Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Рио 2016” чөлөөтийн шүүгчид найраанд орсон гэжээ

Сүлжээний гол зорилго Азербайжан, ОХУ, Узбекистаны бөхчүүдэд медаль авахад нь туслах.


Америкийн flowrestling.org цахим хуудаснаас өнгөрсөн “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний шүүгч нар авлига, найрааны бүхэл бүтэн сүлжээ үүсгэсэн байсан хэмээн мэдээлж, бөхийн ертөнцөд “бөмбөг” дэлбэлээд байна. Тус сайтад бичсэнээр бол энэ сүлжээг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) шүүгчдийн зөвлөлийн дарга, Германы иргэн Антонио Сильвестри удирдаж байжээ. Найрааны энэ сүлжээ яаж байгуулагдсан, хэрхэн ажилладаг талаар flowrestling.org ийнхүү тайлбарлаж байна.


Сүлжээний гол зорилго Азербайжан, ОХУ, Узбекистаны бөхчүүдэд медаль авахад нь туслах. Үүний тулд дээрх гурван орны бөхчүүдийн барилдаанд авлигач шүүгч нарыг томилох нь гол ажил байлаа.
Тус сайтад “Олимпийн наадамд шүүгч нарыг барилдаанд оноохдоо тохиолдлын журмаар тогтоодог. Ганц хязгаарлалт байдаг нь өөрийн орны бөхийн барилдааныг шүүхгүй. Шүүгчдийг Антонио Сильвестри томилно. Риод түүний хийсэн томилгоо, шийдвэр хүний санаанд оромгүй зүйл байлаа. Сильвестри орос, азербайжан, узбек бөхчүүдийн барилдаанд яг тогтсон хэдэн шүүгчээ л илгээж байсан нь жирийн тохиолдол биш байсан. Нийт арваад шүүгч байнга дээрх улсуудын тамирчдын барилдааныг шүүж байсан нь авлига, найраа гарсныг батлан харуулж байна” гэж бичжээ.


“Рио 2016” наадмын хамгийн сэжигтэй барилдаанаар 97 кг-ын жинд Азербайжаны Хетаг Газюмов Ираны Реза Яздани нарын барилдаан нэрлэгдсэн. Газюмов 2:1 харьцаатай ялсан тус барилдааныг шүүхээр Узбекистаны Константин Михайлов, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новаковский нар гарч ирсэн. flowrestling.org-т бичсэнээр энэ 3 шүүгч Язданиг ялагдуулж, Газюмовт тусалсан гэнэ. Үүнээс 15 минутын дараа тэр гурван шүүгч бараг хамтдаа (Михайловын оронд Өмнөд Солонгосын Тонг-Кун Чанг гарсан) Узбекистаны Новрузовыг ялуулж, Пуэрто Рикогийн Гомесийг “гомдоосон”. Энэ барилдааны дараа Чанг, Казарашвили, Новаковский нарын шүүх эрхийг хассан ч олимпийн наадмын сүүлийн өдөр байсан тул тэд “үүргээ” биелүүлээд, “үнэлүүлээд” нутагтаа харьсан байх юм. Чанг хэмээх солонгос шүүгчийн шүүсэн барилдааны 53 хувь нь ОХУ, Азербайжан, Узбекистаны бөхчүүд байсан бол Казарашвилид энэ үзүүлэлт 50 хувьтай байна. Казарашвилиг гүрж гаралтай орос бөх Давид  Чакветадзегийн барилдаанд ч ажиллуулж байжээ. Оросын шүүгч  Новаковскийгийн хувьд нийт шүүлтийнх нь 20 хувь л Азербайжан, Узбекистан бөхчүүдэд оногдож байгаа ч Газюмов, Новрузов хёрын барилдаан дээр маргаан гарч, видео бичлэг үзэхэд Новаковский тэднийг дэмжсэн шийдвэр гаргасан нь ялалm байгуулахад нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж flowrestling.org үзэж байна. Дээрх найрааны сүлжээнд орсон шүүгчид бол Игорь Брель (Беларусь), Кочкор Кулматов (Кыргызстан), Эдишер Мачаидзе (Гүрж), Константин Михайлов (Узбекистан), Уве Манц (Герман), Нореддин Мошаффа (Марокко), Станислав Сернек (Словен), Андрей Криков (ОХУ), Хиджран Шарифов (Азербайжан) гэж тус сайт нэр цохон заажээ. Азербайжаны Хиджран Шарифов манай Г.Мандахнарангийн Узбекистаны Новрузовтай хийсэн барилдааныг шүүсэн эрхэм.

Түүний шүүлтийн 50 хувь нь ОХУ, Узбекистаны бөхчүүдэд оногдож байж. Харин Станислав Сернек (Словен) тэр барилдаанд ажилласан. Германы Уве Манцыг дээрх гурван орны бөхчүүдийн барилдаанд маш олон удаа томилж байсан байна. Герман шүүгчийн бүх шүүлтийнх нь 83 хувь нь ОХУ, Азербайжан, Узбекистаны тамирчдад оногдсон. Гэхдээ сайтад бичсэнээр Уве найраанд хэзээ ч орохгүй хүн. Түүнийг бусдын нүдийг хариулах, сэжиг төрүүлэхгүйн тулд тус барилдаануудад оноосон. Өөрөөр хэлбэл нэр хүндийг нь ашигласан хэрэг. Тэгэхээр Манц  энэхүү авлигын сүлжээнд санамсаргүй орсон болж таарч байна. ОХУ-ын Андрей Криков бол Жабраил Гасанов, Хетаг Газюмов, Шариф Шарифов нарын чухал барилдаанд томилогдож байсан.
Авлигач шүүгч нар шөвгийн наймын барилдаанд гол анхаарлаа хандуулдаг байжээ. Учир нь энэ үед шүүгчдийн алдаа хүмүүсийн анхааралд нэг их өртөхгүй, нөгөө талаар шөвгийн наймд ялахад цаашдаа медалийн төлөөх зам нээгддэг тул их чухал. Нэг барилдаанд ажилладаг 5 шүүгчийн 3 нь “нэг талын” байхаар томилгоог хийж байв. Авлигач шүүгч нар  Азербайжаны Хетаг Газюмовийн финалд хүрэх замыг засахад их анхаарсан байдаг.

Хетагийн хийсэн 5 барилдааны гуравт нь Кулматов, Брель, Мошаффа нар ажилласан. Үүнээс Мошаффа шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ барилдаанд оролцжээ. “Үүнээс үзэхэд Сильвестри азербайжан бөхийг ямар ч гэсэн финалд гаргах зорилготой байсан нь илт байна” гэж flowrestling.org бичжээ. Авлигач шүүгчид ганц барилдаанд л луйвардаж чадаагүй нь Азербайжаны Гаджи Алиев Гүржийн Владимир Хинчегашвили нарын барилдаан байсан гэнэ. 57 кг-ын жингийн тус барилдааны 5 шүүгчийн 4 нь авлигын талынхан байсан ч Хинчегашвили илт давуу байсан тул яаж ч чадаагүй аж.
flowrestling.org нийтлэлээ “Германы Антонио Сильвестри хэмээх түшмэл чөлөөт бөхийн ертөнцийн итгэл найдварыг хүлээн, шүүгч нарын тэргүүн болсон байж, яагаад гэнэт чөлөөт бөхийн спортын нэгдэл, нэр хүндийг уландаа гишгэж, өөрийнхөө нэр төрийг ч балалдаг билээ? Түүнд дээрээс дарамт үзүүлсэн нь тодорхой гэж зоригтой таамаглаж болно” гэж төгсгөсөн байна.


Америк цахим хуудсанд гарсан нийтлэлийн дараа Азербайжан шүүгч Шарифов эрс эсэргүүцсэн хариу өгсөн. Тэрбээр “Сильвестри шүүгч нараа ажлын туршлагыг нь харан томилдог байсан. Зарим шүүгч айгаад, барилдааныг удирдаж чадахаа больдог. Тийм шүүгч нарт цөөхөн барилдаан шүүх эрх олгодог байсан” гэж хэлсэн. Мөн “Би 3 олимп, 30 ДАШТ, 40 гаруй тивийн аваргын тэмцээнд ажилласан. Америкийн сайтад гарсан нийтлэлийг уншсан. Хажуунаас харахад их амархан мэт харагдаж байгаа ч чөлөөт бөхийн барилдааныг шүүх маш хэцүү. Би хэнийг ч дэмжиж байгаагүй, хэний ч дарамтад орохгүй. Армян бөх барилдаж байлаа ч түүний яс үндэс надад пад байхгүй. Миний хувьд улаан, цэнхэр өмсгөлтэй тамирчин л гэж хардаг. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлийн даргаар өөр хүн ажиллаж байхад харин найраа, авлига гэж хэлэхээр зүйл гардаг байсан. Харин Сильвестри ирснээс хойш энэ бүх зүйл зогссон. Ямар ч авлига байхгүй” гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны Ерөнхийлөгч Михаил Мамиашвили дээрх нийтлэлийн талаар “Энэ шуугианыг сэтгүүлчид зохион байгуулсан. Сэтгүүлчид чөлөөт бөхийн мэргэжилтнүүд биш болохоор надад хэлэх үг алга. Чөлөөт бөх бусад спортын нэгэн адил өөрийн гэсэн онцлогтой. Үнэлэлт дүгнэлтийг мэргэжлийн шинжээч нар гаргана уу гэхээс сэтгүүлчид гаргадаг зүйл биш. Энэ бол Оросын спортыг гутаан доромжлох гэсэн ээлжит оролдлого” гэж хилэгнэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
42
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.