Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

JOJO RABBIT кино ревью | Tegshee’s Movie Corner

Jojo Rabbit киноны рэвью


Юнивишнийн Видео сангийн “40k бэлэгтэй кино” цэсэнд байгаа "Jojo Rabbit" киног үзээд төрсөн сэтгэгдэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.


Жожо Туулай (Jojo Rabbit) эхлэмэгц Вес Андерсон маягийн өнгөлөг зураглалд автаж, төсөөллийн найз Хитлертэйгээ сониуч яриа өрнүүлэх жаал хүү Жожог өхөөрдөж амжаагүй байтал Жожогийн үзэсгэлэнт, загварлаг ээж Розид тоглох Скарлет Иоханссон дэлгэцнээ тодормогц ямартай ч тун давгүй кино үзэх нь гэсэн таатай зөн өөрийн эрхгүй төрсөн. 

Аав нь дайнд яваад сураггүй болж, эгч нь саяхан томуугаар нас барсан тул Жожо ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Дэлхийн хоёрдугаар дайны сүүл үеийн нацист Германд торниж буй жаалын хувиар тэр Гитлерыг бишрэн шүтэж, еврейчүүдийг “аймшигт мангас” хэмээн сэтгэнэ. Ийм нэг хэнээт, бяцхан наци 10 хүрмэгцээ еврейчүүдийг үзэн ядуулж, нацист үзлийг суулгах, багаас нь хүүхдүүдийг дайны бэлтгэлд хамруулах зорилго бүхий “Залуу Гитлер” хэмээх хүүхдийн зусланд явна. Итгэл төгс, бяцхан наци нарыг бэлтгэх эл сургалтыг нэг нүдэт, ахмад Клензендорф удирдан явуулдаг. “Green Mile”-ийн “Галзуу Билл” хэмээх галзуу алуурчин, өөрт нь Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авчирсан “Three Billboards Outside Ebbing, Missouri”-ийн цагдаа Диксон зэрэг юу ч юм өгөөд мансууруулчихсан аятай улайрсан маанаг, үл бүтэх этгээдүүдийн дүрийг чадамгай бүтээдэг Сэм Рокуэлл бяцхан жаалуудын удирдагч, дайны хэнээрхүү сурталтан ахмад Клензендорф болсныг үзээд дүр сонголтын хувьд уулга алдах нь холгүй ахин баярлав. 

Зусландаа амжилттай “нацисчиж” байсан Жожог нэг л өдөр “Залуу Гитлер” бүлгэмийн ах нар нь үзэл сурталдаа үнэнч, шаардлагатай үед эргэлзэлгүй хөнөөж чадах дуулгавартай цэрэг болох эрмэлзлэлээ нотлохын тулд ойгоос барьсан амьд туулайг газар савж алахыг хүсдэг. Ямарваа нэг үзэл сурталд автах амархан, гэвч тэр үзэл суртлынхаа төлөө бодит хүчирхийлэл үйлдэх “автахаас” хавьгүй хэцүү. Учир нь хүн оюун ухаанаас гадна сэтгэл зүрхтэй амьтан билээ. Жожогийн гитлержиж, үзсэл сурталжсан ертөнц бяцхан туулайнаас болж эхний том сорилттойгоо ийнхүү тулгардаг. Хараахан батжиж, томоожоогүй бяцхан, хэврэг ертөнцийг нь байтугай гэр бүлийнх нь амьдралыг орвонгоор эргүүлж, амь насаа ч алдаж мэдэхээр аюул дагуулах дараагийн сорилт харин гэрийнх нь нууц хонгилд өсвөр насны еврей охин Эльза нуугдаж байгааг олж илрүүлсэн явдал. Үүнээс цааших киноны үйл явдал Жожо хүүтэй хамт туулах үзэгчийн чин сэтгэлийн өрнөл байх болно.

Жожо хүүгийн дүрд тоглосон 11 настай бяцхан жүжигчин Роман Гриффин Дэвис үнэхээр өхөөрдөм, чин сэтгэлийн жүжиглэлт гаргасныг зориуд дурдмаар байна. Алхаа гишгээ, хөдлөх янз маягаасаа л сэтгэлийн тэнхээ, шантрашгүй чанд байдлаа мэдрүүлэх Жожогийн ээж Розигийн дүрийг Скарлет Иоханссон дэлгэцнээ чадварлаг дэглэсэн. Ялангуяа Жожо хүүгээ сургах гэж эзгүй аав болоод өөрийнхөө дүрд буюу эрэгтэй, эмэгтэй хүнд сөөлжлөн жүжиглэж буй хэсэг дээр үзэгч өөрийн эрхгүй мэдрэх биз. Өөр нэг онцлууштай зүйл бол ээж Розигийн нүд булаам, үнэнхээр загварлаг хувцаслалт. 

Хүн төрөлхтний ой санамжинд мартагдашгүй хар толбо үлдээсэн дайны баргар цаг үеийг харуулж байгаа ч гэсэн киноны үндсэн уур амьсгал өөдрөг, дүрүүдийн хувцас маш өнгөлөг. Эл киноны хувцас загварын шийдлээрээ Оскарын шагналд нэр дэвшсэн дизайнер Майес С.Рубео энэ талаар “Жожо туулай ээждээ хайртай, 10 настай жаал хүүгийн нүдээр өгүүлэгдэж байгаа учраас дурсамж нь ийм тод байгаа юм. Розигийн хувьд тэр бол нийгмийн дунджаас дээгүүр давхаргад хамрагдах сэхээлэг уран бүтээлч болохоор загварлаг хувцаслах боломжтой гэж бид үзсэн” хэмээн тайлбарласан байдаг. Дүрүүдийн хувцаслалт кинонд бас нэгэн дүр нэмснийг үгүйсгэшгүй. Розигийн дэгжин гутал л гэхэд сэтгэл шимшрэм хагацлын шууд бэлгэдэл болон дүрслэгддэг.

Дайны хар барааныг өнгөлөг уур амьсгалаар эерүүлэх нь гэнэн гэмээр шийдэл мэт сонсогдовч “Жожо Туулай” киноны хувьд лав амжилттай болсон гэж хэлмээр байна. Тэр амжилтын орц бол найруулагч Тайка Вайтитийн хошигнол, тунгалаг цэнхэр нүдээр дайны муу муухайг ажих Жожо хүүгийн хиргүй сэтгэл юм. 

Еврей хүнийг хүн биш аймшигт мангас гэсэн үзлээр тархиа угаалгасан Жожо гэрийнхээ хонгилоос Эльза охиныг санамсаргүй олчихоод “Чи яагаад еврей байж яагаад хамрандаа хирс шиг эвэргүй байгаа юм бэ?” гэхэд Эльза “Би хорин нэг хүрээгүй болохоор эвэргүй байгаа юм. Хорин нэг хүрч насанд хүрэхээр эвэр ургадаг юм” гэх диалогоор үндэс угсаа ер юугаар ч юм хүмүүсийн нэгнээ ялгаварлан гадуурхдаг явцуу үзлийн утгагүй, гэнэхэнийг ёжилдог бол, гэнэтийн шалгалтын үеэр Жожогийн гэрийн нэгждэг хэсэг дээр дүрүүд “Хай Гитлер” хэмээн 31 удаа харилцан мэндэлдэг үзэгдлээр үзэл суртлын амьдралд огтын хэрэгцээгүй сүржин, хиймэл талыг залхтал инээдтэй үзүүлсэн зэргээрээ Тайки Вайтити тун ч зовлонгуй хошигнож чаддаг найруулагч гэдгээ баталсан. Мөнх настай цус сорогчид орчин үеийн амьдралд зохицон амьдрах гэж хөглөж байгаа тухай үзүүлэх “What We Do in Shadows” киног хамтран найруулж, дүр бүтээснээрээ танигдсан, бас чамгүй сайн комеди жүжигчин Тайка Вайтитийг Жожогийн төсөөллийн найз Гитлерын дүрийг өөрөө гаргах аваас киног нь санхүүжүүлнэ гэсэн болзлыг зөвшөөрөхөөс аргагүй болж “Жожо Туулай”-даа өөрөө Гитлерын дүрд тогложээ. Ёоч сахал, нацист хувцастай найруулагч кино зураг авалтын талбайд киногоо найруулж, хүүхдүүдтэй ажиллаж байна гэж төсөөлөхөөр кино хийгдэх бодит явц нь ч зарим талаар ёж, хошигнол болсон шиг. 

“Жожо туулай”-н өнгөлөг, зугаатай өнгө аяс, хүүхдийн гэнэн өгүүлэмжийн цаанаас тасралтгүй цуурайтах “дайн бол угтаа томчуудын үзэл суртал, увайгүй хийрхлийн утгагүй тоглоом юм” гэсэн гашуун егөө киноны тун чухал санаа, басхүү бараан комедигоор л үзүүлж болох эсрэгцэл юм.

Үзэшгүй муухай хорхойн дотор цохилох хүнлэг, халуун сэтгэлийг “Хувирал” туужаараа мөнхөлсөн эсрэгцлээрээ хүний мөн чанарын асуудлыг дэлхийн утга зохиолд гүнзгий хөндсөн Франц Кафка нэгэнтээ “Учир зүй хэчнээн няцагдашгүй байлаа ч амьдрахыг хүсэж буй хүний өмнө бут цохигдоно” хэмээсэн удаатай.

Үүнтэй адил “Жожо туулай” ч бас дэлхийн кино урлагт гутрал зовлонг хайраар ялан дийлэх өөдрөг эсрэгцлээрээ “Үзэл суртал хэчнээн няцаагдашгүй байлаа ч хүнлэг, нинжин сэтгэлийн өмнө бут цохигдоно” хэмээн хэлэх шиг болов.

Киноны төгсгөлд бяцхан Жожо Эльзагийн гутлыг үдэж өгдөг нь киноны туршид анх удаа өөрөө гутал бүрэн үдэж чадаж буй тохиолдол болдог. Шальтай юу ч илтгэхгүй эл бяцхан үйлдлээр нь Жожогийн хэчнээн өсөж томоожсоныг анзаарах үзэгчийн сэтгэлийн нүд ч ямарваа нэгийг эрхгүй хараачлах биз ээ. Үүний тулд харин “Жожо туулай” хэмээх эл өнгөлөг уур амьсгалтай, өхөөрдөм дүртэй, зугаатай өрнөлтэй, гүн агуулгатай кинонд бүрнээ автаж, чин сэтгэлээс үзэхэд л болно.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.