл бүр үзэн ядсан хэсгийн зураг авалт болоход хэн ч дуудаагүй байхад киноныхан маань бүгд ажилтай юм шиг хүрээд ирдэг. Зурагтай жүжигчдээс бусдыг нь хөөгөөд байхад л цугласан хэвээрээ. Ийм үед би ямар их кайфтай ажиллахыг төсөөлж байна уу? 

-Та амьдралдаа хэзээ ч мэдэрч, эсвэл учирч байгаагүй тийм сайхныг төсөөлөн зохиолдоо яг тэр хэсгийг бичиж байсан тохиолдол байдаг уу?

-Сайхан бодол төсөөлөл гэхээсээ эмзэглэлүүд л толгойд байнга эргэлдэж байдаг юм шиг. Яг хэдэн онд гэдгийг сайн санахгүй ч одоо нэхээд бодоод байхаар 2008 он юм болов уу даа. “Америкт нэг удаа” киноны Эннио Морриконы хөгжим сонсоод сууж байтал надад нэг сцен яг бодит юм шиг нүдэнд төсөөлөгдсөн. Шоронгоос гараад хайртай бүсгүйнхээ хашааны үүдэнд ирээд догдлон зогсох залуу орохоосоо өмнө хаалганы завсраар харж байна. Хайрт нь хэц дүүрэн угаасан юмаа дэлгэн тавьж байх нь зүрх булгилуулна. Гэтэл дэлгээтэй цагаан даавуу яран нэг эрэгтэй гарч ирээд бүсгүйг тэврэн нэлээд томорсон гэдсийг нь илэх аж. Малгайгаа аваад хашааг нь налан суух эр. Агшин зуурын үзэгдэл шүү дээ. Түүнээс хойш хөгжим сонсоод нүдээ аних бүрийд яг тэр харагдаад л, харагдаад л байх болов. Тэр бол Ялалт, Лутаа, бие давхар Солонго гурвын сцен. Магадгүй “37-р точка”-ын эхлэл нь тэр ч юм шиг. Энэ хэсгийн зургийг авч дуусмагцаа шууд монтажилж харах гэж би ямар их яарав аа. Төгсгөлд нь Лутаа “Гадаа хүйтэн байна. Ахдаа нэг хийчихээч” гэхэд нь архи хундагалах агшинд “Харанга”-ын “Амьдрал” дуу явах юм шүү гээд л. Ээ, гадаа хүйтэн биш шүү дээ. Шалтаг. Бачуураад байгаа дотроо л засах гэж тэр шүү дээ. Тэгээд хэлэхэд нь Лутаа, Солонгоо хоёр өөдөөс нь харж байгаа план. Ялалт гарч ирээд малгайгаа авна. Энэ үйлдлийг удаанаар үзүүлэх юм шүү. Тэгээд тэр хайртай хүнээ алдсан гэдэгтэйгээ эвлэрэх гэж тамхиа гүнзгий сорно. Би энэ сценийг 10 жил дотроо тээчихсэн болохоор кинонд яг яаж амилахыг нь харах гэж ямар их яарсан гээч. “Амьдрал” дууг өөр кинонд өгчихсөн байсан учраас “Энэ бол дурлал биш”-ийг ашигласан. Дууг нь дүрстэйгээ тааруулах гэж би монтажин дээр нь 4 хоносон. Хаанаас нь эхлэх вэ гэдгийг л шийдэх гэж тэр шүү дээ. 

-Анх нүдэнд зурагдсанаас хойш арван жил тээсэн хайр дурлалын эмзэг сцен кино болж. Өнгөрсөн арван жилд Та өөрөө амьдралдаа хувь хүнийхээ хувьд юу үзэж, юуг давж, хэр өөрчлөгдөв. Ганц бие аав, тэгээд кино зохиолч, найруулагч хүний амьдралын хэв маяг ямаршуу байдаг бол? 

-Хүссэнээр болдоггүй, зөрчил бас тулгарч байдаг чинь өөрөө амьдрал юм биш үү. Давж туулж л явна. Би 10 настай охинтой. Кино, кино гээд охиндоо ховор үзэгддэг ч зав чөлөө гарвал түүн рүүгээ яардаг, бүх өдрийг хамт өнгөрүүлэх гэж мэрийдэг тийм л аав. Миний охин маш хэрсүү ухаантай. Аавыгаа, киног, бас миний хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ойлгодог. Надтай яг л том хүн шиг ярилцаж ойлголцоно. Бид хоёрын ам бүлд нэг бүсгүй нэмэгдэж байгаа. Тэр минь олны танил хүн биш учраас хэн болохыг нь асууж, ухаж төнхөх хэрэггүй. Биднийг ирээдүй л мэднэ. Хувийн амьдралаа үүнээс илүү дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Хэл амны хэрэг бидэнд ёстой алга. Харин тэр арван жил бодогдсон гээд байгаа сцений тухай яриандаа эргэн оръё л доо. Яг үнэндээ “37-р точка”-аас өмнө өөр зурганд нэг удаа хийх гэж оролдоод болоогүй юм. Баяраа маань тэгэхэд дутуу алсан могой шиг болгочихсон. Би нэг тийм гонсгор үлдчихээд байлаа. Харин энэ удаа би түүнийг яг чадна гэж мэдэж байсан учраас дахиад оролдсон. Зөвхөн энэ хэсгийн зураг хэдэн цаг үргэлжилсэн. Эхлээд л дахиад л байсан. Барсаагийн тоглолт нэг л болж өгөхгүй, миний сэтгэл ханахгүй дахиулсаар шөнийн 4 цаг болж байтал яг тоглолт нь ороод ирсэн. Бүр маш гайхамшигтай болсон. Сэтгэл ханамж дээд цэгтээ тулсан.

-Сүүлийн 30 жилд гэр бүл салалт, хойд эцэг эхийн асуудал нийгмийн эмзэг бас түгээмэл сэдэв болжээ. Ганц бие аав, ээжийн амьдралд нэг эмэгтэй, эрэгтэй орж ирнэ гэдэг бол амьдралын маш чухал, бас сэтгэл зүйн нарийн ээдрээг хөвөх үйл явдал шүү дээ. Хүүхдэд бас шинэ орон зай, цоо шинэ харилцаа, магадгүй урьд өмнө үзээгүй зөрчил нэмэгдэж ч болох. Олон монгол залуусын гэр бүлд, олон хүүхдэд тохиолдож байгаа зовлон, жаргал шүү дээ. Таны амьдарч, бас ид бүтээн тууриж байгаа орчин цагийн энэ нэг үзэгдэл гэх үү, өгөгдлийн талаар ямар бодолтой явдаг бол? 

-Харин амьдралд яагаад ийм зүйл байдаг юм бол..? Би эхнэрээсээ салж байх үедээ “Аз жаргалын шок” инээдмийн киногоо хийсэн юм. 2013 онд түүнд зориулж бичсэн зохиол. Тэр үед бид хоёр болж бүтнэ гэж горьдож явж. Бидний үеийн залуус бие биедээ чин сэтгэлээсээ дурласан мөртлөө гэр бүл болж чадсангүй нь байна шүү дээ. Би өөрийнхөө үе тэнгийнхний тухай л ярья. Бид 80-аад онд төрсөн хүүхдүүд. Дөнгөж 5-6 настай болж байтал 90 он гарч, айлын амьдралд аав, ээж нь эзгүй байдаг нэг тийм үе ирсэн. Ганзагын наймаанд, дараахан нь Солонгос, Америк руу мөнгө олохоор гэрээсээ хэн нэг нь явдаг болсоор хэдэн арван жил өнгөрчихөж. Энэ нүүдэл суудлын хөлд олон гэр бүл салж сарнисны дунд эцэггүй, эсвэл эхгүй өссөн анхны хүүхдүүд золиослогдсон нь манай үеийнхэн. Эцэг эх нь салсан хүүхдүүдэд гэр бүл салах их амархан, байж болдог зүйл, бараг л эрх чөлөө мэт санагддаг. Хайрлаж, хямгадаж мэддэггүй өсдөг. Дээр үеэс монголчууд “Эцэггүй өссөн хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том” гэж хэлдэг байж. Энэ ямар зэвүүн хэрсүү бас гашуун үнэн үг болохыг манай үеийн эцэггүй, эхгүй өссөн, том болоод эцэг эх байх тухай, гэр бүл болж амьдарна гэж юу болох талаар ямар ч ойлголтгүйгээр ээж, аав болцгоогоод алдаж оносон залуус амсаж байна. Эр, эм хоёр гэр бүл болж бие биенээ хайрлах, хүндлэх гэдэг чинь гал халуун дурлалаас эхтэй ч үргэлжлүүлээд, нандин авч явахад хүмүүсээс гэр бүлийн чанд хүмүүжил, зөв төлөвшил шаарддаг юм байна шүү дээ. Одоо нийгэм нийтээрээ шүүн тунгааж ярьж байгаа энэ гэр бүл салалт, хойд эцэг эх, дагавар хүүхдүүдийн асуудал, хүчирхийллийн мэдээнүүдэд би эмзэглэж шархирдаг ч гэлээ хар барааны хажуугаар жаахан ч гэсэн эерэг зүйл харахыг хичээдэг. Залуус наад зах нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх талаар нухацтай бодох байх, бэлгэвч хэрэглээ болох нь гэж. Муу нь байхад сайн нь байгаа даа, хүний хүүхдийг сайхан өсгөөд аав нь, ээж нь болоод явж байгаа хүн чанарууд заавал бий дээ гэж хардаг. Тэгэхээр яавал зөв байхыг нь илүүтэй сурталчилж мэдээлээсэй. Монголд харь хахь барууны нийгмийн онол суртал давамгайлсан 30 жил өнгөрч байна. Хувь хүний эрх, эрх чөлөөг яг л монгол хүний амьдралд нийцтэй, гэр бүлийн уламжлалт соёлд ойр байдлаар өөрийн болгож дархлаажуулмаар байна шүү дээ. Бид чинь ямар гэр бүлсэг, эцэг эхээ хайрлан дээдэлдэг, ах дүүсэг улс билээ. Үүнээсээ холдоод хүн бүр дор бүрнээ хар амиа хоохойлоод хэн ч сайнаа үзэхгүй ээ. Монголд тэр барууны үзэл суртал, хэв маяг таарахгүй. Харин манай эцэг эхчүүд хүүхдээ нас биед хүрээд хэн нэгэнтэй хөтлөлцөөд гүйв үү, үгүй юү ач, зээ нэхдэг бол харин яах аргагүй бэлгийн дарамт. Эцэг эхийн хүсэл ингэж бэлгийн дарамт болж яаруу түргэн шийдвэр гаргахад хүргэдэг нь Монголд маш түгээмэл. 22-той эцэг эх болох, 33-тай эцэг эх болох өөр шүү дээ. Гэр бүл салах хамгийн том шалтгаан нь залуу хүмүүс эцэг эхтэйгээ цуг амьдарч байгаагаас болж байна уу гэж би анзаардаг. Хоёр өөр гэр бүлийн орчноос нийлж нэгдэх үйл явцыг хэн нэгнийхээ эцэг эхийн үзэл сурталтай хутгах маш аюултай. Тусдаа гараад нэг нь галаа түлээд, усаа зөөгөөд, нөгөө нь хоол ундаа зэхээд байж байхдаа л залуу хүмүүс өөрсдийнхөө жаргал, зовлонг хуваалцаж, сая бие биедээ хань болж чаддаг болохоос эцэг эхийнхээ гэрт гэдсээ илээд хэвтвэл тэгээд л тувт “Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ” гэдэг явган хэрүүл олшроод эхэлнэ. Энэ бол шал худлаа айл. Бүр сэтгэлгүй ч гэлээ хань ханиндаа амьдралын төлөө зүтгэж байхдаа он жил өнгөрөх тусам жинхэнэ түшиг тулгуур, хань ижил болцгоосон улс ч байдаг юм билээ. Амьдрал гоё оо.    

Хүний нүдэнд юү юүгүй тараад явчих юм шиг харагдахаар чинь бид бас эр улс байна даа, хэлсэн ярьсан үг гэж байна даа. Хүний аманд орохгүй, тарж бутарч булайгаа дэлгэхгүй, бие биедээ дээд зэргийн үнэнч шударга хандъя л гэсэн.

-Бат-Өлзийн Тамир гэхээр найзуудтайгаа хамтлаг байгуулаад дуулж бүжиглэсэн хөөрхөн хүү санаанд ордог юм. Тэр эхлэл ч бас тэсрэлт болж чадсан шүү. Түүнээс хойших өөрийн тань уран бүтээлийн замыг харахад дандаа л найзууд, нөхөрлөл гэсэн романтик шугам харагддаг. Продакшн гэдэг чинь их хатуу зүйл юм байна гэдгийг олон сайхан продакшны “сүйрлээр” үзэгчид бас гадарлахтайгаа болж. Та найзууд хамтрагч болж болно, нөхөрлөл ажил хэрэг болж болно гэж яаж бодсон, бас яаж үүнийг үнэхээр ажил хэрэг болгож чадсан юм бэ? 

-Хүн болгон л “Найзууд хэзээ хамт ажилладаг байсан юм, бүтэхгүй. Та нар удахгүй тарна аа” гэдэг байсан. Хол, ойрын хүн бүрийн амнаас сонссон. Гэхдээ бид тараагүй. Сонин байгаа биз. Тэр хүмүүс тэгж хэлээгүй бол бид тарчихсан ч байж магадгүй. Хүний нүдэнд юү юүгүй тараад явчих юм шиг харагдахаар чинь бид бас эр улс байна даа, хэлсэн ярьсан үг гэж байна даа. Хүний аманд орохгүй, тарж бутарч булайгаа дэлгэхгүй, бие биедээ дээд зэргийн үнэнч шударга хандъя л гэсэн. Нэг мөчид ч үүнээсээ урваж үзсэнгүй. Анх яаж эхэлсэн, яг л тэр янзаараа ажиллаж, амьдарч байна. Кино дууслаа, амьдрал дээрх найзууд л өөд өөдөөсөө хараад зогсож байдаг. Киноны үеэр яалт ч үгүй найруулагч ба жүжигчид болно. Хэрэв би найруулахгүй, өөр хүн найруулах бол би жүжигчнээ л хийнэ. Бид бүгдээрээ найруулагч гэж хэн юм, жүжигчин нь хэн, оператор гэж хэн болох тухайд эрэмбэ, зарчим хатуу суулгадаг СУИС-ийн бүтээгдэхүүн юм. Энэ зарчимгүй бол бүтэхгүй ээ. Манай сургуулийн диктатураас болж би хүртэл хөөгдөж үзсэн толгой. Тиймээс бид СУИС-д оюутан болж танилцсанаасаа хойш 15 жил үнэнч шударга нөхөрлөж чаджээ. Төгсөөд тал тал тийш мөр мөрөө хөөгөөд тус тусдаа амжилтад хүрч болох л байсан байх. Гэхдээ бид “Фантастик”-ийг байгуулаад тэгээс эхэлсэн 10 жил байгаа учраас сүүлийн дөрвөн жилд л энэ нэрийн дор хамтдаа амжилт гаргаж байна. Түүнээс өмнөх 6 жилийн хугацаанд өр шир, зовлон жаргал, ар гэрийн элдэв асуудал бэрхшээлээ хуваалцаад бие биенээ бүр илүү таньчихсан амьтад чинь одоо би, чи, дарга цэрэг гээд л жижигхэн юмнаас хувирч шарвана гэж юу байх вэ дээ. Бидний харилцаанд далд зөрчил, болзошгүй эрсдэл гэхээр зүйл байдаггүй юм. Бүгд илэн далангүй, гол нь шударга. 

Анх Драмын театрт ажиллаж байхад хажуугаар нь “Фантастик” гээд л хоёр ажлынхаа аль алиныг хийдүүлчихгүй гэж хичээгээд долоон жил цаг нар яаж өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй явдаг байлаа. Одоо л гэхэд “37-р точка”-ын завсарлагаар нэг киноны монтажин дээр ажиллаад явж байх жишээний. Охин дээрээ очиж чадахгүй хоёр хоног ажиллачихаж. Очно гэж хэлээд эмийг нь авчихсан хэрнээ одоо өөрт чинь амалсан ёсоор ярилцлага өгөөд сууж байна. Цаг хугацаа ийм үнэтэй байхад хоёрын хооронд дүр эсгэсэн, ор нэр төдий яриа бүү болоосой гэж бодож байна. Үжин минь бага, аавыгаа санаад миний арга барагдах үед “Аав нь юу хийгээд явааг миний охин ойлгох болоогүй ээ. Намайг бурхан болохоор бусад хүн чамд аавын чинь талаар ярихаар чи сайн ойлгоно” гэдэг байж билээ. Одоо ч охин минь том болж дээ. 

-Итгэлээ, тэгэхэд чи... гэж гомдохгүйгээр ажлаа амар тайван явуулж сурах хүртлээ хэр их шархалсан бэ? 

-Ажилтнаа хайрлах, итгэх гэсэн ойлголт надад лав байдаг. Кабель зөөдөг туслах ажилтантайгаа хамт хоол идээд инээж хөхрөөд адилхан залуу хүмүүс шиг сууж байхад надад жаргалтай байдаг. Тэр хүний юунд дуртай, сонирхолтой, өсөж дэвжихийн тулд яах бодолтой юм гэдгийг нь ярилцаад л. Чадал хүрвэл тусалчих гээд л, бүр өмнөөс нь мэрийгээд л. Тулгатын дүрд тоглосон залуу манайд туслах найруулагч л байсан хүү шүү дээ. Одоо бол жүжигчнийхээ хувьд танигдчихсанд нь түүний өмнөөс баяртай байгаа. Би хүнд харамгүй шигээ хэрэв надад өөдгүй хандвал эхлээд уучилна, дахиад хандлага эвгүй бол залруулж болох хугацаанд хүлээзнэж байгаад үнэхээр дэмий бол тэгээд л хаячихдаг. Хүнд муу санаад л яваад байж чаддаггүй болохоор нялуунаас шулуун нь гэж.

-Би ч тоглосон кинонуудаас нь хараад тэгж бодож байж магадгүй шүү, гэхдээ танай продакшны залуусыг харахад ер нь их ширүүн дориун, яахаас ч сийхгүй авир төрхтэй хүмүүс голдуу цугласан юм шиг л санагддаг?

-Тийм байна, танд манай кинонууд нөлөөлсөн байх. Манай залуус харин ч их зөөлөн зантай, уяхан сэтгэлтэй. Зохиолоо уншиж байхдаа л тэнд гарах үйл явдал, хүмүүст сэтгэл нь шаналчихдаг, уйлчихдаг улс шүү дээ. 

Би бол азтай л аавын хүү. Сайхан эцэг эх, сайн жүжигчдийн хүү болж төрсөн. Надад байгаа өгөгдөл бүхэн тэр хоёроос ирсэн. Эцэг эхээрээ овоглуулахгүй хүн гэж хаа байх вэ. Гэхдээ энэ хоёрын хүүхэд гэдгээр маань Бат-Өлзийн Тамир гэдэг хувь уран бүтээлчийн ажил бүрийг эцэг эх нь хийгээд өгчихдөг мэтээр даапаалж баалдаг хүмүүст би шууд л өөрийнхөө юу хийж чаддагийг шээсийг нь гоожтол үзүүлмээр болдог.

-Аав ээж нь жүжигчин, урлагийн гэр бүлээс гаралтай залуу найруулагчид Монголын кино урлагт идэвхтэй ажиллаж байна. Тэд зарим нь өөрсдөө жүжиглэдэг, зохиолоо бичдэг гээд бүтээлч байдлаараа анхаарал татах юм. Та бол тэдний нэг. Ер нь урлагийн гэр бүлд төрөх, жүжигчин аав ээжээ харж өсөх гэдэг онцгой өгөгдөл мөн үү. Энэ нь тодорхой цаг хугацаанд дуусдаг үйл явц уу, эцэг эх амьд ахуй цагт нь үргэлжилсээр байдаг уу?

-Би бол азтай л аавын хүү. Сайхан эцэг эх, сайн жүжигчдийн хүү болж төрсөн. Надад байгаа өгөгдөл бүхэн тэр хоёроос ирсэн. Эцэг эхээрээ овоглуулахгүй хүн гэж хаа байх вэ. Гэхдээ энэ хоёрын хүүхэд гэдгээр маань Бат-Өлзийн Тамир гэдэг хувь уран бүтээлчийн ажил бүрийг эцэг эх нь хийгээд өгчихдөг мэтээр даапаалж баалдаг хүмүүст би шууд л өөрийнхөө юу хийж чаддагийг шээсийг нь гоожтол үзүүлмээр болдог. Аав, ээж хоёр одоо миний киноны зургийн талбай дээр үргэлж харуулдаад байж байх уу. Үгүй шүү дээ. Харин би киноны талаар толгойд бичигдсэн эхний санаануудаа хэнд ч задлаагүй байхдаа туршлагатай уран бүтээлчдийнх нь хувьд аав, ээж хоёрт хамгийн түрүүнд дуулгадаг. Яагаад гэвэл тэр хоёр их гоё санаанууд хэлж чаддаг. Тэд бас миний кинонд тоглоно. Тэр үедээ бол миний хувьд зүгээр л жүжигчид. Яг миний хэлснээр ажиллана. Зургийн талбайд ажил эхэлсэн хойно, жүжигчнээр ажиллаж байхдаа аав, ээж хоёр хэрэв “Миний бодлоор...” гэдэг юм ярьвал би огт хүлээж авахгүй. Тэд ч тийм бүдүүлэг зан гаргахгүй л дээ. Би заримдаа ажил ид өрнөж байхад царцах тохиолдол бий. Тийм үед би өөрөө хүсвэл жүжигчдэдээ, заримдаа аав, ээж хоёрт ханддаг. 

-Таны ээж Сарантуяа бол тайз, дэлгэц хоёроос жүжигчин эмэгтэйн хувьд хүссэн дүр бүхнээ авч, ур чадвараа тултал харуулж чадсан. “Саруул талын ерөөл”, “Амьдралын нахиа” киноны гол дүрүүдээс үндэсний сонгодог Оролмаа эхэд хүрсэн. Бат-Өлзий гуайн хувьд Хүүхэд залуучуудын театраас гараагаа эхэлж байхдаа 80-ад онд олны танил болж, “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг кинонд тоглосноос өөрөөр жүжигчнийхээ хувьд тэгтлээ хэн болохоо харуулж чадаагүй мэт санагддаг. Та энэ хоёр жүжигчнийг нэвтэрхий мэдэх кино найруулагчийн нүдээр яг одоо л тэднээс олж харахыг хүссэн дүрүүд байдаг уу?

-Байлгүй яах вэ. Даанч “Засс, Тамир минь больж үз” гэдэг. Шингэхээн буурал үстэй, гандчихсан дээлийнхээ өвөрт нэг хүүхэд хийчихээд янхигар цээжээ ялимгүй бөхийлгөчихөөд алхаж явдаг ясархаг өвгөний дүрийг яаж бүтээх нь харагдаад л байдаг юм даа. Аав маань над шиг биш ээ. Их гэмээр нэрэлхүү хүн шүү дээ. Бас түүнийг ятгах тийм ч амар биш. Ээж маань олон янзын ээжид тоглолоо. Хамгийн сүүлийн Дэлгэр ч бас л ээж. Гэхдээ надад яг түүний л чадах онцгой нэгэн ээж бий. Удахгүй үзэгчид мэднэ. 

-Та жүжигчин, кино найруулагч, кино зохиолч, бас продакшны удирдагч, аж ахуйг хөтлөгч гээд олон ачааллыг авч явж байна. Энэ бүх үүрэг хариуцлага тань хоорондоо зөрчилдөх үе гардаг уу? Хэрхэн даван туулдаг бол? 

-“Фантастик”-т би ганцаараа эцсийн шийдвэр гаргадаггүй юм шүү дээ. Тиймээс хамтын шийдвэрээ биелүүлэхэд бидний хэн маань ч аж ахуйн ажилд нэгнээ орлох боломжтой. Ахалдаг, илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой нь би юм гэдэг утгаар “Фантастик”-ийн хэддээ, өөрийнхөө амьдралд анхаарал тавиад, 200 хүнтэй кино багийн цалин цагаа, үүрэг хариуцлагыг жигдрүүлээд хагас цэргийн зохион байгуулалттайгаар уран бүтээл хийнэ гэдэг бол 33 настай надад үнэндээ ахадсан ажил. Заримдаа надад бүгдийг нь хаяад хаашаа ч хамаагүй алга болчихмоор үе байдаг л юм. Намайг хөдөлгөдөг бодол “Би зогсвол бүгд зогсоно”. Алдаа гаргах, эсвэл хөрөнгө мөнгөөр гачигдаж ягтаа тулах үед “Мөнгөгүй байлаа гээд өлсөж үхтлээ хаа юм, өрөнд орлоо гээд хүн ямар үхэх биш. Сэтгэлээр цангаж, итгэлээр өлсөж л үхнэ шүү. Алдаа гаргасан ч амжилт олдож л таарна. Итгэл, сэтгэлээ л алдахгүй юм шүү” гэж өөрийгөө хурцалдаг. Өмнөх ажлаа өөрсдийн чадах хамгийн сайнаар гүйцэтгээд, итгэл сэтгэлээ алдаагүй яваад ирлээ. Одоо л бидний цаг ирж байна. 

-“Фантастик” хэр их мөнгө олдог болсон бэ?

-Бид жилийн дотор халаасандаа хэдэн төгрөг хийхийг би урьдчилаад нөхдөдөө амалчихдаг. Тэгээд хэлсэндээ хүрдэг. “Фантастик” өнөөг хүртэл мөнгөний араас үхэн хатан явсангүй. Бидний хэдэн найз бие биеийнхээ төлөө, хүсэл сонирхлоороо ажиллаад Монголын дийлэнх жүжигчдийн хувьд тоолж үзээгүй цалин хөлсөнд хамтдаа хүрсэн. Анх “37-р точка”-ынхаа төслийг бариад ивээн тэтгэгч олохоор Монголын том том компаниудтай уулзахад өөдөөс “Наадах чинь ёстой нурж унах эд байна” гээд зохиолыг маань нүүр рүү шидэхээс наахнуур загнаж л байсан. Гэтэл тэд одоо киноны дундуур явдаг “Скайтел”-ын орон зайнаас хуваах санаатай гуйгаад явцгаасан юм билээ.

Гоё нэр их бодсоон. Тэгээд олдохгүй болохоор нь утасны дугаарынхаа сүүлчийн хоёр оронгоор нэрлэчихсэн юм.

-Ингэхэд яагаад тэр точкийг 37-р гэсэн юм бэ?

-Гоё нэр их бодсоон. Тэгээд олдохгүй болохоор нь утасны дугаарынхаа сүүлчийн хоёр оронгоор нэрлэчихсэн юм. Точка гэдгийн хувьд галт тэрэгний хөдөлгөөнд бол зүгээр л зөрлөг шүү дээ. Орос хэлний “цэг” гэсэн утга нь надад илүүтэй гоё санагдсан. Кино эхлэх, ерөөс амьдрал эхлэх, хүн хэн байсан тэр анхны цэг юм шиг л...

-Зөвлөлтийн үеийн киногоор Монголын уран бүтээлчдийн нэг биш үе өсөж хүмүүжсэн. Таны хүүхэд насанд нүдийг чинь нээсэн мартагдашгүй гадаад кино юу байв?

-Польшийн “Нохойтой дөрвөн танкчин”, Зөвлөлтийн “Баригдашгүй өшөө авагчид”, “Электрон жаалын адал явдал”, Чехийн “Арабелла” байна. Би өөрийгөө “Баригдашгүй өшөө авагчид” киноны гялалзсан хар нүд, буржгар үстэй, шаламгай, хамгийн баатартлаг цыган хүүгээр төсөөлчихсөн л үзнэ шүү дээ. UBS телевизээр бүтэн сайн өдөр бүр дөрвөн кино гарч эхэлдэг юм. Тэр бол миний амьдралын хамгийн гоё мөч өө. Би одоо болтол мартдаггүй. Эхний удаад хамгийн түрүүнд “Дракула”, төгсгөлд нь “Армагедон” гарсан л юм даа. Энэ кинонууд бол миний хүүхэд насны шедевр. 1996 онд 10 настайдаа ДБЭТ-т “Ромео, Жульетта” үзээд уйлсан гэхээр бүр тэр цагаас л овоо уяхан эр байж. 

-Уран бүтээлчид бүтээсэн дүрээ, хийсэн киногоо үр хүүхэд шигээ үздэг гэдэг. Та ч одоо их олон “хүүхэдтэй” болж амжжээ. Хамгийн хайртай нь аль вэ?

-“Байтаг Богд” киноны тагнуулч Насанбатын дүр. Шунаж авсан дүр минь юм. Би энэ зохиолыг бичээгүй ч аавд Байтаг Богдод болсон түүхээр “Маш нууц-2”-ыг хийх санааг авчирсан юм л даа. “Маш нууц-1”-ийн Хурцгэрэл ямар гоё дүр билээ. Даанч би дутуу гаргасан, туршлагагүйтсэн. 

-Харин найруулагчийнхаа хувьд хамгийн их өөрийгөө тоосон бүтээл?

-Байхгүй.

-Тэгвэл танай жүжигчдээс бүтээсэн хамгийн сайн дүрийг нэрлээч гэвэл..?

-Одын тоглосон Түвдэнгийн дүр шүү дээ. Пүү, Од яав аа, “Маш нууц-1”-т зүгээр л хуйлруулаад хаячихаагүй юү. Тэгэхэд энэ дүрийг Баярбатад оноосон байтал өөрөө шинэ залуу жүжигчинд өгье гээд татгалзсан. Мань эр ч жудагтай, бас менежменттэй жүжигчин л дээ. Гол дүрүүдэд тасрахгүй гараад байхаар үзэгчид бас уйддаг юм шүү дээ. Тэгээд урвадаг Содном гэж дүр авдаг юм. Ингээд Түвдэнд драмын театрын Шинээг тоглуулах гэж байтал “Хувьсал”-ын нэг шинэ кинонд тоглохоор болчихсон байсан юм билээ. “Шинэ үе”-ийн жүжигчин талийгаач Билгүүн ах амьд сэрүүндээ надад дүүгээ захиж байсан нь санаанд орсон. Тэгээд л Одын од гийсэн юм. 

-Хэр жүжигчнийг нь мэдэхгүйгээр гол дүр өгөх ийм үе байх уу?

-Нухаад, элдээд өгнө шүү дээ. Залуу хүн амархан хөгждөг сайн талтай. Проб авахад Од бөөрөнхий хэлтэй л байсан. Амаар нь дүүрэн шагай чихэж байгаад л үзэлцсэн дээ. “Миний ах атаман”-д Алтаншагай яалаа. Хүмүүсийн төсөөллийг эргүүлсэн гоё тоглолт үзүүлж чадсан шүү дээ. 

-Танай Алтаншагай хэдэр ёдор зантай, ихэмсэг хямсгар дүрийг сайн гаргах юм. Жишээ нь, би л гэхэд түүнийг энгийн нэгэн хүний дүрд төсөөлөхгүй ээ?

-Энэ чинь жүжигчний хувьд магтаал биш. Тамга даруулчихаж байгаа нь тэр шүү дээ. Дотортой л жүжигчинсэн.

-Ир нь ханалаа гэж манайхан ярьдаг даа. Уран бүтээлч хүний нас бүтээлийнх нь чанар чансаа, цар хүрээнд нөлөөлдөг гэдэгтэй Та санал нийлэх үү? Та ирээдүйд өөрийн сэдэв, төрөл жанраа ямар байхаар төсөөлдөг бол? 

-Нас мэдээж нөлөөлнө. Одоо би 33-тай гэдэг бол киночдын хувьд дөнгөж эхлэл. Миний хамгийн их дурлаж хийдэг сэдэв эх орон, чин зориг, хайр дурлал, нөхөрлөл гээд ямарваа нэг сэдэв, төрөлд баригдах хэрэггүй юм шиг. Одоо надад өөрийгөө хөгжүүлэхийн тулд задлах, өөрчлөх, сорих зүйл зөндөө байна аа. Найруулагчийн хувьд нэг л тамгатай болохоос сэргийлэх хэрэгтэй болж байна. Одоо нэг супер инээдмийн кино хийж үзмээр хорхой хөдлөөд ер болохгүй юм. Бас хүүхдийн кино ч хиймээр л санагддаг. Тэгэхээр хийнэ гэсэн үг л дээ. Ир ханасан хойноо, бүр 60-тайдаа ямар кино хийгээд сууж байхыг одоохондоо хэлж мэдэхгүй юм. Гэхдээ аль нэг төрөл жанрт баригдсан найруулагч болохгүй гэж өөрийгөө төсөөлж байна. Зоригтой, задгай, сонирхолтой ажиллана шүү. Бид хэд хоорондоо 60-тайдаа ямар байхаа төсөөлж бие биенээ явуулж инээлддэг байхгүй юу. Би “Баяр аа, өвгөөн. Чи нэг дотортойхон шиг яваатахаач дээ” гэх юм гэнэ. Тэгэхээр нөгөөтөх нь бас “Тэгье ээ хө” гээд л түнтэгнээд л байдгаараа хичээх юм байх аа. Болоогүй ээ, “хусдаг” бололтой хамар нь улайчихсанаа будуулчихсан гэж байгаа. Оюутан байхдаа бид ямар байсан яг хэвээрээ 15 жилийг өнгөрүүлчихсэн хүмүүс дахиад 15, 20, 25 жил өнгөрөхөд тийм ч их өөрчлөгдөхгүй байх аа л гэж ярьцгаадаг юм шдээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга бидэнд захиалаад, мөнгө өгөөд хийлгэсэн бол энэ кино гоё болох ч үгүй.

-Кино бол улс орныг, ард түмний тархи, оюун санаанд нөлөөгөө үзүүлж чаддаг маш хүчтэй зэвсэг гэдгийг улстөрчид маш сайн ойлгож, бас ашиглахыг хичээдэг. Энэ нь улс төр дэх сөрөг хандлагын золиос кино урлагт тусах боломжтой гэсэн утга бас агуулдаг. Та өөрийнхөө уран бүтээлийг золиос болчихвий гэж сэргийлдэг үү. Жишээ нь, “37-р точка”-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга захиалсан юм биш үү гэсэн хардлага бас байна?

-Уур хүрмээр юм. “Жэнко”-гийн “Мах импэкс”-т зургаа авчихсан байна, мөнгө авчихаж гээд байхаар үнэхээр хэлэх ч үг олдохгүй ээ. Өнөөдөр ажиллаж байгаа үйлдвэрүүдээс яг социализмын үеийн дүр төрхөө хадгалаад явж байгаа газар бидэнд мах комбинатаас өөр олдоогүй л байхгүй юу даа. Ерөнхийлөгч Х.Баттулга бидэнд захиалаад, мөнгө өгөөд хийлгэсэн бол энэ кино гоё болох ч үгүй. “Зүрхний хилэн”-г хийж байхад нэг хэсэг нь Мояа гээд л, нөгөө хэсэг нь МАН гээд л. Бидний зүрхээрээ, оюунаараа хийсэн киног хүмүүс өмчлөөд, талцаад байдаг нь харин ямар хачин бэ? Бид сонгууль болохоор алга болчихдог, амар байдаг юм. 

-Шударга ёс, жудагт чанар, сайн сайхны тухай эрэлхийлэхгүйгээр уран бүтээл хийх боломжгүй байх. Монгол хүний эрхэм зүйл нь, үнэт зүйл нь юу юм бол. Бас монголоор аз жаргал гэж юу юм бол?

-Монгол хүн итгэлгүй болчихож. Сайн яваагаа муулна, муу яваагаа муулна, 76-гаа муулна, хууль цагдаадаа итгэхгүй, өөрт тусалсан хүндээ итгэхгүй, бүр юунд ч итгэхгүй. Үнэт зүйл ч үгүй. Эрхэм зүйл минь гээд эх орон, газар шороо ярихаар улстөржүүлнэ гэж.. Гишгэж байгаа газар нутагтаа цээж дүүрэн амьсгаа аваад, ирээдүйгээ төлөвлөчихсөн, зорилгодоо хүрэхээр ажиллаж хөдөлмөрлөөд, алсыг хараад алхах чинь монгол хүний аз жаргал шүү дээ. Энэ тийм олдошгүй, хүчиршгүй бэрх хатуу хөтүү зүйл гэж үү. Би ядуу, бид л ядуу гээд нунж дорой хэнд ч, юунд ч итгэхгүй бөхөцгөөж байна. Монгол хүн гэдэг чинь дотоод сэтгэлийн хүчтэй, өөртөө итгэлтэй, түүгээрээ халдашгүй ард түмэн шүү дээ, уг нь.

-Монгол хүн л тэнгэр заяатай, омог бардам гэсээр суутал бид зүхэн дооглодог улс орнуудынхаа тоосонд дарагдаад үлдэх нь ээ. 

-Туйлшрамхай, тавтиргүй, тэгээд зүгээр суугаад л, хүн муулаад байвал тэгнэ шүү дээ. Сурч боловсрохдоо, ажиллаж амьдрахдаа, өрсөлдөхдөө, унаж босохдоо монгол хүн шиг бадрангуй байх тухай би ярьж байна л даа. Одоо манай сэхээтэн, өндөр боловсролтой хүмүүс амиа хичээгээд нийгмийн хэлэлцүүлгээс хойш сууж байна. Тэгэхээр л нэг талд мояа-чууд нь галзуураад, нөгөө талд тэднийг шоологсод түйвээгээд байх шиг. Түүнээс биш монгол хүн итгэл үнэмшилтэй, эрхэм үнэт зүйлтэй байх бол бидний мандан бадрах чухал хөшүүрэг. Энд хоёр тал болж утга учиргүй талцах, түүндээ өөр бусад улс үндэстнүүдийг хутган оролцуулах ямар ч шаардлагагүй.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Арай арай 2020.02.10 202.21.115.165

Энэ бацаан бүр сансарт хөөрчихжээ. Хүний сэтгэлд үлдэхээр ганц дэлгэцийн кинотой билүү? Зүгээр л завхайрал, маазрал, хиймэл яриа, хиймэл дүрстэй теле дүрснүүд санд мэнд эвлүүлж хаячихаад өөрийгөө "кино хийсэн" гэж оодорно. Агуу Балжинням, Жигдид, Жигжидсүрэн нар ч ингэж том ярьж зүрхлэхгүй байсан биз.

2 Хариулах


Зочин 2020.02.10 107.77.87.60

chi muu nusan buu hiree medej dongos ydaj ene hunii zeregte boljihood burene hunees iluu bol ner usaa bichdee Ugui bol iluu buu dugar hemjeende bai

0 Хариулах


Burte 2020.02.09 202.72.240.51

Сайхан ярилцлага болсон байна. Найруулагчийн ийм сайхан хариултуудыг уншиж нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаах завшаан олгосон сайхан асуултуудыг бэлтгэсэн танд талархлаа

1 Хариулах


Уншигч 2020.02.06 202.131.234.242

Сайхан ярилцлага болжээ. Гэхдээ Сарантуяа гуай "Гарын таван хуруу" кинон дээр тоглоогүй биз дээ.

0 Хариулах


Зочин 2020.02.11 66.181.161.56

Аав нь Гарын таван хуруу кинонд тоглодог шүү дээ, ээж нь биш, аав, андуураад бнаа

0 Хариулах