Хайх зүйлээ бичнэ үү

Хүн дуртай зүйлээ хийж, түүнээсээ таашаал авах нь өдөр хоногуудыг илүү үнэ цэнэтэй болгодог болов уу. Энэ зуурт зогсолтгүй хөдөлмөрлөж, алдаж, онож бас сургамж авч илүү туршлагжиж байдаг нь гарцаагүй. Тиймээс ажил мэргэжил, хүсэл сонирхлоороо өөртөө хийгээд өрөөлд үнэ цэнэтэй хормуудыг бүтээдэг эрхмүүдтэй уншигч таныг уулзуулж, түүхийг нь хуваалцах “Үнэ цэн” буланг танилцуулж байна. 


Бидний эхний зочин бол реппэр, “Belucci Records” студийн продюсер Г.Энэрэл. Багаасаа аливааг эргэцүүлж, шүлэг мөр холбох сонирхолтой байсан хүү хип хоп хөгжимд татагдаж дуу хийж эхэлснээр 25 насандаа хэдийнэ анхны цомгоо гаргаж YouTube-д түүний дуунуудыг ээлж дараалан сонсдог байснаа санаж байна. Түүний дуу, хөгжим тасралтгүй цацагдаж маш богино хугацаанд шинэ дуунууд ар, араасаа гардаг нь сонирхолтой. Тэр бүрт шинэлэг дуугаралт, Энэрэлийн гэх хэв маяг мэдрэгдэж цаашлаад түүний продюсерлэсэн уран бүтээлчдийн дуунаас ч энэ нь анзаарагддаг. 

Тэгвэл өөрийн гэсэн энэ хэв маягийг бүтээх хүртлээ тэр ямар зам туулсныг сонирхъё.

-Дуу хөгжим, уран бүтээлтэй хэрхэн холбогдсон бэ? 

-Магнитофон гэж зүйлтэй танилцсанаас эхэлсэн гэж болно доо. 1990-ээд оны эхэнд Хятадаас дөнгөж орж ирсэн гэрэлтдэг магнитофонтой, тэрэндээ хүүхдийн дуунууд хуурцгаар сонсдог байсан. Тэндээс л толгой, сүүл холбосон дууны үгнүүд болон аялгуу багаас толгойд суучихсан юм байна гэж боддог. Яагаад гэвэл хамгийн их аялгуу сонсож дадсан хүн аль аялгуу нь давтагдахгүй вэ гэдгийг мэддэг болчихдог. Бас тэдгээрийг ялгаж, таньж чадна гэсэн үг. Мөн би багаасаа шүлэг бичиж эхэлсэн. Үсэг сураад үг холбодог болсноосоо эхлээд л. Нэгдүгээр ангид жишээ нь, Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ зориулж шүлэг бичээд ил захидал хийгээрэй гэхэд нь анх удаа шүлэг бичиж байсан. Тэгээд гуравдугаар ангидаа ч билүү шүлэг бичиж тэмцээнд оролцоод нэг (баярын) бичиг авч байсан. Бас ээждээ зориулсан шүлгээрээ. 

-Эхийн сэдэвт шүлгээр дагнадаг байжээ. 

-Өөр юм мэддэггүй л хүүхэд байсан л даа. Ээжээс өөр юм мэддэггүй. 

-Уран бүтээл хийж, өөрөө дуу хийж эхэлсэн нь хэзээнээс вэ? 

-Ер нь 2000 оноос хип хоп илүү дэлгэрч, тэрнээс хойш дуу, шүлэг бичдэг болсон. Тэр үеэс л янз бүрийн оролдлогууд хийж, анх “Шингэсэн” гэдэг нэртэй дуу гаргасан. Юун тухай, юу байсныг үнэндээ мартчихаж. Ямар ч гэсэн одоогийн “Галлериа” дэлгүүрийн ард хуучны цагаан байшингийн гурван давхарт нэг дуу бичлэгийн студи байсанд очиж байсан юм. Тэнд 20 мянган төгрөгөөр анхны дуугаа бичүүлж байсан. 

-Дуугаа хүмүүст хүргэж чадсан уу? 

-Тэр үед өнөөдрийнх шиг YouTube, Soundcloud байгаагүй, дуугаа цацах ганц боломж нь ФМ радиод өгөх байлаа. Мэдээж цацуулах гээд аваачиж өгсөн, гэхдээ угаасаа хүнд хүрэхээр ч дуу байгаагүй юм дөө. Гэхдээ ямар ч гэсэн ФМ-ээр л явах ёстой юм байна, хөтлөгчийг нь “найрах” ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд нэг хөтлөгчийг найраад дуугаа явуулж радиогоор сонсож үзэж байлаа. Харин Д.Болд ахын “B Production”-д ороод 2007 онд “Амьдралын тоглоом” гэж дуу хийсэн нь хүмүүст их хүрсэн. 


-Уран бүтээл хийж явахад од гийсэн мөч гэдэг шиг сайхан боломж таарсан үе байсан уу? 

-Тийм ээ. Дуучин Quiza нэг тэмцээн зохион байгуулаад түүнд нь түрүүлж хамтарсан дуу хийх эрх олж авсан нь том боломж байсан. Тэгж л уран бүтээлчидтэй дунд нь орж, хамтран ажиллах боломж нээгдсэн. Тэмцээнд түрүүлсний дараа утсаар яриад “Ирж уулзаарай, дуу бичүүлээрэй” гэхэд нь хэзээ ч тийм зүйл бодож байгаагүй болохоор итгэж өгөхгүй байсан. Тэгээд л Сингапурын хоёр мэргэжилтэн байсан бөгөөд тэднээс суралцаж, бас Д.Болд ах дуугаа яаж хийдгийг харж, мэдэж авч байлаа. Энэ мэтчилэн урлагийн хүмүүс, мэргэжилтнүүдийн дотор нь ороод хараад, суралцаад явах нь хамгийн том боловсрол болдог. 

-Өнөөдрийн Энэрэлийн дуунуудыг харвал эхэн үеийн дуунуудаас арай өөр хэв маяг харагддаг. Ер нь өөрийгөө хэрхэн хөгжүүлж ирсэн бэ? 

-Тэр үед дуугаа хийгээд нэг тогтоцтой, ер нь ингэж хийдэг юм байна гэдэг арга зүйтэй болчихсон. Ганц л аргатай, тэрийгээ олчихсон гэх үү дээ. Гэвч сүүлдээ тэрнээсээ залхаж эхэлсэн. Өөрийнхөө хийж байгаа юмнаас залхаад шинэчлэгдэхийг хүссэн л дээ. Учир нь би өөрөө сонсохын тулд, өөрөө сонсоод таашаал авах тийм дуунууд хиймээр болж эхэлсэн. Надад өөрт таалагдахгүй бол одоо би дуу хийдэггүй. Тийм ч болохоор надтай хамт дуулж байгаа хүмүүсийн маань хэсэг таалагдахгүй бол шууд л хасчихдаг. Зарим нь тэрэнд гомдож, уурлах тохиолдол бий. Тэр ч үүднээсээ шинэчлэгдэхийн тулд өмнөх бүтээлүүдээсээ холдож хэсэг амьдарсан. Тэгж байж тэр тойргоосоо гарсан. 

-Тэр зуурт юу хийсэн бэ? 

-Бизнес хийх гэж үзээд л. Бизнес хүнд их юм сургадаг юм байна лээ. 

-Чухам юуг тэр вэ?

-Хүнд итгэж болохгүй гэдгийг. 

-Өөртөө таалагддаггүй дуу хийхийг хүсэхгүй байсан гэлээ. Тэр үед чи өөрийнхөө дотроосоо дуу бүтээдэггүй байж гэсэн үг үү? 

-Штанпанд орно гэдэг шиг зүйлс хийгээд эхэлсэн л дээ. Тэгэхээр жинхэнэ өөрийгөө, доторхоо гаргахыг хүссэн. Өмнө нь бас дуу хийгээд, хажуугаар нь өөр ажил зэрэг амжуулаад явдаг байлаа. Харин 2015 оноос хойш яг 100 хувь уран бүтээлд өөрийгөө зориулсан. Ингэсний хүчинд одоо бол хөгжим талдаа боломжийн түвшинд хүрсэн гэж бодож байна. Гэхдээ хамаагүй тэгж бодоод өөртөө ханачихвал гоё юм хийж чадахгүй болох вий гэж айдаг л даа. 

-Уран бүтээл хийх явцдаа алдаж, түүнээсээ сургамж авсан зүйл гэвэл юу вэ?

-Захиалгаар дуу хийх юм уу даа. 

-Тийм үү. Гэхдээ захиалгаар хийсэн олон дуу байдаггүй биз дээ? 

-Яахав сүүлдээ сурсан гэх үү дээ. Хийж сурсан. 

-Жишээ нь, “Гоо” брэндийн дуу л гэхэд дажгүй хит болсон тийм үү?

-Тийм. 

-Гэхдээ эндээс алдаа нь юу байсан гэж?

-“Унтахгүй” гээд л дуу гаргасан юм л даа. Тэрний дараа маш олон хүн холбогдоод “Унтахгүй” шиг дуу хийлгэе гэх болсон. Тэгээд нэг юм хийхээр тэр нь бас болж өгөхгүй. Ер нь угаасаа дууг захиалаад л хийлгэчихдэг юм гэж байхгүй шүү дээ. Хүний хийсэн зүйл, дуугаар хүргэх гээд байгаа санаа, бодлыг ойлгож байж хийх ёстой. Сүүлд бас “Унана” гээд дуу гарсны дараа тэрэн шиг дуу хийлгэе гэх хүн олон л байна. 

-Тэгээд хийж байна уу? 

-Одоо бол өөрөөр ярина л даа. Тийм юм байхгүй ээ гээд. 

-Уран бүтээлчийн энэ амьдрал, карьерийн үнэ цэнэ нь юунд байдаг вэ чиний хувьд? 

-Би хөгжим сонсоод дутуу юмнуудыг нь мэдрээд, ялгаж сонсоод байдаг. Эсвэл буруу, зөв дуугарч байгааг нь мэдчихдэг. Тэгээд хүмүүсийн хийсэн хөгжмийг сонсож байгаад янзалчихдаг. Энэ тал дээр надтай хамт ажилладаг байсан Эрдэнээ гээд залуу бас их нөлөөлсөн. Эхэндээ Эрдэнээ юм хийгээд сууж байхад нь би сонсож байгаад “байж бай, байж бай” гэж босгонгуутаа өөрөө янзалчихаар их гайхдаг байсан л даа. Сүүлдээ “Тэнгэрээс дохио нь буучихлаа” гээд шоолдог болсон. Би яг хөгжим хийж байхдаа дээшээ хараад, нүдээ аниад, гараараа дохиод суугаад байдаг юм. Дотроо аялаад, цээжлээд. Ингэж ажиллах л надад хамгийн сайхан санагддаг. Гоё аялгуу сонсох, дуугаралтын зохицлыг сонсох нь маш таатай мэдрэмж өгдөг. Тийм гоё аялгууг сонсох, бас бүтээчихээр ямар гээч. 

-Энэрэлийг бусдаас ялгах тэр зүйлийг нэрлэ гэвэл юу гэх вэ?

-Хөгжим л юм даа. Тэрнийхээ хойноос явсан нь. 

-Энэрэлийн дуунууд маш энгийн үгтэй, сонсоход хялбархан юм шиг хэрнээ хөндсөн сэдэв нь гүн байдаг. Үгээ бичихэд юу нөлөөлдөг юм бол? 

-Дууны үг бичихэд толгой, сүүл холбоно гэдэг чухал. Гэхдээ түүгээр дамжуулж утга холбох, зангидах гэдэг бол бүр чухал. Хүмүүс шүлэг бичихдээ сүүл, толгой холбохоо л бодоод байдаг нь алдаа болдог. Энэ бол зөвхөн хэлбэрийн л асуудал шүү дээ. Мөн ритм, "flow" байна. Эдгээрийг агуулгатай зангидаж байж гоё утга илэрхийлэх ёстой. Энэ бол уг нь хүн бүрийн л дотор нь байгаа зүйлийг гаргах асуудал. 

Би өөрөө 2011 онд Америкт очоод утгын зангилаа хийх л их чухал юм байна гэж мэдэж авсан. Өөрөө бас ийм юм хийж байсан билүү гээд үзтэл уг нь байсан юм билээ. Гэхдээ тоо нь цөөн буюу 32 мөр үг байлаа гэхэд 4-8 мөр нь л тийм байсан. Одоо бол хэлбэр, агуулгаа сайн уяж хийх нь олон болсон, тэр нь бүрэн байх тусмаа сайн бүтээл болж хит болдог. 

-Чи хэр их уншдаг вэ. Дууны үгэнд Б.Явуухулан, Б.Лхагвасүрэнгийн шүлгүүд байх нь элбэг байдаг. 

-Мэдээж унших чухал. Гэхдээ хүмүүс үүнийг хэтэрхий их чухалчлаад байдаг нь жоохон сонин. Гол нь хэрэгтэй зүйлээ л олж унших хэрэгтэй. 


-Сэтгүүлч мэргэжилтэй нь агуулга, хэлбэрээ илүү сайн гаргахад нөлөөлдөг үү? Зарим сэдвээрх дуу чинь сайн илэрхийлсэн нийтлэл шиг санагдах үе ч байдаг. 

-Би нэг их нийгмийн асуудал хөндөж гаргаад байдаггүй л дээ. Гэхдээ сэтгүүл зүйн сургууль төгссөн нь нөлөөлсөн үү гэвэл тийм байх. Багадаа ер нь л юм бичих дуртай байсан. Унших дуртай, юм бичдэг хүмүүсийг харахаар сэтгүүлчид байсан учраас сэтгүүлч болъё гэж шийдсэн. Гэхдээ мэргэжлээрээ огт ажиллаагүй болохоор дуугаараа тэр үүргээ гүйцэтгэхийг боддог. Энэ нь заавал нийгмийн хүрээнд байх албагүй, илүүтэй хувь хүний хүрээнд гэх үү дээ. Зарим зүйл дээр чамтай ижил түүхтэй хүн байгаа шүү, тохиолддог л зүйл шүү гэдгийг нь хэлэхээр магадгүй сонсож байгаа хүнд хэцүү асуудал нь асуудал биш юм шиг санагдах ч юм билүү. 

-Уран бүтээл хийдэг хүний хувьд ажил, амралтаа хэрхэн зохицуулдаг вэ. Орчин үеийн нийгэмд энэ хамгийн чухал зүйлүүдийн нэг болчихлоо шүү дээ. 

-Энэ хувь хүний мөнхийн санаа зовох зүйл юм шиг санагддаг. Ажил нь болохгүй болохоор амрах ёстой гэж боддог ч амарч чаддаггүй. С.Зориг агсан хэлсэн байдаг даа, “Амралт бол ажил, ажил бол амралт” гээд. Ажил дээрээ дасчихсан, тэр нь сайхан байдаг бол ажлаа хийж байхдаа тайван амарч чаддаг. Бас одоо би үргэлж л Хөвсгөлийн тухай бодоод салдаггүй, сайхан шүү гээд л. Гэхдээ Хөвсгөлд очихоороо хариад тийм юм хийнэ, тэрийг дутуу орхичихсон гээд бодоод байдаг юм. 

Яахав хааяа салхинд гарах цаг болсон доо гээд л явдаг, сайхан байдаг шүү. Бас хөлбөмбөг тоглох дуртай. Тэр л амралт болдог. 

-Ажил, амьдралаа зохион байгуулдаг зуршил ч юм уу бий юү? 

-Тийм юм байхгүй дээ. Харин нэг уншиж байхад хүн өдөрт дээд тал нь таван шийдвэр гаргах, ажил амжуулах нөөц бололцоотой гэж байсан юм. Миний хувьд энэ нь бүр бага буюу гурав л болов уу даа. Тэрнээс илүү олон ажил амжуулах гэхээр толгой ажиллахаа больчихдог. Нэг хүний дуун дээр ажиллаад, дараачийн хүнийх рүү шууд орох хэцүү байдаг. Тиймээс өдөрт хийх ажлаа аль болох төрөл, төрлөөр холиод буюу нэг дуун дээр ажиллаад өөр хоёр ажил амжуулах гэхчлэн зохицуулбал зүгээр санагддаг. 

Ер нь орчин цагт шаргуу ажиллах гэхээс илүү ухаалаг ажиллах тухай ярих боллоо шүү дээ. Шаргуу ажиллана гэдэг бол маш олон буудаад аль нэг нь онож л таарна гэсэн магадлалын зарчим. Харин ухаалаг байна гэвэл дэмий үйлдлүүдээ багасгана. Энийг хэлсэн “Doing nothing is better than busy doing nothing” гэж үг бас байдаг. 

-Ойрд юун дээр ажиллаж байгаа вэ? 

-Дуунууд дээрээ л ажиллаж байна. Хүмүүсийн дуун дээр бас ажиллаж байна. 

-Цомог гаргах төлөвлөгөө бий юү? 

-Цомог одоо хүнд үзүүлэх диплом шиг л зүйл болчихлоо шүү дээ. Уг нь биет зүйл учраас илүү урт настай, гаргаж байх хэрэгтэй. Гэхдээ тодорхой концепцтэй ажиллана, тэрэндээ хэт баригдаж, шаналаад хэцүү байдаг. Ер нь ганц хүн барахгүй, олон хүний ажил л даа. Одоогоор ямартай ч YouTube гэдэг хамгийн олон ажилтантай компанийн нэг ажилтан нь “болоод” л дуугаа энд тавиад явж байна. Өөрийн гэсэн мөнгө өгдөг системтэй учраас амар байдаг. 

-Манай сайтын уншигчид ихэнх нь залуус байдаг. Тэр ч утгаараа Энэрэл 25 настай өөртөө өнөөдөр зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ? 

-Нэг их хэлэх юм байхгүй дээ. Би тэр үеэ бодож харамсаад байх зүйлгүй. "Цагаан баавгай” гээд 15 дуутай цомгоо гаргаад явж байсан. Ямар ч гэсэн тэр цагаас хойш зогсолтгүй дуу хийгээд явж байгаа нь хөгжөөд л яваагийн илрэл болов уу. Гэхдээ орчин үед дуу хийх нь бараг хүн бүрийн чадах ёстой зүйлсийн нэг болчихлоо. Коммунист нийгмийн үед хүнээс тал талын юм шаарддаг байсан шиг орчин үеийн хүнээс шүлэг бичдэг, дуулж чаддах байх гээд ур чадварууд нэхэгддэг болж. Над дээр ирж байгаа хүүхдүүд их сайн байгаад байна. Дуу, бараг видеогоо хийдэг, Photoshop дээр багахан эвлүүлэг хийчихдэг гэхчлэн. Дэлхий дахинд угаасаа залуус ийм болчихлоо л доо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
15
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Disappointed 2020.04.14 172.68.142.74

Olon niitiin huniig ontsolj bichih gj bgaa bol suuld holbogdson asuudluudyg ni hunduhguigeer iim neg talyn yariltslaga avaad olon niited hurgej bgaag gaihaj bna. 15 nastai ohintoi (ohin yamar ch haragddag blaa ene bol nasand hureegui hun) ner holbogdson nas bied guitssen huniig promoteloh ni bguullaga uursdiin 'une tsen'-guigiih l gj oilgogdohoor bna. Niigemd yamar jishgiig togtooj bgaagaa bodoltsoj hariutslagatai bichdeg bolmoor bna.

0 Хариулах


FAN BOY 2020.03.27 162.158.118.199

Ёстой хөөрхөн ярилцлага болжээ. Их таалагдлаа. Энэ хүнийг нийгмээрээ жигшээд, эсвэл доош нь хийсэн, дургүйцсэн хандлага гаргаад байгаа цаг үед түүний үзэл бодол, санааг зөвөөр ойлгуулж чадахаар асуултууд асуужээ.

0 Хариулах